• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Альберт Эйнштэйний таамаглалыг баталсан эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

АНУ-ын гурван физикч 2017 оны Физикийн салбар дахь Нобелийн шагналыг хүртэж чадлаа. Райнер Уэйсс, Кип Торн, Бэрри Бэриш нар таталцлын хүчний ерөнхий онолын үндэс болж байсан Альберт Эйнштэйний зуун жилийн өмнөх таамаглал болох татах хүчний долгион байдгийг туршилтаар баталсан байна.

Эдгээр гурван эрдэмтэд уг туршилтыг явуулсан “ЛИГО-ВИРГО” ажиглах төвийн судлаачид байсан бөгөөд тус төв 1.3 тэрбум жилийн тэртээх хоёр “хар нүх” мөргөлдснөөс үүссэн татах хүчний долгионуудыг 2015 онд хэмжиж чадсан нь анхны түүхэн ажиглалт болсон юм.

Гурван эрдэмтэн есөн сая Швед крон буюу 1.1 сая ам.долларын шагналыг хүртэж байгаа юм. Уг судалгаанд хамгийн их оролцоотой байсны хувьд шагналын тал хувийг профессор Райнер Уэйсс хүртэх бол үлдсэн мөнгөн шагналыг Кип Торн, Бэрри Бэриш нар хуваан авах гэнэ.

Сонирхуулахад, Райнер Уэйсс 85 настай, Кип Торн 77 настай, Бэрри Бэриш 81 настай ажээ.

Альберт Эйнштэйний таталцлын хүчний долгионы онол ба “ЛИГО”-ын хар нүхний судалгаа

Альберт Эйнштэйн 1916 онд Ерөнхийн харьцангуйн онолоо нийтлүүлсэн бөгөөд энэ онол нь таталцлын хүчтэй шууд хамааралтай. Гравитаци буюу таталцлын хүч нь байгалийн үндсэн дөрвөн харилцан үйлчлэлийн нэг бөгөөд масстай биес өөр хоорондоо татагддаг шалтгаан гэж тодорхойлогддог. Харин түүний дэвшүүлсэн татах хүчний долгион нь онолын үндсэн дээр таталцлын орноос долгион буюу гажилт үүсч ямар нэгэн хөдөлгөөнөөс үүдэлтэй энерги тэрхүү таталцлын орон зайг дайран өнгөрөхдөө нөлөөлөлд автаж байдаг байна. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал татах хүчнээс долгион үүсдэг бөгөөд тэрхүү долгион бүхий орон зайг нэвтрэн өнгөрч байгаа биетэд цаг хугацаа өөрөөр үйлчилдэг аж.

Эйнштэйн дэлбэрч буй од, мөргөлдөж буй хар нүхнээс таталцлын долгион үүсэж болохыг урьдчилан хэлсэн байдаг. Энэ таталцлын долгионыг илрүүлж бүртгэхийн тулд маш мэдрэмтгий бүртгэгч хэрэгтэй. Энэ нь нар дэлхий хоёрын хоорондох зайтай тэнцүү хэмжээнд аялж яваа атомын хэмжээний өчүүхэн зүйлийг алдалгүй бүртгэж чадах тийм өндөр хүчин чадалтай бүртгэгч гэсэн үг. Яг ийм бүртгэгч манай дэлхий дээр хоёр л байдаг бөгөөд нэг нь АНУ-ын ЛИГО, нөгөөх нь Германы ЖЕО 600 юм.

АНУ-ын ЛИГО сансрын алс уудамд хоёр “хар нүх” мөргөлдсөнөөс үүссэн “орон зай-цаг хугацааны долгион”-ыг бүртгэж авсны дараагаар хар нүхнүүдийн масс нь нарны массаас 29 болон 36 дахин хүнд байсан бөгөөд хоёр хар нүх 1.3 тэрбум жилийн өмнө мөргөлдөж нэгдсэнийг тодорхойлсон юм. Харьцангуйн ерөнхий онолд зааснаар бол хоёр “хар нүх” бие биеэ тойрон эргэхдээ таталцлын долгионы цацрагийн улмаас энергээ алддаг аж. Үүний улмаас тэд нэг тэрбум жилийн хугацаанд аажмаар хоорондоо ойртдог бөгөөд улмаар мөргөлдөж, таталцлын долгион ялгаруулдаг байна. Эрдэмтэд мөн таталцлын долгион байдгийг нотлохын сацуу “хар нүх”-ний давхар систем байдгийг ч нотолж чадсан аж.

Энэ удаагийн Нобелийн шагналыг хүртсэн энэхүү нээлт 15 орны томоохон их сургуулиудын 1000 гаруй эрдэмтдийн 20 гаруй жилийн судалгааны үр дүн гэж ойлгож болно. Үүгээр ч зогсохгүй агуу эрдэмтний гаргаж дэвшүүлсэн гайхамшигт онолыг батлахын тулд эрдэмтэд жирийн иргэдээс хүртэл тусламж хүсч үүний дагуу дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган хүмүүс хувь нэмрээ оруулсан юм.

Эх сурвалж: New York Times, The Guardian, Politik

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-04 12:29:45


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох