• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Ц.Бат-Өлзий: Ерөнхийлөгчид хандсан, долоон амины төлөө голоо тасартал явна

2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сум, Эмээлт орчимд зам тээврийн ослоор гэр бүлийн долоон хүн амь насаа алдсан сэтгэл өвтгөм харамсалтай хэрэг гарчээ. Архангайн Хашаат сумаас Улаанбаатарыг зорьсон “Приус-20” маркийн автомашинд гурван хүүхэд, дөрвөн том хүн зорчиж явсан байна. Бэрээ нөхөртэй нь, ач, зээгээ аавтай нь учруулж, өөрсдөө хүүтэйгээ уулзахаар хоёр хөгшин хүүхдүүдтэйгээ баяр хөөртэй Улаанбаатар хотын зүг хөдөлсөн нь энэ байж.

Харамсалтай нь, хэдхэн минутын дотор болж өнгөрсөн аймшигтай осол гэр бүлийн долоон хүний амь насыг авч оджээ. Осол гарсан хэсэгт гурван автомашин явсан бөгөөд нэг нь хэргийн газар дээрээс зугтаж, нөгөө нь өөртөө хамааралгүй хэрэгсэхгүй болгосноор эцэстээ машин жолоодож явсан талийгаач охиных нь буруу болж, энэ осолтой холбоотой хэрэг хоёр удаа хаагдаж, дөрвөн прокурорын гар дамжиж яваа аж. “Эмээлтийн зам дээр миний охин ганцаараа машин жолоодож, хурд хэтрүүлж яваад осолдсон бол өөр хэрэг. Гэтэл осолд холбогдогч гурван этгээд байхад “Үхсэн хүн үг хэлэхгүй” гэсэн шиг бүх бурууг охинд минь тохон хэргийг удаа дараа хаадаг, тэр бүрт нь гомдол гаргадаг ч, үр дүнд хүрч чадахгүй байна гэж жолоочийн ээж Ц.Бат-Өлзий гуай нулимс дуслуулан учирласан юм.

Төрүүлсэн үрээ, энгэртээ тэвэрч өсгөсөн ач зээ нараа, удам холбогдсон худуудаа харамсалтайгаар алдсан уй гашуугаа тайлж чадахгүй 425 хоногийн турш хагас нойртой хонож яваа Ц.Бат-Өлзий гуайтай хэрэг явдлын талаар цөөн хором ярилцлаа.

-Та есдүгээр сарын 14-ний өдөр энэ хэргийн цаана авлигын шинжтэй үйлдлүүд байгаа эсэхийг шалгаж, хэрэгт анхаарал хандуулан ажиллах талаарх өргөдлөө АТГ өгсөн. Ямар хариу авсан бэ. Ер нь яагаад АТГ-д хандах болсон юм бэ?

-АТГ-т хандах болсон нь хэд хэдэн шалтгаантай. Осол гараад жил болж байхад энэ хэрэгт ямар ч ахиц гараагүй, хоёр удаа хаасан. Осолд холбогдон хэргийн газар дээрээс зугтсан том оврын жип машиныг хайж олоогүй. Үлдсэн Ланд 200-гийн жолоочийг буруугүй гэж үзээд явуулсан. Энэ бүхнээс хэрэгт холбогдсон том оврын жип болон Ланд 200-гийн жолооч нар их мөнгөтэй, хэргийг хаах гэж улайрч байна уу даа гэж бодох болсон. Мөрдөн байцаагчид, прокурорууд хуулийн дагуу ажлаа хийхгүй, хэргийг бүдгэрүүлж, зөвхөн миний охины буруу болгохын төлөө ажиллаж байна гэж хардаж байгаа.Тиймээс Авлигатай тэмцэх газарт хандсан. АТГ-аас надад бичгээр хариу өгсөн. АТГ-аас “Мөрдөн байцаагч, хэргийн баг бүрэлдэхүүн хэрэг дээр бүрэн ажиллаагүй нь харагдаж байна. Гэхдээ энэ хэрэгт авлигын шинж, хээл хахууль авсныг нотлох баримт байхгүй учраас авлига авсан гэж үзэх боломжгүй. Харин энэ хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөн байцаагчийг шалгахыг ЦЕГ-т хүргүүлж байна” гэсэн хариу өгсөн.

-Мөрдөн шалгах баг бүрэлдэхүүн бүрэн ажиллаагүй гэдгийг Та ямар үндэслэлээр дүгнэж байгаа юм бэ?

-Мөрдөн байцаагчид хэрэг дээр сайн ажилласангүй гэж сэжиглэж байгаа зүйл олон бий. Ажил явдал дууссаны дараа ослын газраас зугтсан машинтай төстэй машин будганд орсон мэдээллийг олж авсан. Энэ талаарх өргөдлөө бичээд хэрэг хариуцсан байцаагч Ууганцэцэгт өгсөн ч “хэргийг Төв аймаг руу шилжүүлсэн” гэсэн. Төв аймгийн цагдаагийн газарт хэргийг шилжүүлэх процесс явагдаж байна гээд 20 хоног болсон. Дараа нь,Төв аймгийн хэрэг хариуцсан прокурор руу залгахад “Улаанбаатарт явж байна, хэргийн баримт бүрдсэн зүйл алга, би хөөцөлдөж явна” гэдэг хариу өгөхөөр нь их л баярлаж, удахгүй үнэн тогтоогдох нь гэж дотроо бодсон. Прокурор хэргийн материалтай танилцсаны дараа уулзана гээд 10 гаруй хоног болсон. Ингээд осол гарснаас хойш албан ёсоор хэргийг шалгаагүй хоёр сар болсон. Эцэстээ хэрэгт холбоотой баримт байхгүй, гол холбогдогч нь нас барсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож хаана гэсэн. Гэтэл мөрдөгч, прокурорууд “хэргийг шилжүүлж байна, хэргийн материалтай танилцаж байна” гээд цаг алдсан. Хэрэгт холбогдолтой хүмүүсийн үйл ажиллагааг нуух гэж баг бүрэлдэхүүнээрээ ажиллалаа гэж сүүлд нь сэжиглэсэн. Маш их цаг хугацаа алдсан. Дараа нь би хэргийн материалыг хот болон хөдөө орон нутаг руу шилжүүлэхэд хэр хугацаа ордгийг судалж үзсэн. Налайх, Багануур, Багахангайгаас хэрэг шилжүүлэхдээ гурав хоног, ихдээ 7 хоногийн дотор ирдэг байна. Гэтэл манай хэргийг шилжүүлж байна гээд 20 орчим хоног болсон. Хэргийн газар дээр ажилласан баг энэ хэргийг нүдэн дээр минь хэрэгсэхгүй болгож, удаашруулж ийм байдалд хүргэсэн.

-Хэрэгтэй холбоотой нотлох баримтууд, гэрчүүд байхад хэргийг хааж, шалгахгүй байсан гэсэн үг үү?

-Осол гарсны дараа хэргийн газарт миний төрсөн ах дуудагдаж очсон. Тэгэхэд хэргийн газарт охины машинтай мөргөлдсөн Ланд 200-гийн жолооч байсан гэсэн. Ах маань тэр жолоочид нь “Яаж байгаа юм бэ, олон хүний амь эрсэдлээ, хурдаа тааруулж явахгүй яасан юм бэ” гэж хэлсэн гэдэг. Гэтэл Ланд 200-гийн жолооч ах руу маань дайраад “өчнөөн хүнийг нь алчихсан юм, одоо чамайг алчихъя” гээд толгой руу дугуйны төмрөөр цохиж, ах эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Ах маань гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирээд толгойндоо 10 гаруй оёдол тавиулсан. Ланд 200-гийн жолооч хэргийн газарт ахтай маань хэрэлдэж байхдаа хэргээ хүлээсэн байдаг. Тэр үед хэргийн газарт цагдаа, аврах анги, эмнэлэг, шүүхийн шинжилгээ, гэрэлтүүлэг, галынхан оройны 20.00 цагаас дараа өдрийн үрийн 04.00 цаг хүртэл ажилласан гэдэг. Долоон хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг дээр эдгээр байгууллагын туршлагатай хүмүүс ажилласан гэж би итгэдэг. Гэтэл энэ хэрэг хоёр удаа хаагдаж, дөрвөн прокурорын нүүр үзээд байгаад л гайхаж сэжиглэж байгаа юм.

-Осол болохыг харсан гэрч байхгүй юу?

-Бодит гэрч байгаа. Эмээлтэд арьс шир авдаг иргэн ослыг харсан. Гэрчтэй хэргийг ямар нэгэн шалтгаанаар нуун дарагдуулаад байгаагийн цаана авлига өгч, авсан уу гэж хардаад байгаа юм. Гэрчийн хэлснээр охины минь жолоодож явсан машины хажуугаас шаргал өнгийн том оврын жип машин шахаж аргагүй байдалд оруулсан гэсэн. Охины машиныг ингэж шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн гэдэг. Тэр даруйдаа шаргал өнгийн машины жолооч бууж ирэхэд нь гэрч жолоочийн цээж рүү нь цохиод “та яаж байгаа юм” гэж хэлсэн гэсэн. Шаргал өнгөтэй машины жолооч “Би аварна” гээд сүх бариад өнхөрсөн машины араас явахад нь машин дэлбэрсэн юм байна лээ. Миний охины машин шатаж байхад хэргийн газарт хоёр жолооч хоёулаа байсныг гэрч нотолдог. Гэтэл машин шатаж дууссаны дараа хартал шаргал өнгөтэй машин уул өөд өгсөөд явсан гэсэн. Удалгүй 5-10 минутын дараа цагдаа нар ирээд араас нь хөөгөөд явсан. Тэгээд удалгүй шаргал өнгийн машин авчраад мөн үү гэж гэрчээс асуусан гэж ярьдаг ч хэргийн материалд энэ бүхнийг хавсаргаагүй байсан.

-Гэрч зугтсан машины жолооч, машины дугаарыг нь хараагүй юм уу?

-Осол хараад их сандарсан учраас дугаарыг сайн харж чадаагүй гэсэн. Зарим оронг нь хэлж байсан. Мөн шаргал өнгийн машинд сургуульд орох насны охин хүүхэд, мөрнөөс дээгүүр тайрмал үстэй эмэгтэй сууж явсан. Тэр эмэгтэй нь жолоочийг “битгий гээд байхад яаж байгаа юм бэ” загнаж байсан гэсэн. Хэрэг гарснаас 20 гаруй хоногийн дараа шаргал өнгөтэй нэг машин шалгасан ч бүрэн тогтоож чадахгүй хэргийг хаасан. Энд л, шахаж осол гаргахад хүргээд, ослын эхэн үед хамт байж байгаад гэнэт алга болсон тэр машиныг олохгүйгээр хэргийг удаа дараа хааж байгаад л гол минь харлаад тайван сууж чадахгүй байна. Дөрвөн урсгалтай, ямар ч машины ачаалал байгаагүй, шавар шавхай байгаагүй. Гүйцэж төрүүлсэн, хурд хэтрүүлсэн үйлдэл гарсан нь гарцаагүй байхад хэргийг хаасан байгаа юм. Миний хувьд шахаад зугтсан машиныг олох ёстой гэж үзэж байгаа. Урдаас ирж явсан Ланд 200-гийн жолооч хурд хэтрүүлсэн, аюулыг зайлуулах гэж оролдоогүй, зогсох арга хэмжээ огт аваагүй байхад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж гаргасан. Үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр бүгдийг талийгаач охины минь буруу болгож байна.

-Мөрдөн байцаалтын явцад гэрчээс тайлбар авсан уу?

-Ууганцэцэг байцаагч дуудаж тайлбар авсан гэж байсан. Гэхдээ дахин дуудаж, эргэж нягтлаагүй, нэг л удаа дуудаж уулзсан. Хэргийн газар байсан хүмүүсийн ам зургийг аваагүй. Гэрч мөргөсөн болон шахсан хоёр машинд сууж байсан бүх хүнийг харсан гэж байгаа. Гэтэл аман зураг аваагүй, дахин мэдүүлэг аваагүй. Гэрчийн мэдүүлэгтэй Ланд 200-гийн жолоочийн мэдүүлэг зөрж байгаа. Миний бодлоор байцаагч, прокурорууд хэргийн газраас зугтсан машиныг олчихоод хэргийг хаах ёстой. Сэжигтэй, буруутай учраас л зугтсан байгаа шүү дээ.

-Хэрэг гарсан зам дээрх камерын бичлэгийг шүүж болохгүй юу?

-Яг осол гарсан замд камер байгаагүй. Байцаагч нар ойр орчмынх нь камерыг шалгаагүй. Төв аймгийн Лүн сумын камерыг шүүлгэх гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан мөрдөн байцаагч хойшлуулсны улмаас шүүлгэж чадаагүй. Бид хувиараа очиж шүүх гэсэн боловч хэд хоногийн өмнө хүмүүс ирж шүүгээд кодолсон байна гэсэн. Камерын бичлэгийг устсан байх гэж би бодож байна. Тиймээс энэ хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчийг шалгах, ажилдаа хариуцлагатай хандахыг шаардаж өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн цагдаагийн газарт гомдол гаргасан.

-Тэгээд мөрдөн байцаагчид арга хэмжээ авсан уу?

- Байцаагч Ууганцэцэг ажлын хариуцлага алдсан учраас сахилгын хариуцлага тооцно гэж надад мэдэгдсэн. Хийх ёстой зүйлээ хийгээгүй, шалгаагүй, камерын бичлэг шалгаагүй, зугтаад явсан авто машины мөрийг бэхжүүлж шалгаагүй, ижилхэн шаргал өнгөтэй машин авчраад тэрийгээ хэргийн материалд оруулаагүй гэж би гомдол гарсан юм. Гэтэл байцаагч Ууганцэцэгт сахилгын арга хэмжээ авч байна гээд хоёр сарын цалингийн 20 хувиар торгосон гэсэн. Долоон хүний амь настай холбоотой асуудал яригдаж байхад сайн шалгаагүй байна гээд хоёр сарын цалингаар торгоно гэж ярьж болох уу. Ийм шударга ёс байдаг юм уу. Хэрвээ энэ хэргийн үнэн мөнийг тогтоож чадахгүй бол энэ хэргийг шалгаж байгаа Ууганцэцэг байцаагч тэргүүтэй баг бүрэлдэхүүнээс долоон хүний амь нэхнэ. Өнгөрсөн хугацаанд надаас гарсан бүх хохирол төлбөрөө нэхэмжилнэ.

Долоон хүн амь насаа алдчихаад байхад тэд хүн гэдэг талаас нь хандаж ажилласангүй. Хүний амь ямар үнэ цэнэгүй болсон юм байна гэж харамсч байна. Өнөөдөр хоёр машин мөргөлдөхөд хэн буруутай нь эд материалынх нь хохирлыг барагдуулаад машиныг нь засаад өгчихдөг. Нохой нь хүн рүү дайрсан бол эзэн нь уучлалт гуйчихдаг ард түмэн шүү дээ, бид. Гэтэл өнөөгийн нийгэмд бид энэ хүн ёсны зан чанараа гээчихсэн юм. Уучлалт гуйж, хийсэн хэрэгтээ ч гэмшихгүй явна.

-Одоо хэргийг шалгах ажил хэвийн үргэлж байгаа юу. Та цаашид хэргийн үнэн мөнийг тогтоолгохын төлөө юу хийх вэ?

-Хэрэг шинэ прокурорт шилжээд, дахин шалгаад явж байна. Би есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөдөл бичиж, энэ хэрэгт анхаарлаа хандуулж өгөөч гэж хүссэн. Одоо Ерөнхийлөгчөөс хариу ирэхийг хүлээж байна. Бас Улсын ерөнхий прокурорт энэ хэрэгт анхаарч, үнэн мөнийг тогтоож өгөөч гэдэг хүсэлтээ өгсөн. Мөн АТГ-аас шилжүүлсэн ЦЕГ-ын мөрдөн байцаах газрын шийдвэрийг харж байна. Энэ бүх байгууллагад хандаад ч хэргийн үнэн мөнийг тогтооход анхаарахгүй бол би өсгөлөн зарлах хүртэл арга хэмжээ авна. Би цаад талд нь гартал явна, гомдлоо тасална. Буруутанг нь тогтоогоод гаргаж ирвэл сайн байна. Буруутанг тогтоож чадахгүй бол энэ хэргийг бүдгэрүүлж, цаг хугацаа алдаж байгаа албан хаагчид хариуцлагаа хүлээх ёстой. Би охиндоо итгэж байна. Аав, ээж, үр хүүхдээ суулгачихаад галзуу хүн шиг давхих хүүхэд биш, ухаантай хэрсүү охин. Эх хүний зүгээс үнэн тогтоогдтол өвдгөө сөхөртөл, амиа, голоо тасартал явна.

Жич: Биднийг ярилцсаны маргааш /2017.09.29/-ий өдөр ЦЕГ-ын мөрдөн шалгах газраас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг томилж ажилласан бөгөөд хэргийн газраас зугтсан гэх шаргал өнгийн том оврын жип машиныг олсон тухай мэдээллийг Ц.Бат-Өлзий гуайд дуулгажээ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-02 08:42:02


Нийт сэтгэгдэл: (5)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. shut (103.229.120.203) 2017-10-02 13:30:31
    Gol ni ter cagdaag huuliin shaarnuudiig sain shalgah heregtei ted nar hahuuli avch hergiig nuuj baisan ni ilt baina shuu
  2. Oyun (103.26.195.153) 2017-10-02 13:21:16
    Hereg zaaval ilernee!Doloon hunii ami nas yarigdaj ba shu de!Gemten ni barigdaj, tseerlelee huleevel ted ch bas taivan noirsoh bolno!
  3. Зочин (120.16.195.219) 2017-10-02 12:41:53
    Монгол жолооч нар үнэхээр хүн чанаргүй хувиа болсон бэртэгчингүүд. Шөнө гэрэл шилжүүлэхгүй, зам түгжинэ, зай тавьж өгөхгүй, аюултай гүйцэж түрүүлнэ. Үнэхээр аймшигтай. Тэр жолоочийн буруутай үйлдлээс хэн нэгэн хохирвол яг энэ ягаан машины жолооч шиг хохь нь гээд хаяад явна. Хүнийг аюул осолд оруулснаа юман чинээ бодохгүй. Үнэхээр аймаар
  4. Ma (202.21.106.168) 2017-10-02 10:44:49
    Yamar caican muuhai humuus ve
  5. Ard (182.160.34.134) 2017-10-02 09:19:47
    TER BURUUTAI ETGEED OLDOJ ZAAVAL HARIUTSLAGA HULEELGEESEI....

Танд санал болгох