• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Б.Нямаа: Санхүүгийн талаасаа бондын төлөлтийг хэрхэн хийх нь чухал юм

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаатай ярилцлаа.

-Манай улс гурван сарын дараа Чингис бондын 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийнэ. Сангийн яам уг бондын эргэн төлөлтийг хийх менежментийг боловсруулсан уу?

-Засгийн газрын нөхцөл байдлаас хамаарч менежмент хийх асуудал хүлээлтийн байдалд л ороод байна.

-Ер нь ямар байдлаар шийдэх боломж байна вэ. Дотоод эх үүсвэрээс төлөх боломжтой юу?

-Бондын эргэн төлөлтийг шийдвэрлэх олон хувилбар бий. Хамгийн наад зах нь бид өөрсдөө эх үүсвэр бүрдүүлээд төлж болно. Ингэхдээ дотоод бүх боломжоо шавхаж 500 сая бондын эргэн төлөлтийг хийнэ гэсэн үг. Гэхдээ дотоод эх үүсвэрээ шавчихвал бусад санхүүгийн асуудлаа хэрхэн шийдэх үү гээд хүндрэл гарна. Өнөөдрийн байдлаар манай улсын гадаад валютын албан нөөц хангалттай төвшинд хүрээгүй, бага байна. Хэдий төсвийн орлого бүрдэлт сайн байгаа ч алдагдал өндөр байна. Төсвийн алдагдлыг дотоод, гадаад зах зээлээс мөнгө татаж нөхсөн хэвээр байна. Тиймээс дотоод гэхээс илүү боломжтой бол гадаад зах зээлээс ахин санхүүжүүлэх чиглэлээр ажиллах нэлээд хэдэн хувилбар бий. Сангийн яам эхний ээлжид олон чиглэлээр яриа хэлэлцээр хийж, хувилбар гаргасан. Мэдээж Засгийн газар эцсийн шийдвэр гарна.

-Олон улсын байгууллагуудын тогтоосон зээлжих зэрэглэлийн төвшин гадаад зах зээлээс хөрөнгө босгоход чухал нөлөөтэй байдаг. Манай улсын хувьд зээлжих зэрэглэлийн төвшин сайнгүй байгаа. Энэ нөхцөлд хөрөнгө босгох нь хэр ашигтай бол?

-Ирэх аравдугаар сард зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд ээлжит зэрэглэлийн мэдээгээ танилцуулна. Хэрвээ манай зэрэглэл /Caa1/ бууруулбал гадаадаас хөрөнгө татахад өндөр хүүтэй олдоно. Магадгүй бид Засаг тогтвортой байхад бонд босгосон бол бага хүүтэй эх үүсвэр олдох боломж байсан. Гэхдээ цаашид Засгийн газар эдийн засгийн шинэчлэлт, өөрчлөлт, ОУВС-гийн хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлэх эсэхийг хөрөнгө оруулагчид сонирхож, үүнээс их зүйл шалтгаална.

-Та саяхан Монгол Улс дефолт зарлах эрсдэл байна гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Ямар үндэслэлтэй юм бэ?

-Өнгөрсөн долоо хоногт болсон “Invest Mongolia”чуулганы үеэр Moody’s-ийн төлөөлөгчийн тавьсан илтгэлийг сонсоход, Монгол Улс 2018 оны нэгдүгээр сард хийх төлбөрийг хэрхэн яаж хийхээс хамаарч цаашид зээлжих зэрэглэлийг бууруулах уу, эсвэл нэмэгдүүлэхийг шийднэ гэж мэдэгдсэн. Манай улсыг санхүүгийн нөхцөл байдал талаас нь харвал Чингис бондын 500 саяын тулсан төлбөрийг хэрхэн шийдэх нь маш чухал. Шийдэх хувилбараа богино хугацаанд сонгох ёстой. Харин шийдэж чадахгүй бол бидэнд дефолтоо зарлах эрсдэл байна. Зээлжих зэрэглэлийн үнэлгээгээр хамгийн муу төвшинд багтана. Олон улсын гэрээ хэлцлийн дагуу ганцхан бонд дампуурахгүй, Монгол Улсаас гаргасан бүх бондуудад дампуурал зарлана. Цаашлаад олон улсаас авсан зээлүүдэд дефолт зарлах эрсдэлтэй гэж л анхааруулсан юм.

Дээр хэлсэнчлэн бондын төлбөрийг шийдэх олон хувилбар бий. Тэдгээрээс аль нь үнэтэй тусах уу, аль нь боломжийн байх вэ гэдэг нь бодлогын сонголт болоод байна.

-Тэгэхээр Засгийн газрын тогтворгүй байдлаас болж бондын эргэн төлөлтийн менежментийг хийх ажил гацаанд орчихлоо гэж ойлгож болох уу?

