• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Д.Одонтуяа: Хүн төрөхдөө хайраар угтуулдаг, явахдаа ч хайраар үдүүлэх ёстой

Азийн энэрэнгүй үйлстэн таван эмэгтэйн нэгээр шалгарч, "After Cicely" буюу "Сесилигийн дараа" баримтат кинонд тоглосон монгол эмэгтэй бол Анагаах ухааны доктор, профессор Д.Одонтуяа. Саяхан түүний тухай “ВВС” агентлаг хүртэл онцолж, Д.Одонтуяа эмчийн амьдралаар, хүний төлөө гэсэн сайхан сэтгэлийг нь тодотгосон сурвалжлага бэлтгэжээ. 

Тиймд бид хөнгөвчлөх эмчилгээ, үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлж, суурийг нь тавьж, амжилттай хөгжүүлсэн энэрэнгүй үйлстэн ЭМШУИС-ийн Ерөнхий мэргэжлийн тэнхимийн эрхлэгч, Монголын хөнгөвчлөх эмчилгээ нийгэмлэгийн тэргүүн Д.Одонтуяаг ТҮМНИЙ НЭГ буландаа урьж ярилцлаа. Тэрээр олон эмч нарыг энэ чиглэлээр сургаж бэлтгэхийн зэрэгцээ, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын тухай хуулинд хүртэл нэмэлт өөрчлөлт оруулж, морфиныг анхлан Монголд оруулж ирэн хүн ардын эрүүл мэндийн манаанд зогсож буй эгэлгүй нэгэн ачтан ажээ. Түүний ачаар хөнгөвчлөх эмчилгээний зардлыг 100 хувь төрөөс хариуцдаг болж, хүнд өвчтэй хүмүүсийн ар гэрийнхэнд төрөөс сар бүр мөнгөн тэтгэмж олгодог болжээ.

-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Та Монголд анх хөнгөвчлөх эмчилгээ нэвтрүүлж, энэ чиглэлээр олон ажил хийж, хуулинд хүртэл нэмэлт өөрчлөлт оруулсан хүн. Яагаад энэ ажлыг эхлүүлэх болсон талаар нь яриагаа эхлүүлье?

-Би 17 настайдаа ОХУ-ын Ленинград хотод “Хүүхдийн их эмч” мэргэжлээр суралцахаар явсан. Гэтэл тэр хойгуур аав минь Монголд элэгний хорт хавдраар насан өөд болчихсон юм. Тухайн үед эмч хүн байж аавдаа ганц ч дусал хийж чадаагүй гэж өөрийгөө их буруутгаж явдаг байсан. Дараа нь сургуулиа төгсөөд хадам ээж минь мөн хорт хавдраар өөд болсон. Бас л сайн тусламж үзүүлж чадаагүй юм. Тэгээд 2000 онд Шведэд Европын хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэгийн хуралд оролцож, амьдралдаа өөрийгөө буруутгаж явсан том зүйлээ залруулах боломж байгааг олж харсан юм. Аав, ээжийнхээ амийг аварч чадаагүй надад олон хүнийг амьдралын сүүлийн саруудад нь чанартай амьдруулж, тэдэнд сэтгэл санааны хайр халамж мэдрүүлж, туслах боломжтойг ухаарсан. Шведээс ирээд удаагүй резидентээр сурч байсан хоёр эмчээ дагуулаад хүнд өвчтөн асарч байгаа айлуудаар явж эхэлсэн. Өвчтөнд зөвлөгөө өгч, ар гэрийнхний сэтгэгдлийг нь сонсож хэдэн өдөр өглөөнөөс орой хүртэл явсан. Тэгээд Монголд хөнгөвчлөх эмчилгээ ямар чухал хэрэгцээтэй болохыг, өвчиндөө зовж шаналж байгаа өрөвдөлтэй хүмүүст заавал туслах ёстойг мэдэрсэн. 2001 онд Монголд хөнгөвчлөх эмчилгээний суурь сургалтыг анх эхлүүлсэн .

-Таныг хөнгөвчлөх эмчилгээний зардлыг 100 хувь төрөөс хариуцах тухай заалтыг Эрүүл мэндийн тухай хуульд, хүнд өвчтэй хүмүүсийн ар гэрт халамжийн мөнгө олгох заалтыг Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан гэж дуулсан. Үүнийг хийхэд мэдээж амархан байгаагүй байх?

-Хөнгөвчлөх эмчилгээний суурь сургалтыг эхлүүлж, түүнийхээ дараа Эрүүл мэндийн яаманд хандахад “Хөнгөвчлөх эмчилгээ бол буяны байгууллагын хийдэг ажил, төрд хамааралгүй" гээд хөдлөөгүй. Яамны сайд, Эрүүл мэндийн газрын дарга нар гээд анагаахын салбарынханд хөнгөвчлөх эмчилгээг Монголд яагаад хэрэгжүүлэх ёстой, ямар ач холбогдолтой талаар ойлгуулах гэж удаа дараа хурал, хэлэлцүүлэг зохион байгуулж байсан. Хамгийн хэцүү зүйл Эрүүл мэндийн сайдад нь хэд хэдэн удаа тайлбарлаж, ойлгуулж байтал өөр шинэ хүн томилогдчихдог. 2004 онд Н.Удвал сайдын үед Анагаахын их сургууль дээр хурал хийж, "Хөнгөвчлөх эмчилгээний үндэсний хөтөлбөр" боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж байсан. Үүний нэг нь оюутны сургалтын хөтөлбөрт хөнгөвчлөх эмчилгээг оруулж батлуулах байсан. Түүнээс хойш Анагаахын сургуулиудад хөнгөвчлөх эмчилгээний сургалтын хөтөлбөрийг оруулж, энэ чиглэлийн хичээл заадаг болсон юм.

Түүний дараа 2006 онд Д.Туяа сайд болсон. Д.Туяа сайдын үед хөнгөвчлөх эмчилгээний зардлыг 100 хувь төрөөс хариуцах тухай заалтыг Эрүүл мэндийн тухай хуулинд, хүнд өвчтэй хүмүүсийн ар гэрт халамжийн мөнгө олгох заалтыг Нийгмийн даатгалын тухай хуульд оруулах төслийг өргөн барьж байсан. Тэгээд Т.Ганди сайд энэ багц хууль дээр ажиллаж, батлуулж өгсөн дөө. Түүнээс хойш хүнд өвчтөний ар гэрийнхэн, асран хамгаалагчид төрөөс сар бүр 20.000 төгрөг олгодог болсон юм. Одоо бол ар гэрийнхэнд нь сард 80.000 төгрөг өгдөг болсон байна лээ.

Сэтгэл санааны хайр халамж гэдэг зарим үед морфиноос ч чухал нөлөөтэй

Намайг анх хүнд өвчтэй хүмүүсийн гэрээр явж байхад нэг эмэгтэй "Би өрх толгойлсон эмэгтэй. Өвчтэй ээжийгээ хоёр жил асарч байна. Дээрээс нь оюутан хүүхэдтэй. Би яаж амьдрах юм бэ" гээд уйлж байсан. Тэр эмэгтэйн хэлсэн үг хожим хуулийн төсөл өргөн барихад түлхэц болсон. Хүн бүр эмнэлгийн тусламж үйлчилгээ авах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Мөн хүн бүр өвдөхгүй үхэх эрхтэй. Тиймээс л энэ ажлын төлөө эцсээ хүртэл явсан юм. Одоо эргээд харахад зүтгэсэн ажлынхаа үр дүнг нь ч үзсэн. Сэтгэл санааны хайр халамж гэдэг зарим үед морфиноос ч чухал байдаг. Сэтгэл санааны дэмжлэг заримдаа өвчний зовуурыг намдаах нь ч бий. 

-Та морфиныг анх Монголд оруулж ирсэн гэсэн үү?

-Морфины хүртээмжийг нэмэгдүүлэхэд асар олон ажил хийсэн. Тухайн үед морфин Монголд байдаггүй байлаа. Одоо бол эмийн сангууд хорт хавдартай хүмүүст үхэх хүртэл нь хэрэгцээтэй морфиныг тараах боломжтой болсон. Морфиныг анхлан оруулж ирэхэд Анагаахын их сургуулийн Г.Чойжамц багш их тус хүргэсэн. Сүүлдээ "Одонтуяа, чиний энэ морфиноос болж толгойтой үсээ цайлгаж байна" гэж хэлж байсан.

-Таны хувьд хөнгөвчлөхийн эмч хүн энэ чиглэлээр олон шавь бэлтгэдэг. Нас баралтын тэргүүлэх шалтгаан ямар өвчин байна вэ. Монголчуудад зонхилон тохиолдож буй өвчин гэх юм уу?

-Нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх судасны өвчин, хоёрт элэгний хорт хавдар, гуравт хордлого, осол гэмтэл, дөрөвт хоол боловсруулах замын өвчин багтаж байна. Харин хүүхдийн төрөлхийн гаж хөгжлийн нас баралт нэмэгдэх болсон. Төрөлхийн гаж хөгжил нь нийгмийн олон хүчин зүйл тэр дундаа агаарын бохирдол, эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой байна.

Монголчууд гурван цагаан хорыг л цээрлэж чадвал эрүүл амьдарч чадна

-Нас баралтын нэгдүгээр шалтгаан зүрх судасны өвчин байна гэлээ. Монголчууд зүрх судасны өвчнөөр ихээр өвчлөх болсон нь юутай холбоотой байна?

-Зах зээл эхлэхээс өмнө буюу 1991 оноос өмнө манай нас баралтын голлох шалтгаан амьсгалын замын өвчин, ходоод гэдэс, суулгалт халдварт өвчин байсан. Гэтэл зүрх судасны өвчин ганцхан жилийн дотор нас баралтын нэгдүгээрт орсон. Энэ нь төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, мөнгөний ханш унаж, хүүхдийнхээ боловсролд мөнгө төлдөг болж, картаар бараа авч Монгол Улс тэр чигээрээ хямарсан үетэй, тэр үеийн стресстэй шууд холбоотой. Стресстэх үед хүний биед катехоламин гэдэг мэдрэлийг хурдан ажиллуулж, булчинг хүчтэй чанга ажиллуулах, зүрхийг хүчтэй цохилуулах, даралтыг өндөр байлгах бодисууд гарч ирдэг. Хүн нийгмийн юм уу, сэтгэлзүйн, эсвэл биеийн хүчний цочрол ирэхэд тэрийгээ байгалийн жамаар нь арилгаж чаддаггүй. Түүнээс нь болоод судас агшдаг. Энэ байдал удаан үргэлжилбэл, судас агшиж, даралт ихсэж, улмаар зүрх судаснаас эхлээд мэдрэлд нөлөөлдөг.

Мөн зүрх судасны өвчинд өөх тос, давсны хэт хэрэглээ, чихрийн шижин, хөдөлгөөний дутагдал , архи тамхины хэрэглээ сөргөөр нөлөөлдөг. Давс судас агшааж, өөх судсыг нарийсгадаг, сахар цусны эргэлтийг муутгана. Ер нь Монголчууд гурван цагаан хорыг л цээрлэж чадвал эрүүл амьдарч чадна. Өвчлөхгүй, үхэхгүй байя гэвэл давс, өөх сахарыг бага хэрэглэх хэрэгтэй. Монголд хүмүүсийн 90 хувь нь байцаа иддэггүй гэсэн судалгаа гарсан. Идэж хэрэглэж буй хоолны дийлэнх нь мах, гурил байна. Байцаа эрүүл мэндэд маш тустай. Хүний биеийн хорыг гадагшлуулж, төрөл бүрийн амин дэмээр нөхөж байдаг.

Дуртай зүйлээ ид, гэхдээ хөдөл

Хөдөлгөөний өлсгөлөнгөөс болоод сахарын өвчин үүсч байна. Дээр үед Төв хорооны дарга нарын эхнэрүүд л чихрийн шижин өвчтэй байлаа. Яагаад гэхээр тэд тусгай дэлгүүрээс хоол хүнсээ авдаг байсан. Гэтэл одоо сахарын өвчингүй хүн ховор болсон. Гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглээд хөдөлгөөн хийхгүй байна. Идэх үед цусан дахь сахарын хэмжээ нэмэгддэг. Тэр үед нь хөдөлгөөн хийж шатаах ёстой. Хөдлөхгүй болохоор сахарын өвчинтэй болоод байгаа юм. Дуртай зүйлээ ид гэхдээ хөдөл.

Хөдөлгөөний өлсгөлөнд ганцхан томчууд ч биш. Хүүхдүүд хөдөлгөөнөөр "өлсөж" байна . Би Эх нялхаст 10 гаруй жил хүүхдийн эмчээр ажилласан. Намайг анх ажиллаж байхад хүүхдийн нас баралтын голлох шалтгаан тураал, цус багадалт, рахит байсан. Гэтэл одоо тураалтай хүүхэд олдохгүй байна. Энэ нь буруу хооллолт, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй.

-Монголчуудын нийт хавдраар өвчлөгсдийн 40 орчим хувийг элэгний хавдар эзэлж байна. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Элэгний хавдрын гол шалтгаан бол B, С вирусийнх, түүнээс гадна архи. Зах зээлд шилжих үед айл бүрт картаар архи өгдөг байлаа. Архи уудаггүй нэг нь бараагаа архиар сольдог байсан үе. Зах зээлд хямарсантай холбоотой архи уудаггүй хүн ховор болж, нэг үе Монголчууд архинд живж байсан. Түүний хор нөлөө одоо гарч байна. Архи бол элэгний эд эсийг тэр чигээр нь үхүүлдэг. Хүн архи уухад, түүнийг задалдаг гол эрхтэн нь элэг. Архийг задлах ёстой элэгний фермент өөх задлахын оронд архи задалсаар байгаад гэдэс дотор өөхөн бөмбөлгүүд их хэмжээгээр хуримтлагдаж байна гэсэн үг.

Мөн түрүүнд хэлсэн хөдөлгөөн бас нөлөөлнө. Улсаас хавдартай тэмцэж, олон тэрбумаар вирусийн шинжилгээ хийж, эмчилж байна. Гэхдээ ингэлээ гээд элэгний өвчлөл буурахгүй, дахиад нэмэгдэнэ. Хөдөлгөөнөөс үүдэн хүн бүр хэвлийн таргалалттай болсон. Хэвлийн таргалалттай хүний элэг өөхөлнө.

-Байцаа биеэс хорыг гадагшлуулдаг болохоор эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэж байсан. Монголчууд мах их хэрэглэдэг ард түмэн. Гэхдээ сүүлийн үед махны хэт хэрэглээ бүдүүн гэдэсний өвчлөл үүсгэж байна гэх. Энэ үнэн үү?

-Улаан махны хэт хэрэглээнээс бүдүүн гэдэсний хавдар, хөхний хорт хавдрын өвчлөл үүсэх хүндэл гарч болно. Энэ төрлийн өвчлөл сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа нь махны зохисгүй хэрэглээ нөлөөлж байгаатай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Мөн махыг хэтрүүлэн хэрэглэвэл тулай өвчин үүсдэг.

Дэглэмгүй буруу хооллож байгаа хүн л ходоодны шархтай болдог

-Хоол боловсруулах замын өвчлөл тэр дундаа ходоодны хавдар мөн нэмэгдэх болсон. Үүнийг хеликобактери голлон үүсгэдэг гэдэг. Хеликобактерийг эмчлэх гурвалсан эмээс өөр арга байдаггүй шүү дээ. Гурвалсан эмийг хэт их уух нь эсрэгээр ходоодонд сөрөг нөлөөтэй байдаг?

-Хеликобактери угаасаа хүн бүрт байдаг. Тэглээ гээд хүн бүрт шарх үүсгэхгүй. Дэглэмгүй буруу хооллож байгаа хүнд л хеликобактериас үүдэлтэй шарх үүсч улмаар хавдар болдог. Ходоодны ихэнх өвчин, ялангуяа шарх, ходоодны хүчил их байх нь дандаа л хүний стресс, нервтэй холбоотой байдаг. Стрессээс болоод гарч ирдэг биологийн идэвхтэй бодисууд, дааврууд ходоодны бичил цусан хангамжийг муутгаснаас болоод ходоодонд өөрчлөлт гаргадаг.

-Хөдөлгөөн, зөв хооллолт эрүүл байхад хамгийн чухал үүрэгтэй. Түүнээс гадна стрессийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө их байдаг юм байна. хувь хүн стрессийн менежментээ өөртөө хэрхэн хийх вэ. Энэ тал дээр зөвлөгөө өгөхгүй юу?

-Стресс тайлах олон арга бий. Биеийн хүчний дасгал хийх хэрэгтэй. Мөн амрах, дэлгүүр хэсэх, хамт олонтойгоо салхинд гарах, караокед орох, спортоор хичээллэх, бүжгийн клубт явах гэх мэтээр өөрийнхөө дуртай зүйлийг хийж болно. Ямар зүйлээс хамгийн их сэтгэл ханамж авдаг гэдгээ бодоод түүнийгээ хийгээд үзээрэй гэж зөвлөмөөр байна.

-Эрүүл мэндийн талаар олон үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Таны ойрын 5-10 жилд хийхээр төлөвлөж буй ажлын талаар энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе?

-Монголд мэдлэгтэй хүн бус хүн чанартай хүн хэрэгтэй. Сайхан сэтгэлтэй, зөв хүмүүжсэн хүн хэрэгтэй. Иймийн тулд цэцэрлэг сургууль, коллежид хүнийг хүн шиг болгож төлөвшүүлэх сургалтын программ хэрэгтэй. Түүний нэг бол ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрт хөнгөвчлөх эмчилгээ, тусламжийн тухай хичээлийн хөтөлбөрийг оруулах юм. Миний хувьд энэ чиглэлд цаашдаа ажиллана. Ингэснээр хүүхэд багаасаа хүнийг хайрлах, нийгмийн төлөө гэсэн хүмүүнлэг сэтгэлтэй болно. Швед, АНУ, Сингапур гээд олон улсын туршлагыг судалж байсан. Зарим улс цэцэрлэгээс нь эхлээд хөнгөвчлөх тусламж үйлчилгээг зааж эхэлдэг.

Эцэст нь хэлэхэд, амьдрал хайраар эхэлдэг, бид хайраар үдэх ёстой. Хайраар хүн болсон бид эргээд эцэг, эхийгээ хайраар үдэх ёстой. Энэ бол хүн төрөлхтний жам ёс. Бидний үүрэг хариуцлага гэж хэлмээр байна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-13 10:33:52


