• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Деклан Магий: Банкны салбарын тогтвортой байдлыг дэмжиж бодлогын зээл олгоно

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Деклан Магийтай банкны салбарын талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Үүний өмнө ярилцлагын урилга хүлээн авсан баярлалаа. Азийн хөгжлийн банкинд хамааруулахаас илүүтэйгээр танаас эдийн засагчийн хувьд асуухад, Монголын банкны секторын эдийн засагт үзүүлэх эерэг, сөрөг нөлөө, банкуудын засаглалыг ямар байна гэж хардаг вэ?

-Монголын банкны салбарт сүүлийн үед хэд хэдэн ахиц дэвшил ажиглагдлаа. Худалдааны нөхцөл сайжирч, богино хугацааны гадаад өрийн дарамт хөнгөрснөөр энэ оны зургадугаар сард Монголбанк бодлогын хүүгээ хоёр хувиар бууруулж 12 хувь болгосон. Мөнгөний нийлүүлэлт оны эхний зургаан сарын хугацаанд 21.1 хувиар өссөн нь төлбөрийн тэнцэл сайжирсантай холбоотой. Хугацаа хэтэрсэн зээлийн харьцаа бага зэрэг бууран 6.2 хувьд хүрч, чанаргүй зээлийн харьцаа 8.8 хувь болсон. Банкны салбарын нөхцөл байдлыг илүү ойлгохын тулд Монголбанкнаас хөрөнгийн чанарын үнэлгээхийж эхэлсэн нь маш чухал алхам бөгөөд үүний үр дүнд банкуудын засаглалыг бэхжүүлэхэд шаардлагатай мэдээллийг олж авах юм.

-Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Энэ жилийн хувьд 250 сая ам.долларын бодлогын зээллэг олгохоор АХБ-ны Захирлуудын зөвлөл баталсан. Үүнээс 100 сая ам.доллар нь Монголын банкны салбарын бүтцийг сайжруулахад зарцуулна гэж заасан. Энэ чиглэлд ямар ажлууд хийх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Энэ жил 250 сая ам.долларын нийлбэр дүн бүхий хоёр бодлогын зээлийг баталсан. Эхний бодлогын зээл хэрэгжсэнээр нийгмийн халамжийн хөтөлбөрүүд төсвөөс хэвийн санхүүжигдэх нөхцөл бүрдэж, ядуу, эмзэг бүлгийн иргэд макро эдийн засгийн бүс чангалах явцад бага өртөх юм.

Хоёр дахь бодлогын зээл нь банкны салбарын тогтвортой байдал, оновчтой бүтцийг дэмжих зорилгоор олгогдож буй бөгөөд дараахь гурван үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд нэгдүгээрт, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх бүтцийн өөрчлөлтийн ерөнхий суурийг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. Хөрөнгийн чанарын үнэлгээнь энэ үйл ажиллагааны үндсэн хэсэг юм. Хоёрдугаарт, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ. Гуравдугаарт, санхүүгийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, засаглалыг бэхжүүлнэ.

-Бодлогын зээллэгийн санхүүжилтээр банкны системийн хэмжээн дэх чанаргүй зээлийг шийдвэрлэнэ гэж яриад байгаа. Чухам ямар байдлаар шийдэх юм бэ?

- Монголбанкнаас хийж буй хөрөнгийн чанарын үнэлгээ нь банкны системийн хүрээнд чанаргүй зээл ямар байдалтай байгааг тодруулж өгнө. Энэхүү хөрөнгийн чанарын үнэлгээнийүр дүнгээс харагдах цаашид хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг Засгийн газраас хэрэгжүүлнэ.

-Бодлогын зээллэгийн хүрээнд санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулахад чиглэсэн ямар ажлууд хийх вэ?

-Бодлогын зээлийн хүрээнд банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх бүтцийн өөрчлөлтийн ерөнхий суурийг боловсруулахад болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ. Мөн санхүүгийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулж, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр ажиллана. Энэхүү зээлийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэлгэрэнгүйг манай веб хуудсанд тавигдсан төслийн баримт бичгээс харах боломжтой.

Банкууд өнөөдөр ямар нөхцөл байдалд байгааг бодитойгоор үнэлж дүгнэх нь маш чухад бөгөөд хөрөнгийн чанарын үнэлгээ хийснээр үүнийг олж мэдэж чадна. Цаашлаад, амжилттай бодлогын шийдвэр гаргахад шаардлагатай мэдээ мэдээллийг хөрөнгийн чанарын үнэлгээ хийсний үр дүнд олж авах боломжтой юм.

-Манай банкуудын хувьд уул уурхай, барилга зэрэг хэдхэн салбарт төвлөрч том хэмжээний зээл олгодог. Эргээд түүхий эдийн үнэ унахаар эдгээр салбарт олгосон зээлийн чанар нь муудах хандлага байдаг. Урт хугацаандаа зээлийг төрөлжүүлж, муу, чанаргүй зээл болохоос хэрхэн сэргийлж ажиллах ёстой вэ?

-Одоогийн байдлаар банкны салбарын нийт олгосон зээлийн өрийн үлдэгдлийн ердөө 16 хувийг барилга, уул уурхайн салбарт олгосон зээл эзэлж байна. Энэхүү харьцаа нь эдийн засгийн өндөр өсөлттэй үед 20 хувиас өндөр байсан юм. Ашигт малтмалын ханш унаж, эдийн засгийн өсөлт буурсны дараа Монголын банкууд зээл олгохдоо илүү болгоомжтой хандах болсон. Зарчмын хувьд банкууд зээлийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх хэрэгтэй байна. Банк хоорондын мэдээлэл солилцоо нь том дүнтэй, давхар зээлтэй зээлдэгчдийн зээлийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл одоогоор ийм механизм алга байна. Түүнчлэн, банкуудын зээлийн судалгааны тайланг сайжруулах хэрэгтэй болж байна. Ингэхдээ банкууд хараат бус төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүдийг хөлсөлж өөрийн банкинд байхгүй мэргэшлийн дутагдлыг нөхөх боломжтой юм.

-Fitch агентлаг Монголын банкуудын чанаргүй зээл өндөр байгаа учраас зээлжих зэрэглэлийг бууруулсаар байна. Банкууд зээлжих зэрэглэлээ ахиулахад ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Компаний зээлжих зэрэглэл нь тухайн улсын зээлжих зэрэглэлтэйгээ нягт холбоотой байдаг. Хөгжиж буй орнуудад компани нь өөрийн улсаас өндөр зээлжих зэрэглэл тогтоолгох нь бараг боломжгүй зүйл. Иймээс банкны хяналт шалгалт, санхүүгийн байгууллагуудын эрсдэлийн удирдлагыг сайжруулахаас гадна макро-эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад төрийн үүрэг чухал юм. Сайн зээлжих зэрэглэл тогтоолгоно гэдэг нь урт хугацаанд шийдвэрлэх асуудал гэдгийг ойлгох шаардлагатай байна.

-Эцэст нь, Азийн хөгжлийн банкнаас энэ жил Монгол Улсад хэрэгжүүлж байгаа онцлох төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?

-АХБ-наас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн хүрээнд ирэх дөрвөн жилд нийт 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон. Энэхүү стратеги нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, ингэхдээ ядуу эмзэг бүлгийн иргэдийг орхигдуулахгүй байх, мөн хүртээмжтэй бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих үндсэн зорилготой хэрэгжих юм. 2017 онд нийгмийн халамж, боловсрол, хотын хөгжил, дэд бүтцийн салбаруудыг дэмжих болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэрэг төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжүүлж байгаа бол, 2018 онд Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад чиглэсэн болон бусад олон зээл, тусламжийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-09 08:00:01


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох