• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

"SouthGobi Sands" Монголын Засгийн газрын шийдвэрт тайлбар хийв

“SouthGobi Resources” компаниас Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад буй мэдээлэлд тайлбар хүргүүлсэн байна. Мэдэгдэлд тус компанийн охин компани болох “SouthGobi Sands” торгуулийн үлдэгдэл төлбөрийг барагдуулах, зохицуулах талаар Монгол Улсын Засгийн газраас ямар нэг албан ёсны мэдэгдэл хүлээн аваагүйг онцолжээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шүүхийн шийдвэрийг үндэслэн “SouthGobi Sands” ХХК торгуулийн төлбөрөө барагдуулах мэдээлэл хоёр талын тохиролцсон эцсийн шийдвэр биш бололтой.

Засгийн газрын хуралдааны албан ёсны мэдээлэлд “Шүүхээс улсын төсөвт 35.3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “SouthGobi Sands” компанид ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7.5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20.3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгахаар шийдвэрлэлээ. “SouthGobi Sands” ХХК нь Тавантолгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна” гэж байсан юм.

Гэвч “SouthGobi Resources” компанид Монгол Улсын Засгийн газар энэ талаар ямар нэг албан ёсны мэдэгдэл хүргүүлээгүй байгаа тул эцсийн шийдвэр биш бололтой.

2015 оны хоёрдугаар сард Монгол Улсын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд “Саусгоби сэндс” компанийн гомдлыг хэлэлцэж, гуравдугаар сарын 31-нд Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээ замаар маргааныг шийдвэрлэхээр болсныг мэдэгдэлд дурджээ. 

2015 оны аравдугаар сард "татвараас зайлсхийсэн” хэрэгт холбоотойгоор “SouthGobi Sands” компанийн Монгол дахь банкны дансан дахь 1.2 сая ам.долларын хадгаламжийг царцаасан байна. Харин компанийн зүгээс дансан дахь дээрх төлбөрийг Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2015 оны арваннэгдүгээр сард шилжүүлжээ. Ингэснээр "Саусгоби Сэндс” компанийн төлөх ёстой торгууль 16.5 сая ам.доллар болж буурсан юм. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2016-05-19 07:40:36


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох