• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​М.Тэмүүжин: Фитнесс хийхдээ нуруугаа гэмтээхгүйн тулд гурван зүйлийг анхаарах хэрэгтэй

 Гранд Мед эмнэлгийн нуруу нугасны мэс заслын эмч М.Тэмүүжингийн зөвлөмжийг хүргэж байна. 

Фитнессээр буруу хичээллэснээс нурууны эмгэг үүсч, мэдрэлийн ёзоор дарагдаж байна

-Нурууны өвчний гол шалтгаан юунд байна вэ?

-Ахимаг настай хүний л нуруу, үе мөч өвддөг гэсэн ойлголт буруу юм. Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд залуус ихээр өвчлөх болсон. Энэ нь амьдралын буруу хэв маяг, таргалалт, хөдөлгөөний дутагдал, удаан цагаар сууж ажиллах, удамшил гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна.

Үүн дотроос онцгойлон ач холбогдол өгч анхаарах ёстой чухал асуудал гэвэл фитнессээр хэтрүүлэн хичээллэж, эсвэл буруу техникээр хүнд зүйл өргөснөөс нурууны төрөл бүрийн гэмтэл, эмгэг ихээр гарч байна. Фитнессээр хичээллэх явдал ихсэж байгааг үгүйсгэх аргагүй. Мэдээж дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх нь эрүүл мэндэд тустай, маш хэрэгтэй зүйл. Зөв техникээр, өөртөө тохируулан хийвэл хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өөх шатаах зэргээр олон эерэг талууд бий. Гэтэл сүүлийн үед фитнессээр буруу хичээллэснээс нуруугаа гэмтээх, нуглам хоорондын мөгөөрсөн жийргэвчийн эмгэг, мэдрэлийн ёзоорын дарагдал ихээр гарч байна. 

Мөн үүнээс гадна фитнессээр хичээллэж эхэлсэн бол удаан хугацаагаар тогтмолжуулах нь чухал байдаг. Ганц, хоёр өдөр хичээллэж байгаад орхичих юм бол сайн биш. Эсрэгээрээ нуруу гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Дундаас нь хаяж болохгүй гэсэн үг. Ингэснээр спортоор огт хичээллэж байгаагүй хүнээс илүү нурууны өвчлөлд өртөх магадлал өндөр болдог. Учир нь спортоор хичээллэж байгаа хүний булчин жигд хөгжсөн байдаг. Гэтэл дунд үеэс нь гэнэт хавчихвал булчингийн тэнцвэр алдагдаж, зарим нь суларч, зарим нь чангарах процесс явагддаг. Ингэснээр нуруун дээр ирж байгаа ачааллыг тэнцвэр нь алдагдсан булчингууд өөр, өөр байдлаар хүлээж авна. Энэ нь нуруунд гэмтэл үүсгэх урьтал хүчин зүйл болдог юм. 

-Дасгал хөдөлгөөн хийхдээ нураагаа гэмтээхгүйн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ. Энэ тал дээр зөвлөгөө өгөхгүй юү?

-Фитнессээр хичээллэхдээ нуруугаа гэмтээхгүйн тулд гурван зүйлийг анхаарах хэрэгтэй.

Нэгдүгээрт, дасгалын хэлбэрээ зөв сонгох нь чухал. Нуруунд аль дасгал хамгийн чухал ач холбогдолтой вэ гэдгээ тооцоолж, эсвэл биеийн аль хэсгийн булчингаа хөгжүүлэх гэж буйдаа тохируулан ямар дасгал хийхээ сонгох хэрэгтэй.

Хоёрт, жингээ зөв тооцоолох хэрэгтэй. Анхлан хичээллэж байгаа хүн, эсрэгээрээр фитнессээр удаан хичээллэж байгаа туршлагатай хүн өргөж буй гантелийн жин өөр, өөр байх ёстой. Иймд жингээ зөв тооцоолох нь чухал нөлөөтэй.

Гуравт, Фитнессээр хичээллэхэд зөв техник, нэг үгээр хэлбэл, дасгалжуулагч багштай байх нь хамгийн чухал.

Эдгээр гурван зүйлийг сахиж, сайтар биелүүлээгүйгээс бол нуруун дээр ирэх ачаалал нэмэгдэж, нурууны бүтэц гэмтэх аюултай байдаг.

-Иог, фитнесс хоёр ямар ялгаатай вэ. Нурууны суулттай хүн иог хийж болох уу?

-Сунгалт буюу амьсгалын дасгал хамтад нь хийхийг иог гэж хэлж байгаа юм. Иог, дасгал хийх нь зарим талаар нурууны өвчнийг сэдрээдэг. Нурууны дасгал болгон нуруунд сайн гэж ойлгож бас болохгүй. Өвдөлт нь яг юунаас нөлөөлж байна гэдгээс хамаараад нурууны дасгал өөр, өөр байдаг. Дасгал таарахгүй байсны улмаас нурууны өвчин бүр илүү сэдрэх эрсдэлтэй байдаг. Тухайлбал, суугаа байдлаар хийж байгаа дасгалууд нурууны дискэнд халтай байдаг. Мөн хүзүүний шохойжилттой, дискний суулттай, мэдрэл дарагдсан хүмүүс иог хийж болдоггүй . Илүү сэдэрдэг.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-17 09:38:22


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох