• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Б.Мөнххишиг: Дусаалга тогтмол хэрэглэвэл нүдний даралт ихсэх, болор цайх аюултай

Содра нүдний эмнэлгийн эмч Б.Мөнххишигтэй хараазүйн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед хүмүүс нүдний хараа муудаж байна гэж их ярих болсон. Нүдний хараа муудахад нөлөөлдөг хүчин зүйл юу вэ?

-Хүн харах ёстой юмаа харахгүй байх хоёр шалтгаан байдаг. Нэг нь, хугарлын гажиг, нөгөөх нь нүдний өвчлөлийн шалтгаантай холбоотой. Хугарлын гажгийг энгийнээр тайлбарлабал, шил зүүгээд яваад байдгийг хугарлын гажиг гэж хэлж байгаа юм. Энэ нь өвчиндөө орохгүй. Хүний нүдэнд бүтцийнхээ хувьд гэрэл хугарлын физиктэй холбоотой гэрэл хугардаг систем байдаг. Тэр системээс болоод хугарлын гажуудал үүсдэг. Тэгэхээр энэ нь өвчин биш тул шилээрээ засагддаг гэсэн үг. Харин нөгөө нь ямар нэгэн өвчний шалтгаанаар буюу эд эс нь өвчилснөөс болоод хараа муу байх шалтгаан байдаг.  Нүдний өвчин нь ихэвчлэн 50,60 насныханд их илэрдэг. Насны өөрчлөлтөөс хамаарч хараа муудах нь хугарлын гажиг уу, эвсэл нүдний өвчин байна уу гэдгийг нь нарийн мэргэжлийн эмчид эмчлүүлж байж тодорхойлох хэрэгтэй.

-Хүмүүс хараагаа илүү муутгахгүй тогтоохын тулд шил зүүдэг. Өөрт тохирсон харааны шил зүүссэнээр хараан сайжирна гэж ойлгодог. Энэ нь зөв үү?

-Тэгж болож болохгүй. Тэгэхээр нүдний шил зүүхгүй байлаа гээд хараа муудахгүй, зүүлээ гээд хараа сайжрахгүй. Хараа тогтоож өгнө гэсэн ойлголт ч огт биш юм. Манайхан болохоор шил зүүхгүй болохоор хараа муудаад шил зүүхээр сайжирна, тогтоно гээд ойлголт байдаг тийм биш. Нүдний шил зүүнэ гэдэг нь  зөвхөн нэмэлт тусламж авч буй хэрэг. Өөрөөр хэлбэл 100 хувь харахгүй байгаа зүйлээ илүү сайн, тод харахын тулд шил зүүж байгаа хэрэг. Шил бол нүдийг тод харуулах зэмсэг. Энэ гэхдээ зөвхөн хугарлын гажигтай хүмүүст л нөлөөтэй. Нүдний өвчинтэй хүнд шил зүүгээд хараа нь тодрохгүй.

-Шилний хэмжээ өөрчлөгдөж сайжирч муудах нь юутай холбоотой вэ?

-Тухайн хүний өсөлттэй холбоотой байдаг. Харааны шилний хувьд нэмэх шил, хасах шил гэж байдаг. Тэгэхээр бас нэмэх шилний гажиг байна уу, хасах шилний гажиг байна уу гэдгээс шалтгаалаад тухайн организм /бие/ өсөх явцад тухайн шил яаж өөрчлөгдөх вэ гэдэг нь гарч ирдэг. Жишээ нь, нэмэх шил нь ихэвчлэн бага насны хүүхдүүдэд буюу хоёр, гурван настай хүүхдүүдэд ихэвчлэн тохирдог. Тухайн хүүүхэд өөрөө өсөөд том болоод ирэхээр нүдний алим нь дагаж сунадаг. Тэгэхээр нэмэх шилний хэмжээ нь бага багаар багасдаг. Тэгээд насанд хүрэхэд шил зүүх шаардлагагүй болчихсон тохиолдол ч байдаг. Хасах шил зүүдэг хүмүүсийн хувьд ихэвчлэн өсвөр насанд үүсэж эхэлдэг. Багадаа шилгүй явж байгаад өсвөр насанд нь гэнэт хараа нь муудаад эхэлдэг. Үүнийг хүмүүс янз бүрийн зүйлтэй холбож тайлбарладаг. Харанхуйд их юм уншсан, телевиз их үзсэн гэдэг ч юм уу. Гэхдээ эдгээр хүчин зүйлтэй  100 хувь бас холбоотой биш байдаг. Зарим тохиолдолд эцэг эхээс удамшсан байж болно. Хасах шил нь хүүхэд өсөөд ирэхээр шилний хэмжээ нь бага багаар нэмэгддэг. Жилд ганцхан диоптер /шилний хэмжээ/нэмэгдэж байгаа бол хэвийн буюу өсөлттэй холбоотой шилний хэмжээ гэж үзнэ. Хэрвээ огцом буюу жилийн дотор 2-3 диоптер /шилний хэмжээ/ нэмэгдээд ирвэл тэр нь өвчлөл талдаа орно.

-Хүмүүс шилтэй ч бай шилгүй ч бай өдөржин утастайгаа ойр байдаг. Энэ нь ямар хор уршигтай вэ?

-Бага насны хүүхдэд бол илүү хор уршигтай байдаг. Яагаад гэвэл ойрын юм харахын тулд хүний нүд заавал фокуслах ёстой. Тэр фокус ажиллахын тулд нүдэн дотор байдаг маш жижиг бичил булчингууд нь чангарч байж ойрын юмыг харах фокусыг тааруулж өгдөг. Холын юм харахаар тэр булчин нь чангараад, ойрын юм харахаар булчин нь суларч фокусаа тааруулж байх ёстой. Тэр нь бид нарт захирагдахгүй автоматоор явагдаж байна гэж ойлгож болно. Тиймд ялангуяа бага насны хүүхэд удаан хугацаагаар утас, таблет ширтэхээр байнгын фокустай байна гэсэн үг юм. Энэ байдал удаан үргэлжилбэл дараа нь тэр фокус нь тавигдаж сулрахаа больчихдог учраас энэ байдал алдагдаад удаан явахаар шил зүүх шаардлагатай тулгардаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд гар утас, таблет байнга ширтээд байвал ойрын хараа муудна гэсэн үг. 

-Насанд хүрсэн хүний хувьд яах бол?

-Насанд хүрсэн хүний хувьд мөн ялгаагүй. Дээрээс нь насанд хүрсэн хүмүүс Монголын хуурай ширүүн нөхцөл, тоосжилттой холбоотой, эрхэлж байгаа ажилтай холбоотойгоор өдөржин компьютер ширтээд суух гэх мэт зүйлтэй холбоотойгоор монголд нүдний хуурайшил гэх зүйл их байдаг. Манайхан компьютерийн хамгаалалттай шил гэдэг юманд их дуртай, их ч ярьдаг. Угтаа компьютерийн хамгаалалттай шил гэдэг өөрөө буруу тодорхойлолт л доо. Тийм шил ч гэж байхгүй. Хамгаалалттай шил гээд байгаа маань хэт ягаан туяанаас хамгаалсан бүрхүүлтэй шил юм. Үүнийг компьютерийн хамгаалалттай шил гээд манайхан ташаа ойлгочихсон.

-Компьютер дээр ажиллахдаа нүдээ хамгаалахын тулд юуг анхаарах вэ?

-Компьютер дээр удаан хугацаагаар ажиллахад зөв дэглэмтэй байх ёстой .  Компьютер дээр удаан хугацаагаар ажилладаг бол нүдээ амраах хоёр арга бий.

Нэгд, 30 минут ажиллаад 5 минут нүдээ амраах хэрэгтэй. Минут нүдээ амраахдаа компьютерээсээ холдоод утсаа бариуд суу гэсэн үг биш. Холын юм харах цонхоор алсыг хараад уул толгод юу байдгйин тэр бүхнийг харж нүдээ амраахыг хэлж байгаа юм.

Хоёрт, анхаарал төвлөрсөн ажил хийхэд хүний нүдний цавчилтын тоо холдоод ирдэг. Нүд цавчлах тоолонд нүдний гадаргуу дээр нулимсан бүрхүүл үүсч байдаг. Тэр нулимсан бүрхүүл нь дор хаяж 10-30 секунт тогтож байдаг. Тэгж байж нүдээ гадна орчноос хамгаална чийгшүүлнэ, тодорхой хэмжээний тэжээл өгнө зэрэг олон үүрэгтэй байдаг.  Нулимсан бүрхүүл гол үүрэг гэсэн үг. Нүд хуурайших үед нулимсан бүрхүүл нь амархан задардаг болдог. Тайван байгаа үед хүний нүд 30 секунтэд анивчдаг бол анхаарлаа төвлөрүүлчихсэн үед бол өөрөө мэдэхгүй бараг минутын хугацаанд нүдээ цавчихгүй харчихдаг. Тэгэхээр тэр хооронд нөгөө үүссэн нулимсан бүрхүүл чинь задарч, ууршаад байхгүй болсноор нүд гадна орчинтойгооо шууд харьцаатай болдог. Иймэрхүү байдлаар 2,3 цаг болоод ачаалал ихдээд ирэхээр хүний нүд улайдаг, аргадаг,  нулимс гардаг, халуу дүүгдэг, хараа дүүгдэг гэх мэтчилэн нүд хуурайшилтын зовиурууд илэрдэг. Тиймээс нүдээ ойрхон, ойрхон анивчиж нулимсан бүрхүүл үүсгэж байх хэрэгтэй. Ийм л зуршилтай л болох хэрэгтэй. Зуршил буруу байвал шил зүүгээд ямарч нэмэр байхгүй. Шил зүүх ёстой хэр нь шилгүй явдаг хүмүүс бас бий. Тэглээ гээд нүдэнд нь айхтар гажиг нөлөө байхгүй.

-Хүмүүс хиймэл нулимс хэрэглэдэг болсон. Энэ зөв үү?

-Хиймэл нулимс гэдэг маань зүгээр нүд чийгшүүлэх, нөөшлөх бодис байдаг. Хиймэл нулимсыг тогтмол хэрэглэж байхад айхтар гаж нөлөөтэй бол биш. Харин харшлын талын дусаалга дээр гэх юм бол манайхан ихэвчлэн гормон дусаалга апетикаас ч юм уу бичээд өгчихдөг. Тэр нь өөрөө их гаж нөлөөтэй. Тогтмол эмчийн зааваргүйгээр хэрэглэх юм бол яваандаа нүдний даралт ихэсгэх, болор цайруулах  гаж нөлөөтэй. Тийм болохоор харшлын талын зовиуртай байх юм бол нүдний эмчинд хандаж нүдний эмчээсээ зөвөлгөө аваад хэрэглэх нь зөв. Монголчуудын хувьд нүдний дусаалгыг маш хайнга, эмчийн зааваргүй хэрэглэдэг. Энэ нь нэг талаараа аюултай. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-11 10:01:08


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох