• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

О.Одбаяр: Гашуунсухайт боомтод 500 автомашины зогсоол барина

“Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяраас Гашуунсухайт боомт дээр үүсээд байгаа зарим асуудлаар тодрууллаа.

-Гашуунсухайт боомт дээр нүүрсний тээврийн хэрэгслүүд нэлээд урт дараалал үүсгэсэн мэдээлэл гараад удаж байна. Эл асуудлыг шийдэхийн тулд Хятадын талтай яриа хэлэлцээр хийх хэрэгтэй байгааг хөрөнгө оруулагчид сануулж байна. Энэ чиглэлд ямар ажил хийж байна вэ?

-Гашуунсухайт зам дээр өнөөдрийн байдлаар 160 гаруй км урт дараалал үүссэн байгаа . Сарын өмнө Гашуунсухайт боомтоор өдөрт 1600 гаруй автомашин гарч байсан бол өнөөдөр 500 орчим автомашин л гарч байна. Өөрөөр хэлбэл, хил дээр тээврийн хэрэгслийн нэвтрэлтийн гуравны хоёр нь байхгүй болсон байна. Энэ байдал удаан үргэлжилбэл оны эцэст төлөвлөж байсан хэмжээнд нүүрс тээвэрлэж чадахгүй. Өнөөгийн тээвэрлэлтийн байдлыг өнгөрсөн жилтэй харьцуулахад хэд дахин нэмэгдэж, борлуулалт сайн байгаа. Гашуунсухайт замаар долоон сарын байдлаар 20 сая тонн нүүрс тээвэрлэж, экспортод гарсан байна. Зургадугаар сарын сүүлд гаргасан тооцоогоор энэ жил Гашуунсухайт авто замаар 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой гэж үзсэн. Гэтэл хил гааль дээр үүссэн асуудлаас болж тээврийн хэрэгслийн нэвтрүүлэх чадвар муудаад байна.

-Хятадын тал яагаад тээвэрлэлтийг удаашруулаад байгаа юм бэ. Гол шалтгаан нь юу вэ?

-Хил гаалийн асуудал нь ганцхан худалдаж авагч талаас шалтгаалаагүй. Бидэнд, дотоодод ч асуудал байна. Үнэнийг хэлэхэд, тээвэрлэгчид ачсан нүүрснийхээ дунд мах болон бусад хориотой зүйлсийг ихээр тээвэрлэж байна. Үүнээс шалтгаалж Хятадуудын монголчуудад итгэх итгэл буурч, хилийн шалгалтаа чангаруулах, хяналтаа нэг бүрчлэн хийснээс нэвтрүүлэлт удааширч байна. Өмнө нь Хятадын тал нэг минутад нэг машин гарган, маш шуурхай ажиллаж байсан. Тэгэхээр энэ асуудалд ганцхан Хятадын талыг буруутгах биш, тээвэрлэгч байгууллагууд өндөр сахилга баттай байх шаардлагатай байна. Сард дөрөв гардаг жолооч сардаа хоёр гарсанаар жолоочийн орлого, тухайн тээврийн хэрэгслийн компанийн орлого буурна гээд бүх талуудад сайнаар нөлөөлөхгүй. Тиймээс хаана, хаанаа асуудалд анхааралтай хандах ёстой. Мэдээж хяналт шалгалтыг хөнгөлөх талаар хоёр улсын Засгийн газар ярилцана. Өнөөдрийн нөхцөлд манайх худалдан авагч талын хууль дүрмийг тодорхой хэмжээнд дагаж мөрдөх шаардлага үүсч байна.

-Энэ жилийн хувьд Гашуунсухайт замыг зассан уу?

-Засвар хийж, Гашуунсухайт замыг дөрвөн эгнээтэй болгосон. Өдөрт 65 тоннын даацтай том оврын олон мянган тээврийн хэрэгсэл зорчиж байгаа учраас зам байнга эвдрэл үүсдэг. Тиймээс эвдрэл үүссэн хэсгийг хэсэгчлэн зассан. Удахгүй Гашуунсухайт боомт дээр 500 автомашины зогсоол барих ажлыг эхлүүлнэ. Жолооч нар зогсоолд машинтайгаа хоноод ээлж нь ирэхээр хилээр нэвтрэх боломжоор хангана. Энэ жил "Эрдэнэс Монгол" компаниас Гашуунсухайт замыг засварлахад 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хуваарилсан. Байнгын засвар үйлчилгээг хийж, жолооч нарын аюулгүй байдлыг хангах үүднээс гэрээт цагдаа авч ажиллуулж байна. Боломжтой бүхий л арга хэмжээг авч байгаа. Одоо тээвэрлэж, тээвэрлүүлж байгаа гээд бүх төвшинд хариуцлагатай байх хэрэгтэй байна. Ингэхгүй бол асуудал даамжирна.

-Автомашины зогсоол хэзээ ашиглалтад орох вэ?

-Зогсоол гурван сарын дараа ашиглалтад орно.

-Ирэх саруудад нүүрсний экспорт ид идэвхжинэ. Гэтэл тээвэрлэлт удааширч байгаагаас боломжоо алдах эрсдэл байна шүү дээ?

-Нүүрсний экспорт идэвхждэг улирал нь ирж байна. Гэтэл өдөрт 500 машин гаргаж байгаа тээвэрлэлтээрээ явбал өнгөрсөн жилээс биет хэмжээ давж биелэх ч зах зээлийн бодит боломжоо алдана. Нүүрсний үнэ өсөлттэй байгаа боломжиндоо хангалттай төвшинд гаргаж чадахгүй гэсэн үг.

-Дотооддоо хариуцлагатай байх талаар тээвэрлэгч компани, жолооч нарт ямар чиглэл өгч байгаа вэ?

-Тээвэрлэгч компаниудтай байнга уулзаж, сануулж байгаа. Тээвэрлэгч компанийн удирдлагуудад жолооч нарын аюулгүй байдал, эрүүл мэнд, амрах орчныг бүрдүүлэх талаар зөвлөмж, чиглэл байнга өгдөг. Бүх асуудлыг зам руу чихэж болохгүй. Компаниудын хувьд ч нийгмийн асуудал, хүн хоорондын харилцааны асуудлаа шийдэх ёстой юм. Энэ шаардлагыг тавьж байгаа.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-05 08:00:01


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох