• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Х.Сайхансанаа: Хятадын удирдагчдыг бэлтгэдэг сургуульд жижиг улсын гадаад бодлогыг судалдаг

Цинхуа их сургуульд докторын зэрэг хамгаалан суралцахын зэрэгцээ Бээжингийн Их сургууль, Бээжингийн Гадаад хэлний их сургуульд багшилж буй монгол бүсгүй Х.Сайхансанааг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьж ярилцлаа. Ганц ч болтугай гадаад хүнийг Монгол Улсын талаар зөв, эерэг ойлголттой болгохыг зорьдог тэрээр Төрийн Соёрхолт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав гуайн зээ охин ажээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе. 

Цинхуа их сургуульд элсэхээс илүү төгсөх нь хэцүү байдаг 

-Сайн байна уу. Ярилцлагын урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Цинхуа их сургууль бол Хятадын үе үеийн алдартнууд төгссөн, тэр хэрээрээ нэлээд шалгуур өндөртэй, Хятад улсдаа дээгүүрт эрэмбэлэгддэг сургуулиудын нэг. Таны хувьд Цинхуа их сургуульд элсэхэд мөн шалгуур өндөртэй байсан байх. Сургуулийнх нь талаар яриагаа эхлүүлье?

-Манай сургуулийг Хятадын үе үеийн удирдагчид төгссөнөөр нь хүмүүс сайн мэддэг. Хятадын одоогийн дарга Ши Жинпин манай тэнхимийг төгссөн . Хятадын дийлэнх сургуулиудад Хятад хэлний төвшин тогтоох HSK шалгалтын оноотой байхад элсч орох боломжтой байдаг бол Цинхуа их сургуульд хэл сайн байх нь наад захын шаардлага байдаг. Миний хувьд өөрийн судалгааны чиглэлийн дагуу ажилладаг багштай холбогдон өөрийнхөө бичиж хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл болон цаашид хийх судалгааны ажлынхаа талаар бичиж явуулсан. Тухайн үед багш маань намайг удирдан ажиллаж болох тухай зөвшөөрсөн хариу өгсний дараа Бээжинд сургууль дээрээ очин, мэргэжлийн шалгалтад оролцсон. Голлон онолын талын асуулттай мэргэжлийн шалгалт авсны дараа ярилцлагад орсон. Тэр жил олон улсын 11 оюутан шалгалт өгсөн  бөгөөд сургуульдаа тэнцсэн болов уу, яасан бол гэдэг бодол сар гаруй зовоож байсан даа. Ингээд сарын дараа Америк, Монголын хоёр оюутан тэнцсэн байсан. Харамсалтай нь тэр үед хамт тэнцсэн америк докторант маань хоёр дахь жилдээ диплом бичих эрхийн шалгалтдаа тэнцээгүй тул хасагдсан. Сургуульдаа амжилттай тэнцэж орсон ч амжилттай суралцаж, төгсөнө гэдэг илүү хэцүү байдаг юм байна. Гэхдээ нөгөө талаар хүн өөрөө сайн хичээвэл дэлхийн хэмжээний том сургуулиудын үүд хаалга байнга нээлттэй байдаг, хүнд боломж дүүрэн байдаг гэж боддог.

Хятадын удирдагчдын төгссөн сургуульд жижиг улсуудын аюулгүй байдал, гадаад бодлогын талаар судалж байна

-Докторын зэргээ хамгаалахаар ямар судалгаан дээр ажиллаж байгаа вэ?

-Бага, жижиг улсуудын аюулгүй байдал, гадаад бодлогын талаар докторын ажлын судалгаагаа хийж байна. Одоогоор НҮБ-ын гишүүн 193 улсаас бага, жижиг улсуудын категорт 113 улс багтаж байгаа бөгөөд эдгээр улс орнууд хүчинд тулгуурласан олон улсын анархи орчинд оршин тогтноход хэцүү гэж олон улсын харилцааны реализмын онолоор үздэг. Гэвч дэлхийн II дайны дараагаас одоог хүртэл шинээр бага, жижиг улсууд олон үүссэн байдаг. Эдгээр орон бүгд гадаад бодлогоороо дамжуулан аюулгүй байдлаа хамгаалан, оршин тогтнож байна.

Том улс гүрний хувьд гадаад бодлогоо буруу сонгосон ч засч залруулах боломж байдаг бол бага, жижиг улсын хувьд буруу тооцоолон, буруу сонголт хийсэн тохиолдолд улс сүйрэх аюулд өртөж болохыг 2008 оны Гүржийн жишээнээс харж болно. Ерөнхийдөө онолын үүднээс тайлбарлахад бага, жижиг улсууд гадаад орчны аюулын хэмжээнээс шалтгаалж эвсэлд нэгдэх, тэнцвэржүүлэх, төвийг сахих гэсэн гадаад бодлогыг сонгож аюулгүй байдлаа хамгаалдаг. Тухайлбал 2015 онд Монгол Улс “байнга төвийг сахисан статус”-тай төвийг сахих бодлого сонгосон . Төвийг сахисан бусад улсуудын туршлага болон онолын хувьд хүн ам нь 10 саяас бага, газарзүйн байрлал нь хоёр буюу түүнээс олон том улсын дунд оршдог бага, жижиг улс нь шууд болон шууд бус аюул тулгарсан тохиолдолд төвийг сахих магадлал өндөр байдаг байна.

Үүний гол зорилго нь төвийг сахисан “статус”- аа хөрш улсууд болон олон улсаар баталгаажуулан, үүгээр дамжуулан аюулгүй байдлын баталгаа авахад оршдог. Мөн төвийг сахих уламжлалт арга нь хөрш улсуудаас шууд болон шууд бус аюул илрэх үед тэдгээрийн дунд төвийг сахих юм . Харин манай улсын хувьд хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байгаа учир хоёр хөршийн дунд төвийг сахихаасаа илүү “хоёр хөрш болон гуравдагч хөрш”-ийн дунд төвийг сахих хандлагатай байсан. Нэг талаар 2013 онд Украины асуудлаас үүдэн Орос ба Америк, Европын улсуудын дунд мөргөлдөөн үүсч, нөгөө талаар Америкийн Ази-Номхон далайг дахин тэнцвэржүүлэх (эдийн засгийн болон цэрэг зэвсгийн) бодлогоос үүдэн Хятад, Америкийн харилцаа чангарсан. Манай улс Америкийг “гуравдагч хөрш” гэж дангаар нь онцгойлон заагаагүй ч Америктай ил тодоор аюулгүйн хүрээнд хамтын ажиллагаа явуулдаг. Тиймээс манай хоёр хөрш улс Америктай харилцаа чангарахын хэрээр Монгол Улсын “гуравдагч хөрш”-өөр дамжуулан “тэнцвэржүүлэх” зорилго бүхий “олон тулгуурт” гадаад бодлогыг бодитоор хэрэгжүүлэх боломж багасч эхэлсэн нь Монгол Улсын аюулыг мэдрэх хэмжээг ихэсгэсэн . Ийм учраас ойрын ирээдүйд “тэнцвэр”-ээ алдах аюулд орохгүйн тулд “аргагүйн эрхэнд” байнга төвийг сахих статустай болох замыг сонгосон. “Аргагүйн эрхэнд” гэсний учир нь төвийг сахиж, гадаад бодлогын хувьд идэвхгүй тусгаарлагдсан улс болох гэсэн түүхэн сургамжийг давтаж, аль нэг улсыг хэт даган тэнцвэрт байдлаа алдахгүйн тулд ийм сонголт хийсэн байна. Хоёр их хүчирхэг гүрний дунд орших Монгол Улсын хувьд бага, жижиг улсын аюулыг байнга мэдрэх нь үүрд бидний өмнө тулгарах бодит зүйл. Тиймд хоёр хөршийн улс төрийн гадаад бодлого чиглэлийг сайн судалж, олон улсын байдалд мэдрэг байж чадвал дэлхий дээрх бусад бага, жижиг улсуудын адил гадаад бодлогоороо дамжуулан аюулгүй байдлаа хамгаалах боломжтой гэж үзэж болно.

Нэг ч болтугай гадаад хүнийг Монгол Улсын талаар зөв, эерэг ойлголттой болгохыг зорьдог

-Сонирхолтой судалгаа байна. Бээжингийн их сургууль, Бээжингийн Гадаад хэлний их сургуулийн Монгол судлалын ангид багшлах урилга авсан гэсэн. Энэ тухайгаа ярьж өгөхгүй юү?

-Бээжингийн гадаад хэлний их сургууль нь Хятадын дипломатчдын өлгий сургууль гэгддэг. 2015 онд тус сургуульд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, Хятадын олон улсын радио, CCTV13 телевиз болон хэвлэл мэдээллийнхнийг урин Монгол хэл, судлалын ангийг нээхэд анхны багшаар нь ажиллах урилга авсан даа их баярладаг. Мөн тус онд Бээжингийн их сургуулиас “Нэг зам, нэг бүс” төслийн дагуу Монгол судлалын анги нээх үеэр мөн тэнд ажиллах урилга авсан. Манай ангид түүх, хэл судлалын чиглэлээр суралцаж байгаа гадаад оюутнууд голлон суралцдаг. Мөн “Монголд дуртай, Монголд очиж үзмээр байна” гэсэн хүсэл мөрөөдөлтэй биологи, физик, анагаахын мэргэжлийн оюутнууд бас суралцдаг. Хичээлээ хятад, англи хэл дээр монголын түүх соёлын агууллагатай лекц хэлбэрээр бэлдэж заадаг.

-Монгол зан заншил, соёлын талаарх хичээлийг гадаад оюутнууд хэрхэн хүлээж авдаг. Улс эх орноо гаднынханд таниулж, мэдүүлж яваадаа бахархах сэтгэл төрдөг байх?

-Хичээл эхлэхээс өмнө оюутнуудаас “Монгол” гэхээр та нарын хувьд юу төсөөлөгддөг вэ гэж асуухад ихэвчлэн Чингис хаан, морь, тал нутаг, хөх тэнгэр, цас, хүйтэн гэж хариулдаг. Дийлэнх оюутнууд “Та морь унаж сургуульдаа явдаг байсан уу” гэж асуудаг. Ерөнхийдөө орчин үеийн Монголын талаар ямар ч ойлголтгүй ирдэг. Хичээл орох бүртээ хэлж зааж байгаадаа маш сайн анхаарч нэг ч гэсэн гадаад хүнийг Монгол Улсын талаар зөв, эерэг ойлголттой болгохыг зорьдог. Мэдээж Монголын түүх, соёлын хичээл орох бүрт өөрийн эрхгүй омогшиж, эх орноороо бахархах сэтгэл төрдөг.

-Их сургуульд багшилж байгаа хүний хувьд оюутнуудад тэр дундаа монгол залуус хандаж хэлж, зөвлөхийг хүссэн зүйл олон байдаг байх?

-Би “Залуу Манлайлал илтгэх урлаг мэтгэлцээний клуб”, Хятад дах Монгол оюутны холбоотой хамтран “Оюутнуудад өгөх зөвлөгөө, чөлөөт ярилцлага”-ыг хэд хэдэн удаа зохион байгуулж байсан. Ерөнхийдөө манай оюутнуудад тулгардаг гол асуудлын нэг нь дипломны сэдэв сонгох, диплом бичих, судалгаа хийх талаар байдаг. Гол нь уншиж судалж байх явцад гарч ирж байгаа асуултууд чинь дипломны сэдэв болдог талаарх судалгааны суурь аргын тухай залуучууддаа хэлж өгдөг. Өвөө маань бидэнд урдаар ухаанаа сайн гаргахгүй бол дараа нь махаа бардаг юм шүү гэж хэлдэг байсан нь их үнэн үг шүү. Одоо надад эргээд бодоход диплом бичихээс минь өмнө хэн нэгэн энэ бүхнийг хэлээд чиглүүлээд өгсөн бол амар байх байж дээ гэж бодогддог учраас сурсан мэдсэнээ бусадтайгаа боломжийнхоо хэрээр хуваалцахыг боддог.

-Өвөө тань Төрийн Соёрхолт, Ардын уран зохиолч, нэрт яруу найрагч Ш.Сүрэнжав. Өвөөгийнхөө талаар дурсахгүй юу?

-Өвөөгөөрөө их бахархдаг. Хүний нутагт сэтгэл санаа тавгүйрхсэн үедээ өвөөгийнхөө номыг уншихаар тайвширчихдаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан, сэтгэлээрээ холбогдож чадвал хаана ч байсан долгионоор уулзаж болно гэж их хэлдэг, нээрээ л гэрээ санасан үедээ өвөөтэйгээ утсаар яриад дууг нь сонсохоор их эрч энерги авч, уулзсан мэт болдог. Бас намайг дандаа бүх зүйл дээр миний охины зөв гээд л дэмжиж урам өгдөг, өвөө эмээдээ маш их баярладаг, итгэлийг нь алдахгүй юм шүү гэж их хичээдэг.

-Эндээс эхлээд таны хувь хүний хөгжлийн талаар ярилцъя. Залуу хүнд үлгэр дууриал авдаг хүн гэж байдаг даа.Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ?

-Гэр бүлийхнээсээ үлгэр дууриалал авдаг. Аав, ээж хоёр минь надад хөдөлмөрч тууштай байх ёстойг, өвөө, эмээ минь тусч, хүнлэг байх ёстойг багаас үлгэрлэн харуулдаг байсан. Бас багш нараасаа хичээнгүй, хөдөлмөрч байх талаар их үлгэр дууриалал авдаг. Ц.Базаррагчаа, М.Чимэдцэеэ багш нараараа хичээл заалгаж байхдаа нэг жилийн дотор “Хятадаар илтгэгчдийн анхдугаар уралдаан”, “Хятад хэлний гүүр” улсын олимпиадад оролцож тэргүүн байрын шагнал авч байсан. Д.Төмөртогоо багшийнхаа гэрт нь очиход ширээнийхээ ард судалгаагаа хийгээд л сууж байгааг нь олон удаа харж, Унгарын Өтвөш Лораандын нэрэмжит их сургуульд очиж ажиллахад дэлхийн алдар цуутай эрдэмтэн судлаачид багшид маань ямар хүндэтгэлтэй сайхан хандаж байгааг биеэрээ мэдрэн, багшаараа бахархаж, биширч байсан.

Хүн өөрөө шийдсэн зүйлдээ харамсдаггүй. Тиймээс өөрөө л шийд, чиний амьдрал гэж ээж, аав маань бага байхаас л хэлж, ямар ч зүйл дээр их тусалж дэмждэг байсан. Шийдэх эрхийг нь надад үлдээдэг байсан. Хүний үгийг, ялангуяа ахмад хүмүүсийн үгийг сонсох зөв ч эцсийн шийдвэрийг өөрөө гаргаж, тэр шийдвэртээ үнэнч явах нь хамгийн зөв гэсэн ээжийнхээ зөвлөгөөг байнга санаж амьдралдаа хэрэгжүүлж ирсэн. Энэ нь миний амьдралд одоог хүртэл бүх зүйл дээр нөлөөлж ирсэн.

Манай цэцэрлэгийн багш ээжид маань улаан өнгөтэй, бөөрөнхий зур гэхэд бусад хүүхдүүд байгаа харандаагаараа л бөөрөнхий, гурвалжин, дөрвөлжин хамаагүй зураад л хурдан дуусгадаг бол танай хүүхэд яг л улаан өнгөтэй бөөрөнхий зурах гэж суудаг. Бүх зүйлийг хэлсний дагуу яг хийж дуусгадаг сонин хүүхэд гэж хэлдэг байсан гэсэн. Миний хувьд ямар ч юмыг эхлүүлсэн бол заавал дуусгаж байж санаа амардаг тууштай бас багын зөрүүд зан минь өнөөдрийн олон амжилтанд нөлөөлсөн байх гэж боддог. Миний хүүхэд нас, залуу нас маш завгүй өнгөрсөн, ер нь зорилготой хүн хичнээн завгүй, хичнээн бэрхшээлтэй ажиллаж, амьдарч байгаагаа анзаардаггүй санагдсан. Юу ч тохиолдсон шалтаг хайлгүй, зогсолтгүй урагшлаад л байхад бүх зүйл болдог, хэр их хичээж ажилласан төдийн чинээ амжилтад хүрдэг гэдэгт итгэдэг.

-Амьдралдаа авч байсан хамгийн том бүтэлгүйтэл, алдаа, түүнээс авсан сургамж?

-Бүтэлгүйтэл гэхээсээ илүү хамгийн том харамсал гэхүү дээ. Өнгөрсөн хавар эмээгийн минь бие нь өвдөөд, судалгаагаа дуусгах уу, харих уу гэж шийдэж чадахгүй байж байгаад яг Монгол буцахын өмнөх өдөр эмээ минь бурхан болсон. Тухайн үед шийдвэргүй байдал бол цаг хугацааны хамгийн том хулгайч гэж хичнээн үнэн үг болохыг, гэр бүл гэдэг хэзээ ч юу ч орлож чадахааргүй үнэт эрдэнэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон.

-Нэг үе залуу хүний өрсөлдөх чадвар гадаад хэл байсан. Харин шинэ эрин эхэлж буй энэ үед гадаад хэлгүй хүн ховор болж байна. Тэгвэл орчин үед залуус ямар ур чадвараар өрсөлдөж байна. Техник технологи өндөр хөгжсөн оронд ажиллаж буй таны хувьд бусадтай өрсөлдөх давуу тал тань юу байна вэ?

-Эрт цагт юм болгоныг мэддэг “их мэдлэгтэн” гэж байдаг байсан бол харин орчин үед “мэргэжилтэн” бий болсон. Өөрөөр хэлбэл одоо ямар ч зүйлийг өргөн хүрээнд бус харин гүн гүнзгий судалдаг болсон. Судлаач хүн судалж буй зүйлийнхээ “брэнд” нь болж байж жинхэнэ “судлаач, мэргэжилтэн” болдо г гэж боддог. Өнгөрсөн жил олон улсын харилцааны чиглэлээр Хятадад нэгдүгээрт ордог сэтгүүлд тэнхимээсээ ганцаараа эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлж чадсан. Манай тэнхимд одоо бага, жижиг улсын судалгаа гэвэл Монгол докторанттай очиж уулз гэдэг болсон нь бахархууштай санагддаг. Тал бүрийн өнгөц мэдлэгтэй байснаас ганц чаддаг зүйлтэй, түүгээрээ дэлхийд танигдах хэрэгтэй санагддаг.

-Та өөрийнхөө 5-10 жилийг хэрхэн төсөөлдөг вэ. Таны алсын хараа гэх юм уу. Монголдоо ирэх бодол, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах төлөвлөгөө бий юу?

-Би тавдугаар ангиасаа гадагшаа явж сураад олон жил болсон байна. Төгсөөд Монголдоо л буцна гэхээр “Сэтгэл санааны бэлтгэлтэй ирээрэй, их хэцүү байна” гэж түрүүлж төгссөн хүмүүс хэлдэг. Гэхдээ сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулна гэсэн итгэлээр маш олон зүйл төлөвлөсөн байгаа, ер нь бол боловсролын салбарт хувь нэмрээ оруулж, ажиллана гэж бодож байна.

-Мэдээж өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажигладаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу. Монгол Улсын хөгжил таны нүдээр?

-Монголд очих бүрт нийгэм өөрчлөгдөж байгаа нь харагддаг. Залуучуудын харилцаа улам боловсон болж чадалтай, боловсролтой, өөрчлөлт хийнэ гэсэн залуучууд их болсон санагддаг. Гэвч хажуугаар нь бас юу ч санаанд нь таарахгүй, бүх зүйлд шүүмлэлтэй ханддаг хүмүүс ч ихэссэн санагддаг. Аливааг шүүмжлэх ч амархан л даа, гэхдээ болохгүй талаас нь харж, нийгэмд сөрөг энерги цацаж, үр дүнгүй шүүмжилж суухын оронд яг асуудлын гол нь хаана байна, засч залруулах ямар арга зам байна гэдэгт хүн бүр хичээх нь илүү чухал гэж боддог. Бас нэг харамсалтай зүйл нь мэдээлэлтэй хүн нь мэдлэгтэй хүнээсээ илүү үнэлэгддэг болчихсон мэт, илүү их авьяас чадвартай, чадалтай улсууд бүгд ажиглалтын байдалтай улс, нийгмийн амьдралд оролцохгүй хөндлөнгөөс харах байдалтай болчихов уу гэж санагдсан.

Хятад улс "надад ашиггүй байсан ч би тусална” зарчмаа баталсны дараа “нэг зам, нэг бүс” санаачилгыг гаргасан 

-Одоо цагт Хятад улс маш хурдацтай хөгжиж байгаа. Хятадаас бид юу сурч улс орондоо хэрэгжүүлж болохоор байна вэ?

-Монгол, Хятад хоёр орон, хоёр үндэстэн өнө эртний уламжлалт харилцаатай, хаяа залган айл хөрш оршиж ирсэн, туурга тусгаар улсууд. Хөршөө сонгож болдоггүй гэдэг нь айл гэр юм уу хот суурин байсан бол нүүлгээд холдуулна, харин улс орныг тэгэх боломжгүй. Өнөөдөр дэлхий даяараа Хятад руу анхаарлаа хандуулан Хятад улс, хятад хүний талаар судалж байна, харин манайд энэ талаар хийсэн судалгаа маш бага байна, байгаа нь аюун болгоомжилж цэрвэх, ад үзэн муушаах хоёр туйлын дунд хэлбэлзэлж байна гэж Хятад судлаач М.Чимэдцэеэ багш маань хэлдэг. Хятад бүх зүйлээ ханзаараа илэрхийлдэг, ханзан дундаа тоглолт хийдэг. Нэг жишээ хэлэхэд, Хятад улс хөрш орнуудын гадаад харилцааны бодлогондоо сүүлийн 30 жил өөрчлөлт оруулаагүй , урьд нь хөрш орнуудтайгаа Huhui (互惠) буюу харилцан ашигтай зарчмаар харьцдаг байсан, энэ нь “надад ашигтай бол би тусална” гэсэн зарчим байсан бол 2013 онд ганцхан ханзыг нь өөрчилөн Huiji (惠及) буюу “надад ашиггүй байсан ч би тусална” гэсэн зарчим болгон үүгээрээ дамжуулж дэлхийд их гүрэн гэдгээ албан ёсоор зарласан. Үүний дараахан “нэг зам, нэг бүс” санаачилгыг гаргасан. Энэ санаачилга нь зургаан чиглэл дэх буюу Умардын хонгил, Евразийн шинэ хонгил, Дундан болон баруун Азийн хонгил, Өмнөд хонгил, Хятад-Энэтхэг Хятадын хойгийн хонгил бүхий “Торгоны замын эдийн засгийн бүслүүр”, Өмнөд болон зүүн Азийг хамарсан далайн тээврийн сүлжээг хамаарсан аварга том төсөл юм. Судлаачдын үзэж байгаагаар “нэг зам, нэг бүс”-ийн эцсийн зорилго бол дэлхий ертөнцийн улс орнууд харилцан ашигтай байж, бие биеэ нөхөлцөж, харилцан хожих явдал. Монгол Улсын хувьд энэ аварга том төсөлд идэвхтэй оролцох шаардлагатай гэж үздэг. Бага, жижиг улсуудын хувьд хөршөө сайн таньж судлах нь хамгийн чухал байдаг, ямар бодлого баримталж байна, энэ нь эргээд манай улсад хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдгийг нь судлах хэрэгтэй, нэгэнт л нүүгээд явчихгүйгээс хойш хойд, өмнөд хөршөө сайн судалвал эргээд манай улсад л хэрэгтэй.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-10 10:24:01


Танд санал болгох