-Засгийн газрын тогтворгүй байдал гэхээс илүү Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлогыг тогтвортой үргэлжлэх үү гэдэг нь гол асуудал болоод байна. Бодлого хэрэгжүүлэгч нь дээш, доошоо болох асуудал аль ч улсад байдаг. Хамгийн гол нь, Засгийн газрын бодлого тууштай, тогтвортой юу, манай улсын хувьд ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэх үү, үгүй юү гэдэг л чухал. Хөрөнгө оруулагчид үүнийг чухалчлан харна.

-Ер нь Сангийн яам цаашдаа өрийн менежментээ сайжруулах ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Өрийн хувьд дотоод, гадаад, Засгийн газрын баталгаатай, төрийн өмчит компаниудын өр зэргээр нь ангилж, тус бүрд нь чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ он гарсаар Засгийн газрын дотоодын бондын хүү нэлээд буурсан. Оны эхэнд 17 орчим хувь байсан бол өнөөдөр 12 хувь руу орсон. Дотоод бондын хүүг дахиад цааш нь буулгах зорилттой байна. Нөгөө талд гадаад зах зээл дээр Засгийн газар бонд гаргах шаардлагагүй байсан ч бид байнгын зах зээлд оролцож, өөрсдийгөө таниулах тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ нь Засгийн газар гэлтгүй манай улсын хувийн хэвшил, арилжааны банкуудад гаднаас зээл авах, бонд босгоход чухал нөлөөтэй. Сүүлийн үед компаниуд дотоодын бондын зах зээлд хүчтэй орж байна.

-Эхний хагас жилийн байдлаар төсвийн орлого бүрдэлт төсөвлөснөөс 500 гаруй тэрбумаар давсан үзүүлэлттэй байна. Үүнд нүүрсний экспортоос гадна зарим төрлийн татварыг нэмсэн нь нөлөөлсөн үү?

-Мэдээж тав болон долдугаар сарын 1-нээс нэмэгдсэн татварын үр дүн төсвийн орлого өсөхөд нөлөөлсөн. Дээр нь эдийн засгийн идэвхжил сайн байгаа учраас төсвийн орлого сайн төвлөрсөн. Оны төгсгөлд хил гаалийн асуудлаас нүүрсний салбарын өсөлт саарч магадгүй. Хил гаалийн асуудлыг нааштайгаар шийдэхээр аль аль талдаа анхаарч ажиллаж байна.

-2017 оны төсөвт том төслүүдийг хөдөлгөж 250 тэрбум төгрөгийн орлого олно гэж тооцсон ч энэ жил төслүүд хөдөлсөнгүй. Мөн хүүхдийн мөнгөнд төсөвлөсөн санхүүжилт дуусч байна. Тэгэхээр 2017 оны төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн биш үү?

-Хүүхдийн мөнгөний нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдэхийн тулд 2017 оны төсөвт тодотгол зайлшгүй хийж таарна. Дээр нь, эдийн засгийн нөхцөл байдал өмнө тооцож байснаас өөр болж байгаа учраас зарим зүйл асуудлын хүрээнд тодотгол хийж болзошгүй байна. Мөн өнгөрсөн зуны түймэр, оройтож орсон бороо, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газарт нэмэлт хөрөнгийн хэрэгцээ гарахаар байна. Үүнийг шийдэхийн тулд тодотголын асуудал яригдана. Гэхдээ төсвийн тодотголыг хэзээ, ямар төвшинд хийх нь тодорхойгүй байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-12 08:30:01


Нийт сэтгэгдэл: (5)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (66.181.185.243) 2017-09-12 14:06:44
    naa chin erdenebatiigaa ogtsorvol mongol uls default zarlana uhaanii surduuleg hiij yarisan debil gar doo, turgen zailuulbal taarna.
  2. zochin (221.162.119.225) 2017-09-12 13:02:31
    tusviin orlogo 500 terbumaar davsan tul huuhdiin mungu olgono geed erunhiiluchiin songuuliar showdaad bsan. ter munguuruu uruu tulj bolohgui bgaa um uu? ur tuluh bolohoor l guilagachin tsarailchih um.
  3. zochin (103.229.123.165) 2017-09-12 10:56:52
    Daanchdee daanch ardiin namiig 20 nod bulshlah heregt
  4. л.м (119.40.103.66) 2017-09-12 10:03:00
    бүх хүүхдэд мөнгө өгсөн гэж худлаа ярихаа боль. манай хүүхдэд 2017 оны нэгч мөнгө өгөөгүй манайх БЗД 26 дугаар хороонд амьдардаг
  5. Уншигч (27.123.214.110) 2017-09-12 09:58:45
    Нээг их нүүрс зарчихсан гээд л байгаа, бас түүхэндээ аваагүй их алт авсан гэсэн үүгээрээ төлж болохгүй юм уу?

Танд санал болгох