• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Ж.Мөнхбат: Удирдах зөвлөлийн гишүүд гурван асуудалд л санал нэгдсэн

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнхбатаас зарим асуултад хариулт авлаа.

-Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн мэдээлэл гараад байна. Үнэхээр Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж байгаа юм уу?

-Засгийн газрыг огцруулах гэж байгаа тухай мэдээллийг авсан. Тодорхой нэр бүхий гишүүдийн гаргасан бланкан дээр нэр бүхий гишүүд гарын үсэг зурж байгаа процесс болж байгаа юм байна лээ. Шалтгаан нь  өнгөрсөн долдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явдалтай холбоотой гэж байгаа ч үнэндээ нам доторх улс төрийн нөхцөл байдал сэжүүр цухуйж байгаа гэж ойлгосон. Үүнийг бүгд л харж, мэдэж байгаа учраас нуугаад байх зүйл алга. Хоёр долоо хоногийн дараа буюу есдүгээр сар гаргаад МАН-ын Бага хурал хуралдах товтой. Намын дүрмээр намын Бага хурал хуралдаж намын Их хурал хуралддаг. Миний ойлгож байгаагаар аравдугаар сарын эхээр намын Их хурал болно. МАН-ын дүрмээр Их хурлаас сонгогдсон намын дарга, удирдлага бүрэлдэхүүн Засгийн газар, Их хурлаа эмхлэн зохион байгуулаад явах эрх нь намын дүрэмд ч, зарчим, этикийн хувьд ч бүрэн нээлттэй байдаг. Уг нь сар гаруйны дараа бүх асуудал шийдэгдэх байтал яаран сандран Засгийн газраа огцруулах гэж газрын үсэг цуглуулах алхам хийж байгаа нь цэвэр улс төрийн зохион байгуулалттай үйлдэл гэж харж байна. Өнөөдөр өвөлжилт хүндэрсэн, өвөлжилтэд бэлтгэх ажлыг зохион байгуулах шуурхай ажлууд байна. Намрын хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор цэцэрлэг сургуулийн бүртгэл, сургуулийн төлбөр зэрэг нийгмийн анхаарал хандуулах олон асуудал байна. Дээр нь ургац хураалт эхэлж байна. Энэ жил гандуу байгаа учраас хүндэрч магадгүй байна. Засгийн газарт хийх ажил олон байна. Ажлууд эхнээсээ хийгдээд явж байна. Үүний хажуугаар Засгийн газар огцорч, төр засаг тогтворгүй болох улс орны амин чухал асуудлуудад нэлээд халгаатай зүйл болно.

МАН-ын гишүүний хувьд сар гаруйн дараа намын Их хурал болох гэж байхад ингэх шаардлагагүй санагдаж байна. Намын Их хурлаар даргын асуудал мэдээж яригдана. Их хурлаар намын даргыг солихтой хамт Удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэх асуудал яригддаг. Их хурлаас бүрдсэн шинэ намын дарга, шинэ удирдлагууд Засгийн газраа хэрхэн байгуулж, ямар өөрчлөлт хийж, ямар зарчим баримтлах вэ гэдгийг шийдэх бүрэн боломж, эрхтэй шүү дээ. Түүнээс биш, өмнө нь төр засаг бужигнаад байх нь зүй бус зүйл байна гэж харж байна.

-Намын Их хурлыг хүлээхгүйгээр наана нь УИХ-аа хуралдуулж, асуудлыг шийдэх байх гэсэн яриа байна л даа. Энэ боломжтой юу?

-Засгийн газрыг огцруулах процесс бол болдог л асуудал ш дээ. Гэхдээ МАН-ын үед Засгийн газраа огцруулъя гэж өргөн барьж байсан тохиолдол ховорхон. 2007 онд М.Энхболдын Засгийн газрыг, мөн  С.Баярын Засгийн газраар солих үед намын Их хурлаар С.Баяр намын дарга болсон учраас дүрмийнхээ дагуу Засгийн газрыг тэргүүлсэн. Дараа нь С.Баяр дарга эрүүл мэндийн шалтгаанаас болж Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсан. Түүнээс өөрөөр манай намд огцруулж байсан түүх байхгүй. Бусад намыг засаглаж байх үед Засгийн газраа огцруулах бичгээ өргөн барьж огцруулж байсан түүх бий. Засгийн газраа огцруулах асуудлыг улс төрийн шийдвэрээр шийддэг ш дээ. Өнөөдрийн байдлаар өргөн баригдаагүй байна. Өргөн баригдвал процедур хуулийн дагуу явна. Намын Удирдах зөвлөл, бүлэг дээрээ асуудлаа ярина. Эцсийн шийдвэрийг УИХ кнопоороо шийднэ.

-Зарим УИХ-ын гишүүн Засгийн газар ажиллаж чадахгүй байна. Засгийн газрын нэг, хоёрдугаар хүн нь хоорондоо маргаантай, сонгуулийн ялагдалтай холбоотойгоор Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэсэн үндэслэлүүд ярьж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол онцлогтой сонгууль. Энэ бол УИХ сонгууль биш. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Засгийн газар байгууллагддаг. Ерөнхийлөгчийн сонгууль өөр үр дүн, өөр үүрэг хариуцлагатай байдаг. Засгийн газрыг хангалтгүй ажиллаж байна гэдэгт би санал нийлэхгүй. Өнөөдөр Засгийн газар хангалттай сайн ажиллаж байгаа. Ямар нөхцөлтэй эдийн засаг хүлээж аваад өнөөдөр эдийн засаг яаж сэргэж байгааг харж байгаа шүү дээ. Хоёрдугаар улиралд эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй гарсан. Сүүлийн 4,5 жил бүрдэж байгаагүй төсвийн орлого биелж,  570 тэрбумын илүү төвлөрөлттэй ажиллаж байна. Улсын өмнө тулгамдаад байсан өрийн асуудлыг нааштайгаар шийдсэн. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн менежментийг хийлээ, Чалко, ТТJIVCO-д төлөх 170 сая ам.долларын өрийг тэглэлээ. Эдийн засагт гарч буй өөрчлөлтийг яривал олон бий. 

Засгийн газрыг огцруулах үндэслэлийг нь олж харж үзээгүй явна. Сонсох нь, татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг бууруулсан зэрэг асуудал ярьж байгаа гэсэн. Гэхдээ энэ Засгийн газрын гаргасан шийдвэр биш шүү дээ. Энэ бол намын бүлэг, Удирдах зөвлөл дээр дөрвөн удаа ярьж шийдсэн асуудал. Татвар нэмэх, хүүхдийн мөнгийг бууруулах зэрэг асуудлын эцсийн шийдвэрийг Засгийн газар биш УИХ гаргадаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраа огцруулах гээд гарын үсэг цуглуулж яваа гишүүд өөрсдөө зөвшөөрч кноп дарснаар шийдвэр гарсан. Энэ асуудалд хариуцлага хүлээнэ гэвэл хамтын шийдвэр учраас хамтын хариуцлага хүлээх ёстой болно. Засгийн газар муу ажилласан гэдэг шалтгаан биш, шалтаг байдлаар хандаж байна гэж ойлгож байна.

Ерөнхий сайд,  Шадар сайд нарын дунд үл ойлголцол үүсээд байгаа нь үнэн. Нэг нь намайг тагнаж, чагнасан гэж байгаа гээд байгаа. Нөгөө нь намын Удирдах зөвлөл дээр хэлэхдээ Шадар сайдыг тагнаж, чагнасан зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шийдэж байгаа. Удахгүй шийдвэр гаргах байх.

-МАН-ын Удирдах зөвлөл яагаад 60 тэрбумын асуудалд хариуцлагын асуудал яригдсан уу. Энэ асуудалтай холбоотойгоор Ц.Сандуйд яагаад хариуцлага тооцохгүй гэж үзсэн юм бэ?

-Удирдах зөвлөл дээр 60 тэрбумтай холбоотой Ц.Сандуйг огцруулна, огцруулахгүй гэж хоёр хуваагдсан гэдэг ташаа мэдээлэл яваад байна. Удирдах зөвлөлийн хурал дээр 60 тэрбумын асуудлаар Ц.Сандуй тайлбар мэдээлэл өгсөн. 60 тэрбумын асуудалтай холбоотойгоор хариуцлагын асуудлыг ярих цаг болсон гэдгийг ярьсан. Үүнд, 60 тэрбумын асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа бөгөөд ойрын хугацаанд шийдвэр гарах юм байна. Энэ шийдвэр нь гарсны дараа 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь болгож, ярьсан нь зөв гэж үзсэн. Эрүүгийн хэргийн дүгнэлт нь гараагүй байхад ийм, тийм гэж ярих нь зохисгүй гэж үзсэн. Ер нь сая болсон намын Удирдах зөвлөлийн хурлаас гурван зарчмын шийдэл гаргаж, гишүүд санал нэгдсэн. Нэгд, нам дотроо хэвлэлээр дайтаад байгаа хүмүүс хэл амаа ол. Дотроо уулзаж, асуудлаа ярь. Хоёрт, намын Бага хурлыг есдүгээр сарын 10-ны үеэр зохион байгуулах . Гуравт, УИХ-ын сонгуулийн үеэр байгуулагдсан Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлага Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагыг хүлээж огцорно гэсэн асуудал байхгүй, энэ асуудлыг намын Их хурал дээр ярина гэж Удирдах зөвлөлийн гишүүд санал нэгдсэн. Үүнийг янз бүрээр тайлбарлаж, нэг хэсгийг нь улаан хамгаалагч болгож, нөгөө хэсгийг нь эх орончид болгох ташаа мэдээлэл хэвлэлээр явж байгаа нь харамсалтай. Шударга үнэн зүйл шударгаараа л байх ёстой. Өнөөдөр яагаад МАН-ын дотоод асуудалд АН-ынхан тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллаж байсан баг хүч түрэн орж ирж байгаа, яагаад намынхаа зарим нөхдийг өөр намынхантай нийлээд хэвлэлээр дайраад байгааг яриад байвал олон асуудал бий. Гэхдээ эдгээр асуудлыг бид дотооддоо, тогоон дотроо л ярих ёстой. Улс төрийн намын онцлог энэ шүү дээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-18 15:00:09


Танд санал болгох