• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

“Ич Крем”-ийн сүүн шингэн, Торго шампунийг хэрхэн бүтээдэг вэ

“МОНГОЛ ХҮНИЙ ГАРААР БҮТЭЭВ” булангийнхаа энэ удаагийн цувралаар “Ич Крем” компанийг зорьж, ногоон цайтай сүүн шингэн, гүн цэвэрлэх хөөс, торго шампунийг хэн, хэрхэн бүтээдэг талаар сурвалжилж, тус компанийн Ерөнхий захирал Х.Буянтогтохтой ярилцлаа.

Ногоон цайны тосон ханд бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Ич Крем” компани 2003 оноос эхлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дотоодын зах зээлд гоо сайхны “Ногоон цай”-ны тосон ханд бүхий бүтээгдэхүүн нийлүүлдэг үндэсний үйлдвэр юм.

Анх сүүн шингэн, гүн цэвэрлэх хөөснөөс эхлэн тоотой хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тэгвэл өдгөө Монгол Улсын стандартын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан арьс арчилгааны 13, үс арчилгааны зургаа, ахуй хэрэглээний хоёр нэр төрөл бүхий нийт 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж , нийт хүн амын 30 хувь нь уг бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болжээ.

Монголын эрс тэс уур амьсгалтай, тоос шороо, бохирдол их зэрэг цаг агаарын нөхцөлд тохируулан ардын уламжлалт үрэвсэл дарагч ногоон цайны ханд, байгалийн болон амьтны гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэдэг юм байна. Ингээд нэг бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр хүрэхэд ямар шат дамжлага явагддагийг сурвалжиллаа.

Өдөрт нэг бүтээгдэхүүнээ дагнаж үйлдвэрлэдэг байна. Жишээлбэл, тухайн өдөр сүүн шингэн үйлдвэрлэсэн бол уг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж дуусгана. Эрэлт хэрэгцээнээс хамааран өдөрт 2500 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж.

Ич Кремийн ууган бүтээгдэхүүн болох сүүн шингэнийг үйлдвэрлэхэд хамгийн түрүүнд гадаргуу идэвхт бодис, ус зэрэг нь хэдэн грамм орохыг хиллэн вакум тогоонд хийж хутгана. Сүүн шингэнд ногоон цайны тосон ханд, витамин А, В, Oil, С16-18, EDTA2Na8 ST-1, нэрмэл ус, үнэрт бодис зэрэг 12 нэр төрлийн бүтээгдэхүүн ордог. Тухайлбал, Технологич уг түүхий эдийг нормынх нь дагуу хиллэж, 100 кг-аар савлагддаг вакум тогоонд тос, усыг тус бүрд хутгасны дараа нийлүүлж, мөн вакум тогоонд хутгана. Ингэхдээ 80 градуст 100 кг сүүн шингэн хутгадаг. Сүүн шингэнийг 48 цагийн дараа бүрэн хөрөхөөр нь савлаж бэлэн болгодог юм байна.

Ногоон цайнд С витамин агуулагддаг тул арьсыг булбарай зөөлөн болгодог

Энэ үеэр “Ич Крем” компанийн Ерөнхий захирал Х.Буянтогтохтой цөөн хором ярилцлаа.

-Дотооддоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс ногоон цайтай гэдгээр ялгардаг болов уу. Тэгэхээр ногоон цайтай бүтээгдэхүүн хүний арьсанд хэрхэн нөлөөлдөг юм бэ?

-Эрт үеэс цайны идээг хавдар шавших, үрэвслийг дарахад хэрэглэдэг байсан. Тиймээс цай нь үрэвсэл дарагч гэж хэлж болно. Монгол хүний царай харахад өөрчлөлтгүй ч маш их үрэвсэл явагдаж байдаг. Харин ногоон цайнд С витамин агуулагддаг тул арьсыг булбарай зөөлөн болгодог. Арьсны гадаад орчны нөхцөлд дасан зохицох чадварыг сэргээж өгнө. Арьсны гүнд хуримтлагдаж, химийн урвал үүсгэдэггүй, арьсны гүн давхаргад амархан шингэж, арьсны гадаргаас өөрөө уурших чадвартай. Иймээс цайны ургамлын тосон ханд агуулсан бүтээгдэхүүн нь арьсыг хөгшрөлтөөс сэргийлж, арьсыг эрүүлжүүлэх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг.

-Байгалийн гаралтай бүтээгдэхүүн химийн үйлдвэрээр дамждаг учраас химийн гаралтай бүтээгдэхүүнээс ялгаагүй гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ бол өрөөсгөл ойлголт. Юу гэхээр цайны навчийг түүгээд шууд бүтээгдэхүүн болгож гаргахгүй. Үүнийг боловсруулахад навчийг буцалгана, идээшлүүлнэ, ууршуулна, тосыг нь шахаж гаргасны дараа бүтээгдэхүүнд ордог. Мөн шампуньд л гэхэд малын дотор өөх, өөхөн тос ордог. Гэтэл өөхөн тосыг бүтээгдэхүүн болгох аргагүй. Иймээс эдгээрийг химийн аргаар гаргаж авна. Харин химийн бодис орсон бүтээгдэхүүн гэхээр байгаль дээр огт байхгүй зүйлийг бий болгож үйлдвэрлэхийг химийн бүтээгдэхүүн гэж байгаа юм. Жишээлбэл, эфирийн тос гэж байна. Үнэр нь цэвэр химийн бодис юм. Сарнай цэцгийн үнэртэй гэдэг химийн бүтээгдэхүүн гэсэн үг.

-Ич Кремийн бүтээгдэхүүн, импортын бүтээгдэхүүнээс юугаараа ялгарч, монгол хүний арьсанд тохирох нөхцөлийг хэрхэн хангасан бэ?

-Анх бүтээгдэхүүнийхээ технологийг боловсруулахдаа монгол хүний арьсны онцлог, цаг агаарын нөхцөл байдлыг харгалзаж, судалгаа хийсний үндсэн дээр бүтээгдэхүүнээ гаргаж авсан. Тухайлбал, манай орон уур амьсгалын хувьд хүйтэн, ширүүн, хуурай, бохирдол ихтэй байдаг. Ийм нөхцөлд амьдарч буй эмэгтэйчүүд уг бүтээгдэхүүнээр нүүрээ цэвэрлэхэд зориулсан. Мөн цаг хугацаа алддаггүй, шинэ талх шиг өдөр тутам гарч байдаг бүтээгдэхүүн гэж хэлж болно. Яагаад гэвэл импортын бараа нь гадаадад үйлдвэрлэгдэж, тээвэрлэлт зэргээс хамааран хэдэн сар болж ирдэг.

-Сүүлийн үед манай улсын эмэгтэйчүүд Япон, Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх болж. Энэ талаар юу хэлэх вэ?

-Манай үйлдвэр анх бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэх үед хэрэглэгчид солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнд хошуурдаг байлаа. Тиймээс солонгосын бүтээгдэхүүн юугаараа давуу талтай юм бэ гэдгийг судалсан. Гоо сайхны бүтээгдэхүүнийг боловсруулахад цаг агаарын нөхцөл байдал маш чухал. Сүүлийн үед асуудал болоод байгаа хуурайшилт, батгашилт юунаас үүдэж байна гэхээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалдаг. Үүнээс хүний арьс тослог, хуурай, эмзэг, холимог, энгийн байдаг шүү дээ. Энэ бүгдэд цаг агаар, орчин, уур амьсгал хэрхэн нөлөөлдгийг судалснаар тухайн бүтээгдэхүүн хүний арьсанд тохирдог юм байна. Иймээс манай орны уур амьсгалын өөрчлөлтөд далайн орны буюу солонгос, японы бүтээгдэхүүн тэр болгон зохихгүй. Далайн орон чийглэг учраас гоо сайхны бүтээгдэхүүнийх нь найрлагад хуурайшуулах бодис байдаг байгаа юм. Гэтэл манайхан үүнийг мэдэхгүй солонгосын бүтээгдэхүүнд хошуурдаг.

-Монгол нүүрний тос түрхэхээр харлуулдаг гэх ойлголт байдаг. Үүнийг танай үйлдвэрийн тос хэрхэн шийдсэн бэ?

-Гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг бол түрхэхэд хүний арьсыг хөдөлгөх ёсгүй. Жишээлбэл, нэг үе Монголын тоснууд ланолин суурьтай, хатуу тос байсан. Энэ нь түрхэх зуур хүний арьсыг үрчийлгэдэг. Харин тос бол хүний арьсыг хөдөлгөхгүйгээр гулгаж түрхэгдэж байх ёстой. Ланолин суурьтай тос нь малын гаралтай тэжээлийн тос бөгөөд битүү орчинд массаж хийх зориулалттай массажны тос юм. Харин түрхэх үед хүний арьсыг хөдөлгөдөг бөгөөд гадаа явах үедээ түрхвэл харлуулдаг. Манай үйлдвэр дэлхийн жишигт нийцсэн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл тосны суурь бүтээгдэхүүн олон улсын жишигт нийцсэн гэсэн үг. Гоо сайхны бүтээгдэхүүний суурь нь oil байх ёстой.

-Шинээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ?

-Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна ахуй хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэж бодож байна. Яагаад гэвэл манайхны хэрэглэж байгаа угаалгын нунтгийн ихэнх нь импортын бүтээгдэхүүн байна. Угаалгын нунтгийн 50-60 хувь нь хужир агуулагддаг учраас түүхий эдийн 50 хувийг гаднаас авахгүйгээр угаалгын нунтаг үйлдвэрлэнэ. Мөн эдийн савангууд үйлдвэрлэхээр бэлдэж байгаа. Олон төрлийн саван байдаг. Тухайлбал, цамцны зах, хүүхдийн хувцас, оймс, дотуур хувцас угаах гээд эдийн саван тус тусдаа үүрэгтэй байдаг. Гэтэл манайхан мэдэхгүй дуртай өнгийн савангаа авчихдаг. Тэр нь эмэгтэйчүүдийн саван байх жишээтэй. Тиймээс хэрэгцээ бүрт тохирсон эдийн саван үйлдвэрлэе гэж бодож байна даа.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-23 09:00:01


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох