• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Тойм: Улстөрчдийн хэрүүл, тэмцэл дунд дарагдсан сайн мэдээнүүд

Өнгөрч буй долоо хоногт эдийн засаг болоод иргэдэд чиглэсэн сайн мэдээ олонтаа гарсан. Харамсалтай нь, улстөрчдийн талцал, хэрүүл тэмцэл нь хэрээс хэтэрч сайн мэдээ дарагджээ. Долоо хоногийн тоймын эхэнд сайн мэдээнүүдийг багцлан хүргэе.

Эдийн засаг эхний хагас жилд чамлахааргүй өндөр өсчээ

2017 оны эхний хагас жилд Монголын эдийн засаг 5.3 хувиар өсч, төсвийн орлого төлөвснөөс 570 гаруй тэрбум төгрөгөөр давж, ажилгүйдэл өмнөх мөн үеэс буурсан, өрхийн орлого нэмэгдсэн зэрэг Монгол Улсын макро эдийн засгийн голлох үзүүлэлт сайжирсан статистик мэдээллийг танилцууллаа. Энэ нь сүүлийн хоёр жил гараагүй эдийн засгийн сайжирч буй үзүүлэлт юм. Эдийн засаг өсөхөд цэвэр татварын орлого болон үйлчилгээний салбарын орлого эрс өссөн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн хагас жилд нүүрсний экспортын орлого тав дахин өссөн нь нөлөөлсөн. Он дуустал эрдэс бүтээгдэхүүний экспортын хэмжээ болон ханш өнөөгийн төвшинд байвал эдийн засгийн өсөлтөө хадгалах боломж харагдаж байна.

Гурилын хэрэгцээгээ 100 хувь дотоодоосоо хангах боломжтой

Энэ жил ихэнх нутгаар гантай байгаа учраас ургац алдаж, импортоор гурил авах  магадлалтайг зарим албаныхан сануулж байсан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт болсон өвөлжилтийн бэлтгэлийн өргөтгөсөн хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн гурилын хэрэгцээгээ дотоодоосоо хангах боломжтой гэдгийг мэдэгдсэн. Тэрээр хэлэхдээ “Энэ жил 170 мянган тонн улаанбуудай гаднаас авна. Харин гурил импортоор авахыг зөвшөөрөхгүй. Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй” гэлээ.

Гантай жилийн үрийн будаа маш чанартай байдаг гэж тариаланчид зөвлөж, хэлдэг. Иймд ирэх жилийн үрийн буудайг дотоодоосоо 100 хувь хангахаар төлөвлөжээ.

Иргэд заавал наториат орох шаардлагагүй боллоо

Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдэд учирдаг энэ хүндрэл, хүнд суртлыг арилгах захирамж гаргалаа. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг таслан зогсоохоор боллоо. Иргэдийг бичиг баримтаа заавал наториатаар баталгаажуулах шаардлагыг зогсоохыг  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов.

Утааг бууруулахаар дараах арга хэмжээг авахаар болов

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын 20 мянган айл өрхийг өндөр чадал бүхий цахилгаан халаах, нийслэлд одоо ажиллаж буй халаалтын 71 зуухыг буулгаж хэрэглэгчдийг нь төвлөрсөн дулаан хангамжид холбохоор шийдлээ. Уг ажилд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр шийдвэрлэхээр боллоо.

Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Онцлох улс төр: НИТХ-ынхан Ц.Сандуйг, УИХ-ын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулав

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын дотоод улс төрийн зөрчил хурцдаж, зарим албан тушаалтнуудыг огцруулах асуудлыг хөндлөө. МАН-ын Удирдах зөвлөлийн лхагва гаригт хуралдаж 60 тэрбумын асуудлаар тайлбар мэдээллийг сонссон байна. Намын зарим гишүүд 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэж үзээд холбогдох хүмүүст хариуцлага тооцох ёстой гэдгээ хурлын дараагаас хэвлэлээр илэрхийлж эхэлсэн. 60 тэрбумын асуудалд хамгийн  их буруутай гэгдэж буй НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах хэрэгтэй гэж НИТХ-ын 16 гишүүн гарын үсэгтэй өргөх бичгийг хүргүүллээ. Мөн МАН-ын зарим гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй хариуцлагыг Засгийн газар үүрэх ёстой гэж үзээд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Харин МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар гишүүд гурван асуудалд санал нэгдсэн гэдгийг УЗ-ийн гишүүн Ж.Мөнхбат мэдэгдэв. Тэрээр “Нэгд, хэвлэлээр дайтаад байгаа хүмүүс хоорондоо уулзаж, ярилцаж, учраа ол. Хоёрт, МАН-ын бага хурлыг есдүгээр сарын 10-дын үеэр зохион байгуулъя гэж тогтсон. Гуравт, УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс шалтгаалж огцорно гэсэн асуудал байхгүй гэдэгт санал нэгдсэн” гэв.

Онцлох шүүхийн шийдвэр: С.Ганбаатарыг Сонгуулийн хууль зөрчсөн гэж үзээд 1.4 сая төгрөгөөр торголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн тухай гомдлыг Монгол Ардын Хувьсгалт Намын Гишүүд Дэмжигчдийн Холбоо, Хөдөлмөрийн Үндэсний Нам, Орон Нутгын Сонгогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг, иргэн Б.Баасанжаргал нараас гаргасан. Энэхүү мэдээллийг шүүх шалгаж, хянан шийдвэрлэлээ.

Зөрчилд холбогдогч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8 , 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарлаа.

Онцлох үйл явдал: Багш нар цалинг нь нэмэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдэв

Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооны гишүүд, зохицуулагч, багш нарын төлөөлөл цалингаа нэмэгдүүлэх хөдөлгөөн төслөө танилцуулан, цалин нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ. Засгийн газарт дараах гурван шаардлагыг хүргүүлсэн юм. Үүнд,

1. СӨБ, болон ЕБС-ийн багш нарын цалингийн үндсэн доод хэмжээг 2017 оны есдүгээр сард багтаан 1.6 саяд хүргэж нэмэх,

2. Багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор тооцож, багшийг төрийн жинхэнэ албан хаагчийн тушаалын ангилалд оруулж эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлэх, багшийн цалингийн шатлалыг шинээр бий болгон мөрдөх,

3. Боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх төслийг бүрдүүлэх зорилгоор багшийн цалинг хамгийн багадаа 3500 ам.долларт дүйцэх хэмжээнд 2020 он гэхэд хүргэх, багшийн цалин хөтөлбөрийг 2017оноос эхлэн багтаан боловсруулж хэрэгжүүлэх шаардлагыг хүргүүлжээ.

Энэхүү шаардлагын хариуг 2017оны наймдугаар сарын 24-ны хооронд багтаан Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороонд ирүүлэхийг шаардаж байгаа юм. Хэрэв шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд багш нар ирэх хичээлийн шинэ жилийн есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Нийт 32 мянган багш дээрх шаардлагатай санал нэгдсэн байгаа аж.

Онцлох хүн: 60 тэрбумын асуудалд холбогдсон А.Ганбаатар анх удаа тайлбар хийв

МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нарын төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж байсан дуу бичлэг ил болсон. Уг 60 тэрбум төгрөгийн бичлэгт нэр холбогдсон А.Ганбаатар анх удаа мэдээлэл хийлээ

А.Ганбаатар хэлэхдээ өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байсан гэв. Мөн тэрээр "60 тэрбумыг бичлэгийг задалсан Г.Доржзодовыг ыи ажилд авсан бөгөөд МАН-ын УИХ-ын сонгуулийн үеэрх санхүүгийн схем, стратеги төлөвлөгөөг Г.Доржзодовоор хийлгэсэн. Тэгээд түүнийгээ МАН-ын удирдлагуудад санал болгож байсан. Тэр уулзалт, цацагдсан бичлэгт Г.Доржзодов өөрөө байсан. Гэвч бичлэгээ эвлүүлэг хийж, зарим хүнийг байхгүй болгож, харин байхгүй хүний нэмж оруулсан. Уулзалтад МАН-ын дарга М.Энхболд байгаагүй. Тэр уулзалтад Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов, Ганбаатар гэсэн хүмүүс байсан. Хэрэв иргэн Г.Доржзодовын танилцуулсан санхүүгийн схемийг сонссон хүн буруудаж байгаа бол тухайн өдөр хамт сонссон Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ч гэсэн буруудах ёстой байх. Тухайн өдөр бидний уулзсан уулзалтыг баримтжуулах гэрэл зураг, өөр баримтууд бий" гэж мэдэгдэв.

Хачирхалтай нь, А.Ганбаатар мэдээлэл хийх үеэрээ 60 тэрбумын асуудлыг үнэн гэдгийг бараг л хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр бичлэгт Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, намын генсек Д.Амарбаясгалан нарыг хамт байсан учраас хариуцлага хүлээх дээрээ тулбал хамтдаа хариуцлага хүлээе гэсэн утгатай зүйлийг хөндсөн юм. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-20 12:24:31


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Zochin. (122.201.21.207) 2017-08-20 23:04:36
    Yu ve ene bagsh nar chin 1.600.000 gex shig. Zereglel togtoogood dood xemjeeg ni nemne uu gexees bas arai l davrax yum. Yas yuman deer tal udur l ajildag biz dee. Emnelegiin ajilchid shig udur shunugui ajildag bish. Tegeed ch oligtoi bagsh nar odoo barag bxgui dee. Soz ueiin sain bagsh nar bugd tetgevertee garsan.
  2. ИРГЭН (202.179.27.133) 2017-08-20 16:56:10
    ГАНБААТАР ГЭДЭГ ХҮНИЙ ГАРААР МОНГОЛЫН ТӨРИЙГ САМРАХ ТӨРИЙГ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГАА ХИЙГДСЭН НЬ НЭГЭНТ ИЛ БОЛСОН УЧРААС ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВЬЖ БАЙГАА НЬ ЭНЭ БОЛОЙ.ЕР НЬ БОЛ МОНГОЛД ГАЙ АВЧИРСАН ГАЗРЫН НАЙМАА ЛИЦЕНЗИЙН НАЙМАА АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ГЭЭД БҮХ Л ЮМЫГ НАЙМААЛЖ БОЛОХЫГ МАН-ЫНХАН АНХ ЭХЛҮҮЛСЭН БИШ ҮҮ
  3. Зочин (27.123.214.120) 2017-08-20 15:28:33
    Энэ санааг намын нехдууд сонссон боловч ажил болгоё гэж бодоогуй боловч эцэстээ ийм хэл яриа болно гэж тооцоогуй бололтой догоо

Танд санал болгох