• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Дэлхийн тойм: АНУ, Хойд Солонгосын хурцадмал байдал намжсан ч Исламын бүлэглэлийн халдлага дэлхийг түгшээв

Өнгөрч буй долоо хоногт АНУ, Хойд Солонгос хооронд ширүүссэн зөрчил намжсан ч террорист халдлагатай өдрүүд үргэлжилсэн долоо хоног болж өнгөрлөө. Сайн муу хосолсон эдгээр өдрүүдэд дэлхий дахинд Монголын талаар анхаарлаа хандуулсан мэдээ, мэдээлэл гарсан. Технологийн салбар шинэ содон нээлт ихтэй байв. Улс төр, нийгэм эдийн засаг, техник технологи, соёл урлаг гээд салбар бүрийн анхаарлаа хандуулсан үйл явдлын онцлох мэдээ мэдээллийг тоймлон хүргэе.  

Гуамыг тойрсон шуугиан намжиж, зөрчил багаслаа

Өнгөрсөн өдрүүдэд Хойд Солонгос, АНУ хоёр талаас хүчтэй мэдэгдлүүд гаргаж, асуудал улам бүр хүндрэн цэрэг зэвсгийн асуудал руу шилжихэд ойрхон байсан ч Хойд Солонгосын зүгээс Гуам арал руу пуужин харвахаа хойшлуулсан тухай төрийн мэдээллийн агентлагаараа дамжуулан мэдээлснээр зөрчил намжихад хүрсэн.

АНУ-ын зэвсэгт хүчин ямар ч пуужингийн довтолгоог няцаахад бэлэн болоод буйгаа мэдэгдээд, хэрвээ Гуам руу пуужин харвавал “дайн эхэлнэ” гэж хэлсэн бөгөөд энэ мэдэгдлийн маргааш Ким Чен Ун шийдвэрээ хойшлуулснаа зарласан. Тэрээр хэлэхдээ, Пхеньян пуужин харвахад бэлэн байгаа ч АНУ-ын үйлдлийг харж байж шийдвэрээ гаргана гэсэн юм. Ийнхүү Гуамыг тойрсон шуугиан намжсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп түүний энэхүү шийдвэрийг ухаалаг сонголт хэмээн сайшаасан юм.

Хойд Солонгосын эсрэг тавьсан НҮБ-ын хоригийг Хятад улс хэрэгжүүлж эхлэв

НҮБ-ын гаргасан Хойд Солонгост тавих хоригоос болж АНУ-Хойд Солонгосын зөрчил ширүүссэн билээ. Харин тэдний зөрчил намжиж эхэлсний дараа Хойд Солонгосын худалдааны гол түнш болох Хятад улс НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлж эхэлснээ зарласан.

НҮБ-ын тогтоолыг гишүүн орнууд 30 хоногийн дотор хэрэгжүүлэх ёстой бөгөөд Хятад улс есдүгээр сарын 5-ны өдөр Хойд Солонгосоос нүүрс, хар тугалга, төмөр, загасны импортоо бүрэн зогсоох болсноо зарласан ба өнгөрсөн долоо хоногоос Хойд Солонгосын боомт дээрээс Хятад руу ачаа ачихыг хориглолоо. Энэ удаагийн хориг жилд 3 тэрбум ам.долларын орлогыг нэг турбум ам.доллараар багасахад хүргэнэ гэж тооцоолж байгаа юм.

Шарлотсвиллын асуудлаар Доналд Трамп шүүмжлүүлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп шүүмжлэлээс зайлсхийх аргагүй нэгэн бололтой. Тэрээр ээлжит шүүмжлэлтэйгээ нүүр тулсан бөгөөд Шарлотсвиллын асуудлаарх мэдэгдлээсээ болж олон нийтийн дүргүйцлийг хүрээд байна.

Өнгөрсөн амралтын өдөр Шарлотсвиллд болсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч цагаан арьстнуудын зохион байгуулсан жагсаал эцэстээ эмх замбараагүй байдал үүсгэж мөргөөлдөөн бий болж, улмаар 32 настай нэгэн эмэгтэйгээс гадан хоёр цагдаа амиа алдаж, 30 гаруй хүн шархдсан. Энэхүү мөргөлдөөний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэл хийсэн ч түүнийг цагаан арьст хүмүүсийг буруутган зэмлэх байр суурь үзүүлсэнгүй хэмээн Бүгд Найрамдах намынхан төдийгүй олон хүмүүс шүүмжилсэн.

Энэ бүхний хариуд ням гаригт хийсэн Цагаан ордны мэдэгдэлд Ерөнхийлөгч Доналд Трамп цагаан арьстнуудыг буруутгасан санаагаа өөрийн мэдэгдэлдээ багтаасан гэдгийг хэвлэлийн албаны төлөөлөгч онцлон хэлсэн юм.

Барак Обамагийн жиргээ бүх цаг үеийн шилдэг жиргээ боллоо

Шарлотсвиллын асуудлаар Доналд Трамп шүүмжлүүлсэн бол өмнөх Ерөнхийлөгч Барак Обама олны ташаалыг хүртлээ. Тэрээр жиргээндээ Нелсон Манделагийн 1994 онд гаргасан "Freedom to Long Walk" намтараас эш татсан бөгөөд "Хэн ч анхнаасаа бусдыг шашин шүтлэгээр нь, арьсны өнгөөр нь ялгаварлан гадуурхдаг болж төрдөггүй юм. Хүнийг үзэн ядах гэдэг бол амьдралын явцад сурдаг зүйл. Үзэн ядахыг сурч болсон юм чинь хайрлахыг ч гэсэн сурч болно. Үүнийхээ дараа л хүн зүрхэнд нь хайр нөгөөхөөсөө ч илүү гайхалтай зохиж байгааг мэдэрдэг” гэжээ. Энэхүү жиргээд одоогоор 4.4 сая гаруй жиргээчид таалагдаж буйгаа илэрхийлж, хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татсан бүх цаг үеийн шилдэг жиргээ болж байна.

Тайванийн Эдийн засгийн сайд огцрохоо мэдэгдэв

Тайваньд тог тасарч, нийтдээ 6.8 сая өрх гэрэл цахилгаангүй болсны хариуцлагыг Эдийн засгийн сайд Ли Чих-кан хүлээн, уучлалт гуйж, огцрохоо мэдэгдсэн.

18:00-21:40 цагийн хооронд тог тасарны улмаас Тайванийн хамгийн том байгалийн хийн үйлдвэрийн зургаан генератор тасалдаж, нийт хоёр минутийн турш байгалийн хий нийлүүлж чадаагүй зэргээр улс даяар томоохон хохирол амссан тул Ли Чих-кан огцрохоор болжээ.

Испанид гарсан террорист халдлагад 13 хүн нас барж, 100 гаруй хүн бэртлээ

Өнгөрсөн пүрэв гаригийн шөнө Испаниийн Барселона хотод террорист халдлага гарч 13 хүн амиа алдаж, 100 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.

Каталон мужийн эрх баригчид энэ явдлыг террорист халдлага хэмээн тодорхойлсон бөгөөд энэ ч тун удалгүй батлагдаж хэргийн дараа Исламын бүлэглэл өөрийн мэдээллийн суваг болох Амак сувгаар тус халдлагыг зохион байгуулснаа мэдэгдсэн.

Жуулчдын ихээр очдог хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй гудам болох Ла Рамблад цагаан өнгийн Fiat маркийн фургон машин явган хүмүүс рүү дайрсан байна бөгөөд гэмт этгээдүүдийг цагдаа нар баривчилжээ.

Филиппин хар тамхитай тэмцэж 80 гаруй хүнийг хороогоод байна

Филиппиний Ерєнхийлєгч Родриго Дутертегийн мансууруулах бодисны болон гэмт хэргийн эсрэг дайн дэгдээсэн гурав дахь шөнө болж цуст өдрүүдийн нэг өнгөрсөн талаар өнөөдөр мэдээллээ. Өнгөрсөн шөнө хамгийн багадаа 13 хүнийг цагдаа нар хөнөөсөн байна.

Энэ долоо хоногийн эхээр Манилад 67 хүнийг буудан хороож, 200 гаруй хүнийг баривчилсан бөгөөд "One-Time, Big-Time" гэж тодорхойлсон хар тамхи, мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх тусгай ажиллагаа явагджээ.

Сьерра Леоны Фрийтаунд 400 гаруй хүн амиа алджээ

Резент бүсийн уулын бэлд аадар бороо орсоны улмаас нуранга үүсч олон тооны байшин дарагдаж, оршин суугчид амиа алджээ.

Хамгийн хүнд байдалд орсон хэсгийг Фрийтауны захад орших хэсэг гэж байгаа бөгөөд хэдэн арван байшин нурангад дарагдсан байна.

Энэхүү гамшгаас болж 400 гаруй хүн амиа алдаж, 2000 гаруй хүн орон гэргүй болж байгаа талаар Сьерра Леоны Гамшгийн удирдлагын төвийн албаны Канди Рожерс хэлжээ.

Чилийн Коделко компани Монголд хөрөнгө оруулж магадгүй

Сүүлийн хэдэн сарын турш хамгийн өндөр ханштай байгаа ашигт малтмалын түүхий эд зэс болоод байна. Тавдугаар сарын сүүлээр энэхүү улаан металын ханш 15 хувиар өсч, нэг фунт нь 2.88 долларт хүрсэн.

Энэ үнийн өсөлт нь олон улсын уул уурхайн бизнес эрхлэгчдийн анхаарлыг ихээр татаж Монголын зах зээлд орж ирэх хүслийг ихээр өдөөж байна. Чилийн төрийн өмчит “Коделко” компани Монголд зэсийн нөөцийн шинэ эрэл хайгуулд бэлтгэж байгаа тухайгаа зарласан бөгөөд Монгол Улсын Засгийн газар саяхан ашигт малтгалын төслүүдэд зориулж шинэ тендэр зарлаж эхэлсэн бөгөөд магадгүй энэ үеэр “Коделко” шинэ лиценз олж авахаар эрмэлзэж байх магадлалтай.

Тус компани зэсийн олборлолтоо Чили Улсын уул уурхайд төвлөрч хийдэг бөгөөд Бразил, Экуадор зэрэг хөрш зэргэлдээ Латин Америкийн орнуудтай мөн хамтарч ажилладаг.

Монгол болон Хятад улс агаарын замаа өргөжүүлэх хүсэлтэй байна

Монгол Улсын иргэний нисэхийн ерөнхий газар Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагаас наймдугаар сарын 7-11-ний хооронд Улаанбаатар хотод болсон “Ази-Номхон далайн бүсийн агаарын харилцааны бага хурал”-ын үеэр Хятадын иргэний нисэхийн газартай хилийн маршрутыг нэмэгдүүлэх талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

Монгол, Хятад улс зургаан хилийн боомтоор, Монголоос Хятадын дөрвөн хот руу шууд нислэг үйлддэг. Хоёр орны агаарын тээврийн албаныхан долоо дахь боломжит маршрутыг олохоор ажиллаж байна.

Чингис хааны бунханг хайх талаар “Universal” компани кино бүтээнэ

Холливуудийн алдарт “Universal” кино компани ээлжит онц сонирхолтой, алдал явдалт кино бүтээх болсноо заралсан бөгөөд сонирхолтой нь тус кино нь Чингис хааны булшийг хайж олох тухай өгүүлэх ажээ.

Харин энэ кинонд алдарт жүжигчин Дуэйн Жонсон оролцож байгаа. Гэсэн хэдий ч тэрээр кинонд дүр бүтээх биш харин продюсерийн үүрэг гүйцэтгэн ажиллах аж.

“Nokia 8” шинэ загварын ухаалаг утсыг танилцууллаа

Бидний хуучны танил “Nokia” брэнд зах зээлд байр сууриа хадгалсаар буйгаа батлаж, цоо шинэ “Nokia 8” ухаалаг утсаа танилцууллаа.

Энэхүү утасны гол давуу тал нь хоёр талын камераараа нэгэн зэрэг өндөр чанарын бичлэг хийж, олон нийтийн сүлжээнд шууд дамжуулах боломж юм. Мөн чанартай дуу бичлэг нь олон хэрэглэгчдийг татаж чадна хэмээн зохион бүтээгчид үзэж байна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-20 13:27:26


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. ИРГЭН (202.179.27.133) 2017-08-20 16:47:18
    ХОЙДЫН ДАРАНГУЙЛАГЧ АЙСАНДАА ТӨЛӨВЛӨГӨӨНӨӨСӨӨ БУЦЛАА. ТОГ ТАСАРСНЫ УЛМААС САЙД НЬ ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ ӨГДӨГ НЬ МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙ АЖИЛ ЮМ БАЙНА. МАНАЙД БОЛ МЭРГЭЖЛИЙН САЙДГҮЙ УЧРААС САНДЛААСАА ЗУУРААД МИНИЙ БУРУУ БИШ ТЭР НӨХРИЙН БУРУУ ТҮҮНИЙГ Л ЦААШ НЬ ХАРУУЛЧИХ ГЭЭД ГУЙГААД ХЭВТЭЭД БАЙДАГ АРЧААГҮЙ ЗАНТАЙ ДАА.
    1. Зочин (27.123.214.109) 2017-08-20 19:58:05
      Хаха. Америк тэгээд айгаагүй юм бол энэ олон жил худлаа сүржигнэхээс өөрийг яагаад хийхгүй бнаа. Хойд Солонгос ч дуусна , Америк ч бас дуусна . 30 ш цөмийн бөмбөг ч Америкийгаа арчихаар их хүч л дээ

Танд санал болгох