• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Д.​Сумъяа: Шантрах үедээ жүдогийн спортод хөл тавьсан үеэ санадаг

МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн урилгаар  Хөдөлмөрийн баатар жудоч Д.Сумъяа тус сургууль дээр уригдан оюутнуудын сонирхсон асуултад хариулж, сонирхолтой яриа өрнүүллээ. Уулзалтад МУИС-ийн 1600 гаруй оюутнууд оролцсон бөгөөд Д.Сумъяагийн хариултыг хүргэж байна. 

-Таны амьдралыг өөрчлөхөд, өнөөдрийн энэ амжилтад хүрэхэд нөлөөлсөн хүн хэн бэ?

-Миний амьдралыг өөрчлөхөд хамгийн их нөлөөлсөн хүн бол манай аав. Аав минь намайг энэ спортод хөл тавихад маш их үүрэг гүйцэтгэссэн. Намайг маш их дэмжиж, мөрөөдөлдөө хүрэхэд минь ард байж сэтгэлийн дэм өгсөн хүн. Тухайн үед тэмцээнд явах гэхээр санхүүгийн хүндрэл их гардаг байлаа. 2009 онд анхны тэмцээн буюу Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохоор явахдаа эмээ, өвөө хоёрынхоо тэтгэврийг, аав, ээжийнхээ цалинг бүгдийг нь хамж аваад явж байснаа мартдаггүй юм. Энэ хүмүүс миний амьдралд байгаагүй бол магадгүй өнөөдрийн энэ амжилтад хүрэхгүй байсан байх гэж боддог. 

-Аливаа спорт өөрийн гэсэн онцлогтой байдаг шүү дээ. Жүдогийн спортын хамгийн том онцлог юу вэ. Тэр онцлог тал нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Жүдо бол хүндлэлээс эхэлдэг спорт. Жүдод биенээ хүндэтгэх ёс хамгийн чухал байдаг. Надаас нэг насаар ах байсан ч тэр хүн надаас өмнө жудогийн спортод хөл тавьсан бол хүндэлж, үргэлж мэхийж мэндлэх ёстой байдаг. Мөн нөгөө нэг зүйл нь ямар ч спорт бол тэсвэр, тэвчээрийн оргил байдаг. Тэр бүхнээс тууштай байх, шантарсан ч дахиад босох хүчийг олж авдаг. Нэг үгээр хэлбэл, спорт хүнийг сэтгэлийн хаттай болгож, хүмүүжүүлж байдаг.

-Таны бодлоор тамирчин байхын сул тал юу вэ. Спортоор хичээллэж буй залуучууд сул талаа хэрхэн давуу тал болгох вэ. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

-Хүн бүр сул давуу талтай байдаг. Сул талаа хараад, түүнийг бодоод суувал цаашаа явах аргагүй. Тиймд өөрийнхөө юунд сайн, ямар зүйлийг бусдаас илүү сайн хийж чадах вэ гэдгийг мэдэж, түүнийгээ илүү сайн хөгжүүлэхэд болно. Сул талаа өөрийнхөө давуу талаар далдалж, амжилтад хүрэх боломжтой байдаг. Харин тэр давуу талаа хэн бүхнээс илүү сайн хийж чаддаг, сайн эзэмшсэн байх хэрэгтэй болов уу.

-Өнгөрсөнд таны туулсан бэрхшээл одоогийн таны амжилтыг бий болгосон уу?

-Тэгэлгүй яах вэ. Би жүдогоор 12 жил хичээллэж байна. Энэ хугацаанд маш олон шантрах зүйл, бэрхшээл гарч байсан. Тухайн үед өөрийнхөө зорилго, мөрөөдлийг бодох үед тэр шантралыг даваад гарах хүч өөрийн эрхгүй бий болдог. Яах гэж энэ спортыг сонгов оо гэж бодох үе ч гарна. Тэр үед яагаад, хэрхэн эхлүүлснээ санаж, бас өнөөдрийг хүртэл зүтгэж ирсэн хөдөлмөрөө бодох юм бол дахиад бүхнийг шинээр эхлүүлэх эрч хүч бий болдог. Өнөөдөр хийсэн зүйлээ маргааш хоёр, гурав дахин илүү сайн хийх гэж хичээдэг. 

-Та ямар урлаг сонирхдог вэ?

-Спорт бол өөрөө маш том урлаг гэж бодож байна. Дэлхийн хэдэн тэрбум хүн спортыг үзэж түүнээс урам зориг, хүч, баяр баясал авч байдаг. Спорт өөрөө хүнийг уйлуулж, инээлгэж байдаг маш том урлаг.

-Ялагдлаас олж авсан хамгийн үнэтэй сургамжаасаа бидэнтэй хуваалцана уу?

-Бүх хүчээ дайчлан бэлтгэл хийсэн ч ялагдах үе олон гарна. Ялагдал миний хувьд дараагийн ялалтын эхлэл болдог. Яагаад, юун дээр алдсан бэ гэдгээ дүгнэж, дараагийн удаа алдахгүйг хичээнэ. Ялагдал дундаас маш олон зүйл суралцаж, илүү ихээр өөрийгөө дайчилж хичээдэг. Ялалт, ялагдалд аль алинд сэтгэлзүйгээ бэлдэж чадвал амжилтад хүрдэг гэж боддог.  

-Таны хувьд хамгийн нандин зүйл юу вэ. Өнөөдрийг хүртэл энэ амжилтад хүрсэн мартаагүй хамгийн үнэтэй зүйл тань? 

-Миний хувьд жүдогийн спортыг сонгоод өөртөө тавьсан зорилгынхоо хэсэгхэн үзүүрээс атгаад явж байна. Үүний цаана маш олон хүний хамтын хүч бий. Гэр бүл, багш нар, багийн хамт олон бол миний амьдралын хамгийн нандин, үнэтэй зүйл. Тэр хүмүүсийн хичээл зүтгэл, дэмжлэггүйгээр өнөөдрийн энэ өндөрлөгийг төсөөлөшгүй.  

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-13 09:25:18


Нийт сэтгэгдэл: (5)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Zochin (122.201.24.186) 2017-11-13 16:00:18
    End bgaa oyutnuud zuwhun 1r kursiinhan. Biyiin tamir sudalj bgaa oyutnuud. Jil bur iim hachin ym zohioj irehgui bol biyiin tamirin onoonoos hasdag.
  2. Одоо бөхчүүд болно оо (202.170.80.25) 2017-11-13 10:43:00
    Одоо жүдо , сумо болно оо ... Булчинг биш оюун ухаанаараа хөгжинө шүү
    1. Зочин (202.131.245.10) 2017-11-13 14:13:20
      тэнэгт
    2. Zochin (122.201.24.186) 2017-11-13 16:00:39
      Zuw.
  3. зочин (117.102.187.40) 2017-11-13 10:39:32
    бодсоноос илүү ухаалаг охин бололтой юмаа даа хэлсэн ярьсныг нь хааяа харахад. Амжилт

Танд санал болгох