• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​А.Санжмятав: Багш нар дахин ажил хаяхгүй, гэхдээ тэмцэл зогсоогүй

Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газар болон МҮЭХ-нд онц шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Өчигдөр Монголын боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2018 онд багшийн цалин хөлсийг 50 хувиар нэмэх шаардлага тавьж, хугацаагүй ажил хаялтыг зохион байгуулсан билээ. Харин өнөөдрөөс багш нар хэвийн байдалд шилжиж, ажил хаялтаа зогсоогоод байна.

Учир нь, Засгийн газраас Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлд зөвшилцөх саналыг ирүүлж ажил хаялтыг зогсоохыг хүссэн байна. Уг саналыг Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо хүлээн аваад “2018 онд багшийн цалинг 50 хувиар нэмнэ” гэдэг байр сууринд нэгдэж байна гэж үзжээ.

Гэхдээ зөвшилцөх санал, хэлэлцээрийн шийдвэрийг цөөн хэдэн дарга, ажлын хэсгийн гишүүдийн хүрээнд үсэг зураад шийдэх биш, нийт Монголын багш нараар шүүн хэлэлцүүлж, хүлээн зөвшөөрсөн тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болно гэдгийг мэдэгдлээ.

Уг саналыг Монголын багш нар хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо, Монголын багш нарын онц их хурлын шийдвэрийг “онц ноцтой” зөрчсөнд тооцож, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгийг шаардлага хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны дарга А.Санжмятаваас зарим зүйлийг тодрууллаа.

-Та бүхний тавьсан саналыг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн үү. Ойлголцчихвол дахин ажил хаялт зохион байгуулахгүй гэсэн үг үү?

-Багш нар одоо ажил хаяхгүй. Ажил хаялт бол тэмцлийн хүнд хэлбэр байтал цаг өнгөрөх тусам нийгэмд багш хүний үнэ цэнийг улам дордуулж байгаа явдалд харамсалтай байна. Бидний тэмцлийг үнэгүйдүүлж байна. Хэрвээ зөвшилцлөөс үр дүнтэй шийдвэр гарахгүй бол бид дараагийн хурц тэмцлийн хэлбэртээ шилжинэ. Засгийн газрын ажлыг хийлгэхгүй. Багш нар зөвхөн нэг удаагийн бэлэн мөнгө аваад болих биш, бодит орлогоо тодорхой хэлбэрээр нэмэгдүүлэхийг л шаардаж байгаа юм. 

-Багш нар ажил хаялаа, болилоо гээд сүүлдээ энэ байдал ч чинь та нарын тэмцлийг үнэ цэнэгүй болгож байгаа хэрэг биш үү. Энэ дунд хүүхдүүд хохирч байгаа юм биш үү. Үүнд багш нарын зүгээс ямар хариуцлага хүлээх вэ?

-Бид эрх ашгийнхаа төлөө явж байгаа нь үнэн. Гэхдээ бид хүүхдүүдээ хохироохгүй байх тал дээр хариуцлагатай хандана. Үнэхээр хүүхдүүдэд сайн багш хэрэгтэй. Өнөөдөр багшийн цалин бага болохоор энэ мэргэжлийг сонгож орж ирэх хүмүүс байхгүй байна. Тэр хэмжээгээр чанартай боловсон хүчин төрөн гарахгүй байна. Энэ асуудал хэд хоногийн асуудал биш Монголын цаашдын хөгжлийг тодорхойлох асуудал гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй.

-Гэхдээ өнөөдөр зөвхөн багш нарын цалин бага байгаа биш. Төрийн албан хаагчийн цалин нийтээр бага байна гэж байгаа.

-Бүх салбарын боловсон хүчнүүдийг эмч, цагдаа, ерөнхийлөгч, төрийн албан хаагч нарыг бүгдийг нь л багш нар бэлтгэж гаргаж байгаа биз дээ. Тэгэхээр нэгжээс нь эхлээд анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-14 14:19:21


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. зочин (202.21.105.22) 2017-11-14 15:20:57
    тийм шүү ганц багш бага биш бүгд л адил багш нарыг бас мэдлэг чадвараар нь ангилж цалин өгмөөр юм аа.хавтгай биш ажилласан жил дадлага туршлага нэмэгдэл олгох зэрэг.Хэдий цалин нэмэхэд үндсэн бараа , хүнсний үнийг ЗГ барих хэрэгтэй ш дээ үгүй бол дахиад өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд ахиад л цалин бага гэсэн асуудал гарна

Танд санал болгох