• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Автобуснуудад зогсоол зарлах автомат систем суурилуулжээ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, өдөрт 800 мянган зоргчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа нар мэдээлэл хийлээ.

Нэгдүгээрт, өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод хүндрэл үүсдэг талаарх иргэдийн санал хүсэлтийн дагуу дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобуснуудад суурилуулсан байна. Нийт 1200 гаруй нийтийн тээврийн автобусанд суурилуулж, системийн хэрэгжүүлэлтийг хийж гүйцэтгэн, нийтийн тээврийн үйлчилгээнд энэ сарын 10-наас эхлүүлэх бэлтгэл хангагджээ. Автоматаар зогсоол зарлах систем нэьтэрч байгаа нь харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломж бүрдэж байгааг хэллээ.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт-Нийтийн тээвэр” аяныг нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй албан хаагчдын дунд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зарласан байна. Аяны хүрээнд 5000 гаруй албан хаагч ажлын нэг өдрийг сонгон, ажилдаа ирэх болон буцахдаа нийтийн тээврийн үйлчилгээг ашиглах юм.

Гуравдугаарт, Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлагыг хангуулж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд болзолт уралдааныг эхлүүлжээ. Тус уралдаан 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 21 байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 байгууллага хамрагдах юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-05 12:42:35


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох