• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​АНУ-ын Конгресс Доналд Трампыг огцруулж түүхэн дэх ховор тохиолдлыг нэгээр нэмэх үү

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилд Москватай хамтран ажиллан сонгуулийн дүнд нөлөөлсөн хэмээн буруутгагдаж одоог хүртэл мөрдөн байцаалттай нүүр тулж, нэлээд хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байгаа билээ. 

Доналд Трамп компанит ажлын явцад ямар нэгэн хуйвалдан болоогүй гэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын явцад маш олон удаа саад учруулсан хэмээн буруутгаж байна.

Кремлийн зүгээс мөн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх асуудлыг үгүйсгэсээр байгаа.

Сүүлийн үед Сенатын танхим болоод Төлөөлөгчийн танхим хэмээх дээд, доод танхимаас бүрддэг Конгресст Ерөнхийлөгч Доналд Трампыг бүрэн эрхээс нь салгах талаарх ноцтой яриа сонсогдох болжээ. Ардчилсан намын зарим гишүүд Ерөнхийлөгчийг албан тушаалаасаа унах аюулд хүргэдэг АНУ-ын түүхэнд ховор тохиолдох “импечмент” буюу албан тушаалаас нь огцруулах талаарх шүүхэд дуудах үйл явцын талаар хөндөн тавьжээ. Америкийн Үндсэн хуулийн 25 дугаар нэмэлт өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хасах тухай байдаг боловч урьд нь энэ заалтын дагуу ямар нэгэн шийдвэр гарч байсан удаагүй ажээ. 1963 онд болсон Ерөнхийлөгч Жон Кеннедигийн аллагын дараа 1967 онд Үндсэн хуулийн 25 дахь нэмэлт өөрчлөлтийг АНУ баталсан юм.

Импечмент  шийтгэл гэж юу вэ 

Үндсэн хуулийн дагуу, Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч болон АНУ-ын бусад төрд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг эх орноосоо урван тэрслэх, хээл хахууль болон бусад томоохон гэмт үйлдлүүдэд холбогдсоных нь төлөө импечмент явуулж, шийтгэл ногдуулах заалттай.

Импечментийг Төлөөлөгчийн тахимд хэлэлцэж, гишүүд дангаар эсвэл Сенат маргааныг эхлүүлж болно.

Сүүлийн үед, Сенатын Шүүхийн хороо импечментийн явцад хяналт тавьдаг болсон ба ихэнх хууль тогтоомжийн нэгэн адил хороодоос гадуурх шийдвэрийг ил болгохын тул олонхийн санал шаардлагатай.

Энэ тохиолдолд, Төлөөлөгчдийн танхимын олонхийн ахлагч, тус танхимын Бүгд найрамдах намын бүлгийн хоёр дахь нөлөө бүхий улс төрч Кевин Маккарти танхимаар бүрэн санал хураах эсэх талаар шийдвэр гаргаж, санал хураах хугацааг тогтооно.

Импечментээр тухайн албан тушаалтан буруутайд тооцогдвол Сенат санал хурааж улмаар албан тушаалаас нь буулгадаг.

Хэрвээ Ерөнхийлөгч энэ маягаар огцорвол ээлжит сонгууль явуулж дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах хүртэл Дэд Ерөнхийлөгч Цагаан ордоныг тэргүүлэн Ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэх болдог.

АНУ-ын түүхэнд болсон “Импечмент”

АНУ-ын бүх цаг үеийн түүхэнд Төлөөлөгчдийн танхим гурван Ерөнхийлөгчийн импечментийг эхлүүлж байсан байдаг. Эндрю Жонсон 1868 онд, Билл Клинтон 1998 онд, Ричард Никсон 1974 онд тус тус итгэл үзүүлэх эсэх асуудлаар хэлцэгдэж байжээ.

Эндрю Жонсон

Эндрю Жонсоны импечмент Америкийн түүхэн дэх хамгийн анхны импечмент болсон. АНУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Эндрю Жонсон өмнөх Ерөнхийлөгч Абрахам Линколиныг 1965 онд буудан алагдсаны дараа Дэд Ерөнхийлөгчийн байр сууринаас бүрэн эрхт Ерөнхийлөгч болсон юм. 1968 оны хоёрдугаар сарын 24-д Ерөнхийлөгч Эндрю Жонсоны эсрэг импечмент явуулах саналыг өргөн барьсан байдаг. Түүнийг бруутгасан 11 төрлийн буруутгал дотор наймд нь 1867 оны Армийн актыг батлах тухай эсэргүүцсэн байсан бөгөөд үүний дээр АНУ-ын Конгрессын гишүүдийн нэр хүндийг гутаан доромжлох, үзэн ядалт явуулж буй байдлыг буруутгажээ.

Ийнхүү гуравдугаар сарын 13-д импечмент эхэлж хоёр удаагийн санал хураалтыг явуулахад хоёр тохиолдолд хоёуланд нь 35 нь түүнийг буруутай гэж, 19 нь эсэргүүцсэн учраас тэрээр албан тушаалдаа хэвээр үлдсэн байдаг. Учир нь нийт гишүүдийн гуравны нэг хувийн саналын илүүгээр Ерөнхийлөгчийг огцруулах заалттай юм.

Билл Клинтон

Харин өөр нэгэн тохиолдол болох Ерөнхийлөгч Билл Клинтоны хувьд 1998 онд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, Цагаан ордонд дадлага хийж байсан оюутан, 22 настай Моника Левинскитэй бэлгийн харилцаатай байсан талаарх дуулиан дэгдэж эхэндээ тэрээр энэ явдлыг үгүйсгэж байсан юм. Цагаан ордноос албан ёсны тайлбар өгөхийг хүчтэй шаардаж байв. 1998 оны нэгдүгээр сарын 26-нд АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, тэргүүн хатагтай Хиллари Клинтоны хамт Цагаан ордонд хэвлэлийн хурал зарлаж, маш үнэмшилтэй, хуурамч мэдэгдэл гаргасан байдаг. Билл Клинтон тэр үед “Би Америкийн ард түмэнд нэг зүйл хэлмээр байна. Би та бүхнээс намайг сонсохыг хүсье. Би дахиад хэлье. Би тэр бүсгүйтэй бэлгийн харьцаанд ороогүй. Хатагтай Левински, би хэнд ч, хэзээ ч худлаа хэлэхийг ятгаж байгаагүй. Энэ бол гүжирдлэг. Би Америкийн ард түмэнд хэрэгтэй ажлаа хиймээр байна. Баярлалаа” гэсэн юм. Харин Моника Левински тэр үед Ерөнхийлөгчтэй хоёр жилийн хугацаанд есөн удаа бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн байна.

Энэхүү дуулиан Төлөөлөгчийн танхимыг хуралдуулахад хүргэж 21 хоногийн турш явагдсан импечментийн дараа бүх зүйл нотлох баримтаар батлагдаж Билл Клинтон бусдыг, мөн эхнэрээ хуурснаа хүлээн зөвшөөрч, тэр үйлдэлдээ харамсч буйгаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч түүнийг суудалд нь хэвээр үлдээсэн байдаг.

Ричард Никсон

Уотергейтийн хэрэг гэгддэг 1972 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Вашингтон дахь Ардчилсан намын төв байранд сонсох төхөөрөмж байрлуулсан хэрэгт АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон холбогдож байв. 1972 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд Ричард Никсон ялалт байгуулсан юм.

Уотергейтийн хэргийг мөрдөн шалгах үйл явц 2 жил үргэлжилсэн байдаг. 1973 оны турш Вашингтон Пост болон бусад сонин хэвлэлээр Уотергейтийн хэргийн талаар байнга ноцтой мэдээлэл цацагдах болжээ. Ингээд АНУ-ын Сенат сонин хэвлэлийн мэдээлэлд үндэслэн Уотергейтийн хэрэгт анхаарлаа хандуулсан байна. 1973 оны эхээр Сенат Уотергейтийн хэрэгт Ерөнхийлөгч Никсон болон түүний Засгийн газрын албаныхан оролцсон байж болзошгүй хэмээн таамаглажээ.

Урт хугацааны мөрдөн шалгалтын дүнд Ричард Никсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахдаа өрсөлдөгчийнхөө үйл ажиллагааг тагнаж, чагнаж байсан нь тогтоогдож шүүх хурал явуулан хэргийг бүрэн нотолсон байна. Энэ хэргээс үүдэн 1974 оны наймдугаар сарын 8-нд Ричард Никсон албан тушаалаа орхиж байгаагаа зарласан байдаг.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-18 15:59:00


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох