• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Б.Байгал: Стрессээс ходоод, нойр булчирхайн эмгэгүүд үүсч байна

Сонгдо эмнэлгийн дотрын эмч Б.Байгалтай ярилцлаа.

-Сүүлийн жилүүдэд хүн амын дунд нойр булчирхайн өвчлөл залуужих болсон гэх статистик бий. Нойр булчирхайн өвчлөлд нөлөөлж буй хүчин зүйл юу байна вэ. Юунаас үүдэлтэйгээр хүн амын дунд энэ өвчлөл ихээр гараад байгаа вэ?

-Нойр булчирхай хүний биед гадаад болон дотоод шүүрлийн үүрэгтэй оролцож хүний биеийн бодисын солилцоонд голлох үүрэгтэй оролцдог булчирхайлаг эрхтэн юм. Дотоод шүүрэл нь хүний цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг. Гадаад шүүрэл нь хүний биед хоол хүнсээр орж ирж буй , нүүрс ус, өөх тосыг задлах үүрэгтэй байдаг.

Нойр булчирхайн үрэвслийн дийлэнх хувь нь бидний идэж буй хоол хүнснээс шалтгаалдаг гэж хэлж болно. Үлдсэн тодорхой хувь нь архи, тамхи хорт зуршил болон стрессийн гаралтай байж болно. Тамхи нойр бучлирхайг хамгийн их гэмтээдэг гэж үздэг. Мөн сүүлийн үед стрессийн гаралтай дотор эрхтний эмгэгүүд ихээр үүсч байна. үүний нэгд нойр булчирхайн архаг үрэвсэл багтаж байна. Энгийнээр тайлбарлавал бидний хоол боловсруулах эрхтэнүүд тэр дундаа Ходоод нойр булчирхай цөс 3 нь хоол боловсролтод хамтран оролцдог. Тиймээс стрессийн нөлөөгөөр ходоодны шүүрэл ялгаралт нэмэгдснээр нойр булчирхай цөс хоёрдогчоор цочирдог үүнээс улбаалан нойр булчирхайн архаг идэвхгүй хэлбэрийн үрэвсэл үүсхэд нөлөөлж болно гэж үздэг.

Нойр булчирхайн үрэвсэл цочмог, архаг гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Цочмог үрэсвэл нь хурц өөх тос нүүрс ус ихээр агуулсан хоол хүнс идэх мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх мөн цөсний хүүдийн болон ерөнхий сувагт байрласан чулуу зэргээс үүсэх бөгөөд тухайн үед хэвлийн дээд хэсэг аюулхай орчмоор хүчтэй өвдөх шинж тэмдгээр эхэлдэг төдийгүй цаг хугацаа алдалгүй эмнэлгийн яаралтай тусламж авахгүй бол амь насанд хүртэл аюул учрах эрсдэлтэй байдаг.

Харин архаг үрэвслийн тухайд таны хоол хүнсний хэв маяг, хорт зуршил, болон ходоодны суурь өвчлөл, цөсний чулуу зэргээс үүдэлтэй гэж үздэг. Энэ тохолдолд хоолны шингэц багасах, зүүн хавирганы нуман доогуур өвдөхь хэвлийгээр дүүрч цанхайх, гүйлгэх гэх мэт шинж тэмдгээр илэрдэг. Ийм тохиолдолд зайлшгүй нарийн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Архаг хэлбэрийн нойр булчирхайн үрэвсэл даамжирснаар хорт хавдарт хүргэж болно. Тиймээс шинж тэмдэг илрэх үед аль болох эрт үзүүлэхгүй бол ихэвчлэн хожуу шатандаа оношлогдох тохиолдол их байна. Мөн анатомийн хувьд нойр булчирхай нь ходоодны ард байрладаг болохоор эхний ээлжийн хэт авиан оношлогоонд эрт үедээ бүрэн тодорч харагдахгүй байх магадлал өндөр байдаг. Тиймд хувь хүн архаг үрэвслийн шинж илэрсэн даруйд эмчилгээ хийлгэх мөн нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу шинжилгээ өгч хянаж байх нь чухал.

Учир нь хавдарыг эрт үед нь оношлож чадвал мэс засал болон хими туяа эмчилгээгээр эмчлэх боломжтой байдаг харин хожуу шатанд хөнгөвчлөх эмчилгээ /зовиургүй өвдөлтгүй байлгах тусламж үйлчилгээ/ хийхээс өөр арга хэмжээ авах боломжгүй байдаг юм.

-Нойр булчирхай үрэвсэх шалтгааны дийлэнх хувь нь буруу хооллолт, хоолны дэглэмтэй холбоотой гэж байна. Нойр булчирхайгаа үрэвсүүлэхгүйн байхын тулд ямар хүнсээс татгалзаж, ямар хүнсийг түлхүү хэрэглэх вэ. Мөн нойр булчирхайн үрэвсэлтэй тохиолдолд ямар хоолны дэглэм барих талаар зөвлөгөө өгөхгүй юү?

-Нүүрс ус, өөх тосны агууламж багатай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Ерөнхийдөө малын гаралтай өөх тос буюу хонь, үхэр, адууны өөхтэй махыг хязгаарлах хэрэгтэй. Мөн нойр булчирхайн шүүрлийг их хэмжээгээр ялгаруулдаг цагаан гурилан бүтээгдэхүүн, нүүрс ус, цардуул ихтэй цагаан будаа, төмсийг хязгаарлах нь чухал. Хязгаарлана гэдэг нь 100 хувь идэж болохгүй гэсэн үг биш. Өмнө хэрэглэж байснаасаа багасгаж хэрэглэнэ гэсэн үг юм шүү. Түүнчлэн ходоодны хүчил ихэсгэх төрлийн хүнснүүд үүнд мөн цагаан гурилан бүтээгдэхүүн, амтлагч, халуун ногоо ихтэй шарсан хуурсан хооль, исгэлэн жимс /монголын аньс чацаргана зэрэг зэрлэг жимснүүд мөн жүржь лимон зэрэг цитрусын төрлийн жимс/ хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

Харин ургамлын гаралтай өөх тос агуулсан хүнсийг түлхүү хэрэглэх үүнд эрдэнэшиш, шар буурцаг, өөхгүй мах, загас, тахианы мах, ислэг ихтэй навчит ногоон ургамлуудыг түлхүү хэрэглэхийг зөвлөдөг.

Боловсруулалтын хувьд чанаж, жигнэсэн хоол хүнсийг түлхүү хэрэглэх нь чухал. Мөн хэт өлсөж, хэт их идэж болохгүй. Өдөрт ойр ойрхон 3-4 удаа бага багаар хооллож байх хэрэгтэй. Хоолноос хоолний хооронд ходоодний орчин алдагдуулах чихэр, газтай ундаа зэргээс татгалзаарай түүний оронд ус уух нь хоол боловсруулах замыг хамгаалах өндөр үр дүнтэй арга шүү.

-Өөх тостой хоолны араас архи ууснаар цочмог үрэсвэл бий болдог гэдэг энэ үнэн үү. Ер нь архи ууснаар нойр булчирхай, элэг, цөсөнд хэрхэн нөлөөлж, архи уусны дараа хүний биед ямар процесс явагддаг вэ?

-Өөх тостой хоол хүнстэй давхар архи хэрэглэж байна гэдэг нойр булчирхайн шүүрлийг ихээр ялгаруулж байна гэсэн үг. Энэ үед ходоод хоол боловсруулах замын орчин тэр чигээрээ алдагдаж, нойр булчирхай цочрох нөхцөл бүрдэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл энэ үед нойр булчирхайн ачааллаа дийлэхээ больж, шүүрлүүд нь их хэмжээгээр ялгарч, улмаар хавагнаж үрэвсэж эхэлдэг.

Элэг бол бусад эрхтнийг хоргүйжүүлэх ферментийг өөрөөсөө ялгаруулж, цэвэрлэж байдаг. Өөрөөр хэлбэл архи нь элэгний эсийн антиоксидант глутатион гэх хамгаалах идэвхтэй эсгэгийг бууруулах замаар элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаанд нөлөөлж цусанд хагас задралын хортой нэгдлүүд бий болж хүнд шарлталт үүсдэг гэж үздэг.

-Шарталт тайлах ямар ямар арга байдаг вэ. Хүмүүс шартах үедээ вакус, гоймон идэх нь олонтаа байдаг. Энэ хэр зөв бэ?

-Шарталтаа тайлахын тулд цусан дахь хортой нэгдлүүдийг саармагжуулах нь чухал гэж үздэг. Шарталт тайлах төрөл бүрийн бэлдмэлүүд байдаг болсон байна гэхдээ илүү үр дүнтэй арга бол саармагжуулах юм. Судсаар шингэн сэлбэх нь хамгийн үр дүнтэй энгийн арга юм.

-Архи уусан хүн бүр шартдаггүй. Энэ нь тухайн хүний элэгний үйл ажиллагаа сайн байна гэсэн үг үү?

-Архийг хүлээж авах бие мах бодь хүн бүрийнх өөр, өөр байдаг. Элэгний эсийнантиоксидант глутатион эсгэгийн идэвхээс хамаарч шартах эсэх нь хамаардаг тул хүн хүний биеийн оцлогоос хамаарна гэж үзнэ. Түүнээс элэгний суурь үйл ажиллагаанаас төдийлөн шууд хамааралтай гэж үзэхгүй.

-Тарваганы хүн мах нойр булчирхайн үйл ажиллагааг дэмждэг үү. Тарваганы хүн махаар нойр булчирхайгаа эмчлэх нь хэр зөв бэ?

-Тарваганы хүн мах бол нойр булчирхайн үйл ажиллагааг дэмждэг өндөр тунтай фермент гэж тайлбарлагддаг юм билээ гэхдээ бид европ анагаах ухаанд суралцсаны хувъд үүнийг дэмжихгүй гэхдээ бас 100 хувь үгүйсгэхгүйлдээ. Практикаас харахад нойр булчирхайн үйл ажиллагааг тодорхой хугацаанд дэмжиж өгдөг. Гэхдээ эргээд үрэвсэл сэдрэх нь олонтой тиймээс эмч нарын хувьд бол зөвлөх эмчилгээ бол бишээ.

- Стрессийн гаралтай дотор эрхтний өвчлөл ихээр нэмэгдэж байна, үүний нэг нь нойр булчирхайн үрэсвэл байна гэсэн. Стресс дотор эрхтэнд хэрхэн нөлөөлдөг процессыг тайлбарлаж өгөхгүй юү?

- Энгийнээр хэлвэл Төв мэдрэлийн тогтолцооноос ходоодны шүүрэл ялгарлыг зохицуулдаг зохицуулганд нөлөөлснөөр ходоодны шүүрэл ялгаралт ихээр нэмэгдэж хододний үрэвслийг даамжруулаад зогсохгүй нойр булчирхайн архаг үрэвслийг үүсгэх, сэдрээх нөхцөл бүрддэг гэж үздэг. Мөн стресс судас агшаах хүчин зүйлийн нэг болж байдаг. Ингэснээр цусан хангамжаар баялаг эрхтнүүдийн үйл ажиллагаа хямарч эхэлдэг. Тэр дундаа хоол боловсруулах замын эрхтэнүүд цусан хангамж ихтэй байдгийн үүднээс дээрх и нөлөөллөөр хямрах нь их гэж тайлбарлагддаг.

Тиймээс хүн бүр стресс тайлах энгийн аргуудад суралцах хэрэгтэй. Үүнд дасгал хөдөлгөөн, иог, бясалгал гээд надаар хэлүүлэтгүй олон зүйл бий, ард иргэдийн энэ талын мэдлэг ч их болсон байх. Ер нь бол судас тэлэгдээд ирэх үед л бүх бие тайвширдаг шүү дээ тиймээс оройдоо халуун шүршүүрт орох, эсвэл халуун усанд хөлөө дүрж массажлах, мөн саунд орж хэвших гээд энгийн зүйлүүдийг хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй.

-Сүүлийн үед махны хэт хэрэглээ бүдүүн гэдэсний өвчлөл нэмэгдүүлж байна гэх мэдээлэл гарч байна. Энэ үнэн үү?

-Орон орны хүмүүсийн хоол боловсруулах эрхтний идэвхи болон ялгаруулах эсгэгийн байдал өөр, өөр байдаг. Монголчуудад махны хэт хэрэглээнээс үүдэн бүдийн гэдэсний өвчлөл үүсэхүү гэдэгтэй санал нийлэхгүй байна. Буруу хоололт гэхээр мах, өөх тосоо багасга гэж хүмүүс ойлгоод өмнө нь хэрэглэж байсан зүйлсээсээ татгалзаж эхэлдэг. Хоолны дэглэм гэхээр махаа бага ид, өөх тосоо бага ид гэсэн ойлголт биш юм. Монгол хүмүүсийн хувьд ямарч тохиолдолд махны хэрэглээг хорих нь зүйтэй зүйл биш. Учир нь бидний бие махбодийн болон амьдарч буй цаг уурт дасан зрхицсон үндсэн хүнсний нэг шүү дээ гэхдээ мэдээж тухайн өвчлөл бүртээ хязгаарлах тохируулан хэрэглэх тохиолдлууд гарна л даа. Ер нт бол монгол хүмүүс ходоодний хүчил ихтэй, цөс ихтэй ч гэж ярьдагийн учир бас бидний идэж заншсан хоолтой холбоотой болвуу гэж боддог. Тиймээс альваа нэг хоолны нэр төрлийг хориглосноор эрүүл зөв хооллоод өвдөхгүй байна гэж ойлгож болохгүй. Бүх зүйл тэнцвэртэй байж тэр нь үр дүнтэй эмчилгээ бодог гэдгийг мартаж болохгүй. Эцэст нь хэлхэд хүн бүр дор бүрээ өөрсдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж өвдсөн хойноо бус өвдхөөс нь өмнө эмнэлэгт үзүүлдэг байх, хаана ч өөртөө тохирсон хоол хүнсийг сонгоод хэрэглэдэг байх, мөн өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг хийдэг ийм л мэдлэгтэй болох хэрэгтэй. Тэгвэл та өвдөхгүй эрүүл саруул урт удаан амьдрах болно л гэж хэлмээр байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-12 18:29:58


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох