• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Цалин нэмэх асуудлаар гурван тал тохиролцоонд хүрч чадсангүй

Багш, эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхээр тэмцэж байгаа ч тодорхой шийдэлд хүрэлгүй хамтын маргаан үүсгээд байгаа билээ. Тэгвэл өчигдөр Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны төлөөллүүд хэлэлцээр хийхээр цугласан юм. Гэсэн ч шинэ Засгийн газар бүрдээгүй, 2018 оны төсвийн төслийг татсан зэрэг шалтгаанаар гурван талт хамтын маргааныг түр хойшлуулах саналыг Засгийн газар, МАОЭНХ-ны төлөөллүүд гаргасан. МАОЭНХ-ны дарга Х.Ганбаатар тэргүүтэй гишүүд хэлэлцээрийг орхиж явсан юм.

Энэ үеэр хөдөлмөр зуучлагч Б.Довдонбалжир хамтын маргааныг шийдвэрлэх төслийг танилцуулсан. Үүнд,

Нэгд, Хөдөлмөр нийгмийн гурван талт нэмэлт хэлэлцээрийг яаралтай эхлүүлж, нэгдсэн зөвшилцөлд хүрч, уг асуудлыг 2018 оны улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авах.

Хоёрт, Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд нийгэмд үүсээд буй багш, эмч, эмнэлгийн ажилчдын цалингаа нэмэгдүүлэх, эрх ашгаа хамгаалах зорилгоор хуулийн хүрээнд явуулж буй тэмцэл хөдөлгөөний шаардлага хүсэлтийг анхааралтай судалж, шийдвэрлэх зорилгоор талуудад бэлэн байгаа төсөл, тооцоо хувилбарыг нэгтгэж, гурван талын төлөөллөөс бүрдсэн дэд ажлын хэсгийг байгуулж, төсөл боловсруулж, үе шаттайгаар шийдвэрлэх арга зам хайх.

Гуравт, Төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл цалингийн сүлжээ жишгээр боловсронгуй болгох, төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг тогтоосон жишгийг сүлжээ болгон өөрчилж, цалингийн шатлалыг 20-25 хувь хүртэл нэмэгдүүлэх, шатлал хоорондын цалингийн хэмжээг оновчтой тогтоох, цалингийн урамшуулагч үүрэг хариуцлагыг дээшлүүлэх арга хэмжээг 2018 оноос авч хэрэгжүүлэх саналыг тавив.

Г.Адъяа: Зөвшилцөхгүй бол багш, эмч нар ирэх сард ажил хаяна

Харин хамтын маргаан хэлэлцэх үеэр асуудал шийдэгдээгүй учраас цаашид МҮЭХ-ны тэмцэл хэрхэн өрнөх талаар МХҮЭХ-ны нарийн бичгийн дарга Г.Адъяа хэлэхдээ “Хамтын маргааныг зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэнэ гэсэн Засгийн газраас баталсан журам бий. Үүнд хууль журам үйлчлэх ёстой. Шинэ Засгийн газар бүрдээгүй учраас хамтын маргааныг хоёр хоног хойшлуулах санал гарч байна. Шинэ засгийн газар томилогдоогүй бол хамтын маргааныг хоёр, гурав хоног хойшлуулна гэсэн журам байхгүй. Журамд заасны дагуу талууд зуучлагчийн саналыг зайлшгүй сонсох ёстой. Хэрвээ зуучлагчаар маргааныг шийдвэрлүүлэхийг аль нэг тал эсэргүүцвэл хөдөлмөрийн арбитрын шат үргэлжлэхгүй. Тэгэхээр ажил хаях тэмцэлд ороход буруудах зүйлгүй. Арваннэгдүгээр сарын 1-ээс ажил хаях боломжтой” гэж ярилаа.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-13 12:13:58


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (182.160.35.154) 2017-10-13 13:06:14
    багш,эмч нарын цалинг ажлын үр дүнгээр олгодог тэгштгэл зохиож өгье.

Танд санал болгох