• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Дэлхийн тойм: Дайн дэгдэх вий гэсэн айдас, түгшүүртэй долоо хоног өнгөрлөө

Өнгөрсөн долоо хоногийн турш Хойд Солонгос, АНУ-ын хоорон дахь дайсагналцал улам бүр ширүүсч, ноцтой хор хөнөөлийг үүсгэж мэдэх хариу мэдэгдлүүдийг ээлж дарааллан илгээлээ. Хоёр орны харилцаа улам бүр хүндэрснээс гадна хөрш орнуудын байр суурь ширүүсч,  өөр өөрийн үзэл бодлыг илэрхийлэх боллоо. Дэлхий дахинд энэхүү үйлдлүүд нь дайн дэгдэх вий гэсэн айдас, түгшүүрт автуулав.

Олон улсад болж өнгөрсөн онцлох үйл явдлууд болоод дэлхийн хэвлэлд онцлогдсон Монголтой холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна.

Хоёр орны дайсагнал хурцдаж, хөрш орнуудын байр суурь ширүүслээ

Хойд Солонгосын эсрэг НҮБ-аас авсан шинэ хориг арга хэмжээний дүнд гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний экспортод 100 хувь хориг тавьснаар Хойд Солонгосын орлогын хэмжээ гурав дахин багасахад хүрч буй юм. Хойд Солонгосын зүгээс үүний гол буруутан АНУ гэж үзэж,  энэ үйлдлийн төлөөсийг “мянга дахин” нугалж төлөх болно хэмээн Хойд Солонгосын Удирдагч Ким Чен Ун хэлснээс гадна Вашингтоны агаарын хүчин бат хамгаалалттай гэдэгт найдаж байна хэмээн ёжилсон өнгө аясаар сүрдүүлгийн үгстэй мэдэгдэл гаргасан.

Үүний хариуд уурссан АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “урьд хожид хэзээ ч байгаагүй гал дөл, уур хилэнг Хойд Солонгост буулгана" гэдгээ илэрхийлсэн.

Хоёр талын энэхүү мэдэгдэл Гуам арлыг цохих болсон тухай шийдвэрээр үргэлжилж олон улсын хэмжээнд айдас нөмрөх төвшинд хүрлээ. Хойд Солонгосын төрийн телевизээр хийсэн мэдэгдэлд АНУ-ын цэргийн бааз болсон Гуамр аралд цохилт өгөх дөрвөн пуужин бэлэн болсон бөгөөд энэ сарын дундуур пуужин харвах тухай лхагва гаригт мэдээлсэн юм. Гуам арал нь АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоц, хөлгүүд байрладаг төдийгүй пуужин амдан устгах THAAD системийг мөн байршуулаад байгаагаас гадна бүс нутгийн хувьд АНУ-ын нутаг дэвсгэрт хамаарч 163 мянган хүн ам нь АНУ-ын хагас иргэншилтэй байдаг.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хөрш зэргэлдээ орнуудын байр суурь талцаад байна.

БНСУ-ын зүгээс Хойд Солонгосын эсрэг АНУ-тай хамтрахаа мэдэгдсэн бол Япон талаас тус улсын Батлан хамгаалахын сайд Ицунори Онодера Гуамын арал руу харвасан Хойд Солонгосын пуужинг Япон улс амдаж устгахад бэлэн хэмээн парламентын хуралдаан дээр хэлсэн. Мөн хэрвээ Хойд Солонгос АНУ руу халдвал Австрали улс мөргөлдөөнд оролцоно гэж тус улсын Ерөнхий сайд Малкольм Турнбулл зарлалаа.

Харин ганц эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн улс бол Хойд Солонгосын хамгийн ойр холбоотон улс болох БНХАУ бөгөөд АНУ болон Өмнөд Солонгосоос Хойд Солонгост цохилт өгч, дэглэмийг нь нураахыг оролдвол Хятад улс хамгаалах арга хэмжээ авна гэсэн хэдий ч Пёньяны зүгээс АНУ-ыг чиглэсэн пуужингийн цохилт хийвэл Хятад улс төвийг сахих болно гэлээ.

Бээжин тус бүс нутагт дайн дажингүй, энх тайван, тогтвортой байдлыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Нөгөө талаар Хятадын эрх ашгийг хөндвөл Хятад улс хатуу хариу барихаа оролцож байгаа бүх талуудад анхааруулжээ.

Хэрвээ дайн дэгдвэл өмнө хэзээ ч, хэний ч амсч байгаагүй асар их хохирол, гай гамшиг болох болно хэмээн шинжээчид үзэж байгаа бөгөөд олон улсыг бүхэлд нь айдас нөмөрч байна. Мөн дайн гарах сургаар дэлхийн хөрөнгийн зах зээлүүд уналтад орж, алтны үнэ нэмэгдэж эхэлсэн.

Ирэх долоо хоногт тэдний нөхцөл байдал хэрхэн эргэх талаар бүх талд анхаарлаа хандуулж байна.

Далай ламын хойд дүр Монголоос тодорч магадгүй гэв

Өнгөрсөн лхагва гаригт Энэтхэгт болсон нэгэн илтгэл дээр XIV Далай лам дараагийн Далай ламыг тодруулах бэлтгэл ажил 1-2 жилийн дотор эхлэх болсон талаар хэлсэн.Түүний дээр удаах залгамжлагч Хойд Хималайн бүс нутаг болон Монголоос тодорч магадгүй гэсэн утгатай үг цухуйлгажээ.

Уламжлал ёсоор Далай ламыг таалал төгснөөс хойш 49 дэх хоногоос хоёр жилийн тодор Төвдөөс тодруулдаг. Харин энэ жилийн хувьд онцлог нэг зүйл нь Далай лам амьд ахуйдаа залгамжлагчаа тодруулах болсон нь анх удаагийн тохиолдол болж буй бөгөөд түүнчлэн зөвхөн Төвдөөс биш өөр газраас тодруулахаас гадна заавал эрэгтэй байх албагүй гэдгийг хэлсэн нь анхаарал татаж байв.

Тэрээр “Хэрэв эмэгтэй хүн хүн төрөлхтөнд их тус хүргэж чадах юм бол бурхны шашны тэргүүн байж болно” гэжээ.

Монгол Улс аялал жуулчлал хурдтай хөгжиж байгаа 10 орны нэгээр тодорлоо

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын (UNWTO) аялал жуулчлал хурдтай хөгжиж байгаа орнуудын талаарх 2017 оны тайланг гаргасан бөгөөд энэхүү тайланд жуулчдын тоо тасралтгүй өсч байгаа 10 улсыг нэрлэсний дотор Монгол Улсын нэр багтжээ.

Энэхүү тайланд манай улс есдүгээр эрэмблэгдсэн байна. Монгол Улсын тодорхойлохдоо, жагсаалтад орсон явдал гээд өргөн уудам тал нутаг, элсэн цөлөөр баялаг тус орон газар зүйн байршлын хувьд нэлээд тусгаарлагдсан, алслагдмал бүсэд оршдог. Гэвч Төв Азийн энэхүү уулархаг нутаг нь одоо аялагчдыг ихээр татах болжээ. UNWTO-ын мэдээгээр энэ жил олон улсын жуулчдын тоо 28.3 хувиар өссөн байна.

Энэ бол том үсрэлт хэдий ч тоо хэмжээг нь харвал төдийлөн өндөр биш буюу 400,000 жуулчин 2017 он гарсаар Монголд ирээд байгаа гэнэ. Жуулчид Монгол Улсын нүүдэлчин соёл иргэншилийг ихээр сонирхдог ба бөх, хурдан морь, нум харваа бүхий эрийн гурван наадмыг үзэхээр ирэх нь их байдаг талаар дурджээ.

Дэлхийн жуулчдын 2017 оны эхний хагасын топ 10 чиглэл:

1. Палестин

2. Египет

3. Хойд Марианы арлууд

4. Исланд

5. Тунис

6. Вьетнам

7. Уругвай

8. Никарагуа

9. Монгол

10. Израйль

Дэлхийн нэр хүндтэй шагналыг монгол охин Айшолпан Нургайв хүртэхээр боллоо 

“Asia Society” байгууллагаас Ази болон дэлхий дахины ирээдүйд өөрчлөлт авчирсан хүмүүст олгодог “Asia Game Changer Awards” шагналыг энэ жил хүртэх хүмүүсийн тоонд Монгол Улсын иргэн, бүргэдчин охин гэж алдаршсан Айшолпан Нургайв багтжээ.

“Asia Society” байгууллага өөрийн хамтын байгууллага “Citi Asia Pacific”-тай хамтран, шагнал гардуулах хүмүүсийнхээ нэрсийг өчигдөр албан ёсоор зарласан бөгөөд Айшолпан Нургайвын хувьд түүнийг тодорхойлохдоо, “бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн нэгэн” гэсэн байна.

Энэ жилийн шагналыг Айшолпан Нургайваас гадна буяны үйлстэн Ага Хан, Афганистаны эмэгтэй реппэр Сонита Ализадех, Хятадын такси дуудлагын сүлжээг үндэслэн байгуулагч Жан Лю, Камбожийн байгаль орчныг хамгаалагч Лэн Оук, Энэтхэгийн нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, Японы “Uniqlo” хувцасны үйлдвэрийг үүсгэн байгуулагч Тадаши Янай, ашгийн бус боловсролын байгууллага “Sesame Workshop” тус тус хүртжээ.

Монголоос түүхий эдээ нийлүүлдэг “Naadam Cashmere” анхаарлын төвд орлоо

Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр хүмүүсийн анхаарлыг ихээр татсан мэдээллийн нэг бол “Naadam Cashmere” байв.

“Vogue” сэтгүүлийн онцолсон тансаг зэрэглэлийн бараа гэгдэж буй монгол ноолуураар хийсэн брэнд “Naadam Cashmere”  Америкт нээгдсэн бөгөөд бүтэшгүй “галзуу” санаад тооцогдож байсан энэхүү бизнесийг Диедерик Рижсемус, Мэтью Сканлан нар Монголд аялаж явахдаа олж харжээ. Тухайн үед тэд амралтаараа Монголд аялаж явсан бөгөөд Мэтью Сканлан санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан бол түүний хамтран зүтгэгч Диедерик Рижсемус математикийн эдийн засагч байв.

Бизнес санаагаа олсны дараа тэр эргэн нутаг буцаж хөрөнгө босгох ажилдаа шамдан орж улмаар 2.5 сая ам доллар босгож , Монголоос 80 тонн ноолуур авснаар тэдний бизнес эхэлжээ.

Манай улсын Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Архангай, Булган аймгаас тэд ноолуур бэлтгэдэг бөгөөд мөн түүхий эдээ чанартай байлгахын тулд ямааг эрүүлжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн ба 250 мянган ямаанд урьдчилан сэргийлэх вакцин хийсэн байна.

Тэд өөрсдийн брэнддээ “Naadam” хэмээх нэр өгсөн ба тэдний хэлж буйгаар “Naadam хэмээх нэр Монголын малчдын талаарх ойлголтыг дэлхий дахинд өгөх зүйл болно гэж бодож байна. Тэд тансаг гэх тодотголтой ноолуурынхаа ачаар багагүй ашиг хүртэх боломжтой. Түүний дээр бидний олж буй ашиг бүрээс цаг уурын хүнд нөхцөлд амьдардаг, бүтээгдэхүүний маань түүхий эдийг бэлддэг малчид ашиг хүртэж байгаа гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьжээ. Учир нь тэд орлогынхоо 10 хувийг Дэлхийн банкны “Малчдыг дэмжих хөтөлбөр”-т хандивладаг аж. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-13 12:44:37


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (223.38.61.57) 2017-08-13 13:00:11
    Tnx gie mederllud bagtsalsan bn

Танд санал болгох