• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Монгол Улсын дотоод байдал нь гадаад бодлоготойгоо зөрчилдөж байна

АНУ-ын Улс төрийн мэдээний сайт “HuffPost” дээр нийтлэгдсэн Монгол Улсын гадаад бодлого, дотоод улс төрийн зөрчил, тэмцлийн талаарх нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Олон улс болоод бүс нутгийн дүрэм журам өөрчлөгдөж, эрх баригчдын хооронд хурцадмал байдал улам эрчимжих үед жижиг улс орнуудад нөхцөл байдал тэр хэмжээгээр хүндэрдэг. Монгол Улс шиг улс төрийн дотоод нөхцөл байдал нь маргаантай орнуудын хувьд чадварлаг, мэргэжлийн гадаад бодлогын менежментийг бий болгоход хүндрэлтэй байдаг. Улстөрчид, тэдгээрийн фракцууд болоод намуудын өрсөлдөөнөөс шалтгаалан Монгол Улс гадаад бодлогын хяналтаа алдаж эхэлсэн . Энэ агшин зуурын эргэлзээтэй цаг үед, тус улсын зохицуулалтгүй гадаад бодлогын алхам нь Монголыг тойрсон асар хүчирхэг хөршүүдийнхээ дунд эргэлт хийх боломжийг улам бүр хязгаарлаж байна. Ерөнхийлөгч Путин Крымыг эзэлснээс хойш Хятад улстай гүнзгий нөхөрлөлийг эрэлхийлэх болсон. Үүний дээр Монгол Улсын төсвийн байдал өдөр ирэх бүр доройтож, тус улсын Засгийн газар Хятадын санхүүжилтээс ихээхэн хамааралтай болжээ.

1990-ээд онд ардчилсан хувьсгал гарч, Монгол Улс барууны ардчиллыг үндэслэгчид, уул уурхайн хөрөнгө оруулагчид, олон улсын хөрөнгө оруулагч банкируудын “хайрыг татах” болсон. 2000 оны эхээр нүүрс, зэс, алтны ордыг нээсэн нь Монгол Улсыг байгалийн нөөц баялгаа үндэсний тогтвортой хөгжлийн гарц хэмээн үзэхэд хүргэсэн юм. Гэсэн хэдий ч уул уурхайн олборлолтын огцом өсөлтийн жилүүд дэх төсвийн санхүүжилт Монголын Засгийн газрыг зээлдэгч болгон хувиргасан билээ.

Олон улсын зарим дэмжлэг үзүүлэгчид Монголын цаашдын ирээдүйд эргэлзэх болов . Монгол Улс ардчилсан сонгууль явуулдаг хэдий ч хууль дээдлэх ёс сул хэвээр байна . Тэдний сайтар боловсруулсан бодлого нь хэрэгжихээсээ илүүтэйгээр хүсэл төдий үлдэж хоцрох нь их бөгөөд орон нутгийн шинжтэй авлигын талаарх үзэл хандлага нь улс төрийн байгууллагад итгэх итгэлийг улам бүр сулруулж байна.

Монгол Улс хэд хэдэн уул уурхайн хэлэлцээрийг байгуулж чадсан хэдий ч урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг төлөх хэмжээний тогтвортой байдлыг хангах тал дээр улс төрийн байгууллагууд хэтэрхий сул байгаа нь хөрөнгө оруулагчид төдий бус монголчуудын хувьд ч ялгаагүй асуудал болж байна.

Эрх барьж буй улс төрийн том хоёр намын аль аль нь улс төрийн зарчмаар эрх мэдлийг хуваарилах ёсыг орхигдуулж, төрийн албыг ашиг орлого олох боломж гэж үздэг явдалтай тэмцэхээс татгалздаг. Хэдийгээр улстөрчид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн орнуудтай эдийн засгийн харилцаагаа нэмэгдүүлэхийг уриалдаг ч эдийн засгийн эрчимтэй харилцаанд чиглэсэн тодорхой алхмууд нь хязгаарлагдмал, явцуу ашиг сонирхлын үүднээс байгаа нь тэднийг хоёрдогч болгож байна.

Хэдий “гуравдагч хөрш” хэмээх нэр томьёог үргэлжлүүлэн ярьдаг ч Монгол Улс итгэл найдвараа алдаж, гуравдагч орнуудын эрх мэдэлтнүүдийн сонирхлыг бууруулж байна . Үүний зэрэгцээ АНУ, Герман, Япон, Энэтхэг зэрэг хөрш орнууд Монгол Улсыг улс төр, эдийн засгийн хувьд дэмжих боломж багатай байдаг.

Энэ нь Монголыг газар зүйн хувьд хамаарал бүхий, хүчирхэг хөршүүд болох Орос, Хятадаас хамааралтай болгодог. Монголчууд ОХУ-руу хандах харилцаагаа үргэлжлүүлсээр байгаа боловч Кремлийн хяналтад дахин орох вий гэсэн эмээлт мөн бий. ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй ойр харилцаатай байдаг Монгол Ардын нам 2016 оны парламентын сонгуульд олонхи болж ялалт байгуулсан бол Оросыг дээдлэх үзэлтэй улстөрч, Ардчилсан намаас нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан юм. Монголчуудын олонхи нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй эдгээр улстөрчид илүү ойр дотно харилцаатай болно хэмээн найдаж байна.

Харин Кремлийн хувьд Монголд ач холбогдол өгөхөө больсон бөгөөд тулгараад байгаа эдийн засгийн нөхцөл байдлаа шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газарт тусламж үзүүлэх сонирхолгүй. Үүний оронд Москва хямралд автсан барууны орнуудтай харилцах, Евразийн эдийн засгийн холбоо (EEU) -д нэгдэхийн тулд Монголыг ОХУ-д дэмжлэг үзүүлэхийг шаардаж болзошгүй.

Нөгөө талд Хятадын удирдагчдын хувьд, Монгол бол Өвөр Монгол, Шинжаан муж улсуудын бие даасан бүс нутгуудтай дотно харилцаатай болохын дээр хилийн маргаан, цагаачлал, терроризм, салан тусгаарлалт, шашны хэт давралт зэрэг толгой өвтгөх шалтгаангүй учир Хятадтай хиллэдэг 14 улстай тун адилгүй бөгөөд чухал хөрш оронд тооцогддог.

Си Зиньпиний Засгийн газар “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд Монгол Улсад дэмжлэг үзүүлж байгаа юм. Гэхдээ Монголд Далай ламтай холбоотой асуудал болоод Хятадын эсрэг гүнзгий үзэл баримтлал оршсоор байна. 2016 оны арванхоёрдугаар сард хийсэн Далай ламын айлчлал Монголтой хийх Бээжингийн улс төрийн яриа хэлэлцээрийг түр хугацаанд хойшлуулахад хүргэж байв. Энэ нь Монгол Улсад БНХАУ-аас эдийн засгийн хараат байдлаас үүдэлтэй айдас хэр их болохыг харуулж байгаа хэрэг юм.

Ази тивийн гуравдагч хөршүүд, тэр дундаа Япон, Энэтхэгийн хувьд Бээжин-Улаанбаатарын хоорондох санал зөрөлдөөний тал дээр үзүүлж буй дэмжлэг нь аливаа үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэйгээр үг хэлээр илрэх төдий байдаг.

Нөгөө талд, Хятадын эсрэг улс төрийн үйл ажиллагаа нь сонгуульд ялах чухал ач холбогдолтой стратеги хэвээр байна. Далай лам болон хятадын эсрэг хандлагыг дэмжих нь улс төрийн дэмжлэг авах зорилгоор популист улстөрчдийн ажиллах нэг төрлийн тактик болж байна. Улстөрчид, дипломатчид эдгээр асуудлуудыг нарийн шийдэхгүй бол Хятад улс Монголын энэхүү нөхцөл байдлаас залхан дургүйлхэхэд хүрч, Монголын найддаг түнш орнууд болох ОХУ, Япон, АНУ зэрэг нь Монголоос болж Бээжинтэй харилцах харилцаагаа сүйтгэхгүйн тулд тус улсаас зайлсхийх хандлага үзүүлж болзошгүй юм.

Монголын дипломатчид дотоод улс төрийн өрсөлдөөнөөс гадаад бодлогоо салгаж үзэх хэрэгтэй. 1990-ээд оноос хойш гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлснээр хоёр хөрштэйгөө үүсэх бүхий л гол асуудлуудыг шийдвэрлэж ирсний дээр АНУ, Энэтхэг, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудтай үзэл баримтлалаараа холбогдож, Европын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, НАТО, НҮБ, АСЕАН зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах болсон. Гэсэн хэдий ч одоо Монгол Улс Оросын бодлогыг дэмжигч парламент болоод Ерөнхийлөгчийн хамтаар бодлогыг үргэлжлүүлж байгаа нь нэгдмэл гадаад бодлогыг улам бүр дордуулж, хүнд нөхцөл байдалд оруулж байна. Монгол Улсын дотоод дахь улс төр, олон улсын тогтворгүй, эргэлзээтэй нөхцөл байдлын хоорондох уялдаа холбоо сүүлийн 20 жилийн хугацаанд улс орны хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал, хөгжил дэвшилд сөргөөр нөлөөлж байгаа юм.

Эх сурвалж: HuffPost

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-09 08:58:17


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Яг даа (103.26.193.246) 2017-10-09 21:02:51
    Яг голоор нь хэлсэн байна.

Танд санал болгох