• 2017 оны 09 сарын 24  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Өрхийн орлого өсч, ажилгүйдлийн төвшин буурлаа

Үндэсний статистикийн хорооноос манай улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаарх статистик үзүүлэлтийг 2017 оны эхний долоон сарын байдлыг танилцууллаа.

Өрхийн дундаж орлого 926 мянган төгрөг болов

2017 оны хоёрдугаар улиралд нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 926.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 52 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өрхийн орлого өмнө оны мөн үеэс зургаан хувиар өсөхөд цалин хөлсний орлого 4.8 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 14.9 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлсэн байна. Харин аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.9 хувиар буурсан дүнтэй гарчээ.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлогын хэмжээ өссөн хэдий ч өрхийн сарын дундаж мөнгөн зарлага нь 5.6 хувиар өссөн байна. Зарлага өсөхөд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 6.4 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж статистикч танилцуулав.

Ажилгүйдлийн төвшин 9.6 хувьтай гарлаа

Ажиллах хүчний судалгаагаар улсын хэмжээнд ажилгүй 131.8 мянган иргэн байгаагаас 58.6 нь эрэгтэй, 41.4 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Хоёрдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд ажилгүйдлийн төвшин 9.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр буурсан бол, өмнөх улирлаас 0.5 пунктээр өсчээ. Харин ажиллагсдын тоо өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар, эдийн засгийн идэвхгүй хүн 2.5 хувиар өсссөн бол ажилгүй иргэд 0.1 хувиар буурсан байна. Нийт бүртггэлтэй ажилгүй иргэд 27.1 мянга байгаагаас 10.4 мянган нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд аж. Өмнөх оны мөн үеэс бүртгэлтэй ажилгүй иргэд 11.3 хувиар, өмнөх сараас 6.7 хувиар буурчээ.

Нэг сая 55 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгожээ

2017 оны долоон сард нийгмийн даатгалын сангийн орлого 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 118.1 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 151.2 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 45.4 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Энэ оны 7 сард 18 хүртэлх насны 1055.0 мянган хүүхдэд 145.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжинд олгожээ. Харин 2017 оны 7 сард “Өрхийн амьжиргааны төвшнийг тодорхой судалгаа”-нд хамрагдан амьжиргааны төвшний 502.567-оос дээш оноотой өрхийн 403.4 мянган хүүхдэд 48.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмжинд нөхөн олгосон байна.

Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл өсчээ

Банкны системийн хэмжээнд хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны долдугаар сард 892.1 тэрбум төгрөг болж өмнөх сараас 55 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт өрийн 6.8 хувийг эзэлж байна. Энэ үзүүлэлт нь өмнөх сараас 0.6 пунктээр өссөн. Харин өмнөх мөн үеэс 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин чанаргүй зээлийн хувьд 1.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 120.1 тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл, нийт өрийн 8.8 хувийг эзэлж байна.

Гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум долларын ашигтай гарлаа

Манай улс энэ оны эхний долоон сарын байдлаар дэлхийн 145 оронтой худалдаа хийжээ. Худалдааны нийт бараа эргэлт нь 5.9 тэрбум ам,доллартай тэнцэх юм. Үүнээс 3.5 тэрбум ам.долларыг экспорт, 2.4 тэрбум долларыг импорт бүрдүүлж гадаад худалдааны тэнцэл 1.2 тэрбум ам.долларийн ашигтай гарчээ. Экпортын өсөлт нь өмнөх үеэс 978.2 сая ам.доллараар өссөн байна. Үүнд эрдэс бүтээгдэхүүний бүлэг 1.1 тэрбум ам.доллар байгаа аж. Үүнээс нүүрсний экспорт 1.1 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь гол нөлөөлөх үзүүлэлт болжээ. Өмнөх жилүүдэд нэг тонн нүүрсийг 30 гаруй ам.доллараар экспортолдог байсан бол энэ оны байдлаар дунджаар 67 ам. доллар болж нэмэгдсэн юм байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-15 15:46:25


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (203.91.115.38) 2017-08-16 10:19:41
    Yag shuu dee. Hen ch itgehgui. Yaduural nemegsen gej bichvel unen bolno doo.

Танд санал болгох