• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Ройтерс: Монголчуудын хууль бус үйл ажиллагаа нь Хятадыг хилээ чангатгахад хүргэжээ

Монголын Говийн бүст нүүрс ачсан олон мянган хүнд даацын ачааны машин Хятадын хил давахаар цуваа үүсгэжээ.

Ачааны машины жолоочид нүүрсний тортогт дарагдсан машиндаа хооллож, унтаж, амьдарч байна. 130 км урт цуваа үүссэн энэхүү газарт тэд хэдэн сараар амьдрах хэрэгтэй болж байгаа тул жижиглэн худалдаачид тамхи, ус, шатахуун зэргийг жолооч нарт борлуулж, нэг төрлийн жижиг зах зээл үүсчээ.

Энэ жил нүүрсний үнэ өссөний дээр Хятадад экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдсэн нь Монголын уурхайчдыг нэлээд эрчимжүүлсэн. Гэвч Монгол Улс валютын ханш, өрийн хямралаас болж эдийн засгаа аврахын тулд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг авахад хүрсэн юм.

Хэдийн тийм боловч, Хятад-Монголын хоорон дахь дамжин өнгөрөх гол шугам Гашуунсухайт-Ганц Модны боомт дээр Хятадад нүүрс тээвэрлэх гэсэн хэдэн мянган ачааны машин бөөгнөрч байна. Сүүлийн саруудад БНХАУ хилээр нэвтрэх ачаа тээвэрт илүү хатуу хяналт шалгалт тавьж байгаа нь энэхүү нөхцөл байдлыг үүсгээд байна.

БНХАУ-ын Өвөр Монгол дахь гаалийн албан тушаалтнууд Ройтерс агентлагт энэ талаар тодруулга өгөхөөс татгалзсан юм. Түүнчлэн Бээжин дэх Гаалийн ерөнхий газрын захиргаа ч мөн тайлбар хийсэнгүй.

Энэ жил нүүрсний үнэ өссөн нь хил дээрх хөдөлгөөнийг хоёр дахин нэмэгдүүлсэн гэж орон нутгийн цагдаа нар мэдэгдэж байгаа бөгөөд энэ нь Хятад болон Монгол талын хууль сахиулах байгууллага, гаалийн ажилтнуудад ихээхэн хүндрэл учруулж байна.

Ирэх онд Хятадад нийлүүлэх нүүрсний үнэ өндөр хэвээр байна гэж уурхайчид үзэж байгаа тул үүсээд байгаа гацаа улам дордох төлөвтэй байгаа юм.

Хятадын байгаль орчныг сүйтгэж байгаа олон зуун уурхай хаагдсанаас гадна жижиг боомтуудаар нүүрс оруулахыг хориглосон нь үнэ өсөхөд хүргэсэн.

Пхеньяны цөмийн зэвсгийн эсрэг олон улсын хориг арга хэмжээний үр дүнд Хойд Солонгосоос Хятад нийлүүлэгдэх нүүрсний импортыг багасгасан нь Монгол Улсад тэрхүү хоосон орон зайг нөхөх боломжийг олгосон юм.

Монголын нүүрсний экспорт оны эхний хагаст 4 дахин өссөн боловч өнгөрсөн долдугаар сард хилийн боомтын саатал үүссэнээс хойш багасч байгаа билээ.

Гашуунсухайт боомтын Гаалийн газрын дарга Б.Даваасүрэнгийн хэлж буйгаар хилийн хоёр талд ажиллаж буй гаалийн ажилтнуудын тоо цөөн хийгээд аравдугаар сард БНХАУ-ын Коммунист намын хурал болсон зэрэг нь байдлыг улам дордуулж байгаа ажээ.

Хятад руу тээвэрлэгдэж байгаа нүүрсэнд түүхий мах, буу зэргийг нууж хилээр нэвтрүүлэх гэсэн оролдлого удаа дараа гарсны дараа Хятадын талаас хатуу хяналтыг тавих болсон нь ачаа тээврийг шалгахад ихээхэн цаг хугацаа зарцуулах болсон хэмээн Б.Даваасүрэн хэлжээ.

Мөн тэрээр “Хэн ч урт оочер дарааллыг хүсэхгүй нь мэдээж хэрэг. Монгол Улсын гааль хүчин чадлаа нэмэгдүүлж чадвал энэ урт дараалал алга болж болно. Бид одоо өдөрт 700 ачааны машиныг гаргаж байгаа. Үүнийгээ 3000 болгох хэрэгтэй байна. Ингэж их оочер дараалал үүсэх нь жолоочид төдийгүй байгаль орчинд ч мөн халтай. Тиймээс бид энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.

Ийнхүү ачаа тээвэрлэх нь жолооч нарт ч мөн адил бэрхшээлтэй байдаг талаар тэд ярьж байна. Хилээр гарах замд ямар ч гэрэлтүүлэг байдаггүй бөгөөд заримдаа согтуу жолоочид асуудал үүсгэдэг зэргээр шөнийн цагаар аюул, ослын төвшин нэмэгддэг ажээ.

"Энэ бол маш эрсдэлтэй. Бид замын хажуугаар унаж осолдсон машинуудыг өдөр бүр хардаг" гэж Бат-Эрдэнэ хэмээх нэгэн жолооч хэлсэн юм. Түүний хэлсэн үнэн байлаа. Ройтерсийн багийнхан сурвалжлага хийхээр явах замдаа замын хажуу руу өнхөрсөн олон машинуудтай таарч байв.

Гашуунсухайтын хөндийгөөр холбогдсон төмөр зам тавих нь урт хугацааны хамгийн зөв шийдэл гэж уурхайчид үзэж байна. Хилийг холбосон 200 км урттай төмөр замыг Монгол Улс барьж байгуулахаар суурь тавьсан ч санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн төслийн хэрэгжилт царцаад байна. Орон нутгийн эрх баригчид төсөл дахин эхэлнэ гэж найдаж байгаа ажээ.

Эх сурвалж: Reuters

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-15 09:42:32


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.131.236.170) 2017-11-15 16:35:50
    Хуцваа чи. Монголоос бушуу зайл.
  2. Mongol yalna (218.106.182.248) 2017-11-15 15:08:27
    Yaljee yalj
  3. Зочин (27.123.214.88) 2017-11-15 11:36:42
    Цаана нь бгаа сайхан засмал замаар аятайхан явчиж болдоггүй юм уу?

Танд санал болгох