• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Б. Энхбаатар: Трапецин загвар эргээд моодонд орж байна

Монголын загварын салбар дэлхийн жишгээр өдрөөс өдөрт хөгжиж шинэ өнгө аяс, чиг баримжаатай болсоор байгаа. Энэхүү салбарыг гол хөдөлгөгч хүчин зүйлийн нэг бол дизайнер, загвар зохион бүтээгч нар юм. Сүүлийн үед өөрийн гэсэн өнгө төрхөөрөө бусдаас онцгойрч байгаа Монголын цөөхөн хэдэн эрэгтэй загвар зохион бүтээгч бий. Тэдний нэг Б. Энхбаатартай энэ намрын загварын чиг хандлага болоод загварын ертөнцийн сонин содон зүйлсийн талаар ярилцлаа.

-Энэ намрын загварын чиг хандлага, өнгө аяс ямар байх талаар яриагаа эхлүүлье. Та шинэ коллекци гаргахаар төлөвлөсөн үү. Сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Намрын чиг хандлагыг мэдээж судалж үзлээ. Учир нь хавар, намрын шинэ коллекц дээрээ ажиллаж байгаа. Гэхдээ миний хувьд тухайн улирлын тренд загвартай уялдуулж загвараа гаргадаггүй. Кадр брэнд энэ жил ийм өнгө аястай байна гэсэн санаачилгаар аль болох тренд болж байгаа загваруудаас тэс өөр зүйл гаргахаар зорьдог. Тийм учраас брэндийн коллекци тийм өнгийг чухалчилж байгаа болохоор манай брэнд бас тийм байх ёстой гэсэн үе биш.

-Таны урласан бүтээлийг олон улс ихээхэн сонирхдог гэсэн. Хамгийн сүүлд аль улсад загваруудаа сурталчилаад ирэв?

-Сүүлд гэвэл ОХУ-д болсон “2020” гэх загварын арга хэмжээнд яваад ирлээ. Энэхүү арга хэмжээнд хэд хэдэн улс орнууд оролцож их чухал ач холбогдол өгдөг том хэмжээний “fashion show” юм. Миний зүгээс үндэсний хувцсаа танилцуулсан. Монголын хувцасны түүхэн загвар, онцлог нь яг юу вэ гэдгийг тус улсад сурталчлах зорилготой байсан. Жишээ нь, 19-р зууны хатдын хувцас гэх юм бол загварчилгаанд ороогүй яг тэр үеийнхээрээ ямар байсныг харуулж Монгол гэдэг чинь эрт дээр үеэсээ л хувцасны загвар, урлах эрдэм дээр соёлтой ханддаг байсан гэдгийг л харуулахыг зорилоо. Мэдээж үүний хажуугаар өөрийн Кадр брэндийн загваруудаа ч бас харуулаад амжсан.

-Хоёулаа хувцасны түүхийн талаар яриагаа үргэлжлүүлье. Сүүлийн үед хуучны загварын чиг хандлага руу эргээд сонирхдог болчихсон. Жишээ нь хэлхгэр том яак, зузаан ултай гутал өмсдөг болсон. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ. Мөн 2017 онд ямар хуучны загвар эргээд моодонд орж байгаа бол?

-2017 онд гэх юм бол трапецин загвар эргээд моод болж байна. Хүмүүс бариун хувцаснаас татгалзаж сул чөлөөтэй загвар их сонирхдог болсон. Таны хэлдгээр зузаан ултай гутал ч гэсэн эргэж моодонд орж байна. Ерөнхийдөө хуучин цагийн загварууд тренд болсон ч гэсэн энэ цаг үетэйгээ арай шинэлэг зүйлээр холбогддог. Гэхдээ хуучин загварууд энэ үед моод болоод бас нэг өөр шинэ загварт халаагаа өгсөн ч гэсэн 10-15 жилийн дараа эргээд л тренд болоод гараад ирдэг. Би ч бас тэр үеийн хуучны загварын нийтлэг шинж чанар нь ямар байна гэдгийг харж байгаад Кадр брендийн онцлогтой уялдуулж загвараа гаргадаг.

-Манайхан загварын урлагаар олон улсад ямархуу рейтингтэй явдаг вэ. Монгол залуус загварын мэдрэмжээрээ хэр хэмжээнд үнэлэгддэг бол?

-Монгол Улс угсаа гарал сайтай улс. Түүн дээрээ тулгуурлаад хувцас загвар дээр ажиллах зүйл ч их гарч ирдэг. Тийм болохоор гадаадынхан маш сонирхож хүлээж авдаг. Монгол дизайнерууд, загварынхан улсдаа гэхээс илүү гадаадын олон улс руу урилгаар явж өөрсдийн урласан бүтээлүүдээ танилцуулах боломж ихтэй байдаг. Тэр хэрээрээ олон улсад нэр хүндтэй. Үүний нэг гол учир нь юунд байна вэ гэхээр монгол хувцасны түүх арвин, хаана ч очсон бусдын сонирхлыг шууд татаж чаддагт л байгаа юм. Урлаг талаасаа гэвэл артистууд илүү өндөр рейтингтэй явдаг. Харин өдөр тутмын хувцас, Fashion салбар талдаа рейтинг тогтоох хараахан болоогүй байгаа байх гэж боддог. Манайхан Орос улсаас Европ өнгө аяс сурсан Европ “школа”-тай Азиуд гэж хэлж болно. Яг бусад азийн улсуудаас өөр чиг хандлагатай байдаг. Ази, Европ залуучууд өөр хувцаслалттай байдаг бол манай залуучууд хоёуланг нь нэгтгэчихсэн байдаг. Тиймдээ ч манай хүүхэд, залуучууд хувцаслалтын соёл талаасаа маш мэдрэмжтэй, юмыг зохицуулаад өмсөж чаддаг. Загварлаг, стиллэг байна гэдэг хоёр өөр ойлголт. Загварлаг байна гэдэг нь тухайн цаг үед ямар хувцас тренд болж байна вэ гэдгийг мэдрээд тэр дагуу хувцаслахыг хэлдэг бол стиллэг байна гэдэг нь өөрийнхөө дотоод ертөнцийг сонсоод хувь хүндээ тааруулж хувцаслахыг хэлдэг. Монгол залуучууд энэ хоёрын ялгааг их сайн мэддэг юм шиг санагддаг шүү.

-Зохиолч хүн бичсэн зүйлээрээ бодсоноо шууд илэрхийлдэг. Харин загвар зохион бүтээгч хүн хувцсаараа дамжуулж хэрхэн мэдрэмжээ илэрхийлдэг вэ. Утга учиртай хувцас гэж байдаг биз дээ?

-Уран зураг гэдэг бол урлаг талаасаа харж таашаал авдаг зүйл. Хувцасны тал дээр гэх юм бол гол төлөв тайзны загварууд ямар нэгэн утга санааг ойлгогдохоор илэрхийлж байдаг л даа. Харин хэрэглээний урлаг гэгддэг өдөр тутмын хувцас дээр зохиомж гаргах хэцүү байдаг. Өдөр тутмын хувцасны гол онцлог нь хүн өмсөхөд эвтэйхэн байхад л оршино. Загвар зохион бүтээгч гэдэг бол онцгой содон бусдаас тэс өөрөөр сэтгэж, өөр өнцгөөс харж чаддаг учраас дотоод элдэв мэдрэмжүүдээ өөрийнхөө бүтээлүүдээр утгачилж гаргаж байдаг л даа. Заримдаа маш нарийн мэдрэмжтэй хүн тухайн бүтээлийг хараад дизайнер юу бодсон, юу хэлэхийг хүссэнийг мэдэж болохоор юм.

-Таныг материал голдоггүй, юмханаар юм хийчихдэг гэж ярьдаг. Хувцас хийхэд хамгийн чухал зүйл мэдээж л материал байдаг шүү дээ?

-Тийм ээ. Загваруудаа хийх матреиалиудыг хаанаас ч бол хаанаас ч авчихдаг. Захууд бас дэлгүүрүүд гээд л. Гол нь тэр материалаар ямар хувцас хийвэл зохимжтой вэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Зарим дизайнерууд Монголд ерөөсөө материал байдаггүй олдоц ховор юм хийхэд түвэгтэй гэж ярьдаг л даа, тийм биш. Эргэн тойрондоо сайн судалгаа хайлт хийж ажиллах хэрэгтэй болов уу гэж хувьдаа боддог.

-Монголд эрэгтэй дизайнерууд их цөөхөн байдаг. Таныг залуу хүн бас өөрийн гэсэн брэндээ нээгээд амжилттай ажиллаж яваа гэхээр надад их сонирхолтой санагдсан. Тэгвэл та юугаараа бусдаас ялгардаг вэ. Таны онцлог, чиг хандлага чинь ямар байдаг вэ?

-Монголд эрэгтэй дизайнериуд цөөхөн байдаг ч чадварлаг гэж болно. Миний бусдаас ялгарах онцлог гэх юм бол хувцасны “өнгө” байдаг. Би цэвэр өнгө нь дээр тоглолт хийдэггүй. Цэвэр өнгө гэхээр улаан, шар, ногоон, хар, ягаан гэх мэт тод өнгийг хэлдэг. Харин би байгалийн завсарын өнгүүд дээр илүү ажиллаж өгдөг. Жишээ нь, замган ногоон, улаан хүрэн, элсэн шар, хар хөх гэх мэтчилэн. Хүмүүс ч гэсэн урласан хувцасны өнгөөр Кадр брэндийх гэдгийг хараад л таньдаг. Эсгүүрийн хувьд гэвэл хүнд жижиг, деталь ихтэй хуваалттай эсгүүр хийдэггүй. Маш энгийн хэр нь чамин өмсөхөд эвтэйхэн харагддаг талаас нь бодож хийдэг. Бас “Ээтэн” загварын чиг хандлагыг түлхүү барьж ажилладаг. Орчин үеийн өдөр тутмын хувцсанд монгол өнгө аястай элементүүдийг их оруулж өгөхийг л зорьдог доо.

-Кадр урлангаа хэзээнээс нээсэн бэ. Энэ салбарт ороод хэдэн жил болж байна?

-Урлангаа жил гаруйны өмнөөс нээсэн. Сургуулиа төгссөнөөс хойш энэ салбарт ажиллаад зургаан жил болж байна. Тэр цагаас эхлээд “Mongol costumes” агентлагтай одоог хүртэл хамтран ажилладаг. Кадр нэрийн брэндээ нээснээс хойш урлаг спортын том одуудтай байнга хамтарч ажиллаж байгаа. Хамгийн сүүлд гэхэд л дуучин Сарантуяа, Маралжингоо нарын тоглолтын хувцас дээр ажилласан.

-Хамгийн ойрын хугацаанд таны төлөвлөж буй томоохон ажил юу байна?

-Есдүгээр сарын 25-нд “21 дарь эх” хэмээх загварын цуглуулга болох гэж байна. Үүнд “Mongol costumes”-тай хамтарч “21 дарь эх”-ийн хувцсыг уран сэтгэмж ашиглаад авангард чиглэлээр урлаж олон нийтэд танилцуулах гэж байгаа. Бас хүүхдийн “Гумуда” дэлгүүр дээр хүүхэд залуучуудын хувцасны шинэ коллекцио гаргах гэж байна.

-Таны цаашдын эрхэм зорилго тань юу вэ?

-Би өөрөө үндэсний түүхэн хувцас судлаач учраас үндэснийхээ хувцастай яалтчгүй холбогддог. Гэвч үндэсний хувцсыг хэт эвдэж задгай загвар гаргахыг боддоггүй. Үндсэн утга санааг нь аль болох алдагдуулалгүйгээр ирээдүйдээ байгаагаар нь үлдээчих юмсан гэж зорьдог. Мэдээж өөрийнхөө Кадр брэндээ чанартай, шинэлэг байхаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна. Энэ брэндийг Монгол, Ази цаашлаад дэлхийд нэрд гаргахыг зорилго болгож байгаа. Цаашдаа энэ салбартаа тууштай ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

               Загвар зохион бүтээгч Б.Энхбаатарын загваруудыг зургийн цомгоос сонирхоно уу.


picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture
iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-19 12:32:39


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох