• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​АН: УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг яаралтай хуралдуулахыг шаардлаа

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, үндсэн гурван асуудал хэлэлцжээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлыг бүлгийн дарга Д.Эрдэнэбат, гишүүн Б.Пүрэвдорж нар танилцуулав. 

Нэгд, намрын чуулганаар хэлэлцэх хууль болон бодлогын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө баталжээ. Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал нөлөө үзүүлэх нийт найман асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Энэ сард багтаан баялгийн тэгш хураалт, зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төслүүдээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлжээ.

Хоёрт, нөхөн болон дахин сонгууль явуулах нөхцөл байдлын АН-ын Ерөнхий бичгийн дарга Ц.Тувааны мэдээллийг сонсчээ. Нийт 57 засаг захиргааны нэгж дээр нөхөн болон дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн байна. Сумын иргэдийн төлөөлөгчдийн 30 суудал, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 39 суудалд дахин болон нөхөн сонгууль явуулах ажил зогссон байгаа талаар мэдээллийг авчээ. Уг асуудлаар СЕХ-той санал солилцоод дээрх суудлуудад нөхөн болон дахин сонгууль болох ёстой гэж АН-ын бүлэг үзжээ. Нөхөн сонгуулийг зургаа юм уу, аравдугаар сард зохион байгуулах хуультай байдаг. Харин дахин сонгуулийг шүүхийг шийдвэр гарсан нөхцөлд 30 хоногийн дотор шийдвэрлэдэг хуультай. Энэ хүрээнд ажиллах ёстой гэж үзэж байгаагаа бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. УИХ-ын сонгуулийн дараагаас маш олон газар ИТХ-ын төлөөгч нарыг үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаа аж. Энэ мэт төрийн албаны удирдах албан тушаалтнуудыг үүрэг гүйцэтгэгчээр тавьж, хууль зөрчсөн үйлдэл хөдөө орон нутаг түгээмэл болсныг цэгцлэхийг шаардлагатай байгааг санууллаа. Энэ талаар Д.Эрдэнэбат дарга хэлэхдээ "УИХ энэ асуудлыг шийдэхийн тулд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг өөрчлөн, засах тухай асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны удирдах албан тушаалд байгаа хүмүүс ИТХ-д байж болно гэж үзээд, өөрсдийнхөө нөхцөл байдалд нийцүүлэх гэж байна" гэв. Сөрөг хүчний зүгээс үүнийг дэмжихгүй, өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуулийн дагуу төрийн албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх ёстой гэдэг шаардлагыг тавилаа.

Гуравт, УИХ-ын үйл ажиллагааны талаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын мэдээллийг сонссон байна.Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын үйл ажиллагаа юу болоод байна вэ. Намрын чуулган нээлтээ хийснээс хойш УИХ ганц ч хуулийн төсөл баталсангүй, бүтэн хуралдсангүй гэж дүгнэжээ. Харин Ерөнхийлөгчийн тавьсан хоёр хоригийг хэлэлцэж бөөн шуугиан тарилаа. 2018 оны төсвөө хэлэлцэж байгаад дахиад гацаасан. Ингэхдээ өнгөрсөн баасан гаригт 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж гацлаа. Хэрвээ төсвөө хуульд заасан арваннэгдүгээр сарын 15-нд батлахгүй бол хуулийн ямар үр дагавар гарах вэ гэдэг асуудал үүснэ. Эрх баригчдын талцал маргаанаас үүдэн ямар ч ажил урагшлахгүй байна, намаржин хэрэлдлээ. Одоо өвөл дуусгалаа, үнэхээр хариуцлагагүй ажиллаж байна" гэлээ. 

Түүнчлэн, АН-ын бүлгээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг яаралтай хуралдуулах шаардлага хүргүүлж, өнөө маргаашгүй зөвлөл хуралдаж УИХ цаашдаа хэрхэн ажиллахаа ярилцах нь зөв гэж үзжээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-13 12:05:57


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох