• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Н.Сүмбэрзул: Анагаахын их сургууль ирэх дөрөвдүгээр сард АМГАЛАН руу нүүнэ

Улаанбаатар хотоос их, дээд сургуулиудыг нүүлгэнэ гэдгийг  яг төмөр замын төсөл шиг улиг болтлоо ярьдаг, амьдрал дээр ажил хэрэг болдоггүй сэдвийн нэг байлаа. 2009 онд Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа Багануурт их, дээд сургуулиудын хотхон байгуулах шийдвэр гаргаж байсан ч хэрэгжээгүй. Сүүлд Налайх дүүрэг рүү нүүлгэх тухай ярьсан. Харамсалтай нь, эдгээрээс бодит байдал дээр бүтээн байгуулалт нь эхэлсэн нэг ч төсөл алга. Харин Анагаахын шинжлэх ухаан үндэсний их сургууль өөрийн санаачилгаар хотын захын бүсэд их сургууль, эмнэлэг сургалтын цогцолбор барих ажлыг эхлүүлжээ. Энэхүү бүтээн байгуулалт болон эрүүл мэндийн салбарын зарим асуудлаар Анагаахын шинжлэх ухаан үндэсний их сургуулийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал Н.СҮМБЭРЗУЛ-тай ярилцлаа.

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ ХОТООС ГАРГАХ ЭХЛЭЛИЙГ АНАГААХЫН ИХ СУРГУУЛЬ ТАВЬЖ ЧАДЛАА

-Олон жил ярьж байгаа их, дээд сургуулиудыг хотоос гаргах ажлыг эхлүүлж, томоохон цогцолбор сургууль барьж байгаа юм байна. Анагаахын их сургуулийн шинэ цогцолборыг яагаад заавал Амгаланд барих болсон бэ, газрын асуудлаа хэрхэн шийдсэн бэ?

-Манай сургууль 2024 он гэхэд Ази Номхон далайн бүс нутгийн шилдэг 100 сургуулийн нэг болох том зорилт тавьсан. Энэ хүрээнд Ази Номхон далайн бүс нутгийн шилдэг их, дээд сургууль ямар байдгийг судлах шаардлагатай болсон. Азийн том их сургуулиуд ихэвчлэн сургуулиа хотхоноор нь хөгжүүлдэг юм байна. Бид ч их сургуулиа хотхоноор хөгжүүлэх ажлыг эхлүүллээ. Их сургуулийн хотхоныг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ганцхан манайх ч биш, Монголын томоохон их сургуулиуд хүлээн зөвшөөрсөн. Хамгийн гол нь хотхоноо хаана барих вэ гэдэг асуудлыг олон жил ярилаа. Анагаахын сургуулийн нэг онцлог бий. Хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэр явцдаа хүнээ сургадаг. Тэгэхээр эзгүй хээр, хүн ам цөөтэй газар байрлавал тэр боломж нь алдагдчихдаг. Нөгөө талаас хүн амд тохиолдож байгаа өвчлөл, халдвар, тархалтыг тооцсоны үндсэн дээр их сургуулийг хотоос гаргах ёстой юм. Бидний харьцуулдаг Өмнөд Солонгосын Ёонсей их сургууль Сөүлээс баруун хойшоо хотынхоо захад байрладаг. Тиймээс дэлхийн жишгийг дагаж хотын зах руугаа их сургуулийн хотхоноо байгуулъя гэж шийдсэн. Судалгаагаар Улаанбаатар хотын зүүн тал руугаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ харьцангуй бага байна. Баруун талд гуравдугаар эмнэлэг, гэмтэл, эх нялхас хотын төвд нэг, хоёрдугаар төв эмнэлгүүд байдаг. Гэтэл хотын зүүн талд нэгдсэн эмнэлэг байхгүй. Муугаар бодоход, хотын зүүн захад нэг хүн харвалаа гэж бодоход заавал баруун захад очиж тусламж авахаар болно. Тэгэхээр Баянзүрх дүүргийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй олгох нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ бүхнийг харгалзаж хотын зүүн талд буюу Амгаланд анагаахын их сургуулийн хотхон, эмнэлэг сургалтын цогцолбор барихаар боллоо. Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаанаас Ботаникийн хүрээлэнд найман га газар өгсөн. Газрын бичгээ аваад бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлчихсэн явж байна.

-Найман га газар гэдэг дэлхийн их сургуулийн хотхоны газруудтай харьцуулбал их үү, бага уу?

-Олон улсын жишигтэй харьцуулбал том талбай биш. Жишээ нь, Тайваний их сургууль өөрийн газар нутгийн нэг хувьтай тэнцэх газрыг эзэмшдэг. Солонгосын Ёонсей их сургуулийн том уулын амыг тэр чигт нь эзэлдэг. Гэхдээ бидний хувьд найман га-гаа хангалттай хэмжээний газар гэж үзсэн. Тэнд дандаа нэг давхар барилга барихгүй. Ихэнх барилга нь таваас дээш давхартай байхаар шийдэж байгаа учраас нийт талбайн хэмжээ томорно.

СУРГУУЛИЙН БАРИЛГА ГУРАВ, ЭМНЭЛЭГ ЗУРГААН САРД АШИГЛАЛТАД ОРНО

-Бүтээн байгуулалтын санхүүжилтийн дийлэнх нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийгдэж байгаа бил үү?

-Тийм ээ. Манай сургууль өөрийн гэсэн эмнэлэгтэй болох зорилго аль эртнээс байсан бөгөөд олон ч жил хөөцөлдсөн. Энэ удаад бодит ажил хэрэг болох боломж нээгдсэн. Японы Засгийн газар бидний удаа дараа тавьсан саналыг хүлээн авч, бодит ажил хэрэг болох биеллээ оллоо. Японы Засгийн буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн дэргэдэх 150 ортой эмнэлэг барина. Энэ нь Японы Засгийн газрын хамгийн өндөр хөрөнгө оруулалттай, Монголд хийж буй сүүлийн буцалтгүй тусламж болж байгаа. АШУҮИС-ийн цогцолборын дэргэд эмнэлэг баригдсанаар Амгалан, Гачуурт, Багануур зэрэг захын дүүргийн иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж нээгдэнэ. Түүнчлэн анагаахын сургууль төгссөний дараах нарийн мэргэжлийн эмч бэлтгэх сургалтаа эмнэлэг дээрээ бэлтгэх алсын зорилготой.

-Эмнэлгийн барилга Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийж байгаа учраас санхүүжилт тасрах, бүтээн байгуулалтын ажил зогсоно гэсэн эрсдэл алга. Харин бусад бүтээн байгуулалтын хувьд улсын төсвөөс санхүүжүүлэх үү?

-Өнөөдрийн байдлаар Японы зураг төслөөр эмнэлэг баригдаж байгаа. Харин их сургууль, оюутны кампусыг барих төсөв санхүүг улсын төсвөөс гаргаж байгаа. Баригдаж байгаа эмнэлгийг дагаж харьяалах бүх сургууль шинэ цогцолбор руу шилжинэ. Анагаахын сургуулийн төв лаборатори тэнд баригдана. Түүнчлэн оюутан, багш нар байрлах дотуур байрыг барихаар төлөвлөж байсан. Харамсалтай нь, Улаанбаатарын хотын захиргаа оюутны байр бариулахыг зөвшөөрөөгүй байгаа. Гэхдээ бид шантрахгүй, саналаа дахин тавина. Учир нь, оюутнууд хичээлийн байртайгаа ойролцоох байр, орон сууцанд байрлах нь олон улсын жишиг шүү дээ. Нөгөө талд дотуур байргүй бол их сургуулиудыг хотоос нүүлгэх шаардлагагүй болж хувирна шүү дээ. Түгжрэл ч буурахгүй.

-Эмнэлэг дагаад харьяалах сургуулиуд нүүнэ гэлээ. Танай ямар, ямар сургуулиуд шинэ цогцолбор руу шилжих вэ?

-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд сурч байгаа бүх оюутнууд нүүнэ гэж ойлгож болно. Манай 32-ын тойрогт байрлах шүдний сургууль, гуравдугаар эмнэлгийн арын сувилахуйн болон эм зүйн сургууль, Улаанбаатар сувиллын хажууд байгаа Монгол анагаах ухааны сургууль одоо баригдаж буй цогцолбор рүү нүүнэ. Үндсэндээ их сургууль, эмнэлэг, сургалтын төв байрлах цогцолбор нь манай сургуулийн цөм болно. Сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг цогц байдлаар төвлөрч, оюутнууд нь сурах, багш, эмч нар нь ажиллах, судалгаа хийх орчин бүрдэнэ гэж харж байна. Одоо хичээллэж байгаа төв анагаахын сургууль дээр нийгмийн эрүүл мэнд, био анагаахын сургууль л үлдэнэ. Төв сургуульд найман мянган хүн суралцаж байгаагаас 6-7 мянга нь шинэ цогцолборт хичээллэнэ. Манай сургуулийн гол массыг сувилахуй болон анагаахын сургуулийн оюутнууд эзэлдэг. Эдгээр сургууль бүгд шинэ цогцолбор руу нүүнэ.

picture picture picture picture picture picture picture picture picture

-Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил ямар төвшинд байна вэ. Эхний барилга хэзээ ашиглалтад орж, хэзээнээс сургуулиуд нүүж эхлэх вэ?

-Эмнэлгийн барилга ид баригдаж байна. Өнгөрсөн амралтын өдөр Японы парламентын зөвлөхүүдийн танхимын таван гишүүн ирээд газар дээр нь танилцаад явсан. Эмнэлгийн барилгын карказ аравдугаар сарын дундуур босно. Анагаахын сургууль, Монгол анагаахын сургуулийн барилга баригдаад дуусах шатандаа орсон. Ингэснээр 2018 оны гурав, дөрөвдүгээр сараас Анагаахын сургууль, Монгол анагаахын сургууль шинэ цогцолбор руу нүүнэ. Дараагаар нь, 2018 оны зургадугаар сард эмнэлэг ашиглалтад орно. Эмнэлгийн барилгын ажил ирэх оны дөрөвдүгээр сард үндсэндээ дуусч, тоног төхөөрөмжөө суурилуулна. Барилгын талбай инженерээр японууд стандартын дагуу ажиллаж, бүх ажлыг хянаж байгаа.

-Их сургуулийн цогцолборт мэдээж оюутны номын сан, чөлөөт цаг өнгөрөөх цэцэрлэг, спорт заал, амрах орчин зэргийг шийдсэн байх, тийм үү?

-Цогцолборын зураг төсөлд оюутныг хөгжүүлэх урлаг спортын чиглэлийн бүх зүйл цогцоороо тусгагдсан байгаа. Бидний тооцоогоор хамгийн багадаа 1500 ортой дотуур байр, соёл, спортын төв барина.

ХҮНИЙ ИХ ЭМЧ БЭЛТГЭДЭГ ХӨТӨЛБӨРТӨӨ ГАДААДЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭСЭН

-Өнгөрсөн хугацаанд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль техник технологи, орчин нөхцөлийн хувьд нэлээд сайжирсан харагдаж байна л даа. Нөгөөтэйгүүр сургалтын чанарт ямар ахиж дэвшил гарч байна, дэлхийн төвшний эмч, сувилагчийг бэлтгэж чадаж байна уу?

- Манай сургуульд Монголын шилдэг хүүхдүүд л элсч ордог. Энэ утгаараа суралцагчдын шаардлага өндөр байдаг. Ази Номхон далайн шилдэг сургууль болохын тулд сургуулийн орчноо оюутан суралцахад ээлтэй болгох ёстой. Энэ хүрээнд сүүлийн гурван жил маш үр дүнтэй ажлыг хийсэн. Олон улсын хэмжээний номын сан байгуулж, номын сангийн суудал хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг шийдсэн. Засгийн газрын дэмжлэгтэйгээр орчин үеийн тоног төхөөрөмжтэй цөм лаборатори байгуулсан. Ингэснээр олон улсын төвшинд судалгаа, шинжилгээ хийх боломж нээгдсэн. Саяхан манай лабораторийн зөвлөх Нямбаяр доктор олон улсын Nature сэтгүүлд судалгааны өгүүллээ гаргалаа. Оюутан чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулж бүх зүйл нь нэг дор байрласан эко цогцолбор байгуулсан. Уг цогцолборт оюутнууд хичээлээ хийж, амарч, идэж ууж, дасгал хөдөлгөөн хийж болно. Өнгөрсөн жилээс эхлэн суралцагчдаа сурлагаар нь жагсааж захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог болсон.

Нөгөө талд хамгийн гол асуудал бол сургалтын чанар. Сургалтын хөтөлбөрөө сүүлийн жилүүдэд нэлээд сайжруулсан гэж үзэж байгаа. Манай сургуулийн хүний их эмч бэлтгэдэг хөтөлбөр бол Европын холбооны Голланд улсад хэрэгжиж байгаа хөтөлбөр. 2011, 2015 онд Голланд болон Ази Номхон далайн баруун эргийн бүсийн анагаах ухааны боловсролын холбооны экспертүүдийг урьж уг хөтөлбөр манайд хэрхэн хэрэгжиж байгаа талаар хөндлөнгийн үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээгээр сургалтын орчин тал дээр шинэчлэх зөвлөгөө өгсөн. Энэхүү хөтөлбөрийг дэлхийн анагаахын томоохон их сургуулиуд авч хэрэглэдэг. Өнгөрсөн жил дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд Германы экспертүүдээр “Хүний их эмч хөтөлбөр” дээрээ гадаадын магадлан итгэмжлэл хийлгэсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд экспертүүдийн өгсөн зөвлөмжийн дагуу засч, сайжруулах зүйлээ хийсэн. Энэ сарын сүүлээр тухайн магадлан итгэмжилсэн байгууллагын хурал болно. Уг хурлаар манайх бүрэн шаардлага хангавал магадлангаа шууд таван жилээр сунгана.

-Анагаахыг шинээр төгсөгчид ажил дээр гарахаараа зарим үйлдлээ мэдэхгүй, гарт юм байхгүй байна гэсэн шүүмжлэл гардаг. Ер нь оюутнаа дадлагажуулах, практикт сургах ямар ажлууд хийж байна вэ?

-Энэ бодууштай, хүлээж авах шүүмжлэл л дээ. Хуучин эмнэлгүүдэд хүүхдүүдээ аваачаад сургалт явуулахад өвчтөн дээр чөлөөтэй орж болдог байсан. Жишээ нь, би дөрөв, тавдугаар курст байхдаа мухар олгойн хагалгааг багшийн удирдлагад хийдэг байсан. Харин өнөөдөр ингэвэл хуулийн хариуцлага хүлээх заалттай болсон шүү дээ. Өөрөөр хэлбэл, анагаахын оюутан практикт өвчтөнг үзэх, гарт орох сургалт хийх боломж нь эрх зүйн хувьд хязгаарлагдчихсан. Энэ нөхцөлд гараар хийх ажил хүссэн хүсээгүй багасч байна. Үүнийг нөхөхийн тулд сургуулийнхаа нэг давхрыг тэр чигт нь ур чадварын төв болгосон. Төрөлт, дотор, мэс засал, хүүхдийн, мэдрэлийн гээд янз бүрийн өвчлөлийг дуурайлгаж, хиймэл эрхтэн хийж, түүнийгээ ашиглаж дадлагажиж байна. Гэхдээ практикаас тэс өөр учраас бүрэн туршлагажиж чадахгүй байх магадлал бий. Гэхдээ олон улсын жишгийн дагуу ур чадварын төв байгуулж, сургалтын чанараа сайжруулж байна. Хуучин анагаахын сургуулиа төгсөөд 1-2 жил анхан шатны мэргэжлээрээ 1-2 жил ажиллаад нарийн мэргэжлээр сурдаг байсан. Энэ жилээс хууль эрх зүйн орчин өөр болоод төгсөнгүүтээ нарийн мэргэжлээр суралцах боломжтой болсон. Давуу тал нь дөнгөж төгссөн хүүхдүүдийн гарт нь юм алга, муу байна гэдэг шүүмжлэл багасах болов уу гэж бодож байна. Төгсгөөд шууд эмнэлэгт гаргахгүйгээр сургуулийнхаа эмнэлэгт багшийн удирдлагад хоёр жил дахин нухаад, гараараа бүх зүйлээ хийж сурсных нь дараа бодит байдал дээрээ ажиллавал төгсөгчдийн чанар, чадвар өөр болно гэж харж байна.

-Монголын эмч нар чадвартай, мэргэшиж байгаатай уншигчид санал нийлэх болов уу. Нөгөө талд эмч чадваргүй байна гэхээс илүү эмчийн ёс зүй, ёс суртахууныг их шүүмжилдэг болсон байна. Авлига хээл хахууль авдаг, мөнгөгүй хүнд үйлчилдэггүй ч гэдэг юм уу. Ер нь эмчийн ёс зүй, ёс суртахууны талын мэдлэг мэдээллийг их сургуулийн төвшинд хэрхэн олгодог юм вэ?

-Энэ бол байнгын санаа зовоодог асуудлын нэг. Эмчийн мэргэжлийн алдаа гэхээс илүү харилцааны асуудлаас болж хуулийн хариуцлага хүлээсэн жишээ олон байдаг. Мэдээж эмчийн ёс зүйн талаар ордоггүй юу гэвэл үгүй шүү дээ. Байнга л ордог хичээлийн нэг. Харилцааны ур чадварын тэнхим хүртэл байгуулсан. Өвчтөн дээр ороод хэрхэн харьцах, муу мэдээг ар гэрийнхэнд нь хэрхэн дуулгах ёстой, эмч эмчтэйгээр яаж харьцах уу, нэг өвчтөндөө өөр нэг өвчтөний тухай ярьж болох уу, болохгүй юу зэрэг харилцааны анхаарах бүх асуудлыг хичээлээр заадаг. Харамсалтай нь, бодит байдал дээр сурснаа хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдол гардаг. Нийгэм сайжрахын хэрээр энэ бүх асуудал шийдэгдэнэ гэж найдаж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ӨВЧТӨН, ЭМЧ ХОЁУЛАА ХОЖДОГ “БИЗНЕС” БАЙЛГАХ ЁСТОЙ

-Шинэ Эрүүгийн хуульд эмчийн хариуцлагатай холбоотой нэлээд хатуу заалтууд орсон. Үүнийгээ дагаад эмчийн ёс зүй, хариуцлагын асуудал сайжрах болов уу?

-Хуулийн янз бүрийн заалт гарч ирээд л байгаа. Гэхдээ эмч хүн өвчтөндөө ямар нэгэн хор хүргэе гэж очдоггүй. Өвчтөнөө аваръя, тусалъя гэж очдог болохоос энэ хүнд буруу тариа хийчихье, улам муутгая гэж хэзээ ч бодож очдоггүй. Үүнийг нийгэм зөвөөр ойлгох хэрэгтэй. Дээр нь, эмч нар маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Зарим тохиолдолд өвчтөнөө гэрт нь төрүүлж, эх барьж авлаа, хагалгаа хийлээ гээд ярьдаг. Хэрвээ ямар нэгэн гай нь таараад тухайн хүн гэртээ төрж байгаад өнгөрчихвөл өнөөгийн хуулийн заалтаар эмч нар буруутай болж байна. Яах ч аргагүй амин заалтаар, цаг алдалгүй тусламж үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй. Өнөөдөр азаар хүнээ алдаад эмч нар шийтгүүлсэн зүйл алга. Гэхдээ муугаар бодвол яаралтай тусламжийн дагуу гэрт нь төрүүлж байх явцад өвчтөн нас барчихвал аврах гэж зүтгэсэн эмч буруутай болох хууль эрх зүйн орчин бүрдсэн. Нөгөө талд, манай улсын эмнэлгийн байгууллагын тоног төхөөрөмж, ажиллаж байгаа ачаалал ямар билээ гэдгийг бодолцсон хуулийн зохицуулалтыг хийхгүй бол тангараг өргөсөн гэдгээр нь бүх зүйл далайлгаж болохгүй. Тангараг өргөсөн бол нойр хоолгүй хүний төлөө зүтгэ гэдэг шаардлагыг ард түмэн тавьдаг. Тэр болно оо. Гэхдээ эмч ч гэсэн адилхан хүн гэдгийг бодох хэрэгтэй.

-Олон улсад эрүүл мэндийн үйлчилгээ ямар чиглэлээр хөгжиж байна вэ. Манайх ер нь ямар төвшинд байгаа бол?

-Дэлхийн нийтэд эрүүл мэндийн үйлчилгээг номер нэг бизнес гэж хардаг болсон. Гэхдээ нэг нь хожиж, нөгөө хохирдог бизнес биш. Хоёулаа хождог бизнес байх ёстой гэдэг. Эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа эмч нь ч, тусламж авч байгаа өвчтөн ч хангалуун байх ёстой. Харамсалтай нь, Монголд өнөөдөр хоёулаа сэтгэл дундуур үлддэг бизнес болчихоод байна. Үүнд аль аль талдаа анхаарах ёстой. Нэг ийм үг байдаг. Өвчин, өвчтөн, эмч гурав байна. Энэ гурвын хоёр нь нийлж байж нэгийгээ ялна. Тэгэхээр эмч нэг талд гараад өвчин, өвчтөн хоёр нэг талдаа орвол өвчтөнөө эдгээж чадахгүй. Харин өвчтөн өөрөө эмчийн талд орж өвчнөө ялах ёстой. Гэтэл өнөөдөр эмч, өвчтөн хоёр дайсан юм шиг харьцаатай болсон. Уг нь нэг нь туслах гээд нөгөө нь туслуулах л зорилготой. Гэтэл бие биедээ үл итгэсэн уур амьсгал нийгэмд бий болоод байна. Үүнийг засч зөв голдрилд нь оруулах ёстой. Гэхдээ эмч эмнэлгийн байгууллагын ажилчдыг ажиллах орчин, нөхцөлөөр нь бүрэн хангасны дараа тэднээс хариуцлага нэхвэл бас өөр хэрэг.

МОНГОЛЧУУД УНАДАГ МАШИНАА ҮЗЛЭГТ ОРУУЛДАГ ХЭРНЭЭ ӨӨРИЙН БИЕЭ ҮЗЛЭГТ ОРУУЛДАГГҮЙ

-Хүн амын дунд төрөл бүрийн халдварт өвчин, вирусийн халдвар улам бүр нэмэгдээд байна. Энэ нэг талаар иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу байгаатай холбоотой. Эмч хүний хувьд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй гэж боддог вэ?

-Монголчууд их сонин. Жил бүр авто техникийн үзлэг явагдахаар машинаа үзлэгт оруулахын тулд 30, 40 мянгаар нь зарлагддаг хэрнээ өөртөө 5-10 мянга төгрөг зараад урьдчилсан шинжилгээ хийлгэхгүй татганаад байдаг. Энэ сэтгэхгүйг л өөрчлөх хэрэгтэй. Иргэд урьдчилсан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагддаг болчихвол өнөөдөр эмнэлгүүд дээр байгаа дараалал, энэ их ачаалал багасна. Хоёрт, шинжлэх ухаан өндөр хөгжиж, Та яавал зүрх судасны өвчнөөр өвдөхгүй байх уу, ямар нөхцөлд цусны даралт ихсэх үү, ямар хоол хүнс хэрэглэвэл даралт буурах уу гэдгийг судлаад гаргачихсан. Өмнө нь бид өвчин хэлж биш, хийсч ирдэг гэж ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл орчин үед өвчин хийсч биш хэлж ирдэг болсон. Хөдлөхгүй идээд хэвтээд байвал таргална шүү, өөх тос ихээр хэрэглээд байвал судас хатуурч харвах эрсдэлтэй шүү гэдгийг анхааруулдаг болсон. Шинжлэх ухаан хөгжиж байгаа энэ үед хүн амын эрүүл мэндийн боловсролын өндөр болгох ёстой. Нөгөө талд ерөнхий боловсролын сургуулийн төвшинд эрүүл мэндийн мэдлэгийн асуудлыг түлхүү оруулах ёстой.

Халдварт бус өвчинтэй тэмцсэн Хойд Карелийн  туршлага байдаг. Хүүхдэд багаас нь эрүүл мэндийг боловсрол олгосноор зөв дадал болж насан туршид үлдчихдэг. Хүүхэд байхад нь зөв дадал суулгаагүй бол насанд хүрсэн хойно нь мянга хэлээд өөрчлөгддөггүй. Гадаадад явж байхад Финландад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэдэсний савханцар өвчний талаар үзэж байв. Ингэхдээ ширээн дээрх бохир тоос, шороог алчуураар арчуулаад, эргээд алчууран дээрх бактерийг микрософиор харуулсан. Үүнийг харсан хүүхэд нэг алчуураар тоос, шороог гугаалгүйээр дахин, дахин арчиж болохгүй гэдгийг автоматаар ойлгож байсан. Энгийн жишээгээр хүүхэд байхад нь эрүүл мэндийн ойлголтыг өгснөөр насан туршийн зөв дадлыг олж авдаг. Манайх эрүүл мэндийн хичээлийг ерөнхий боловсролын хичээлээс хассан гэж сонссон. Энэ маш буруу. Урьдчилан сэргийлэх хөтөлбөрөө гол цөм болгож, туушдаа хэрэгжүүлж чадвал өнөөдөр том эмнэлгүүдэд зарцуулаад байгаа зардлыг хэмнэх боломжтой.

-Өнгөрсөн 75 жилийн хугацаанд АШУҮИС хэчнээн боловсон хүчин бэлтгэж, хэчнээн нь эргээд Монголын эрүүл мэндийн салбарт ажиллаж байна вэ. Ийм тооцоолол хийж байсан уу?

-Эрүүл мэндийн салбарт 40 мянган хүн ажиллаж байгаагаас тэдний 90 гаруй хувь нь манай сургуулийн төгсөгчид байгаа. Эмнэлгийн байгууллагад ажиллах эмч сувилагчийн харьцаа гэж байдаг. Нэг эмч байхад гурван сувилагч байх ёстой гэж үздэг. Гэтэл сүүлийн жилүүдэд сувилагч болох хүн цөөрөөд энэ харьцаа 1:1 болчихоод байна. Гол нь хүндээ хүрч үйлчлэх ажлыг нугалж байгаа хүн бол сувилагч. Олон улсад ч ийм байдаг. Японууд сүүлийн үед Монголоос сувилагч авъя гэж ярих болсон. Нийт хүн амын дийлэнх нь өндөр настай болоод сувилагчийн ажил эрэлттэй байгаа. Филиппинээс гэрээгээр сувилагч авч ажиллуулдаг. Одоо Монголоос бас авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Эхний ээлжид япон хэлний анги байгуулахаар ажиллаж байна.

-Тэгвэл сувилагчийн мэргэжил зах зээлд нэлээд эрэлттэй байна гэж ойлгож болох уу?

-Манай сургуулийн хувьд квотдоо хүрсэн сувилагч авч чадахгүй байна. Энэ жил 300 сувилагч элсэлтээр авна гэж зарласнаас 230-иад хүүхэд элссэн. Зах зээлд бол сувилагчийн мэргэжил эрэлттэй байгаа ч нийлүүлэлт хангалттай төвшинд хүрэхгүй байна.

Өнгөрсөн жил Чехэд Ази Европын их сургуулиудын захирлууд уулзсан. Тэнд ойрын 5, 10 жилд хөдөлмөрийн зах зээл ямар болох вэ гэдгийг ярьсан. Ухаалаг технологи ихээр нэвтэрч байгаатай холбоотойгоор хөдөлмөрийн зах зээлд бий болж байгаа мэргэжлийн 25 хувь нь цэвэр IT-ийн чиглэлийн мэргэжил байна гэдгийг тогтоосон. Анагаах ухааны салбарт ч ухаалаг технологи маш хүчтэй нэвтэрч байна. Тиймээс хүссэн хүсээгүй энэ чиглэлдээ боловсон хүчнээ бэлтгэх шаардлага тулгарна. Робот хаалгаа хийж байгаа шүү даа. АНУ-д байгаа эмч компьютерээсээ роботоо удирдаад Японд хагалгаа хийж байна. Нөгөөтэйгүүр, эрүүл мэндийн салбарт өвчтөн хил хязгааргүй болсон. Лондонд халдвар авсан хүн Хонгконгод өвчнийхөө нууц үед ирэх боломжтой болсон. Үүнтэй адил дэлхийн хаана ч гарсан халдвар Монголд 48 цагийн дотор ороод ирэх боломжтой болсон байна. Хуучин бид зөвхөн Монголд гарсан өвчнөө л заадаг байсан бол өнөөдөр байдал өөрчлөгдсөн. Тиймээс боловсон хүчээ бэлтгэхдээ дэлхийн хөгжил, мэргэжил дундын уялдааг нь хангаж, төгсгөх шаардлага гарч байна шүү дээ.

-Танай сургууль дээр солилцооны хөтөлбөрүүд хэрэгждэг байх. Дэлхийн ямар улсууд руу оюутнуудаа солилцоогоор сургаж байна вэ. Шинэ баригдаж буй эмнэлэг дээр япон менежментийг хэрэгжүүлж ажиллах уу?

-Япон, Солонгос, Хятад, Орос түлхүү сургаж байна. Олон улсын харилцааны гол чиглэл нь оюутан солилцоо байдаг. Оюутнууд эдгээр улсуудад ихэвчлэн дадлага хийхээр явж байна. Сүүлийн үед японы оюутнууд монгол ахуй, монгол эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахаар ирж байна. Бид эргээд оюутнуудаа япон руу сургаж, эмнэлгийн үйл ажиллагаатай нь танилцуулах солилцоо байнга явж байна.

