• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Хойд Солонгосын дүрвэгч эхнэр, хүүгийнх нь амийг аврахыг Си Зиньпинээс гуйлаа

Хойд Солонгосын дүрвэгч дэлхийн хамгийн хүчирхэг хүн болох БНХАУ-ын удирдагч Си Зиньпинээс эхнэр, хүүгээ чөлөөлж өгөхийг гуйжээ.

Тэрээр хэлэхдээ “Хүү минь одоо дөрөвхөн настай. Хүүг минь ач хүү шигээ бодон өрөвдөн хайрлаж, чөлөөлөөч” гэжээ.

Ли (аюулгүй байдлын үүднээс нэрийг өөрчлөн бичжээ) -гийн эхнэр, хүүхэд Хойд Солонгосоос дүрвэхээр завдсан ч Хятадын эрх баригчдад энэ сарын 4-нд  баривчлагдсанаас хойш сураг тасарсан байна.

"Хүү минь дөрөвхөн настай. Тиймээс шорон гэж юу болохыг ч мэдэхгүй. Яагаад тэр шоронгийн хүйтэн өрөөнд байх ёстой юм бэ, ямар гэм буруутай гэж шоронгийн хүйтэн шалан дээр хэвтэж байгаа хэрэг вэ” хэмээн Ли өгүүлжээ.

Түүний гэр бүлийг аюулгүй байлгахын тулд зураг дээрх эхнэр хүүхдийнх нь царайг СИИ агентлаг бүдэгрүүлсэн байна.

Одоо Өмнөд Солонгост амьдарч байгаа Ли 2015 онд ганцаараа дүрвэсэн аж. Тэрээр удаан хугацааны, хэцүү бэрх оролдлогын дүнд дүрвэж гарсан ч хэдэн зуун бээрийн цаана эхнэр хүүхдээ орхиод ирсэндээ туйлаас их харамсч явдаг ажээ.

“Ганцаараа дүрвэх шийдвэрийг гаргахдаа үхвэл ганцаараа л үхье. Хэрэв би баригдах юм бол гарцаагүй үхэх болно” хэмээн бодсон тухайгаа Ли хэлж байв.

Энэ оны аравдугаар сард Ли эхнэр, хүүгээ Хойд Солонгосоос гаргах төлөвлөгөө боловсруулж эхэлжээ. Гэвч замынхаа талд орж явтал Хятадын эрх баригчдад тэдэнтэй хамт явсан найман хүний хамтаар Хятадын зүүн хойд хэсэг дэх Шенян хотод баривчилсан байна. Тэд Хойд Солонгосын хилийг амжилттай давж чадсан учир Хятадаар дамжин Өмнөд Солонгост руу гарахаар төлөвлөсөн байв.

Ли хэлэхдээ, “Тэдэнтэй холбоо барих үед баривчлагдсан тухайгаа хэлсэн. Тэднийхээ хоолойг зэрвэсхэн сонсоод л өнгөрсөн. Түүнээс хойш сураг тасарчихаад байна. Одоо хаана байгааг нь ч мэдэхгүй” гэлээ.

Хойд Солонгосын дүрвэгчдийг БНХАУ “эдийн засгийн хууль бус цагаачид” гэж үзэн нутаг буцаах бодлого баримталдаг. Тиймээс тэдэнд баригдах юм бол шийтгэл хүлээх нь тодорхой болох юм.

Хятадын Гадаад харилцааны сайд өнгөрсөн долоо хоногт 10 дүрвэгч барьсан тухай мэдээлсэн бөгөөд "БНХАУ дотоодын болон олон улсын эрх зүй, хүмүүнлэгийн зарчимд нийцүүлэн уг асуудлыг зохицуулж байна" гэжээ.

Хойд Солонгосоос өмнөд рүү дүрвэгсдийн тоо 2001 оноос буурч байгаа бөгөөд энэ нь Хойд Солонгос, Хятад нар хилийн хяналтаа чангатгасантай холбоотой гэнэ.

Ким Сён Ун хэмээх эрхэм Хойд Солонгосоос дүрвэн ирэгсдэд туслах үйл ажиллагааг 20 жилийн турш явуулж ирсэн нэгэн аж. Энэ хугацаанд тэрээр ойролцоогоор 500 хүнд тусламж үзүүлжээ. Тэрээр одоо Ли-д туслаж байгаа бөгөөд дүрвэгсдийг Хятадаар дамжуулан Хойд Солонгосоос өмнөд рүү авчрахад нэг хүний зардал 20 мянга орчим ам.доллар болдог гэдгийг хэлсэн байна.

“Хүний эрхийн тухай ярьдаг БНХАУ Түмэн болоод Ялу голын хөвөөнд хашаа татаж дүрвэгсдийг хорьдог” хэмээн Ким мөн өгүүлжээ.

Ли хэлэхдээ “Миний дуудсан тэдгээр хүмүүс, тэдний дотор байгаа миний эхнэр хүү хоёрыг Хойд Солонгос руу буцаавал аймшигтай хатуу шийтгэл хүртэх болно. Хамгийн багадаа улс төрийн хорих лагерт аваачна шүү дээ” хэмээв.

Ли Хойд Солонгосын шоронгийн системийг маш сайн мэддэг нэгэн. Ли 16 настай байхдаа аавтайгаа хамт шоронд хоригдож байсан бөгөөд таван жилийн турш суужээ. Түүний өвөө Өмнөд Солонгосоос гаралтай байсан тул хэдэн арван жил ийнхүү хавчилга, дарамтад амьдарч ирсэн байна. Өлсгөлөн бол ердийн л зүйл, хүний эрх гэж тэнд байдаггүй. Олон хүн харгалзагчдад зодуулан үхэж байсан. Зарим нь өлсөхийн эрхэнд хоол хулгайлсныхаа төлөө мөн л зодуулж амиа алддаг байлаа. Ойролцоогоор гурван өдрийн дотор 3000 хоригдол үхэж байсныг санаж байна” хэмээн Ли аймшигт түүхээ  ярьжээ. Түүний аав шоронд байхдаа нас баржээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас Хятадтай Хойд Солонгосын дүрвэгчдийг хүмүүнлэгийн үүднээс авч үзэхийг хүсч байна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэй Ин БНХАУ-ын удирдагч Си Зиньпинд өнгөрсөн ням гаригт Вьетнамд уулзах үеэрээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-15 11:00:32


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.5.196.171) 2017-11-15 13:19:43
    хөөрхий дөө хэцүү юмаа

Танд санал болгох