• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

М.Цэндсүрэн: Хүний хэл ойлгодог машин бүтээх судалгаа дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан

Майкрософт компанийн хиймэл оюун ухааны судлаачдын багт урилгаар ажиллах санал аван энэ долоо хоногт шинэхэн ажлаа эхлүүлж буй доктор М.Цэндсүрэнг энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьж ярилцлаа.

Түүний хийсэн судалгаагаар дэлхийн хиймэл оюун ухааны салбарт ахиц дэвшил авчирч, нэг шат ахиулах үр дүн гарчээ. Тиймдээ ч үндэстэн дамнасан томоохон технологийн компаниуд болох IBM, Майкрософт, Гүүгл, мөн Массачусетсын их сургуулиас ажлын урилга авсан байна. 

-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээн авсан танд баярлалаа. IBM, Майкрософт, Гүүгл, мөн Массачусетсын их сургуулиас ажлын санал авахад хүргэсэн таны судалгааны ажлаар яриагаа эхлүүлье?

-ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буланг унших дуртай. Энэ удаагийн зочноороо урьж оролцуулсан баярлалаа.

19, 20 дугаар зууны техник технологи шинжлэх ухааны гол хөшүүрэг нь Физикийн шинжлэх ухаан байсан бол 21 дүгээр зуун, ирээдүйд хиймэл оюун ухааны салбар нэмэгдэж байна. Миний хувьд хүний хэл ойлгодог тунгаан бодох чадвар бүхий машин бүтээхээр судалгаа хийдэг. Үүний тулд машин зөвхөн хүний хэл ойлгохоос гадна бие дааж суралцах, эрэгцүүлж тунгаах, анхаарлаа төвлөрүүлэх зэргээр хүний тархи шиг мета төвшний арга барилд суралцах шаардлагатай болж байгаа юм.

Өгүүлбэрийг утгачилсан харьцуулалт хийдэг, өгөгдсөн өгүүллэг, нийтлэл уншиж ойлгоод тавьсан асуултад хариулах чадвар бүхий хиймэл оюуны талаар хоёр ч бүтээл маань судлаачдын өмнөх бүтээлээс хоёроос гурван хувийн нарийвчлал сайтай ажилласан. Товчхондоо өмнөх бүтээлийн 73 хувийн нарийвчлалтай үр дүнг 76 хувь болгож сайжруулсан гэсэн үг . Энэ нь тухайн үедээ хамгийн өндөр үр дүнг харуулсан. Энд би машин гэдгээр ойлголтыг илэрхийлж байна. Машин дотроо компьютер, гар утас, бүхий л төрлийн цахилгаан хэрэгслүүд, автомашин бүгд багтана.

Энэ судалгааны нийтлэлийг маань хамгийн түрүүнд Майкрософтын хиймэл оюун ухааны судлаачдын баг удирддаг профессор Pushmeet Kohli (https://en.wikipedia.org/wiki/Pushmeet_Kohli) уншаад надруу имэйл ирүүлж, Сиатл хотод байрлах Майкрософтын төв оффис дээр ирж илтгэл тавихыг санал болгосон . Илтгэл тавьсаны дараа ажлын урилга өгсөн дөө. Надад Сиатл хотод эсвэл Канадын Монриаль хот дахь Майксофтын судалгааны багт очиж ажллах боломж олдсон.

Түүний дараахан дэлхийн шатрын аваргыг анх удаа хожсон IBM компанийн "Deep Blue" хэмээх шатрын программыг бүтээсэн алдартай судлаач профессор Муррай Кэмпбелл (https://en.wikipedia.org/wiki/Murray_Campbell) Нью-Иорк дахь дахь оффисдоо ирж илтгэл тавихыг уриад хамтран ажиллах санал тавьсан. Тэр судлаач бол миний хувьд их хүндэлж, үлгэр дууриал авдаг судлаачдын нэг. Дэлхийд алдартай том судлаачаас хамтран ажиллах урилга авсандаа урамшсан.

Мөн тухайн үед Массачусетсын их сургуулийн "Data Science" төвийн захирал Эндрю Маккаллум (https://en.wikipedia.org/wiki/Andrew_McCallum) профессороор ахлуулсан багт ажиллах санал авсан. Мөн л бүтээлүүдийг нь маань олж уншаад илтгэл тавих урилга ирүүлсний дараа хамтарч ажиллах санал тавьсан даа. Ингээд тэр дундаас Майкрософтыг сонгосон.

Гэтэл сүүлд сонголтоо хийсний дараа Гүүглээс мөн хамтран ажиллах санал тавин холбогдож байсан.

-Хүний хэлийг сонсож, уншиж ойлгоод хариулж чаддаг 76 хувийн нарийвчлалтай машин бүтээсэн нь дэлхий дээрх хамгийн өндөр үзүүлэлт гэлээ. Таны судалгааны хамгийн чухал үр дүн, үндэстэн дамнасан томоохон компаниудын анхаарлыг татахуйц ахиц дэвшил, бусдаас ялгарах давуу тал нь юу байсан бэ?

-Миний бүтээсэн модель буюу загвар 76 хувийн нарийвчлалтай ажилласан. Миний судалгааны гол давуу тал нь аливаа зүйлийг эрэгцүүлж, тунгаах чиглэлд илүү түлхүү анхаарсан. Хүн аливааг бодож, тунгааж, эрэгцүүлж байгаад хариулах үедээ хамгийн оновчтой, зөв хариултыг хэлдэгтэй адилхан өөрийнхөө бүтээсэн моделио эрэгцүүлж, тунгаадаг байхад анхаарч ажилласан. Машин хүн шиг эрэгцүүлж боддог, тунгаадаг байхын тулд өгөгдсөн өгүүлэл нийтлэлийг сайтар тогтоож ойлгоод тавьсан асуултад хэд хэдэн хувилбар дэвшүүлж энэ дундаас харьцуулалт хийн зөв хариултаа сонгодог байх системийг шийдэж өгсөн.

Энгийн жишээгээр тайлбарлах юм бол, энэ ярилцлагын текстийг компьютерт орууллаа гэхэд тухайн компьютер өөрөө уншиж ойлгоно. Тэгээд ярилцлага дундаас асуулт боловсруулаад асуухад компьютер хүн шиг эрэгцүүлж бодоод зөв хариултыг нь сонгодог ухаалаг байна гэсэн үг.

-Алсдаа компьютер хүний хэлийг ойлгоод зогсохгүй эргэцүүлж, тунгаадаг болно гэж ойлгож болох уу?

-Тийм. Гэхдээ энэ зөвхөн компьютероос гадна төрөл бүрийн цахилгаан хэрэгсэл, ухаалаг гар утас, автомашин ч байж болно.

Гэхдээ хүн төрөлхтөн хүн шиг оюун ухаантай машин зохион бүтээх цаг болоогүй байна. Миний яриад байгаа энэ зүйл, хийсэн судалгаа маань машин хүний хэлийг ойлгоход нэг шат ахиулсан дэвшил гэж хэлж болно.

Машин хүний хэлийг бүрэн төгс ойлгодог болохын тулд ямарваа нэгэн сэдвийн талаар ерөнхий ойлголт, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хүмүүс хоорондоо ярилцахдаа тодорхой хэмжээний сэдвийн төсөөлөлтэй байж л ойлголцдог шүү дээ. Түүнтэй адил цаашдаа машины санах ойд мэдээ, мэдээллийг бүтэцлэж оруулж өгөх хэрэгтэй. Миний хувьд энэ чиглэлд түлхүү ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна. Хүний тархи бол хамгийн супер оюун ухаан. Тийм супер оюун ухаантай машин бүтээхийн тулд олон жилийн судалгаа хэрэгтэй. Бид одоог хүртэл хүний тархины нарийвчилсан ажиллагааг нь мэдээгүй л байна.

-Хиймэл оюун ухаантай машин бүтээхийн тулд хүний тархины бүтэц оюун ухааны талаар маш их судалж, түүн дээрээ тулгуурлан хиймэл оюуны загвараа хөгжүүлдэг байх?

-Тэгнэ. Хүний оюуны ухаан, тархины бүтэц, үйл ажиллагааны талаар шинжлэх ухааны төрөл бүрийн ном зохиол уншина. Израилийн эрдэмтэн, судлаач, Нобелийн шагналт профессор Даниел Каннеманы "Thinking, Fast and Slow" ном маш их сонирхолтой. Тэр номонд хүний тархийг хоёр системээс бүрддэг хэмээн загварчилсан байдаг. Нэгдүгээр систем нь аливаа зүйлийг өнгөцхөн сэтгэж, хурдан шийдвэр гаргадаг. Тухайлбал, уйлах, инээх, уурлах зэрэг сэтгэл хөдлөлтэй холбоотэй үйлдэлүүдийг тархины нэгдүгээр систем гүйцэтгэдэг. Харин аливааг санах ой анхаарлаа ашиглан эрэгцүүлж, тунгааж байгаа нь тархины хоёрдугаар системтэй холбогдож байдаг байна.

Энгийн жишээгээр тайлбарлах юм бол хүн шинэ зүйлд дасан зохицохдоо, эсвэл шинэ ажилд орохдоо эхлээд маш их цаг энерги зарцуулдаг. Энэ нь тухайн хүний тархины хоёрдугаар систем ажиллаж байгаатай холбоотой байдаг байна. Тэгээд тухайн ажлаа ч юм уу, тухайн шинэ зүйлээ удаан хугацааны турш давталттайгаар хийгээд байх юм бол тэр нь рефлекс болж, улмаар тархины нэгдүгээр системд шилждэг байна.

Боксын тамирчин дээр аваад үзэх юм бол тэд маш хурдан сэтгэж, хурдан хариу үйлдэл үзүүлдэг шүү дээ. Энэ нь тухайн цохилтоо ч юм уу мэргэжлийн төвшинд эзэмшиж, олон удаа хийсэн учраас хаана нь яаж цохивол, ямар хаалт хийх үү гэх зэргээр нэгдүгээр системээрээ дамжуулах хурдан сэтгэж, хариу үйлдэл үзүүлж чаддаг болсон байгаа юм. Энгийн хүн энэ үед хоёрдугаар систем нь ажиллаж бодож, эрэгцүүлсээр байтал нөгөө тамирчиндаа ялагдана шүү дээ.

-Бодолгүйгээр шууд хариулчихаад дараа нь харамсах, эсвэл бодлогогүй, үг үйлдэл хийгээд дараа нь уучлалт гуйдаг хүмүүс олон харагддаг. Энэ нь тухайн хүний нэгдүгээр систем давамгайлан хөгжсөнтэй холбоотой байна гэсэн үг үү. Эсрэгээрээ бодлоготой, үйлдэж, ярьдаг хэлдэг байхын тулд энэ хүн яах ёстой юм бол?

-Төрөлхийн бодолгүй ярьж үйлддэг хүмүүс бий. Энэ хүмүүсийн систем нэг нь илүү давамгай ажиллаж байна гэсэн үг. Үүнийг өөрчлөх амархан биш. Гэхдээ удаан хугацааны хөдөлмөр, туршлага, дадал хэрэгтэй юм шиг байгаа юм. Хэд, хэдэн удаа буруу ярьж алдаа гаргаж, түүнээс болоод ямар нэг эрсдэл гарсан, хэн нэгнийг гомдоосон, маш том асуудал үүсээд ирэхээр тухайн хүн өөрийн эрхгүй энэ үйлдлээ хянаж, багасгаж эхэлдэг байж болох юм.

Нөгөөтэйгээр систем нэг хурдан ажилласнаар бий болох давуу тал бас байдаг байна. Дээр дурьдсан номонд гарсан нэг гал хамгаалагчийн тухай ярьж өгье. Галын дуудлага авсан аврах багийнхан нэг байшинд ортол нүдэнд харагдах утаа, ил гал юу ч байхгүй байжээ. Гэтэл гэнэт хажуунаас аврах багийн ахлагч “бүгд гарцгаа” гэж хашгирч гэнэ. Тушаал сонссон багийнхан маш яаралтай байшингийн гадна гартал байшин бүхлээрээ шатаж дэлбэрсэн байна. Учрыг дараа нь лавлатал байшингийн доод хэсгээс гал гарсан байжээ. Нүдэнд харагдсан зүйл байхгүй байсан багийн ахлагч олон жил ажилласан туршлага, рефлексээрээ систем нэг нь хурдтай ажиллаж аврах багийнхнаа хамгаалсан байна. Тэгэхээр хурдтай ажилладаг систем нэг маань бас давуу талтай болж байна аа даа.

-Ер нь хүний тархи ямар үед хамгийн сэргэг, аливааг сурах, тогтоох чадвар өндөртэй байдаг юм бол. Зарим хүмүүсийн тархи өглөө эрт сайн тогтоодог бол, зарим нь орой гэж ярих талтай. Таны хувьд ажлаа ямар арга барилаар хийдэг вэ?

-Хүн бүрийн сурах, хөгжих, аливаа зүйлийг хүлээн авах чадвараасаа шалтгаалаад өөр өөр байдаг байх. Миний хувьд ихэнхдээ шинэ санаан дээр ажиллах, загварчлах, код бичих гэх зэрэг оюуны ачаалал шаардсан хүнд ажлуудаа аль болох өглөө эрт босоод тархи сэргэг үед хийдэг. Үдээс хойшдоо уулзалт, мэйл бичих, илтгэлээ бэлдэх зэрэг хөнгөн ажлуудаа амжуулна даа. Аль болох орой эрт амраад өглөө эрт босохыг эрхэмлэдэг. Оюуны ачаалал шаардсан ажлыг оройн цагаар хийх юм бол шөнө нойр хүрэхгүй, улмаар тархи амрахгүй байх талтай.

Ширээний календарь дээр өдрийнхөө ажлыг төлөвлөөд, хэрэгжүүлээд явдаг. Энэ нь амар байдаг. Ягаад гэвэл байнга нүдэнд төлөвлөсөн жагсаалт маань харагдана. Ихэвчлэн цаас, балтай ажиллахыг хичээдэг. Шинэ санаа орж ирвэл түүнийгээ цаасан дээр гараараа бичиж төлөвлөөд, загварчлан зурах дуртай. Энэ нь цаашаагаа орж ирсэн санаагаа нягтлан дүгнэн бодох улмаар дэлгэрүүлэхэд илүү ач холбогдол өгдөг юм шиг санагддаг.

-Сэтгэн бодох чадвараа хөгжүүлэхийн тулд ямар дасгал, юу хийвэл зүгээр байх бол. Ер нь сэтгэхгүйг хөгжүүлж, хүмүүжүүлж байдаг хамгийн чухал зүйл юу вэ?

-Ер нь хувь хүний хөгжлийг аваад үзэх юм бол сэтгэхгүйн хөгжлийг физик, математикийн хичээл. Гоо зүйн хүмүүжлийг урлаг, харин сэтгэл зүйн хүмүүжлийг спорт олгож байдаг. Хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэхийн тулд бүх талаас нь хөгжүүлэх хэрэгтэй юм уу гэж анзаарсан.

Спорт гэхэд хүнд сэтгэл зүйн хүмүүжил олгож, багаар ажиллах чадварт сургадаг маш чухал зүйл зүйл. Наад зах нь бэрхшээлийг давж, сөрж чаддаг чадвартай, амархан стрестээд байхгүй сэтгэлийн хаттай болдог байх.

БЭРХШЭЭЛ ДУНД БОЛОМЖ НУУГДАЖ БАЙДАГ 

-Эндээс эхлээд таны хувь хүний хөгжлийн талаар ярилцъя. Залуу хүнд үлгэр дууриал авдаг хүн гэж байдаг даа.Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ.

-Надад үлгэр дууриал өгдөг хүмүүс бол миний аав ээж хоёр бас багш нар маань юм. Аав маань маш их алсын хараатай хүн. Харин ээж минь их хөдөлмөрч, тууштай хүн байдаг. Аав, ээж минь хоёулаа багш хүмүүс.

Би Ховд аймагт төрж, өссөн. Ерөнхий боловсролын сургуулиа аймагтаа төгсөөд оюутан болохдоо анх удаа хотод ирж байлаа. Тэгээд МУИС-ийн компьютерийн инженерийн ангид орж суралцсан.

Мөн үлгэр дууриал авдаг алдартай судлаач нар олон бий. Найзуудаасаа ч хэлж зөвшилцөөд олон зүйл суралцдаг даа.

-Таны хувьд Монголын хөрснөөс ургаад оргил нь болж чадсан байна. Энэ нь нэг талаар дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин төрж байна гэдгийг харуулаад байна л даа. Гэхдээ нөгөөтэйгээр тань шиг ийм залуус хэт цөөхөн байна. Энэ тоог яаж олон болгох вэ. Яавал монгол хүн бүр таны замналаар явж чадах вэ?

-Миний хувьд МУИС-ийг төгсөөд профессор Н.Оюун-Эрдэнэ багшийнхаа санал тавьснаар Солонгосын Чүнбүк үндэсний их сургуульд  Keun Ho Ryu профессорынхоо удирдлаган дор сурч магистр, доктороо хамгаалсан. Н.Оюун-Эрдэнэ багшдаа надад итгэл хүлээлгэж цаашид өөрийгөө сурах боломж олгосонд үнэхээр их талархаж явдаг даа. Докторт сурч байх хугацаандаа Массачусетсын их сургууль, Англи дахь Манчестерын их сургууль, Сингапурын засгийн газрын судалгааны агентлаг гээд зарим газруудаас судлаачаар ажиллах санал авсан. Ингээд доктороо хамгаалсны дараа АНУ-д очоод Массачусетсын их сургуульд докторын дараах судлаачийн ажилтнаар хоёр жил ажилласан. Ингэж Солонгос, Америкт амьдарч сурах үед өөрийн биеэр мэдэрсэн нэг зүйл бий.

Бэрхшээл дунд боломж нуугдаж байдаг юм билээ. Хүнд хэцүү байсан ч шантралгүйгээр хөдөлмөрлөвөл тэр бүхний ард маш том боломж нуугдаж байдаг. Хаана боловсрол эзэмшихээс үл хамааран тухайн хүн өөрөө л тууштай байж, хичээх юм бол ямар ч амжилтанд хүрнэ гэж боддог. Зорилгоос зугтах зам мянга, харин түүн рүү хөтлөх зам ганцхан байдаг гэх үг ч байдаг. Зорилгодоо хүрэх тэр ганц замаар алхах мэдээж тийм амар хялбар биш, бартаатай. Тэр бүхнийг туулаад гарах юм бол маш том боломж хүлээж байдаг.

-Нэг үе залуу хүний өрсөлдөх чадвар гадаад хэл байсан. Харин шинэ эрин эхэлж буй энэ үед гадаад хэлгүй хүн ховор болж байна. Тэгвэл орчин үед залуус ямар ур чадвараар өрсөлдөж байна. Техник технологи өндөр хөгжсөн оронд ажиллаж буй таны хувьд бусадтай өрсөлдөх давуу тал тань юу байна вэ?

-Гадаад хэл бол маш чухал. Гадаад хэл эрт сурах тусмаа сайн. Үүнийг дагаад нэг цонх нээгдэж, мөн маш олон боломжууд бий болдог гэж ойлгосон. Ер нь залуу хүний өрсөлдөх хамгийн гол чадвар бие дааж хурдтай суралцах, өөрийгөө хөгжүүлэх чадвар юм уу гэж хардаг. Техник технологи маш хурдан хөгжиж байна. Залуу хүний хувьд тэр бүхнийг маш хурдан сураад, өөрийгөө хөгжүүлээд явдаг байх хэрэгтэй. Бие дааж суралцах чадвартай л байх юм бол ямар ч хүнтэй мөр зэрэгцээд явна гэж бодож байна.

Монгол залуусын нэг сул тал нь бусад орны залуустай харьцуулахад харилцааны чадвар арай дутмаг юм уу гэсэн бодол байдаг. Миний хувьд ч ялгаагүй бусадтай харилцаж, өөрийгөө ойлгуулах, нэтворк тогтоох тал дээрээ дутагдалтай байдаг. Тиймд залуус маань хүрээллээ сайн бий болгож, харилцааны чадвараа илүү сайн хөгжүүлээрэй гэж хэлмээр байна. Энэ бол олон улсад ажиллаж, дэлхийн зах зээл дээр өрсөлдөхөд хамгийн чухал чадваруудын нэг.

ҮНДЭСТЭН ДАМНАСАН ТОМ КОМПАНИУДЫН СУДАЛГААНЫ ТӨВИЙГ МОНГОЛДОО БАЙГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ

-Та өөрийнхөө 5-10 жилийг хэрхэн төсөөлдөг вэ. Таны алсын хараа гэх юм уу?

-Туршлага хуримтлуулан их зүйл сурсныхаа дараа Монголдоо очиж бусдад хуваалцах юмсан гэж бодож байна. Мөн ирээдүйд үндэстэн дамнасан энэ том компаниудын судалгааны төвийг Монголдоо байгуулахыг мөрөөддөг. Ингэснээр олон монгол залууст туршлага, урам зориг, хийж бүтээе гэсэн шинжлэх ухаанч сэтгэлгээ мөн орчинг бий болгоход бага ч гэсэн дөхөм байх болов уу.

-Мэдээж өндөр хөгжилтэй оронд ажиллаж, амьдарч байгаа хүний хувьд эх орноо хөндлөнгийн нүдээр ажигладаг, хөгжүүлэх өөрчлөх хэрэгтэй талуудад нь илүү гярхай байдаг болов уу. Монгол улсын хөгжил таны нүдээр?

-Бага хөрөнгө хаяад ирээдүйд далайцтай өөрчлөлт авч ирэх тэр чиглэлд хөрөнгө оруулж, бодлогоор дэмжих хэрэгтэй болов уу. Үүний нэг нь хувь хүний хөгжил, боловсрол. Боловсрол бол зэвсэг гэж үг байдаг даа. Гэвч Монголын нийгэмд боловсролын үнэлэмж уначихаад байна . Ингээд боловсролын үнэлэмж буураад ирэхээр хүүхэд залуусын сурч мэдье гэсэн хүсэл тэмүүлэл байхгүй болох талтай. Бид боловсролын үнэлэмжийг өсгөхөд анхаарах хэрэгтэй байх. Ингэснээр хүн бүр сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй болно. Эргээд бид боловсролын программаар дамжуулаад нийгмээ төлөвшүүлэх, хэл соёлоо авч үлдэх ирээдүйн монгол хүнээ бэлдэх боломжтой болно шүү дээ.

Нөгөө талаар бид залуу эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх төлөвшүүлэх тал дээрх мэдлэгт маш сайн анхаарах хэрэгтэй. Гэр бүл бол ирээдүйн зөв монгол иргэнийг бэлдэхэд хамгийн чухал.

-Ярилцсанд баярлалаа. 


Монгол хүний ур ухаан, оюуны чадамж, авьяас билгийг дэлхийд таниулан үндэстэн дамнасан томоохон компаниудад ажилладаг, гадаадын шилдэг их сургуульд суралцдаг олон монгол залуус бий. Тиймээс iToim эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа залуусыг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагаараа танилцуулж байна. Бидэнтэй itoimagency@gmail.com, 77057758 дугаараар холбогдоно уу. 
iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-07 09:35:41


Нийт сэтгэгдэл: (21)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.9.43.135) 2017-09-13 18:16:15
    Huudee tsaashdiin bvteeld n ilvv ih amjilt buteeliin husie
  2. Зочин (37.216.228.178) 2017-09-12 21:14:23
    амжилт хүсье
  3. Зочин (71.219.113.139) 2017-09-11 13:27:12
    mundag zaluu bn aa.. amjilt husey
  4. Зочин (122.201.17.54) 2017-09-11 12:39:29
    Ховд нутгийн зөвлөлөөс байр машинаар шагнах хэрэгтэй.
    1. Зочин (66.181.187.18) 2017-10-09 18:19:45
      xaxa neern tiishdee!!!
    2. Зочин (182.160.38.13) 2017-10-10 14:35:13
      Энэ залуу өөрөө байр, машин битгий хэл байр сууриа олчихсон байхад юу яриад байна. Жилийн дор хаяж 100,000$ цалинтай байгаа.
  5. selenge (66.181.160.124) 2017-09-09 22:24:28
    Mundag zaluu bn amjilt husey
  6. вал (66.181.160.66) 2017-09-09 00:08:38
    Ховд нутгийн нэрийг мандуулж яваа нутгийн дүүдээ цаашдийн ажилд нь амжилт хүсэе.
  7. зочин (103.26.195.128) 2017-09-08 22:18:47
    МУНДАГ ЮМАА МАНАЙ ЗАЛУУС ИХ ЗҮЙЛ ХИЙЖ БҮТЭЭНЭ
  8. Orgil (112.72.9.98) 2017-09-08 14:38:53
    Ховдын 88, 89 оны олон залуусын төлөөлөл амжилттай, бас сонирхолтой амьдарч байгаа нь таалагдаж байна шүү.
  9. Зочин (202.70.46.222) 2017-09-08 07:06:16
    shutej amidrii da hehe
  10. Зочин (182.160.0.158) 2017-09-07 23:45:08
    neg hunii kompany baiguulaach
  11. Buyanaa (103.212.116.74) 2017-09-07 22:58:51
    Mundag zaluu shuu. Amjilt husey
  12. Amaraa (103.10.21.82) 2017-09-07 22:30:35
    Oyunerdene bagshaa taniig shutye, mundag bna amjilt
  13. Zochin (66.181.184.19) 2017-09-07 22:08:48
    Mundag shuu amjilt husiii
  14. Bazaraa (66.181.185.67) 2017-09-07 22:06:45
    mundagaa amjilt husey :)
  15. Зочин (103.212.119.198) 2017-09-07 20:35:38
    uneheer mundag bna shuu amjilt husie
  16. Зочин (66.181.184.12) 2017-09-07 18:28:13
    baharhaad barshguiee duudee ulam ihiig hiij buteehiig husen erooe ah egch 2 mundag huutei yumaa baharhaj bna
  17. boloroo (112.72.9.162) 2017-09-07 16:09:49
    Amjilt uneheer mundag ymaa tsaashdaa iluu ihiig hiij buteegeerei
  18. Orhon (202.179.26.115) 2017-09-07 13:32:23
    mundag zaluu bn amjilt husye
  19. Зочин (24.13.47.123) 2017-09-07 10:59:25
    mundag bna ,surah sanaa avah zuil bna ty

Танд санал болгох