• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Л.Наранбаатар: Нүүрсний салбар сульдаанаасаа гарч эхэлж байна

Уул уурхайн эдийн засагч, "Coal Mongolia-2017" чуулганыг үүсгэн байгуулагч Л.Наранбаатараас нүүрсний салбарийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.

-2017 он гарсаар манай улсын нүүрсний салбар нэлээд өсөлттэй ажиллаж байна. Хагас жилийн байдлаар экспортод гаргасан нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үеэс хоёр дахин их, орлого тав дахин нэмэгдсэн дүн мэдээ гарчээ. Таны харж байгаагаа энэхүү өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл вэ?

-Тиймээ, энэ оны эхний хагаст 19.5 сая тонн нүүрс экспортлож түүхэн дээд амжилтыг нүүрсний салбар маань тогтоолоо. Бүтэн нэг жилийн ажлыг хагас жилдээ амжуулсан гэсэн үг. Энэ маягаараа оны эцэст 40 сая тонн нүүрс экспортлож Австралийг ардаа орхих том амбиц биелэлээ олох нь . Хятадын коксжих нүүрсний импортын зах зээлд номер нэг тоглогч болж байна гэсэн үг. Үйлдвэрлэл болон экспорт нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Хятад улс дотоодын нүүрсний уурхайнуудынхаа ажиллах хоногийг жилд 275 хоног болгож танасан, Австралид гуравдугаар сард маш хүчтэй үер болж багадаа 20 сая тонн коксжих нүүрс усанд живсэн, Хятад улс Хойд Солонгост нүүрсний хориг тавьсан зэрэг нь голлох хүчин зүйлс болсон.

-Цаашид нүүрсний салбарын өсөлт хэр удаан үргэлжлэхээр байна вэ. Хойд Солонгост тавьсан хориг, Шинхуа томоохон хоёр уурхайгаа хаасан нь Монголд боломж олгох уу. Ер нь бидний зүгээс боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу?

-Хятадын Шинхуа нь газрын зөвшөөрлийн улмаас Өвөр Монголд эзэмшдэг 2 уурхайн үйл ажиллагаагаа хоёр хоногийн өмнө зогсоосон. Энэ тухай би "Coal Mongolia-2017" чуулганыг хамтран зохион байгуулж байгаа, Хятадын www.sxcoal.com сайтын шинжээч Алексаас лавлаж асуухад хоёр уурхайн хүчин чадал нь жилд 70 сая тонн хүрдэг, 35 сая тоннын хүчин чадалтай Хярвас гээд уурхай нь 4300-7900 орчим ккал илчлэгтэй, нөгөө уурхай нь Боршил гэдэг нэртэй мөн жилд 35 сая тонн нүүрс олборлодог, 3900 орчим ккал илчлэгтэй нүүрс олборлодог уурхайнууд юм байна. Уурхайн ачилт хийх газрын зөвшөөрөл авах хугацаа нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон учраас ийнхүү зогсоосон гэж байна. Магадгүй энэ процедур нь нэг жил ч үргэлжилж болзошгүй гэж байсан. Тэгэхээр богино хугацаанд манай төмөр зам дагуух эрчим хүчний шинээр нээгдсэн уурхайнуудаас авч буй нүүрсний жижиг ордуудад давуу тал авчирч байна. Хойд Солонгосын хоригийн Монголд ихээхэн боломж авчирсан. Дорноговьд байдаг антрацитын ордууд ашиглалтгүй удсан, энэ хоригийн улмаас эдгээр ордууд богино хугацаанд эргэлтэд орж, төмөр замаар Эрээн боомтоор таван сая тонн нүүрс худалдан авах захиалга ирсэн байна лээ. Хойд Солонгосын хориг энэ оныг дуустал тавигдсан. Цаашид хэр удаан үргэлжлэх нь Хятадын геополитикийн бодлогоос хамаарна. Ордосын эрчим хүчний нүүрсний үнэ зургадугаар сараас хойш тасралтгүй, аажмаар өсч байгаа. Тиймээс нүүрсний салбарт 2018 он гартал энэ өсөлт хадгалагдах болов уу гэж таамаглаж байна.

-Өнгөрсөн хугацаанд нүүрсний үнийн өсөлтөөс бий болсон орлогыг бодит эдийн засгаа дэмжихээс илүүтэйгээр халамжид хуваарилсан түүх бий. Тэгвэл энэ удаа нүүрсний салбараас олох орлогыг хэрхэн зүй зохистой, эдийн засагт өгөөжтэй байдлаар ашиглах хэрэгтэй вэ?

-Тэр алдааг битгий давтаасай. Бид хангалттай суралцлаа. Одоо нүүрсний салбар сульдаанаасаа гарч эхэлж байна. Олсон орлогоо цаашид тамир тэнхээгээ сайжруулах тун болгон ашиглах хэрэгтэй. Энэ тун нь төмөр замд хөрөнгө оруулалт хийх, хил гаалийн нэвтрэх чадвар, зохион байгуулалтыг сайжруулах, нүүрс экспортын гол боомт Гашуунсухайтыг олон улсын боомт болгож гуравдагч зах зээлд “Монгол коксжих нүүрс” гэдэг брэндийг гаргах тун байх ёстой юм. Мөн манай бизнесүүд уналтын үедээ нэг зүйлийг маш сайн ойлгосон байна. Энэ нь нүүрсээ түүхийгээр нь зарах бус баяжуулж, чанарыг нь дээшлүүлж зарвал тээврийн зардал хэмнэж, илүү үр ашигтай байж болдог, энэ нь уналтын үед тамир тэнхээг сэргээх тун, жор нь болдгийг ухаарсан байна. Хөшөөт, МАК, Өсөх зоос, Саус Гоби Сэндс гээд бүгд баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байна. Тэдгээр төсөл хэрэгжвэл 2019 оноос дор байжуулсан Монгол нүүрсний хэмжээ дор хаяж таван сая тонноор нэмэгдэнэ. Одоо ийм бүтээгдэхүүнийг ганцхан Энержи Ресурс л гаргаж байна.

-“Эрдэнэс-Тавантолгой” компани Чалько-д хямд үнээр нүүрс нийлүүлсээр өрийг барагдуулж дууссан. Гэхдээ өнөөдрийг хүртэл зах зээлийн үнээр нүүрсээ борлуулахгүй байна гэсэн шүүмжлэл байгаа. Энэ талаарх таны бодол ямар байна вэ?

-Би төрийн өмчит энэ компани сайн чанарын, байгаалаараа баяжсан ийм үнэтэй нүүрсийг их хэмжээгээр бага үнээр зарж буйд шүүмжлэлтэй ханддаг. Тодорхой тооцоо судалгаа, үйлдвэрлэл санхүүгийн тайлангуудад нь мэргэжлийн хүний хувьд дүн шинжилгээ хийж олон нийтэд хандсанаар иргэд энэ асуудлыг ойлгож эхэлсэн. Нүүрсийг хямд үнээр зарж, компанийг өрөнд оруулж буй энэ байдлыг зогсоож, хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашигт нийцсэн, үр ашигтай менежментийг явуулдаг компанитай болъё гэж уриалсан. Ингээд энэ оны дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлыг анх удаа хувьцаа эзэмшигч иргэн Дорж, Дулмаагийн оролцоотойгоор хийж, тайлангаа олон нийтэд ил болгосон. Энэ бол дэвшил болсон. Учир нь компанийн тайланг тухайн үед үзэхэд 2011-2016 онд энэ компанийг үнэндээ дампууруулах гэж ажиллуулж байсан юм уу гэмээр цочирдом үр дүнгүүдийг харсан. Нээгдсэнээсээ хойш 24.4 сая тонн коксжих нүүрсийг түүхийгээр 30 гаруйхан ам доллароор зараад, 450 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, 890 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болгочихсон байсан. Шинэ захирал нь ийм аймаар уурхайг хүлээн авсан юм байж. Хувьцаа эзэмшигчдийн хурлаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Баруун цанхид хямд өртгөөр үндэсний операторуудыг ажиллуулах, нүүрсээ дуудлага худалдаагаар олон нийтэд нээлттэй өрсөлдөөний зарчмаар борлуулах гэх мэтээр шинэ удирдлагын баг нь боломжийн арга хэмжээнүүдийг авсан байна билээ. Олон нийтийн шахалт шаардлага ч үүнд нөлөөлсөн байх. Эрдэнэс-Тавантолгой нүүрсээ он гарснаас хойш 60 ам.доллароос буулгалгүй борлуулсан байна билээ. Саяхан асууж тодруулахад, эхний хагас жилийн тайлангаар 400 тэрбум төгрөгөөс давсан ашигтай ажиллах дүр зураг харагдаж байгаа гэсэн. Тайланг нь харна даа. Гэхдээ энэ бол богино хугацааны шийдэл шүү. Үнэ унавал тэгээд буцаад л ухаан алдаж унаад, тамирдана. Урт хугацаанд тамир тэнхээтэй байхын тулд төмөр зам, баяжуулсан нүүрс хэрэгтэй. Энийг тэр Ариунболд захирал нь мянга ганцаараа зүтгээд хичээгээд барахгүй. УИХ-д 65 суудалтай МАН-ын засаг, их хурлынх нь зоримог алхамуудаар шийдвэрлэх асуудал гэдгийг эрх биш хаа хаанаа ойлгож л байгаа байх.

-Зах зээлийн таатай байдлыг богино хугацаанд дотооддоо илүү ашигтай байдлаар ашиглахад төр болон хувийн хэвшлийнхэн хэрхэн хамтран ажиллах хэрэгтэй вэ?

-Энийг бүгд л ярьдаг. Одоо ярихаас бүр залхуу хүрч байна ш дээ. Бодитой алхам хийх хэрэгтэй. Баруун, зүүн цанхийн нүүрсийг Энержи ресурсын баяжуулах үйлдвэрт зах зээлийн үнээр нь нийлүүлээд хамтраад үнэ хүргээд зараач ээ2 гэдгийг би аль анхны "Coal Mongolia чуулган 2011" онд зохион байгуулж байхад л ярьж, хэлсэн. Хамтдаа сууцгаагаад ярихаараа тэгэлгүй яахав, чухам ингээд ажиллая гээд л ярьцгаадаг. Тэгээд ажил хэрэг болсон зүйлгүй. Миний бодлоор Хятадууд манай Баруун, зүүн цанхийн нүүрсийг түүхийгээр нь хямдаар аваад Өвөр Монголын баяжуулах үйлдвэрт угааж, цааш нь үнэ хүргэн дамлах сонирхолтойгоос ажил хэрэг болж чадахгүй байна гэж хардаг. 2016 онд дампуураад алга болох шахсан Винсвэй гэнэт амь орж, нэрээ өөрчилж орж ирээд 2.8 тэрбум хонгконг долларын ашигтай ажилласан дүр зургаас үүнийг харж, дүгнэж болно. Чалко ч бас Монголын түүхий хямд нүүрсний ачаар чамгүй ашиг хийсэн байсан.

-Нүүрсний салбар өсөлттэй байгааг ашиглан томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт татах боломж байна уу. Тухайлбал, Тавантолгой, төмөр замын төслийг хөдөлгөх боломжтой юу?

-Боломж нь үргэлж байсан. Одоо ч байна. Чухам ямар шийдлээр яаж явуулах вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Тодорхой зүйл нь бид төмөр замыг бариулахгүй таван жил гацаасан нөхдийн гайгаар 100 сая тонн буюу 10 тэрбум орчим ам.долларын экспортыг алдсан нь үнэн юм. Энэ мөнгөөр Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхийг орон сууцад оруулаад, утаа, баас, хөрсний бохирдол, эрүүл мэндийн асуудлыг шийдээд, цаана нь 1.8 тэрбум ам.доллар үлдэнэ. Ийм л боломжийг бид алдсан нь тодорхой байна. Цаашид тодорхойгүй байдал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй. “Coal Mongolia-2017” чуулганд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд, Зам тээврийн сайд, Эрчим хүчний нар уригдсан бөгөөд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад бодлогын илтгэл танилцуулахаар бэлтгэж байгаа. Эдгээр яамдын зүгээс чуулганыг дэмжиж, хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье. Тэгэхээр чуулганы үеэр таны асуугаад байгаа асуултад тодорхой хариултууд өгөгдөх байх

-Ирэх есдүгээр сарын эхээр “Coal Mongolia-2017” чуулган болно. Энэ жилийн чуулганаар ямар, ямар асуудлыг чухалчилж хөндөх вэ. Энэ чиглэлд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол хэр байгаа вэ?

-Чуулган нь энэ жилд 7 дахь удаагаа зохиогдоно. Есдүгээр сарын 7-9 өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно. Онцлог зүйл гэвэл энэ удаагийн чуулганы зорилго нь хөрөнгө оруулалтыг шүтэхээс илүүтэй одоо байгаа уурхайнуудынхаа хүчин чадал ашиглалтыг дээшлүүлж, нүүрс экспортын нэмэгдүүлэх, худалдаа, тээвэр ложистик, хил гаалийн зохион байгуулалтыг оновчтой, үр дүнтэй болгоход анхаарал хандуулж байна. 2016 оны тооцоогоор нүүрс экспортолдог уурхайнуудын олборлолтын хүчин чадал 50 сая тонн байхад экспорт нь 25.6 сая тонн буюу хүчин чадлынхаа дөнгөж талыг нь л уурхайнууд ашиглаасан байсан. 90 км урт, 120 км урт нүүрс тээврийн цуваа, бөглөрөл үүсэж байгаа нь чухам бид юуг сайжруулах ёстойг тодорхой хэлж өгч байна. Энэ оны хагас жилд бүтэн жилийн олборлолттой тэнцэх хэмжээний буюу 19.5 сая тонн нүүрсийг экспортолсон нь нэг талаар тээвэр ложистик, хил гаалийн зохион байгуулалт нь өмнөх онуудаас сайжирсан гэх дүгнэлт бий болгох ч нөгөө талаар авто тээврээр байгаль орчинг сүйтгэх, осол аваар нэмэгдэх, түгжрээнд хар тамхи, архидалд, биеэ үнэлэлт газар авах зэрэг нийгмийн сөрөг үр дагаварууд нэмэгдсээр байгааг мартаж болохгүй. Энэ чиглэлээр олборлолтыг нэмэгдүүлэх нь "Coal Mongolia" чуулганы зорилго огт биш юм. Хөрөнгө оруулагчид, уурхай дагасан ханган нийлүүлэлт, туслан гүйцэтгэх бизнес хийж буй компаниуд нүүрсний салбарын урт хугацааны өрсөлдөх чадвартай, тогтвортой бодлогыг үгүйлж байна. Шангри-Ла зочид буудлын багтаамжаас хамаараад энэ удаагийн чуулганд төр засгийн төлөөллөөс гадна гадаад, дотоодын 250 зочин оролцоно. Өчигдөр чуулганы мандатын борлуулалт дууссан. Чуулганд оролцогчдын 120 гаруй нь БНХАУ, Энэтхэг, АНУ, Англи, Япон, ОХУ, БНСУ-ын бизнесийн голцуу нүүрсний хөрөнгө оруулалт, худалдаа, технологийн чиглэлийн компаниудын ерөнхий захирал, компанийн эзэд байна. Монголоос оролцож буй бизнесийн төлөөлөл нь Энержи Ресурс, Эрдэнэс-Тавантолгой, Шарын гол, Хөшөөт, Өсөх зоос зэрэг нүүрс экспортын томоохон тоглогчдоос гадна технологийн тэргүүлэгч Мера, Вагнер Ази тоног төхөөрөмж, Хишиг Арвин индустриал, Олборлолт зэрэг томоохон компаниудын эзэд оролцож байгаа нь энэ удаагийн Coal Mongolia нэлээд үр дүнтэй болох хүлээлт бий болгож байна. Гол нь манай олборлогч нар гаднаас ирж буй нүүрсний эцсийн хэрэглэгч нартайгаа энэ завшааныг ашиглаад, ашигтай сайн гэрээ хийгээд аваасай гэж хүсэж байна. Нүүрсний экспорт, худалдаа өсөхийн хэрээр ажлын байр, шинэ хөрөнгө оруулалт, улсад оруулах татвар хураамж нэмэгдэж, улс маань өрнөөсөө гарна шүү дээ.

-Ганц нүүрс ч гэлтгүйгээр цаашид, 2018, 2019 онд ашигт малтмалын түүхий эдийн үнэ өсөх таамгийг Дэлхийн банкны тоймд судалгаанд онцолсон байна. Таны хувьд ирэх жилүүдийн түүхий эдийн ханшийг хэрхэн таамаглаж байна вэ?

-"Coal Mongolia-2017" чуулганд Хятадын Sxcoal.com буюу Фэнвэй Энержи компани, Түдэй Тинк Тэнк Энержи, Platts болон Tec Resources зэрэг дэлхийд алдартай судалгааны байгууллагын ахлах шинжээчдийг бид төлбөр төлж авчирч байгаа. Коксжих болон эрчим хүчний нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, чиг хандлага, Хятадын макро эдийн засгийн төлөв, Япон, Энэтхэг, Солонгос зэрэг коксжих нүүрсний гуравдагч зах зээлд ямар боломжууд байж болох вэ? Тээвэр ложистик, худалдааг хэрхэн зохион байгуулах нь үр дүнтэй талаар маш сонирхолтой илтгэлүүд тавигдахаар бэлтгэгдээд байна. Тэгэхээр 2018, 2019 оны зах зээлийн чиг хандлагын талаар мэргэжлийн мундаг экспертүүдийн дүгнэлт, таамаглалыг тэнд л сонсож мэдээлэл авна даа. Дашрамд чуулганыг зохион байгуулсан энэхүү долоон жилийн туршид бидэнтэй хамт байж, биднийг дэмжиж ажилласан ивээн тэтгэгч байгууллагууд, хамтран зохион байгуулагчид, дэмжигч байгууллагууд, хэвлэлийн ивээн тэтгэгч нарт, чуулганы оролцогч нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний ачаар Монгол улсын нүүрсний салбар маань жил бүр алдаа оноогоо дүгнэж, алхам алхамаар урагшилж, хөгжсөөр байна. Баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-11 09:27:38


Нийт сэтгэгдэл: (14)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. ЯМаксим (182.160.36.138) 2017-08-12 14:13:41
    Урагшаа гаргах нүүрснийхээ төмөр замыг барих тухай шинэ ерөнхийлөгч яагаад дуугарахгүй байнаа? Бүр хөндлөн төмөр зам тавьж Иран Орос руу нүүрсээ зарна гэж хадуурч байна гэнэ үү? Яана даа Монгол минь. Энэ нүүрсний үнийн өсөлтийг хурдхан ашиглаж төсвийнхөө алдагдлыг нөхчих юмсан. Ерөнхийлөгч дэмжих нь байтугай нүүрсний үнэ өссөн нь амжилт биш гэж атаархав.
  2. Зочин (66.181.187.144) 2017-08-12 12:13:28
    Koksjih nuurs yarij baihad, erchim huchnii nuurs yariad. Yu yariad baigaagaa medej bnu ene durak
  3. Хөөрхий дээ (203.91.115.36) 2017-08-11 17:50:38
    Хөөрхий дөө энэ амьтан. Өөрөөс нь шалтгаалаалгүй нүүрснээс ийеүнэ өсөөд байхад өөрөө өсгөсөн юм шиг ярина. Нөгөдөх нь маргааш үнэ унахад л уйлаад сууж байдаг биз дээ. Ганц довны цаадахыг, маргаашаа харж чадахгүй иймл хөгийн нөхдүүд их байх юм даа
    1. neeree (49.0.214.93) 2017-08-11 19:42:25
      Оймс моймс шидэж сүржигнээд байдаг мөн байхаа. Гадныханд өгчихсөн бол өдийд юу хэлж байгаа бол
  4. Зочин (66.249.82.148) 2017-08-11 15:27:14
    Монголын ВАНГА кк. Худалч гар шүү бас л...
  5. Зочин (66.181.179.247) 2017-08-11 15:11:11
    одоо ажилгүй байхыгаа СУДЛААЧ ГЭДЭГ болсон уу. Ер нь судлаач гэдэг чинь ***** ухагч гэсэн үг юмаа. хүний хийсэн өнгөрсөн хойнь сайн муугаар хандахыг судлаач гэдэг болсон байна.
  6. Зочин (74.82.35.56) 2017-08-11 15:03:08
    Яриж байгаа юмыг нь уншдаг, уншаад ойлгодог хүн байдаггүй ээ. Зүгээр л новш, бууны нохой яаасан яаасан ч гэнүү. Энэ Женко нь дарангуйлаад энэ усан толгойтой малнуудыг амаар нь шороо үмхүүлээд өлсөөд ядраагаад хурдан сүйрүүлээсэй. Тэгж байж ойлгох малнууд л даа угаасаа. Монгол ялсаан за малнууд
  7. ЗочинНэк (182.160.35.218) 2017-08-11 13:51:59
    За, яамай даа. Ядарсан Монгол минь ядаж өрнөөсөө салах хэрэгтэй. Энэ сайхан боломжийг битгий будаа болгоосой. Ерөнхийлөгч маань Хятадын эсрэг элдэв юм ярьж битгий саад хийгээсэй. Далай лам биднийг өрнөөс гаргахгүй шүү.
  8. Зочин (202.70.34.70) 2017-08-11 13:42:14
    palidaga baliar yum, zailaasai. adgiin shaar, ter zohion baiguulj baigaa hural gegchid ni hun irehgui yum bilee. ochij ochij jil bur yag tovloson tsagtaa boldog uul uuhrain huraltai davhtsuulj mongolyg horloj baigaa nus.
  9. Зочин (202.179.27.233) 2017-08-11 13:20:39
    Энэ залуу бол Элбэгдоржын бууны нохой. Айхтар мундаг судлаач биш. Яахав улс төржиж хоолоо олж иддэг. Одоо уул нь зөв ярьж байгаа ч итгэж болохгуй залуу
  10. Zochin (166.216.165.64) 2017-08-11 11:56:04
    MANAN iin buunii nohoi zailj dald oroh heregtei!!! Yamar nuureeree ingej yavdag um be!!!???!
  11. Зочин (202.131.235.74) 2017-08-11 09:48:27
    Худлаа амбицлагч энэ судлаач гэх хүн болиоч дээ. Дэлхийд жилдээ 310-320 сая тонн металлургийн гээрс экспорлогддог Манайх хэн юм вэ? 35-40 сая тонн байдаг шүү дээ . Хойд Солонгос манайхтай ойролцоо байдаг даа .Австрали дахь Бай галийн гамшиг, Хятадад сануулга өгсөн ТРамп ах хоёрт одоохондоо баярла
    1. Zochin (66.181.189.109) 2017-08-11 10:18:41
      Tavan tolgoichdiig demjdeg shunaltan
    2. DHdjd (103.57.92.205) 2017-08-12 12:35:58
      Australi jildee 140 saya tonn koksjih nuurs gargadag um shuu ***** min. Yu ch medehgui muu Mcs iin buunii nohoi min

Танд санал болгох