• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Ж.Чинбүрэн: Монгол Улсыг хорт хавдартай тэмцэж чадсан жишиг орон болгоно

Манай улсын хамгийн ачаалалтай, нарийн мэргэжлийн эмнэлэг болох Хавдар судлалын үндэсний төвийг удирдан ажилллаж буй Ж.Чинбүрэнтэй эрүүл мэндийн салбар, тэр дундаа хавдрын өвчлөлийн талаар ярилцлаа.

2020 он гэхэд нийт хавдрын 70 орчим хувийг хянах, бууруулах боломжтой

-Таны хувьд ажлаа аваад жил хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа ч элэгний хавдрын эсрэг эрт илрүүлгээс эхлээд илүү өргөн цар хүрээнд тэмцэж, шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байгаа нь харагдаж байна. Манай улсын хамгийн ачаалалтай, нарийн мэргэжлийн эмнэлгийг хэрхэн удирдаж, ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар яриагаа эхлүүлье? 

-Хавдар судлалын үндэсний төвийн зорилго чиг үүргээс ярьж эхлэх нь зөв байх гэж бодож байна. Хавдар судлалын үндэсний төвийн гол үүрэг үндэсний хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэх, хавдартай тэмцэх үндэсний бодлогыг тодорхойлох,чиглүүлэх үүрэгтэй. Үүнээс гадна бас нэг чиг үүрэг нь Монголд зонхилон тархаж байгаа хавдрын судалгаа шинжилгээг хийх, энэ чиглэлд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх гэж хэлж болно.

Элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар, умайн хүзүүний хорт хавдар, улаан хоолойн хавдар Монголд тохиолдож байгаа хорт хавдрын 70 орчим хувийг эзэлж байна. Үүнээс элэгний хавдар 40 хувийг, ходоодны хавдар 16 , умайн хүзүүний хорт хавдар 8, улаан хоолойн хорт хавдар 6 хувийг эзэлж байна.

Тиймд бид эхний ээлжид зонхилон тохиолдож байгаа элэгний хавдрын эсрэг арга хэмжээ авах нь чухал гэж үзэж буй. Ер нь Хавдар судалын үндэсний төв сүүлийн 20-иод жил хавдартай хүнийг яаж, хэрхэн эмчлэх вэ гэдэг асуудал дээр нэлээд ажилласан. Энэ хугацаанд асар их туршлага хуримтлууллаа. Тиймдээ ч хагалгааны дараах хүндрэл, нас баралт багассан гэж хэлж болно. Гэхдээ хагалгааны хүндрэл багасч нас баралт буурч байгаа хэдий ч иргэдийн дийлэнх нь хожуу оношлогдож байгаа учраас эдгэрэх магадлал бага, үр дүн сул байна. 100 орчим хавдартай хүн ирэхэд тэдний 80 хувь нь хожуу илэрэлттэй байгаа юм. Гэтэл БНСУ ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг. Тэгсэн хэрнээ эрт илрүүлэлт нь 80 хувьтай. Эдгэрэх магадлал нь 65-аас дээш хувьтай байдаг.

Үүнээс юу харж болох вэ гэвэл хавдартай тэмцэх цорын ганц арга бол эрт илрүүлэлт гэж хэлж болно. Тиймд бид “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, В, С вирусийн шинжилгээг 40-65 насныханд улс орон даяар хийж байна.

Манай улсын нийт хүн амын 10-12 хувь нь С вирусийн халдвартай гэж үзээд байгаа. 300-аад мянган хүнд B, C вирус байна уу гэдгийг шинжилж, оношилж үзлээ. 40 мянга орчимд нь B, C эерэг гарсан байна. Энэ бол эхний зорилт. Хоёр дахь том зорилт нь юу гэхээр В,С илэрсэн хүмүүст хавдар үүссэн байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг шинжилгээ байгаа юм. Гуравт, элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс 100 хувь хариуцдаг боллоо. Шалтгааныг устгах, эрт илрүүлэх, элэг шилжүүлэн суулгах асуудлыг шийдэж байж элэг бүтэн монгол болох юм . "Элэг бүтэн монгол" хөтөлбөрийн нэг том зорилт бол элгэний хорт хавдартай тэмцэж чадсан улс болох юм. Монгол Улсыг элэгний хорт хавдартай тэмцэж чадсан жишиг улс болгоно. Үүнийг хийхийн тулд Эрүүл мэндийн яам болон А.Цогцэцэг сайд бидэнд олон тал дээр тусалж дэмжиж, эрвийх дэрвийхээр зүтгэж байна.

Үүний дараа ходоодны хавдарт 16 хувийг эзэлж нийт хавдраас хоёрт багтаж байна. Бид 2018 онд ходоодны хорт хавдарт анхаарч ажиллана. Ходоодны хорт хавдрыг яаж Монголд эрт илрүүлэх вэ гэдэг хөтөлбөр боловсруулах гээд Хаан банкнаас санхүүжилт аван хамтран ажиллаж байна. Харин нийт хавдрын 8 хувийг эзэлж буй умайн хүзүүний хорт хавдрын ирлүүлгийн хөтөлбөр Мянганы сорилтын сангаас хэрэгжээд явж байна.

Энэ гурван төрлийн хавдрыг эрт илрүүлж, эмчилж чадвал 2020 гэхэд нийт хавдрын 70 орчим хувийг хянах, бууруулах боломжтой болж байгаа юм.

Хорт хавдрыг гурван см-ээс бага үед нь оношилж чадвал 10 минутад эмчлэх боломжтой

-Хавдрыг эмчлэх цорын ганц арга эрт илрүүлэлт гэж ярьж байна. Энэ чиглэлд ч олон ажлыг төлөвлөж хийж байгаа юм байна. Эрт илрүүлэх яг ямар үр дүнтэй талаар жишээ дурьдахгүй юу?

-Сүүлийн 20 жил бид хавдрыг эмчилж сурсан . Гэхдээ үр дүн сайжруулах нь бид яаж мундаг хагалгаа хийхдээ биш байна. Эрт оношлогдох нь чухал байна. Хожуу оношлогдож байгаа явдал нь Хавдарт  судалын үндэсний төвийн үйлчилгээний үр дүнг бууруулаад байгаа юм.

Хорт хавдрын эрт илрүүлэлт сайжирвал эмчилгээний үр дүн сайжирна. Тухайлбал, элэгний хорт хавдрыг гурван см-ээс бага үед нь оношилж чадвал эмчилгээ нь 10-хан минут байдаг. 10 минут эмчилгээ хийлгээд маргааш нь тэр хүн ажлаа хийх боломжтой. Миний хувьд өнгөрсөн долоо хоногт баруун аймгуудад ажиллаад ирлээ. Энэ үеэр Говь-Алтай аймагт хоёр хүний эрт үеийн хавдрыг эмчлээд ирлээ. Хүн тус бүрт 10-хан минут л зарцууллаа. Өндөр давтамжтай долгионоор түлж эмчлэх арга байгаа юм. Хавдрын эс 60 градуст үхдэг. Энэ эмчилгээний арга 120 грудаст халааж, тухайн хавдрын түлж устгадаг юм.

-“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг төрөөс 100 хувь даах шийдвэр өнгөрсөн хавар гарсан. Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-2017 оны төсвийн тодотголоор энэ санхүүжилтийг баталж өгнө гэдэгт найдаж байна. Бид элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийхэд нэг тэрбум төгрөгийн төсөв суулгаж өгөөч гэсэн хүсэлтийг л тавиад байгаа юм. Энэ мөнгөөр жилд гадагшаа гарч байгаа мөнгөний урсгалыг Монголдоо үлдээх гэж байгаа юм. Сүүлийн жил хагасын хугацаанд 160 гаруй хүн гадаадад очиж элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэснээр ойролцоогоор 11 сая доллар гадагшаа гарсан байгаа юм. Энэ нь мөнгөний урсгалын дотооддоо үлдээж, эх орондоо олон мянган хүний амийг аврах боломжтой юм.

Элэг, умайн хүзүү, ходоодны хавдрын шалтгаан нь тодорхой байна 

-Өнөөдөр таван хүн тутмын нэг нь хорт хавдраар өвчилж байна. Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйл юу байна вэ?

-Элбэг тохиолддог гурван хавдар болох элэг, умайн хүзүү, ходоодны хавдар гэхэд шалтгаан нь тодорхой. Элэгний хавдар гэхэд В, С вирусийн шалтгаантай, умайн хүзүүнийх HРV вирусийнх, ходоодных хелико бактеритай холбоотой байх жишээтэй. Шалтгааныг бид мэдэж байгаа юм чинь шалтгааныг хянах нь энэ хавдрын өвчлөлийг бууруулах боломж байна гэсэн үг.

Манай улс 90 оноос хойш В вирусийн вакциныг хийдэг болсон. В вирусийн вакцин хийлгэснээр насан туршдаа энэ вирүсээс хамгаалагдаж байна гэсэн үг. Харин түүнээс өмнө 1960-1970 оны үед В вирусийн дэгдэлт болсон юм. Яагаад гэхээр тэр үед бохироос үүдсэн шар өвчин их тархаж, тэр хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлсэн. Харин тэр үед нэг удаагийн шприц байгаагүйгээс тариураа буцалгаж хэрэглэдэг байсан юм. Үүнээс болж В вирус их тарсан. Хүн амын 60 гаруй хувь нь вирусийн халдвар авч, түүний 23 хувь нь архаг болсон гэж үздэг. Архаг халдвар авсан хүмүүс 15-20 жилийн дараа хавдраар өвчилдөг. Тэгэхээр энэ цаг хугацаа одоо яг болоод байна. Тиймээс элэгний өвчлөл оргил үе дээрээ байна гэж хэлж болох юм. Тиймдээ ч төрөөс олон талаар дэмжиж, бодлого боловсруулан ажиллаж байна. Элэгний хавдарт нөлөөлж буй бас нэг хүчин зүйл бол архи тамхины хэрэглээ байна. 

Монголд туяа эмчилгээний том дэвшил гарах гэж байна

-Жилийн өмнө ХСҮТ дээр элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдсэн. Ямар асуудлаас болоод одоог хүртэл хагалгаагаа эхлүүлээгүй байна вэ?

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааны тоног төхөөрөмжийн санхүүлжилтийг Нийслэлийн төсвөөс тэрбум гаруй төгрөг гаргаж шийдэж өгсөн. Энэ бол маш том сайн мэдээ. Элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж болон хагалгаа хийх мэс заслын багийнхан бэлэн болсон. 60 орчим хүнийг давтан сургалтад хамруулж, боловсон хүчнээ бэлдсэн. Одоо нэг л асуудал дээр хүлээгдээд байна. Энэ бол долоон жил баригдаж байгаа эмнэлгийн өргөтгөлийн барилгын ажил. Эмнэлэг барих төсвөөс 650 сая төгрөг аваад ажлаа дутуу хийгээд алга болчихсон компанид эрүү үүсгэн шалгуулж байна.

Эмнэлгийн өргөтгөл ашиглалтад орчихвол элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээс гадна туяа эмчилгээний шинэ төхөөрөмжийг суурилж, Монголд туяа эмчилгээний том дэвшил авчрах ажил хийгдэх юм. Австралийн Засгийн газрын хөнгөлөлттэй тусламжийн 7 сая төгрөгийн туяа эмчилгээний төхөөрөмж ирсэн. Одоо бидний хэрэглэж байгаа туяа эмчилгээг ердийн байдлаар жишвэл, аксент машинтай байсан бол энэ тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар бид ланд хөлөглөнө гэсэн үг. Ингэснээр Монголд туяа эмчилгээний том дэвшил гарах юм.

ХСҮТ-ийн өргөтгөл барилгыг арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна  

picture picture picture

-Эмнэлгийн өргөтгөлөөс болоод олон чухал ажил хүлээгдэж байгаа юм байна. Ойролцоогоор хэдий хугацаанд ашиглалтад орохоор төлөвлөж байна?

-Өргөтгөлийн барилга олон гүйцэтгэгчтэй байснаас уялдаа холбоо алдагдаж, санхүүгийн зөрчил, түүнийг шийдэх гээд олон асуудал тулгарч байна. Гэхдээ энэ бүхнийг эергээр харан ажиллаж, болж бүтэх талаас нь хөөцөлдөж байна. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулна гэж төлөвлөж байна.

-ХСҮТ бол манай улсын хамгийн ачаалалтай эмнэлэг. Тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгах чиглэлд ямар ямар ажил хийж байна вэ?

-Хавдар судлалын үндэсний төвд зайлшгүй шийдэх ёстой асуудал бол Яаралтай түргэн тусламжийн хэсгийн шинэчлэл юм. Долоо хоногт гэхэд 70 орчим хүн түргэний дуудлагаар манайхыг зорьж ирж байна. Гэтэл бид хүмүүсээ бүрэн авч чадахгүй, тав тухгүй хонгилд хэвтүүлж, ар гэрийнхэн нь ч сэтгэл санааны бухимдалтай байдаг. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас яаралтай тусламжийн хэсгийг шинэчлэх төсөв гаргаж өгсөн тул энэ ажлаа удахгүй эхлэх гэж байна.

Мөн гаднах тохижилт хийх санхүүгийн эх үүсвэр болох 750 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргаж өгсөн. Ингэснээр ХСҮТ хашаан дотроо машины зогсоолтой, мөн өмнө нь ганцхан гарцтай байсан бол орц гарцыг нэмэгдүүлж гурав болгохоор ажиллаж байна. Энэ сарын 25 гэхэд бэлэн болж, хүлээн авна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-03 09:38:20


Танд санал болгох