• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Т.Их-Уул: Монголд сагсан бөмбөгийн сургууль байгуулна

 Дээд Лигт тоглодог хамгийн залуу, хамгийн өндөр тамирчин болох Т.Их-Уултай ярилцлаа. Тэрээр Дээд Лигт 15 настайгаасаа тоглож эхэлжээ. 

-Сайн байна уу. Бэлтгэл нь дуусч байхад яг таарч ирлээ шүү. Одоо ямар тэмцээнд бэлдэж байна вэ?

-Сайн. Энэ сарын 16-нд насанд хүрэгчдийн Улсын аварга болох гээд бэлтгэлдээ орчихсон явж байна. Мөн Дээд Лигийн бэлтгэл давхар эхэлчихсэн байгаа. 

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? 

-Намайг Т.Их-Уул гэдэг. 2000 онд төрсөн. Манай аав фермер хүн, харин ээж хоолны газар ажиллуулдаг.  Хоёр эгчтэй айлын бага хүүхэд. Одоо “Этүгэн их сургууль”-ийн хүний нөөцийн мэргэжлээр нэгдүгээр курст суралцдаг. Манай сургууль сагсан бөмбөгийг их дэмждэг. Сургуулиа сонгосон шалтгаан маань ч үүнтэй холбоотой. 

-Анх хэдэн настайгаасаа сагсан бөмбөг сонирхож, хичээллэж эхэлсэн бэ? 

-Би бага байхын л их өндөр, том биетэй хүүхэд байсан. Анх чөлөөт бөх барилддаг байж байгаад, дөрөвдүгээр ангиасаа Цогоо гээд багшаараа сагс заалгаж, хичээллэж эхэлсэн юм. Тэр цагаас хойш л энэ спортдоо их дуртай, сонирхолтой болж эхэлсэн. Харин одоо дээд лигт тоглож байгаа. Миний амьдралыг зуун хувь өөрчилсөн сайхан спорт гэж боддог. 

-Дээд Лигт ийм залуудаа тоглодог гэхээр сайн байна. Өндөр нь хэд вэ?

-Ах нарынхаа хажууд бол мундаг биш ээ. Манай аав, ээж хоёр өндөр хүмүүс байдаг болохоор удмын өндөр байх гэж боддог шүү. Ямар ч байсан жилийн өмнө үзэхэд 2 метр 2 см байсан. 

-Сагс тоглоход заавал өндөр байх шаардлагатай юу. Энэ спортын юу нь чиний сонирхлыг татдаг вэ?

-Заавал өндөр байх ёстой гэх дүрэм бол байхгүй. Гэхдээ ихэнх сагсчид өндөр байдаг. Учир нь сагс бол өөрөө их өндөр спорт. Хэрвээ намхан тоглогч байлаа гэхэд өөрөөсөө маш их хөдөлмөр гаргах хэрэгтэй эсвэл бусдаас тасарчихсан илүү гоц гойд байх хэрэгтэй. Жишээ нь, маш өндөр үсэрдэг ч юм уу. Ер нь өндөр байна гэдэг энэ спортод давуу тал л даа. Таалагддаг зүйл гэхээсээ илүү энэ спортод их дуртай бас хайртай. Сагс бол хувь хүний биш багийн спорт болохоор нэг болох гэдэг чухал зүйл байдаг. Мэдээж хувь хувьдаа ч гэсэн сайн байх хэрэгтэй.

-Ер нь ямар зан чанартай вэ?

-Багийн тоглолтыг их чухалчилдаг болохоор найзууд, багийнхантайгаа нийлээд маазарч явдаг үе байдаг. Гэхдээ хувь хүн талаасаа тийм ч нээлттэй биш. Мөн миний хувьд талбай дээр их хурдан шатчихдаг юм. Бас шартай юм шиг байгаа юм.

-Дасгалжуулагчийнхаа тухай ярихгүй юу?

-Дасгалжуулагчийг маань О.Баярцогт гэдэг. Их бахархмаар хүн л дээ. Миний хувьд бүх юмыг минь л зааж өгсөн багш байгаа юм. Их зарчимч, зааланд ч, амьдрал дээр ч бай ямар нэгэн асуудал тохиолдоход шууд л ажиглаад мэдчихдэг. Тэгээд өрөөндөө дуудаад юу чинь болохгүй байна гээд зөвлөж, ярилцдаг. Яг л аав шиг, заримдаа найз шиг байдаг хүн.

-Ингэхэд гаргасан амжилтуудаасаа хуваалцаач?

-Монгол туургатны их наадамд Хятадын багтай таарч хожоод аварга болсон. Ноднин жилийн Дээд Лигээр мөнгөн медаль, мөн "U19" мөнгөн медаль авч байсан. Том амжилт гэвэл миний хувьд энэ гурав л байна даа.

-Үе үеийн тоглогч нараасаа хэнийг дэмждэг вэ?

-Анх Үндэсний супер лигийн “SBL Хасын хүлгүүд” багийн тамирчин, сагсчин Б.Билгүүний тоглолтыг их үзэж, дуурайх дуртай байсан. Багаасаа л шүтсэн гэхэд болно. Зурагтаар байнга үздэг байсан болоод ч тэр үү ганц удаа хажууд нь очоод зогсоод үзчих юмсан гэж л боддог байсан. Тэгээд өнгөрсөн жил дээд лигээр пиналд гарсандаа. 

-Мөрөөдөл нь юу вэ? 

-Мөрөөдлийн тухайд багаараа Азид амжилт гаргаж, хувьдаа Европын том багт очоод легонор хийх юмсан гэж боддог. Саяхан Спортын мастер Т.Санчир ах Филиппин улсын легонороор явчихаад ирсэн. Мөн дотор байдаг битүүхэн мөрөөдөл гэвэл Монголд сагсан бөмбөгийн сургууль байгуулахыг хүсдэг. Манайд сагсан бөмбөгийг дэмждэг сургууль гэж байдгаас сагсан бөмбөгийн сургууль гэж байдаггүй. Би Хятад руу явахдаа харсан юм л даа. Сагсан бөмбөгийн сургуулиуд байдаг юм билээ. 

-Дээд лигт  хамгийн залуу тоглогч нь бараг чи байх тийм үү. Бас бэлтгэл их хийдэг байхдаа?

-Тийм. Хамгийн залуу нь бас хамгийн өндөр нь би . Өдөрт хоёр бэлтгэлтэй байдаг. Өдөр нь фитнесс, орой нь заалны бэлтгэлдээ ордог. Тэмцээний үеэр өдөрт гурван удаа бэлтгэх хийх үе бий л дээ.  Заримдаа ядрах үе байдаг ч зорьж, хүсч байгаа дээрээс нь дуртай болохоор сайхан байдаг юм. Тэгээд багийнхнаасаа хамгийн бага нь болохоор цагийн өмнө түрүүлж ирээд заалын шалыг угаах үе ч байдаг байсан. Ах нар шидэлт хийж байхад бөмбөгөнд нь гүйгээд ах нарыг гарсны дараа өөрөө шидэлтээ хийнэ гээд их хичээл зүтгэл гаргаж байж сайжрах гэж үзнэ. Одоо гэхдээ тийм биш л дээ. Ер нь тэгээд иймэрхүү зүйлийг давж байж, дээд үеийн ах нараа хүндэлдэг байж, өөрөө илүү хичээл зүтгэл гаргадаг байж л сайн сагсчин болох эхлэл тавигддаг байх гэж боддог.  

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-13 11:38:58


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. zochin (150.129.142.201) 2017-10-13 15:21:55
    mundag ah shuu
  2. Зочин (49.0.153.66) 2017-10-13 13:04:36
    Bravo

Танд санал болгох