Нийт сэтгэгдэл: (43)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. D.Bayarmaa (202.21.106.155) 2017-10-17 23:15:31
    Hunguvchluh emchileeg zuvkhun Mongold bus busad uls orond hugjuulj bgaa tanid amjilt husye.
  2. Зочин (202.131.227.50) 2017-10-17 09:22:17
    Багш маань жинхэнэ хүн чанар, нугарашгүй чин сэтгэлийн билэгдэл. Сайхан ярилцлага болжээ. Танд сайн сайхныг хүсэн ерөөе.
  3. С.Сээсрэгдорж (124.158.111.44) 2017-10-16 14:35:59
    Өнөөдөр дутагдаад байгаа хүний хүн чанартай холбоотой сайхан ярилцлага болсон байна. Танд амжилт хүсье.
  4. Зочин (202.21.127.30) 2017-10-16 12:40:49
    багшдаа ажлын өндөр амжилт хүсье
  5. Цолмон Гантулга (202.131.227.50) 2017-10-16 09:50:28
    сайхан ярлцлага болжээ багшаа улам их амжилт хүсье.
  6. zochim (202.21.117.210) 2017-10-16 09:43:15
    Танд эрүүл энх сайн сайхныг хүсье. Таны бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл, тууштай байдал таны замыг тодоос тод гэрэлтүүлж байх болтугай. Тан шиг хүн олон бол Монгол улс маань мандан бадарна шүү. Амжилт
  7. Gantuya (202.9.40.224) 2017-10-15 23:06:31
    Uneheer mundag Bagsh nariin min neg shuu. Bagarhahgui bhiin argagui. Amjilt
  8. Ulemj (27.123.212.141) 2017-10-15 08:36:18
    Tand eruul enh sain saihnig husey! Mash saihan buyantai hun bna. Tani shig Emch olon boloosoi.
  9. Бадам (202.21.107.9) 2017-10-14 22:07:39
    Цагаан хорхойн эмийг пирантел гэдэг.Хуучин вермокс зөндөө л уулгаад үр дүнгүй бсан даа .Дашрамд Одонтуяа эмчид баярлалаа Өвчин бол өвчин шүү дээ.
  10. Bayrmaa (66.181.160.56) 2017-10-14 15:33:11
    Mundag xun yma ta amjilt xvsey
  11. Монголд мэдлэгтэй хүн бус хүн чанартай хүн хэрэгтэй (103.10.22.16) 2017-10-14 13:53:24
    Мундаг эмэгтэй юмаа
  12. shavi (159.253.145.183) 2017-10-14 10:48:52
    bagsh maani mongold hunguvchluh tuslamj emchilgeenii talaar uneheer yu ch bhgui uyd ene salbariig bii bolgoj hugjuulj olon hund amar amgalan setgel amar ene horvoogoos yavahad ni tusalj baigaa uneheer mundag hun
  13. Аюур (202.9.42.143) 2017-10-14 09:52:09
    Их сайн эмч .Бид хамт ажиллаж байлаа.
  14. Хүн (66.181.160.61) 2017-10-14 03:11:36
    Энэ хүн ахын маань багш, ээжийг минь өнгөрөхийн өмнөхөн ирж зөндөө сайхан үгс хэлж ээжийг минь болон бидний сэтгэл санааг өргөж өгж билээ. Тэр үеийг ер мартдаггүй юм. Танд баярлаж явдаг шүү. Мундаг хүн хэзээд сэтгэлд гал үлдээж чаддаг юм билээ.
  15. Бадам (202.21.107.26) 2017-10-14 00:05:07
    Энэ эмчийн хэлсэн эмийг уулгаад ач маань цагаан хорхойноос салсан даа.маш сайн эм юм блаа шүү.!
    1. Munkhuu (103.229.120.101) 2017-10-14 10:02:22
      Ymar em yum helj ognuu
  16. uuree (150.129.141.226) 2017-10-13 23:47:45
    Bi sayhan germanii site d yag enenii unshij video uzsen. Ene nasandaa uneheer buyn huraaj baigaa egch bn shu. Hun undur dolgiontoi boloh tusmaa engiin nairsag niitech saihan hun boldog gej unshsan ene egch yag tiim yum bn shu de. Untahiin umnu eniig unshsandaa bayarlalaa.
  17. shavi (27.123.212.139) 2017-10-13 22:58:17
    Amjilt husiy bagsh aa, taniig demjdeg shuu, uneheer sain, saihan ch hun
  18. Багшаа баярлалаа (103.229.122.121) 2017-10-13 22:22:33
    Анагаахад сурч байхад бүх юмыг ян тан сайн зааж өгсөн. Бүх хичээлээс таны минь хичээл хамгийн чанартай празтикт тулгужрласан хичээл байсан. Бүх зүйлд сэтгэлээ зориулдаг мундаг багш минь урт насалж удаан жаргаж олон хүнд буянаа түгээгээрэй.
  19. Tsengel (66.181.160.112) 2017-10-13 22:14:49
    Sn bnu ytas hayg ig ni medeh hun bval ugch tyslaach
    1. Зочин (122.201.31.16) 2017-10-14 10:31:25
      Ger ni khoroolold baidag khoorkhon tsagaan nokhoigoo ogloo bolgon gargadag
  20. zocjin (202.9.40.57) 2017-10-13 21:13:33
    yostoi mundag hun, aash zan saitai emchid uzuulehed uvchnuu martaad, edgereh shig boldog, huntei hun yosoor haritsdag, uvchtunuu hundelj oilgodog gaihaltai mundag emch mini urt naslaj udaan jargaj tumen olniihoo eruul mendiin manaand unetei huvi nemree oruulj yavaarai, sain uils buhen delgerch baig
  21. Tuvshuu (202.9.40.224) 2017-10-13 21:11:53
    Iim humuus ih olon bgaasai.uneheer taalagdlaa.Urt naslaj udaan jargaarai
  22. Т (202.21.106.120) 2017-10-13 20:52:28
    Уучлаарай хөнгөвчлөх эмчилгээ гэж яг ямар эмчилгээг хэлнэ вэ? сэтгэл санаагаар өргөх үү. Хариулж өгөөч
    1. Гантуяа (202.21.106.153) 2017-10-13 21:11:54
      Ямар нэг өвчний төгсөглийн шатанд түүнд учирч буй зовиур шаналгааг багасгах зорилгоор үзүүлж буй тусламжийг хөнгөвчлөх эмчилгээ гэнэ. Жишээ нь: Хэвлий нь усаар дүүрээд гэдэс нь цардайгаад амьсгалж чадахгүй бол өөд болтол нь тэр усыг нь багасгаж өгөх, эсвэл хавдар нь маш их өвдөлттэй байвал өвдөлтгүй байлгаж өвдөлт зовиургүй таалал төгсөх нөхцөлийг бүрдүүлэх г.м
    2. T (202.21.107.4) 2017-10-13 21:51:37
      Өвчтэй хүнийг өвдөхгүй зовиур багатай байлгах гэсэн үг юм шиг байна лээ
  23. Зочин (177.37.230.234) 2017-10-13 19:52:30
    Bayrallaa . Avraliin ih burhan bolson emch nartaa ch bas ervvl baij olon hvn avarhiig hvsie !
  24. Onon (27.123.214.89) 2017-10-13 18:55:41
    Saihan medremj turuulsen saihan yarilzlaga bn. Gaikhamshigtai emegteid amjilt hysiye.
  25. tuya (202.179.27.155) 2017-10-13 18:03:24
    bayr hurgie!
  26. Chimeg (27.123.212.140) 2017-10-13 17:02:02
    Gaihamshigtai saihan hun de. mash ih bayarlaj yavdag.
  27. Зочин (202.179.25.45) 2017-10-13 15:57:57
    Багшдаа их баярлаж явдаг шүү.
  28. мгл (202.72.245.122) 2017-10-13 15:12:48
    хайрт эгч минь бусдын төлөө гэсэн сэтгэл гаргаж явдгийг бурхан харж байгаа. Амжилт хүсье
  29. оюун (202.179.26.153) 2017-10-13 14:20:42
    монголын анагаах ухаанаар суралцаж байгаа хүн болгон өвчтөнийхөө төлөө байдаг байгасай сурч байгаа оюутнууд нь өөр шиг чинь сайхан сэтгэлтэй байгаасай эзэмшисэн мэргэжилдээ эзэн нь байгаасай гэж хүсэх юм даа манай монголын эмч нарын мэдлэг ур чадвар мундар шүүдээ танд урт наслаж өшөө олон хсний амь насыг авраасай гэж хүсье
  30. Зочин (139.5.218.133) 2017-10-13 13:34:50
    Мундаг хүн юмаа сайхан ярилцлага байна урт наслаж удаан жаргах болтугай.Морфин тариулж өвчнөө мартахын жаргалыг эдэлж байсан минь Чой багш та хоёрын ач гавьяа юм байна баярлалаа. Буян тань дэлгэрэх болтугай.
  31. erdenetyua (119.40.103.66) 2017-10-13 13:14:07
    bagshdaa sain saihan buhniig husye taniig hundelj yavdag shuu
  32. Цэндээ (76.217.12.192) 2017-10-13 12:59:10
    Багшдаа их баярлаж явдаг шүү таны сургаж заасан бүхэн үргэлж толгойд сэтгэлд хоногшин үлдэждээ багш минь урт наслаарай
  33. Зочин (183.81.171.150) 2017-10-13 12:02:02
    Танд ажлын амжилт хүсье. Ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэнэ гэдэг гайхамшигтай сайхан үйл хэрэг
  34. n (103.229.121.169) 2017-10-13 11:08:18
    yostoi buyantai hun de
  35. Зочин (59.153.113.96) 2017-10-13 11:05:56
    YOSTOI MUNDAG EMCH HUN SHUU
  36. Зочин (202.70.37.2) 2017-10-13 10:57:03
    Аа энэ хүн чинь ТВ гээр эм рекламдаад байдаг хүн мөн байна. Багшаасаа гадна эмийн копанитай гэсэн.Манайхаас аваарай гээд байдгийн
    1. Зочин (66.181.184.139) 2017-10-13 12:59:40
      тэр нь ч зев. Эм биш эрvvл мэндийн нэмэлт бvтээгдэхvvнийг зевледег юм
    2. Зочин (139.5.218.133) 2017-10-13 13:35:58
      Ямар нэмэлт оруулж ирдийн бол
    3. Odontuya Davaasuren (59.153.114.181) 2017-10-13 20:48:33
      Надад эмийн компани байхгүй. Хэрэгтэй гэсэн эмийг хүн амд сурталчилдаг.

Танд санал болгох