Том эмнэлэг, кампустай болж байгаа учраас эргээд менежментийг нь яаж чанартай авч явах вэ гэдгийг бодож байна. Бүтээн байгуулалт японы стандартаар хийгдэж байгаа учраас давхар менежментийг давхар оруулж ирэхээр судалж байна. Эхний ээлжид японы их сургуулиудтай яриа хэлэлцээр хийж, боловсон хүчний багаа сургаж бэлтгэж байна. Гэхдээ ярих өөр, хийх нэг өөр шүү дээ. Бидний тооцоолоогүй бэрхшээл гаргахыг үгүйсгэхгүй. Гэхдээ монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулна, урагшлуулж олон улсын төвшинд хүргэх өөдрөг үзэл бодолтой ажиллаж байна даа.

-Ярилцсанд баярлалаа. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-22 08:21:01


Нийт сэтгэгдэл: (12)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Уншигч (27.123.212.131) 2017-09-28 14:36:23
    Танай захирал Нүхтэд 2 том хаус бариулж байгаа гээд гадуур хүмүүс яриад байх юм, эмнэлэг ч барьж дуусах дөхөж, захирал ч хаусуудтай болж
  2. Иргэн (122.201.24.67) 2017-09-23 16:41:36
    Тагнуулын еронхий газар Ус цаг уур Томор замын депо гэх мэт газрууд хоосон гарах хэрэгтэй
  3. Иргэн (202.9.40.55) 2017-09-23 10:03:35
    Хотын төвөөс гар гэх. Гараад зах руу явахаар бараг л төвдөө гээл гуцалдах
  4. Зочин (66.181.184.220) 2017-09-22 17:37:13
    wow, iim hurdan u?
  5. Зочин (27.123.214.104) 2017-09-22 13:52:47
    Амгалан ч хотын төвдөө шахуу юм да
  6. монгол (202.21.106.102) 2017-09-22 13:26:01
    хувиин хэвшилтэй хамтарч хөрөнгө оруулалт авах уу
  7. Gazriin naimaa (69.140.225.147) 2017-09-22 13:05:09
    Talbain hajuugiin jijken gazriig 20 terbumaar duudlaga hudaldaagaar zarj bsan, harin anagaahiin surguuliig buheld ni heden arvan terbumaar batbaatar terguutei udirdlaguud abilgal avch zarsan bulguu. Ene udaa idej uusandaa heniigee achuahiin bgaa, umnuh ni yalaa duusgaagui bhd batbaataraa. ATG shalgah heregtei.
  8. Наран (103.229.123.195) 2017-09-22 11:49:44
    Олон талын мэдээлэлтэй ярилцлага байна. Сувилагчаар яагаад сурдаггүй юм бэ, цалин багатай учраас тэр юм болов уу
  9. Ао (122.201.21.40) 2017-09-22 10:20:03
    Асрагч, Сувилагчийг сайн бэлтгэж чадвал үнэхээр эрэлттэй мэргэжил. Даанч арчлах сувилах чадвар, сэтгэл ч тааруухан байх юмаа
  10. зочин (103.29.144.2) 2017-09-22 10:05:13
    Танай сургууль био ангаахын мэргэжилтнүүдээ ажлын байраар хангах талаар ямар арга хэмжээ авдаг юм бэ. Эмнэлгүүд ажилд авдаггүй л юм байна лээ.Дээд мэргэжилтэй лаборант бэлтгэж байгаа юм уу. Зарим ажлын зар дээр био анагаах төгссөн лаборант авна гэсэн байх юм. Танай сургууль хүүхдүүдийн амьдралаар, хүний мөнгөөр тоглохоо болиоч. Ажилжиллах нөхцөлийг нь хангах ажил зохион байгуулаач.
  11. Зочин (66.181.179.106) 2017-09-22 09:52:06
    Амгалан хотоос гарч байгаа юм уу?
  12. Батаа (66.181.183.94) 2017-09-22 08:35:20
    Боловсролын яамнаас 1 эмч сургах бол 4 сувилагч сургах хэрэгтэй гэсэн квот өгч болдоггүй юм уу? Манай улсад маш хэрэгтэй байгаа бусад мэргэжилтэнг ч гэсэн энэ аргаар бэлтгэж болох юм.

Танд санал болгох