• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Ц.Баатархүү: Ц.Сандуйг огцруулах асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан Намын Бүлэг өнөөдөр НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хэлэхдээ “Төрийн албыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодитой болохыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй олон гишүүн нь хүлээн зөвшөөрсөн. Дээрх 60 тэрбумын гэх үйлдэл нь төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, албан тушаал эрх мэдлийн арилжааг хөхиүлэн дэмжсэн, авлигын нууц сүлжээг санаачилсан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг санаархсан маш ноцтой гэмт хэргийн шинжтэй, ёс зүйгүй үйлдэл байтал эрх баригч намын Удирдах Зөвлөл нэр бүхий албан тушаалтнууддаа хариуцлага тооцох биш хаацайлах, хамгаалах оролдлого хийсээр байгаа нь олон нийтийн зэвүүцлийг төрүүлж байна. Иймд НИТХ дахь Ардчилсан Намын Бүлэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24-р зүйлийн 24.1 дэх хэсэг, НИТХ-ын хуралдааны дэгийн 6.1 дэх хэсгийн дагуу НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж байна” гэлээ.

Энэ талаарх зарим зүйлийг НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархуягаас тодрууллаа.

-Энэ асуудлыг НИТХ-ын энэ сарын хурлаар хэлэлцэх боломжтой юу. Хуулийн дагуу хэчнээн гишүүн хурлын даргаа огцруулахыг дэмжиж, ямар процедурын дагуу хэлэлцэх боломжтой вэ?

-НИТХ-ын нийт төлөөлөгчдийн 3.2 хувь нь гарын үсэг зурсан тохиолдолд ээлжит бус чуулган зарладаг. Нийт 45 төлөөлөгчийн 30 нь огцруулах саналыг дэмжиж гарын үсэг зурснаар ээлжит бус чуулганыг зарлах хуулийн заалт байдаг юм. Харин ээлжит чуулган буюу сар бүрийн дөрөв дэх өдөр хуралдаанд хэлэлцэх асуудлын жагсаалтад НИТХ-ын даргын асуудлыг хэлэлцүүлье гэдэгт МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч, АН-ын 11 төлөөлөгч дэмжиж байгаа юм. Ийм учраас НИТХ-ын наймдугаар сарын 31-нд болох хурлаар НИТХ-ын даргын асуудал хэлэлцэгдэнэ.

-60 тэрбум төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодитой болохыг юугаар нотолж байна вэ?

-НЗТГ-т байгаа ажилтнуудыг халсан сольсон асуудал, 60 тэрбумтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Бид НИТХ-аар баталсан ёс зүйн дүрэмтэй учраас ёс зүйн хариуцлагын асуудал ярина. Мөн нэгд, НИТХ-ын анхдугаар чуулган дээр хэлж байсан. “Хэрвээ энэ асуудал үнэн болох юм бол ажлаа өгнө” гэж амласан бичлэг НИТХ-ын архивт байгаа.

Хоёрдугаарт нийслэлийн төсвийн хөрөнгөөр 16 сургууль, цэцэрлэгийн ажил энэ хавар эхэлсэн байх учиртай. Үүнээс долоо нь огт эхлээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл зарим ажил нь дуусах хувьдаа очих, гүйцэтгэлийг яригдах байтал долоо нь огт эхлээгүй, дөрвөн сургууль, цэцэрлэгийн ажил 50 хувийн гүйцэтгэлд хүрээгүй байна. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр эрх баригч нам тухайн үед ярьж байсан мэргэжлийн Засгийн газар мэргэшсэн байна. Ажлыг үнэхээр сайн явуулна гэж ард иргэдэд амалж байсан зүйл нь үндсэндээ худал болсон байна. Мөн эрх баригч намын тухай Улаанбаатар хотыг хөгжүүлэх, хөгжлийн бэлэн бодлого байгаагүй гэдэг нь харагдаж байна. Өдөр ирэх тусам батлагдаж байна. Үнэндээ хүүхдийн мөнгийг өгнө, өгөхгүй, приус машины татварыг авна, авахгүй гэх мэтээр эргэж буцсан шийдвэрүүд гаргаж байна гэдэг бол улс орныг хөгжүүлэх хөгжлийн бэлэн бодлогогүй юм байна гэдэг нь харагдаж байгаа. НИТХ-ын сонгуулиар хэлэхдээ айл бүрийг байртай болгоно гэж НИТХ-ын сонгуульд өрсөлдөж, 34 суудал авсан. Дараа нь, Засаг даргынхаа мөрийн хөтөлбөр дээр айл болгоныг ажилтай болгоно гэсэн зорилт дэвшүүлж байсан ч өнөөдөр ажилгүйдлийг бууруулах чиглэлээр бүтэн нэг жил өнгөрч байхад нэг ч төсөл хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлж, явуулсангүй. Үүнийг дүгнээд үзэхэд эрх баригч нам бол Улаанбаатар хотыг хэрхэн хөгжүүлэх талаар ойлголт, мэдлэг, мэдээлэл байхгүй байна гэдэг харагдаж байна. Иймээс АН-ын бүлэг ажил хэргийн зөвлөгөө, шаардлагыг өргөн барьж байна.

Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт зөрчсөн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нэр бүхий хороодын засаг даргын сонгуулийг одоо хүртэл явуулаагүй байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь МАН-аас сонгогдсон байдаг. Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт мөн адил Засаг дарга нарыг шууд булааж авсан. Бүх төвшиндөө МАН- олонх болчихоод байна. Харин иргэд хороон даргаараа АН-н хүнийг сонгоход “АН-ынхан түрий барьж байна” гэж гонгинох шаардлагагүй гэж бодож байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-21 13:03:30


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох