• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Т.Навчаа: Хүүхдийн өвчлөлд гурван хүчин зүйл нөлөөлж байна

iToim агентлаг “Эрүүл Монгол” булангийнхаа энэ удаагийн зочноор Зинт клиникийн хүүхдийн эмч, Анагаах ухааны доктор Т.Навчааг урьж, 0-6 хүртэлх насны өвчлөл эндэгдэл болон өсвөр насны хүүхдийн зан байдлын талаар ярилцлаа.

-Таны TEDX-д тавьсан илтгэлийг маш олон хүн сонирхсон байсан. Сэдэв сонирхолтой, хүмүүст чухал мессэжийг өгөхийг зорьсон байна. Хоёулаа TEDX-д тавьсан илтгэлээс ярилцлагаа эхлүүлье?

-TED гэдэг нь анх Америкт 1984 оноос зохион байгуулж эхэлсэн үйл ажиллагаа юм. Нийгэмд бодохгүй, анхаарахгүй байж болохгүй чухал асуудлыг илтгэгч хөндөж маш богино хугацаанд ярьдаг онцлогтой. Монгол залуус яавал эрүүл саруул өндөр боловсролтой байх вэ, хүүхдээ хэрхэн эрүүл бие, саруул ухаантай болгож өсгөж чадах вэ гэдгээр нийгэмд нөлөөлөхүйц илтгэл тавиач гэдэг санал надад ирсэн. Эцэг эхчүүд эрүүл мэндийн боловсролтой байх юм бол хүүхэд эрүүл саруул байна.

Илтгэлийн үндсэн санаа нь хүүхдийн бие, сэтгэцийн хувьд эрүүл байх, ирээдүйд эрүүл хүн болох эсэх нь амьдралын эхний 1000 хоногт шийдэгддэг. Үүнийг манайхан сайн ойлгодоггүй. Хүүхдээ том болохоор нь хүмүүжүүлнэ, сайн сургуульд оруулна, сайн хүн болгоно, аливааг ойлгодог болохоор тайлбарлаж өгнө гэх мэтээр боддог. Энэ байдал нь зүйтэй биш гэдгийг залууст, нийгэмд ойлгуулахыг хичээсэн. Эхийн хэвлийд дөнгөж бүрэлдэж байхад эхийн идэж буй хоол хүнс, төрснөөс хойш эхний хоёр жилийн хугацаанд идэж буй хоол хүнс тухайн хүний хэтийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй байдаг. Мөн хүүхдийг ураг байхаас хөгжүүлэх нь нэн чухал. Ингэснээр хүүхэд ирээдүйдээ эрүүл, ухаантай болно гэдэг нь TED X-ийн илтгэлийн гол санаа байсан.

-Таны бодлоор манай нийгэмд эрүүл мэндийн боловсрол ямар төвшинд байна вэ?

-Ер нь маш дутмаг байна. Энэ нь тогтолцооны алдаа юм л даа. Социализмын үед хүн өвдөхөд эмч дээр очно. Эмч бүгдийг шийддэг байсан. Ерөөсөө эцэг эхтэй ярилцаж, эцэг эхийн саналыг сонсож, хамтарсан шийдвэр гаргадаггүй байлаа. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эмч, эмнэлгийн байгууллага хариуцна гэдэг байсан юм. Гэтэл өнөө үед ээж, аав юмуу, өвчтөн эмч хоёр харилцан ярилцаж шийдвэр гаргадаг. Хүүхдийн эцэг эх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрийн амь нас эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой болсон. Мөн хүүхдийн өсөлт хөгжилт, амь насыг эцэг эх нь хамгаална. Харин үүнд эмнэлгийн байгууллага тусална гэсэн хуультай. Эрүүл мэндийн боловсролыг хэд хэдэн янзаар авч болно. Жишээлбэл, хэн нэгэн эмчид хандахад эмч тухайн хүнд эрүүл мэндийн боловсрол олгох ёстой. Мөн өөрсдөө найдвартай эх сурвалжаас уншиж судална. Мөн эрүүл мэндийн байгууллагууд янз бүрийн лекц, сургалт явуулж байдаг. Эдгээрийг ашиглаад ээж, аав нар эрүүл мэндийн мэдлэг, боловсролтой болох юм.

-Манай улсын 0-2 хүртэлх настай хүүхдүүдэд ихэвчлэн ямар өвчний шинж тэмдэг илэрч байна вэ?

-Манай улсын 0-2 настай хүүхдийн хувьд амьсгалын замын өвчин, суулгалтын өвчлөл эхний 1,2-рт эрэмбэлэгддэг. Амьсгалын замын өвчин гэдэг нь ханиад, томуу, хатгалгааг хэлнэ. Харин манайд уушгины хатгалгааны вакцин нэвтэрсэн учраас өвчлөл, эндэгдэл буурна гэж итгэж байна. Мөн томуугийн вакцин хийж байгаа болохоор амьсгалын замын өвчлөл эндэгдлийг бууруулна гэж харж байгаа. Гэхдээ суулгалтын вакцин Монголд байхгүй. Энэ нь өндөр үнэтэй вакцин байдаг. Тиймээс хүүхдийн суулгалтын вакцин нэвтрүүлбэл өвчлөлийн хэмжээ буурч, өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд очих болов уу гэж бодож байна.

-0-2 настай хүүхдийн өвчлөлийн дийлэнх нь амьсгалын замын өвчлөл, суулгалт юм байна. Тэгвэл уг өвчнийг үүсгэж буй шалтгаан нь юу байна вэ?

-Нэгд, хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн хөгжөөгүй үед хүүхэд илүү өвчлөмтгий байдаг. Хоёр нас хүртэлх хүүхэд олон өвдөж байгаа нь дархлааны тогтолцоо гүйцэд хөгжөөгүйтэй холбоотой . Хоёрт, ариун цэвэр, эрүүл ахуй. Гудамжинд, дуртай газраа хүссэн үедээ нус, шүлсээ хаяж, том жижиггүй бие засаж байна. Хүүхдээ шээе гэхэд хаана ч хамаагүй шээлгэдэг. Ханиад, томуугийн вирус агаарт нэг сар хадгалагдан хатаж, хуурайшаад салхи гарангуут хүний ам хамарт ордог гэсэн үг. Томчууд яагаад өвдөх нь бага байна вэ гэхээр дархлаа нь тогтсон учраас гаднаас ирж буй нян вирусийг эсэргүүцэн устгах чадвартай байгаа юм. Үүнээс гадна агаарын бохирдол энэ насны хүүхдүүдийн өвчлөлд маш их нөлөөлж байна.

Эрүүл мэндийн боловсрол муу байгаагийн нэг илрэл нь ханиаж, найтаахдаа ам хамраа дарж, нэг удаагийн цаас хэрэглэдэггүй явдал. Энэ нь хүүхдийн хамар, аманд орж, өвчин үүсгэх нөхцөл болж байна. Харин хүн болгон салфетка, нусны алчуур халаасандаа хийгээд явдаг байхаас гадна хэрэглэсэн цаас, салфеткаа хогийн саванд хаях хэрэгтэй.Тэгээд байнга гараа угааж хэвших нь чухал шүү дээ. Хүүхдээ салхилуулахдаа олон хүн, замын хөдөлгөөн ихтэй газар салхилуулахгүй байх хэрэгтэй.

Суулгалтын хувьд зөвхөн вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой. Эмчилгээний хувьд цайрын бэлдмэлийг эрт өгч эхлэх хэрэгтэйг ДЭМБ зөвлөдөг. Монгол Улсад анх удаа хүүхдэд зориулсан цайрыг бид оруулж ирсэн байгаа. Энэ бол эмийн сангуудаар худалдаалж байгаа шингэн, цэвэр цайрын бэлдмэл, Цинк Глюконат юм. Үр дүн нь нотлогдсон бэлдмэл.

ХҮҮХДЭЭ ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙГАА НЬ БАЙЖ БОЛОМЖГҮЙ АСУУДАЛ

-0-2 насны хүүхэдтэй эцэг эхчүүд юуг илүү анхаарах вэ?

-Энэ үед ээжүүд аль болох хүүхдээ хөхөөр хооллох нь чухал. Сүүлийн үед ээжүүд хүүхдээ төрүүлсний дараа маш хурдан хугацаанд ажилдаа орж байна. Эдийн засаг, амьдралын нөхцөлөөс хамаараад ч тэрүү хүүхдээ гурван сартай байхад ажилдаа ордог болжээ. Ээж нь ажилдаа эрт орсон ч тухайн ажлын газар хүүхдээ хөхүүлэх цаг, боломжийг өгдөг, эсвэл хүүхэд харж байгаа хүн нь хүүхдийг ажил дээр нь аваачиж хөхүүлэх нөхцөл боломжоор хангах хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ вакциныг цаг тухайд нь хийлгэх нь чухал. Социализмын үед эцэг эхчүүд хүүхдийнхээ вакциныг цаг тухайд нь хийлгэдэг байсан. Гэвч сүүлийн үед вакцинаас татгалздаг болсон байна. Энэ бол байж болохгүй асуудал. Гуравт, хүүхдийн хооллолт маш чухал. Манай улсад шим тэжээлтэй жимс, ногоо цөөн байнга идэх боломж хомс байдаг. Төмс, лууван, манжингаас шим тэжээл авна гэдэг нь тийм ч хангалттай биш. Монгол эрдэмтэд судалгаагаараа эсийн төвшинд өлсгөлөн явагдаж байна гэж үзсэн. Иймээс л хоол тэжээлээс авч чадахгүй байгаа амин дэмүүдийг нөхөх зорилгоор витамин уух шаардлагатай болдог. Бид 0-4 насныханд зорилусан Ди-Вайт, Три-Вайт, Поли-Вайт гэдэг шингэн витамин АНУ-аас оруулж ирдэг. Эцэг эхчүүд сайн мэддэг. Дөрөвт, аз жаргалтай, инээд хөөр, баяр баясгалантай амьдрах нь чухал. Байнгын айдас, гутрал, түгшүүртэй, гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд өсч байгаа хүүхэд эрүүл байх нөхцөлгүй. Үүнээс гадна хүүхдийн хүчирхийлэл гэдэгт бид нэг асуудлыг гаргаж тавьж байгаа юм. Энэ нь хүүхдэд шаардлагаггүй, эм бэлдмэл өгч байгаа нь нэг талаараа  хүүхдийг хүчирхийлж байна гэсэн үг. Хүчирхийлэл гэхээр хүүхдэд гар хүрэх эсвэл сэтгэл зүйн хувьд дарамттай байхыг хэлэхгүй. Иймээс залуус хүүхдээ эрүүл зөв орчинд хооллож, ундлах чадвартай болчихоод гэр бүл болох нь өнөө цагийн шаардлага гэж болно.

-Ээжүүд хүүхэддээ хөхөө хөхүүлдэг ч хажуугаар нь нэмэлт хоол өгдөг. Тэгэхээр дан хөхөөр хооллоно гэдэгт дэлгэрэнгүй тайлбар хэлэхгүй юү?

-Эхний зургаан сар хүүхдийг дан хөхөөр хооллоно. Өөрөөр хэлбэл ус, чихэртэй цай өгөхгүй. Хөхний сүү эхний зургаан сард хоолны болоод ундны бүхий л хэрэгцээг хангана. Халуун байхад ээж хүүхдээ цангаж байгаа гэж бодвол хөхөө л хөхүүлэх нь зөв. Харин хөхний сүүнээс өөр шингэн эсвэл ус уулгахгүй байхыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Учир нь өөр шингэн өгснөөр хүүхэд хөхөө бага хөхнө. Хүүхдийн жижигхэн ходоодны тал нь усаар дүүрчихээр хөхөө бага хөхдөг юм.Тэгэхээр хүүхдийн жин нэмэгдэхгүй, өсөлт хөгжилтөд нөлөөлнө. Хүүхэд хөхөө бага хөхөөд эхлэхэд хөхний сүүний гаралт багасдаг. Мөн  булаг, шанд гол горхины буюу баталгаагүй усыг хүүхэддээ өгвөл гэдэсний халдварт өвчин тусч хүнд байдалд орох эрсдэлтэй. 

-Шим тэжээлтэй жимс, ногоо цөөн байгаа гэж ярилаа. Тэгэхээр мах, сүүнээсээ шим тэжээл авах нь хангалтгүй гэсэн үг үү?

-Манай монголчуудын хүн амын дийлэнх нь мах,сүү, гурил идэж байгаа. Харин махнаас уураг, төмөр авдаг ч бусад амин дэмүүдийг авч чадахгүй. Жишээлбэл, сүүнээс кальци авна, гэтэл бусад амин дэмүүдийг өгдөггүй. Гэтэл бусад амин дэмүүийг жимс ногооноос авах болдог. Хүүхэд зургаан сар хүрээд төрөл бүрийн ногоо, жимс идэж байх ёстой. Тэгэхээр монголчууд хүүхэддээ витамин уулгахаас өөр аргагүй болж байгаа юм.

-Хонины сүүлийг хүүхэддээ хөхүүлэх нь байдаг. Энэ нь хүүхдэд сайнаар нөлөөлөх үү?

-Эхний зургаан сар хүүхдэд хонины сүүл хөхүүлж болохгүй. Харин зургаан сараас хоёр нас хүртэл хөхүүлэхэд сайнаар нөлөөлнө.

-Хүүхэд мөлхөж эхлэх үед эцэг эхчүүд юуг анхаарах вэ?

-Хүүхэд мөлхөж, хөлд ороод ирэхээр ахуйн осолд орох эрсдэл байдаг.Тухалбал, тогонд цохиулах, өөр рүүгээ халуун ус, цай татах, ширээ мөргөх, цохих, юмнаас унахыг хэлнэ. Тэгэхээр энэ үед хүүхдийнхээ гар хүрэхгүй газар эм тариагаа хадгалах, шат, орны хаалт тавьж хүүхдийг ахуйн осол гэмтлээс сэргийлэх хэрэгтэй. Иймээс томчуудын анхаарал халамж, хүүхдийн хөлд орж байх үед маш чухал.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ХОЁР НАС ХҮРЭХЭД НИЙГЭМШИХҮЙН ХӨГЖИЛД НЬ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ

-Тэгвэл хоёр настай хүүхэдтэй ээжүүд юунд илүү анхаарах вэ?

-Хоёр нас хүрэхэд эцэг эхчүүдийн хүүхдийнхээ нийгэмшихүйн хөгжилд анхаарах нь зүйтэй. Үүний хамгийн чухал нь хэл ярианы хөгжил. Хүүхэдтэйгээ маш сайн ярих, дуу дуулж өгөх, шүлэг, зурагтай ном уншиж өгөх, хүүхдээ дагуулан хүүхэлдэйн театр, цирк, мүзей, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн паркаар явахыг зөвлөе. Мөн хүүхдээ өөр хүүхэдтэй тоглож сургах, аливааг хуваахад сургах, бие биендээ туслах, ээж аавдаа туслах, хувцсаа эвхээд хийдэг юм уу, хоолоо идээд аяга тавгаа хураадаг ч юм уу, нийгэмшихүйн хөгжилд анхаарах хэрэгтэй.

-3-5 нас хүртэлх хүүхдийн өвчлөл эндэгдлийн тухайд?

-Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдэл гэвэл суулгалт, амьсгалын замын өвчин байна. Хүүхэд таван нас хүрээд өвчлөх нь эрс цөөрдөг. Энэ насны хүүхэд ариун цэвэр эрүүл ахуйн наад захын дадалтай болчихдог.

-Хүүхдийн өсөлт, хөгжилтөд юу хамгийн сайн нөлөө үзүүлж, чадах вэ?

-Хоол хүнснээс гадна хоёроос дээш насанд хөдөлгөөн маш чухал. Байнга үсэрч харайж, гүйж тоглох буюу хөдөлгөөн чухал нөлөөтэй. Монголчууд эрүүл биед саруул ухаан оршино гэдэг. Хүүхэд бие болоод сэтгэцийн хувьд эрүүл байвал аливаа зүйлийг сурч, мэдээд хийж чадна. Хүүхдээ хөгжүүлэх сургалтуудад хамруулах нь зүйтэй. Ингэхдээ хүүхдийнхээ авьяас болоод сонирхлыг харах хэрэгтэй. Биеийн тамир, дасгал хийж, булчин шөрмөсөө ажиллуулах чинээгээр уураг тархины хөгжил сайн байдаг. Биеийн тамирийн хичээл нь хангалттай цагаар чанартай хичээллэдэг сургуулиудын сурлагын амжилт нь өндөр байдаг гэдгийг шинжлэх ухаан тогтоосон байдаг. Ийм болохоор өндөр хөгжилтэй орнууд хүүхдийг удаан суулгалгүй ихэвчлэн тоглоомын аргаар дасгал, биеийн тамираар хичээлээ заадаг.

Харин манайхан хүүхдийг маш удаан суулгадгаас хүүхдийн таргалалт ихсэж байна. Ерөөсөө биеийн тамир, спортоор хичээллэхгүй, зохисгүй хооллосноос хэт таргалж байгаа юм. Хүүхдэд багаас нь хоол хэт идүүлээд байхаар хүүхэд хоолны дуршилтай болж, жоохон том болоод ирэхээр болиулах аргагүй болно. Тиймээс хүүхдийн жинг нярайгаас нь эхлээд барих хэрэгтэй.

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙГ АНХААРЛЫН ГАДНА ОРХИСНООС ЭРСДЭЛТ АЛХАМ ХИЙЖ БАЙНА

-Зургаан настай хүүхэд дөнгөж сургуульд ороод ихэвчлэн бухимддаг. Энэ нь эрүүл мэндэд нь хэр нөлөө үзүүлэх вэ?

-Хүүхдээ сургуульд орохоос нь өмнө бэлдэхийг зөвлөдөг. Эцэг эхчүүд хүүхдээ зуны гурван сар зусланд юм уу, хөдөө байлгаж байгаад гэнэт есөн сарын 1-нд сургуульд оруулахаар хүүхэд стресстэж байгаа юм. Сургууль гэж юу байдаг, юм сурах гоё гэдгийг ойлгуулж, хүүхдээ магтан, шагнах, дэвтэр номыг нь бэлдэж өгөх, сургууль дээр өмнө нь хоёр гурван удаа аваачиж, багштай нь танилцуулаад анги танхимыг нь үзүүлэх, хичээлдээ суусны дараа даалгаваар аваад гэртээ харина гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Хүүхэд нэг ч удаа очиж үзээгүй орчинд ирэхээр маш их айна. Тэгэхээр хүүхдээ айлд орхиод бага багаар дасгаж болно. Манайхан хүүхдээ сургуульд ороход бэлддэггүйгээс хүүхэд гэнэт танихгүй орчин очоод айж, стресстдэг. Энэ нь өвчин болно. Ой ойрхон шээдэг, нүдээ анивчдаг, хуруугаа хөхдөг, хумсаа иддэг зэрэг янз бүрийн зуршилтай болохоос гадна айдас, гутралтай хүүхэд болно. Ингэхээр сурлагын амжилтад сөргөөр нөлөөлнө.

-Хүүхдээ эрүүл саруул өсгөхийн гол үндэс нь юу вэ?

-Гэр бүл өөрөө аз жаргалтай байх хэрэгтэй. Гэр бүл азжаргалтай, бат бөх байх чинээгээр хүүхэд эрүүл саруул байна. Цэцэг тарьдаг хүмүүс хэлдэг шүү дээ. “Цэцгийг хайрлаад л байвал ургаад  байдаг” гэдэг. Үүнтэй адил хүүхдийг хайрлаад л байвал эрүүл саруул ухаантай болж өсдөг байна. Тухайлбал, хүүхдэд олны дунд муу дүн тавьж, хүүхдийг муу дүнгээр дуудах нь хүүхдэд сэтгэхүйн цохилт өгч, хүүхдийн ирээдүйн хүсэл эрмэлзлэл, өөртөө итгэх итгэлийг үгүй болгож байгаа юм. Хүүхдийг хайрлаж, магтаж, урамшуулах ёстой. Гэтэл эмчээр тариа хийлгэнэ, харанхуй өрөөнд цоожилно шүү гэх маягаар хүүхдээ айлгах нь эрүүл саруул өсөхөд сөргөөр нөлөөлнө. Иймд одоогийн залуус гэр бүл болохдоо маш сайн бэлдэж, төлөвлөх хэрэгтэй байгаа юм. Ээж аав болохдоо эдийн засаг, орон байр, ааш зангийн хувьд бэлдэх ёстой. Ингэснээр л эрүүл саруул хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ.

-Таны хувьд өсвөр насны хүүхэд юунаас болж эрсдэлтэй алхам хийж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа вэ?

-Өсвөр насны хүүхдийг анхаарлын гадна орхидог. Хүмүүс ихэвчлэн хүүхдээ хичээлд нь яв, хоолоо идээд хичээлээ хий гэдэгт л анхаардаг. Гэтэл ямар хүмүүстэй найзлаж нөхөрлөж, ямар мэргэжил сонгох вэ, дуртай зүйл нь юу вэ, хичээл дээр нь ямар бэрхшээл байна вэ гэх мэтээр хүүхдээсээ асууж ярилцдаггүй. Тэгэхээр хүүхэд сэтгэл гутралд орж,амиа хорлох эрсдэлтэй алхам хийх нөхцөл болж байгаа юм. Эцэг эх нь хүүхэддээ цаг гаргаж ярилцаж байх ёстой.

Өсвөр насны хүүхдэд маш их бэрхшээл байгаа. Жишээлбэл, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл, мөнгө төгрөгний асуудал гарч ирдэг. Энэ үед тухайн хүүхдэд янз бүрийн бодол орж ирнэ. Эцэг, эх хүүхэдтэйгээ ярилцаж, асуудлыг нь аль болох шийдэж өгөх хэрэгтэй. Хүүхэд өөрөө асуудлаа шийдэх гэж оролдохоор хүүхэд биеэ үнэлэх, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдвар, тоглоомонд донтох, сэтгэл гутралд орж амиа хорлох оролдлого хийж байна. Тиймээс эцэг эх өсвөр үеийн хүүхдүүдэд цаг гаргаж нээлттэй ярилцах ёстой. Хүүхдээ нэгдүгээр ангид орохоор хичээлийг нь шалгаж, багштай нь ойр ойрхон уулздаг байснаа том ангид ороод ирэхээр анхаарахаа больдог. Гэтэл өсвөр нас бол хүүхэд наснаас том хүн болох шилжилтийн үе учраас хүүхэд маш их анхаарал шаарддаг.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-05 11:01:45


Нийт сэтгэгдэл: (9)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Soko (103.26.193.114) 2017-09-26 09:47:00
    mash shan todorhoi medeelel ugsund bayarlalaa, ulam ih amjilt husie
  2. irgen (43.242.243.20) 2017-09-06 16:43:22
    Ih sain emch.Ih engiin ,Tymennast emch 2 ulaa mundag.hyndetgej yavdag shyy.
  3. Zochin (103.229.123.182) 2017-09-05 20:57:44
    Nabchaa mine saihan oilgomjtoi heregtei Medeelel bailaa.
  4. solongo (103.26.194.153) 2017-09-05 19:11:57
    Mash heregtei medeelel bna. olon niited iim medeelel bainga hurgej bh heregtei. Amjilt husiy
  5. zochin (202.9.42.135) 2017-09-05 17:09:48
    I[h bayarlalaa.Olon khun unshaasaia bilee.
  6. zochin (66.181.186.223) 2017-09-05 16:43:35
    sn bnuu emchee tanitai ochij huuhdee uzuuleh bolomjtoi yu??? holbogdoh dugaaraa ogch boloh u???
    1. Emch (103.229.120.40) 2017-09-06 06:59:31
      99050949
  7. Зочин (66.181.176.80) 2017-09-05 13:34:08
    heregtei medeelel bn bayarlalaa
    1. zochin (112.72.11.104) 2017-09-06 22:43:13
      Mundag emch..erythromycin mending bolo virology much ball Hynes yjlono shdee

Танд санал болгох