• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Л.Батцэцэг: Хөхөө хөхүүлэх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд чухал нөлөөтэй

Нийслэлийн эрүүл мэндийн газрын Хавдрын талаар хавдар, сэтгэцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Батцэцэгтэй ярилцлаа.

-Хорт хавдрын өвчлөл манай улсад хүнд байна уу. Өвчлөлт улам л залуужаад байгаа бололтой тийм үү?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхийд жилд 14.1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8.2 сая хүн хавдрын улмаас нас барж байна. 2030 он гэхэд 21.7 сая хүн хорт хавдраар өвчилж, 14 сая хүн тус өвчнөөр нас барна гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Харин Монгол Улсад хорт хавдар нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэж, 22 хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жилийн байдлаар элэг,  ходоодны хорт хавдраар нас барсан хүний тоо эрс нэмэгдсэн. Дараагаар нь уушги, умайн хүзүүний хорт хавдар зонхилон тохиолдож, нас барагсдын тоо нь нэмэгдсээр байна.

-Хүм амын дунд хорт хавдрын тархалт нэмэгдэж байгаад юу голлон нөлөөлж байна вэ?

-Хорт хавдрын өвчлөлд хамгийн ихээр нөлөөлж байгаа зүйл бол хепатитийн вирусийн халдвар. Дараа нь эрсдэлт хүчин зүйл буюу тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх, илүүдэл жин, таргалалт нэмэгдэж байгаатай холбоотой юм. Харамсалтай нь, манай улсад хорт хавдрын 80 орчим хувь төгс эмчлэх боломж багатай буюу хожуу шатанд илрүүлж байна. Нийслэлийн хувьд 2016 онд хорт хавдрын 2429 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оноосоо 8.1 хувиар, сүүлийн 5 жилийн дунджаас 17.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа. Энэ үнэхээр эмзэглэмээр тоо. Тэр утгаараа нийслэлээс олон газрууд хамтран хавдрын эсрэг ажлыг хийж байгаа. Түүнчлэн тус хөтөлбөрийг үнэлэх гол шалгуур үзүүлэлтэд элэгний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хувь, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хамрагдалтын хувь хэмжээг нэмэхээр ажиллаж байна. Энэ оноос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, дүүрэгт хорт хавдрын хими эмчилгээний тасаг нээсэн. Мөн хөнгөвчлөх эмчилгээний оруудыг бүх эмнэлгүүдэд тараасан.

-Хавдар тусахгүй байх тал дээр иргэд юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ?

-Иргэд өөрсдийнхөө төлөө заавал хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. Ядаж жилдээ нэг удаа бүтэн биеийн шинжилгээнд хамрагдаад явбал маш сайн байна. Манай гол асуудал хорт хавдар дандаа хожуу үедээ илэрдэг. Ихэнх хавдар эхэн үедээ мэдэгдэхгүй явж байгаад, сүүлдээ огцом хурдтайгаар хүндэрдэг. Таван цулын нэг нь өвчиллөө гэхэд л шууд бусад эрхтнүүддээ нөлөөлөх аюултай. Гэхдээ үүнд ганц хувь хүнийг ч буруутгаж болохгүй байх. Магадгүй энэ нь манайхан эрүүл мэндийн боловсрол сайн авч чаддаггүй, мэдлэг муу байдагтай бас холбоотой гэж боддог юм.

-Хорт хавдраас яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Иргэд өдөр тутамдаа хорт хавдраас урьдчилан сэргийлэх олон арга бий. Үүнд, 

1. Архи, тамхинаас шууд татгалз.

2. Эрүүл хоол хүнс хэрэглэж бай. Ингэхдээ ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэ. Өдөр бүр тав эсвэл түүнээс олон төрлийн жимс, хүнсний ногоо идэж бай. Тослог ихтэй, хуурсан, шарсан, давсалсан хүнсийг бас хязгаарлаарай. Спиртийн төрлийн бүтээгдэхүүнүүдийг тохируулж хэрэглэ.

3. Байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй байж, эвийн жингээ хадгалаарай. Дасгал хөдөлгөөн зарим төрлийн хавдраас сэргийлэх нөлөөтэй. Жишээ нь бүдүүн шулуун гэдэс, цэвэршилтийн дараах хөх, умайн дотор салстын хавдруудаас сэргийлдэг. Өдөрт багадаа л гэхэд 30 минутыг дасгал хөдөлгөөнд зарцуулах хэрэгтэй.

5. Дархлаажуулалтад хамрагдах нь бас чухал. Жишээ нь элэгний В вирус, хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсанаар элэг, умайн хүзүүний хавдраас сэргийлж чадна.

6. Эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчиж эрсдэлтэй алхам хийхгүй байх нь хавдар үүсгэгч бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх юм.

7. Үзлэг шинжилгээнд тогтмол хандаарай. Нэмж хэлэхэд 2017 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Нийслэлд 40-65 насны 102084 хүнийг гепатит, В,С эмчилгээ хийгдэж байгаа. Цаашид энэ эрт илрүүлгийн хөтөлбөр үргэлжлээд явах учраас аль болох иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө сэтгэл гаргаад нэг яваад өгөөсэй гэж хүсэх байна.

өхний хорт хавдрын шалтгаан, эрсдэлт зүйл нь юу байна вэ?

-Нас, хүйс, удамшил, ген, хорт зуршил, сарын тэмдгийн мөчлөг, (хэт эрт ирэх, хожуу цэвэрших, төрөлт, огт төрөөгүй, эсвэл 30 наснаас хойш төрөх ), үр хөндөлт, горман эмчилгээ, цацраг туяа зэрэг байгаа юм.

-Тэгвэл эмэгтэйчүүд яаж урьдчилан сэргийлэх вэ?

1. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэгт хамрагдах \ӨЭМТ..\

2. Өөрсдөө сар бүр хөхөө шалгаж байх нь эрт илрүүлэхэд чухал ач холбогдолтой, сарын тэмдэг ирснээс хойш 7 хоногийг дараа хөхөө шалгаж хэвших

3. Хэрэв бэрсүү, хөндүүр, үүсгэвэр байх, аль нэг хэсгийн хэлбэр өөрчлөгдөх, арьс хонхойх, татагдах, өнгө өөрчлөгдөх, хавдах, цусархаг, идээрхэг, ялгадас ялгарч байвал яаралтай мэргэжлийн эмчид хандах

4. Удамдаа хөх, умай, өндгөвч, бүдүүн гэдэсний хавдартай хүн байсан хүмүүс илүү анхаарах, жил бүр үзлэгт, Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдийн 20-30 хувь нь удамшсан байдаг.

5. Өсвөр насны охид хөхөө гэмтэж, бэртэхээс сэргийлэх, тохирсон хөхний даруулга хэрэглэх нь чухал.

6. Хамгийн чухалчилж захимаар арга бол хүүхдээ хөхөөр нь хооллох нь хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх нэг чухал алхам болдог. Учир нь хүүхдээ хөхүүлэх үед булчирхайнууд хөхний эд эсэд хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулж байдаг юм. Мөн хүүхэд хөхүүлэх үед ялгардаг оеситоцин хэмээх даавар нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь шинжлэх ухаанаар батлагдсан. Тиймд ээжүүд илүү анхаараарай гэж зөвлөх байна.

-Ярилцсанд баярлалаа.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-14 11:47:42


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох