• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Н.Ганболд: МИАТ-ийн онгоц ослын биш, техникийн буулт хийсэн

МИАТ ТӨХК-ийн Токиогийн чиглэлд нисэж байсан онгоц ослын буулт хийсэн гэсэн мэдээлэл өнөө өглөө хэвлэлээр гарсан. Энэ талаар тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Ганболдоос тодрууллаа.

-МИАТ компанийн онгоц ослын буулт хийлээ гэсэн мэдээлэл гараад байна. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-2017 оны наймдугаар сарын 18-ны өдрийн Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 дугаар аялал орон нутгийн цагаар 07:45 цагт “Чингис Хаан” ОУНБ-аас хөөрсөн. Манай агаарын хөлөг хөөрсний дараа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас нислэгийн хөөрч, буух зурвас дээр дугуйны гадна талын резиний хэлтэрхий ховхорч үлдсэн байна гэсэн мэдээлэл ирүүлсэн. Үүний дагуу манай инженер техникийн ажилтнууд газар дээр нь очиж үзээд тухайн агаарын хөлгийн дугуйны маягаар нь тус агаарын хөлгийнх мөн болохыг тогтоосон. Ингээд бид техникийн нэмэлт үзлэг хийх шаардлагатай гэж үзээд агаарын хөлгөө Улаанбаатарт орон нутгийн цагаар 10:43 цагт  “Чингис Хаан” ОУНБ-д буцааж хэвийн газардуулсан.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ослын буулт, техникийн буулт гээд олон янзаар мэдээлж байна. Энэ нь ослын буулт мөн үү?

-Энэ бол ослынх биш техникийн буулт. Техникийн буулт нь агаарын хөлөгт техникийн дутагдалтай холбоотой нэмэлт үзлэг хийх шаардлагатай үед хийдэг буулт юм. Одоогоор бид аюулгүй ажиллагааг хангахын тулд агаарын хөлөгтөө нэмэлт техникийн үзлэг хийж байна.

-Онгоцонд хэр хэмжээний гэмтэл гарсан бэ?

-Агаарын хөлөгт бага зэргийн техникийн дутагдал гарсан. Манай инженер техникийн ажилтнууд Боинг компанитай холбогдон тухайн дутагдлыг арилгах талаар зөвлөлдөн шуурхай ажиллаж байна. Тус агаарын хөлөг өнөө орой гэхэд нислэгт бэлэн болно.

-Мөн МИАТ-ийн онгоц агаарт шатахуунаа асгасан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Та тайлбар өгөхгүй юу?

-Манай агаарын хөлөг шатахуунаа агаарт асгасан тийм үйлдэл гараагүйг албан ёсоор мэдэгдэе. Агаарын хөлгийн жинг зөвшөөрөгдөх буултын жинд хүргэхийн тулд хүлээлтийн бүсэд 36 минутын нислэг үйлдсэн. Манай агаарын хөлгийн өмнө хуваарийн дагуу Korean Air, Air China компанийн нислэг байсан. Эдгээр хуваарьт нислэгийн дараа манай агаарын хөлөг хэвийн газардсан.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-18 16:41:14


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (150.129.143.27) 2017-08-19 00:48:54
    Ганболд оо дарга нарынхаа богсийг долоож ард тумний тархийг угаахаа болио. Код-3 яах гэж зарлаж зорчигчдыг хохироов ? Ховдод суйтгэсэн Боинг-737 онгоцны хохирлыг ИНЕГ, МИАТ хоерын удирдлагаар толуулэх хэрэгтэй ! АТГ нисэхийг шалгах цаг нь хэдийнээ болсон биш ???
  2. zochin (122.201.31.242) 2017-08-18 19:56:12
    tehnikiin buult gej yu yariad bn bas iim buult bnaa kkk

Танд санал болгох