• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

"Чингис хаан" одонг хүртэх 11 дэх эрхэм хэн бэ

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр энэ ням гаригт тохионо. Уламжлалын дагуу гардуулдаг Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонгоор хэн энгэрээ мялаах бол гэсэн хүлээлт хэдийнэ үүсчээ. Энэ онд хэн гэдэг аавын хүү төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Чингис хаан” одонг хүртэх нь одоогоор таамаг төдий байна. Үе үеийн Чингисийн одонг ямар гавьяа байгуулсны улмаас хэн гэдэг эрхмүүд хүртэж байв. Эргэн нэг саная. Гэхдээ үүнээс өмнө “Чингис хаан” одон мэндэлсэн түүхийг ч эргэж саная.

“ЧИНГИС ХААН” ОДОНГ 2013 ОНООС ЭХЛЭН МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРӨӨР ГАРДУУЛАХ БОЛОВ

Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан санаачилгыг УИХ сайшаан дэмжиж, УИХ-ын 21 дүгээр тогтоолыг баталж байжээ. Энэхүү одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёсны түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд хувь нэмрээ оруулсан, онцгой гавьяа байгуулсан иргэнд Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр хүртээж байхаар тогтоосон байна. Үүнээс хойш тус одонгоор нийт зургаан хүн шагнагджээ. Харин дараагаар нь тогтоолын төсөлд өөрчлөлт орж “Чингис хаан” одонг Их Монгол Улсыг үүсгэн байгуулсан их хааны төрсөн өдрөөр буюу “Монгол бахархлын өдөр”-өөр ёслол хүндэтгэлтэйгээр хүртээж байхаар тусгасан.

“ЧИНГИС ХААН” ОДОНТ ЭРХМҮҮД

2005 он П.ОЧИРБАТ

“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байсан юм. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан.

Зарлигт “П.Очирбат таны Монгол Улсын анхны Ерөнхий­лөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өртгөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг vнэлж” хэмээн өгүүлжээ.

2006 он Б.ШАРАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнаж байсан. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд “Чингис хаан” дуурь бүтээснийг ийнхүү өндрөөр үнэлж “Чингис хаан” одонг хүртээжээ.

2009 он Д.БЯМБАСҮРЭН

2007, 2008 онд завсарласны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасан. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэсэн байв. Түүний түүхэн гавьяаг хүндэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч “Бямбасүрэн гуай улс орноо улс төр, эдийн засаг, санхүү нийгмийн цоо шинэ тогтолцоонд шилжүүлж, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг жинхэнэ утгаар нь сэргээн бэхжүүлэх, Монгол Улсын хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд оруулахад түүхэн гавьяа байгуулж, онцгой хувь нэмэртэй ажилласан” гэж онцолсон байв.

2010 он Р.Гончигдорж

Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Р.Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Р.Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэрбээр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Р.Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавьяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хааны одонгоор шагнаж байна” гэв.

2011 он Н.Багабанди 

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж зарлиг гарган Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Чингис хаан” одонгоор шагнасан. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон Чингис хааны одон хүртээсүгэй” гэсэн байв. Энэ жилийн одонгийн эзэн нь өөрөө шагналыг санаачлагч гэдгээрээ онцлог байлаа.

2012 он Д.Дэмбэрэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн. Ерөнхийлөгч “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааны одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна.

2013 он Д.Содном

2013 оноос өмнө “Чингис хаан” одонг Үндэсний их баяр наадмаар гардуулдаг байсан бол энэ оноос эхлэн “Чингис хаан” одонг Монгол бахархлын өдрөөр гардуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм. 2013 онд энэхүү одонг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Д.Содном гуай хүртсэн юм. Түүнд шагнал гардуулах үеэр “Д.Содном нь төрийн тулхтай, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэснээс гадна гуравдагч хөрш, хөрш орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолсон юм.

2014 Х.Намсрай

Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг “Чингис хаан” одонгоор шагнасан. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Х.Намсрай та бол манай улсын дэлхийд данстай эрдэмтдийн нэг. Монголын ард түмэн танаар бахархдаг. Танд төрийн дээд “Чингис хаан” одонг гардуулж байгаа нь Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэн, эрдэмтэн мэргэдээ үнэлж ирсний илрэл юм” хэлсэн байлаа.

2015 Г.Мэнд-Ооёо 

Их эзэн Чингис хааны мэн­дэлсний 853 жил, Монгол бахар­халын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонг яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёод хүртээсэн юм. Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн учир түүнд энэхүү шагналыг хүртээсэн юм. Г.Мэнд-Ооёо шагнал гардахдаа “Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна. Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд, өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна” хэмээсэн юм.

2016 Г.Ариунбаатар 

2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт хүртээсэн. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг гардуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан, ухаант аав ээжийн авьяаслаг хүү, эрдэмт багш нарын хөдөлмөрч сайн шавь, дуурийн урлагийн шинэ нэгэн түүчээ, дуучин Ганбаатарын Ариунбаатар танд монголчуудын бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн, улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” хэмээсэн юм. Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорсон юм.

2017 ?
Улс төр, урлаг соёл, шинжлэх ухаан, утга зохиол, төр нийгмийн салбар бүрээс энэхүү одонг хүртсэн ч спортын салбараас төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртсэн нь үгүй юм. Тиймдээ ч энэ жилийн “Чингис хаан” одонг хүртэх хамгийн өндөр магадлалтай эрхмээр Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг нэрлээд байгаа билээ. Ямартай ч таамаг төдий байгаа асуултын хариу маргааш албан ёсоор тодорно. Тодруулбал, энэ жилийн хувьд хэн гэдэг эрхэм энэхүү шагналын эзэн болж буйг маргааш олон нийтэд албан ёсоор зарлах юм6 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-14 10:34:40


Нийт сэтгэгдэл: (5)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. zochin (150.129.140.184) 2017-11-15 08:39:00
    Dagvadorj lav bish shuu ter bol zugeer neg jijig arlin bukh
  2. Agi (172.58.201.241) 2017-11-15 00:19:29
    Gonchigdorj Bagabandias bursaaj avax xeregtei
  3. Зочин (182.160.33.98) 2017-11-14 12:58:39
    Hurtsad ugchihuu
  4. Зочин (66.181.169.162) 2017-11-14 12:32:53
    tuvshee bol bolj baina ter domog shuu dee
  5. Mongol yalnaa (218.106.182.207) 2017-11-14 12:23:31
    tasraltgui yalah shinj n burdeed bna da haha

Танд санал болгох