• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Монгол Улс аялал жуулчлал хурдтай хөгжиж байгаа 10 орны нэгээр тодорчээ

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын (UNWTO) аялал жуулчлал хурдтай хөгжиж байгаа орнуудын талаарх 2017 оны тайланг гаргасан бөгөөд энэхүү тайланд жуулчдын тоо тасралтгүй өсч байгаа 10 улсыг нэрлэсний дотор Монгол Улс багтжээ.

Энэхүү тайланд манай улс есдүгээрт эрэмблэгдсэн байна. Монгол Улсыг жуулчлал хөгжиж буй арван улсын нэгд ямар үзүүлэлтээр багтсан болоод бусад есөн оронд ямар ямар улс багтсаныг сонирхъё.

1. Палестин

Энэ жилийн эхээр гудамжны зураг зурдаг уран бүтээлч Бански Палестиний баруун эрэгт нэгэн зочид буудал нээсэн нь Палестин дахь аялал жуулчлалыг эрчимжүүлэхэд хүргэжээ. UNWTO-ын мэдээлснээр Палестинд ирэх олон улсын жуулчдын тоо 57.8 хувиар өссөн байна.

2. Египет

Египетийн аялал жуулчлалын салбар нэлээд хоцрогдолтой байгаа. 2015 онд ОХУ А321 онгоц террорист үйл ажиллагааны улмаас сүйрсэн гэдгийг нотолсны дараа Хойд Африкийн орнуудаас ирэх хүмүүс эрс багассан.

Харин энэ жил олон улсын жуулчдын тоо 51 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд 2017 онд бараг 8 сая жуулчин хүлээн авах төлөвлөгөө байгаа юм. Гэхдээ энэ тоо нь 2010 онд хүлээн авсан 14 сая жуулчдын тоог давж гарахгүй байна.

3. Хойд Марианы арлууд

Ихэнх хүмүүс энэ арлыг газрын зураг дээр зааж чаддаггүй ч энэ нь хойд Марианы арлууд дээр ирэх жуулчдын тоог багасгаж чадахгүй байгаа ба аялал жуулчлал хамгийн хурдацтай хөгжиж байгаа газруудын нэг болж чадаж байна. UNWTO-ын мэдээлснээр энэ онд ирэх хүмүүсийн тоо 37.3 хувиар өссөн байнх аж. 2016 онд АНУ-ын хамтын нөхөрлөлийн нутаг дэвсгэр тус аралд 531 мянган жуулчин хүлээн авсан байна.

4. Исланд

Мэдээж энэ жагсаалтад Исландыг харах нь гайхмаар зүйл биш юм. Учир нь энд “Game of Throne” киноны зураг авалтыг хийсэн гэдгээрээ нэлээд алдаршаад байгаа. Тайланд тусгагдснаар, энэ жил жуулчдын тоо хэдийнэ 34.9 хувиар өссөн байгаа бөгөөд жилийн эцэс гэхэд 2.5 сая жуулчин ирнэ гэсэн тооцоо байна. Энэхүү газрыг насанд хүрэгчдийн “Disneyland" болсон газар гэгддэг.

5. Тунис

Тунисын аялал жуулчлалын салбар нь Египетийн нэгэн адилаар 2015 оны “Sousse” далайн эргийн алан хядах ажиллагаанаас болж 38 хүн амиа алдсны дараа нэлээд уналтад орсон юм. Энэ жил алан хядах үйл ажиллагаа явагдсан тус газарт дахин зочид буудал нээгдсэн бөгөөд жуулчдын болгоомжлол багасч энэ оны эхний хагаст жуулчдын тоо 32.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ байдал үргэлжилсээр  жилийн эцэс гэхэд 7.5 сая хүн ирэх төлөвтэй байгаа ба 2010 онд хүлээн авсан 7.8 сая аялагчдын хэмжээнд тун ойртож очих юм.

6. Вьетнам

Ази тивийн аялал жуулчлал хамгийн хурдацтай хөгжиж газрын тоонд Вьетнам багтжээ. Вьетнам бол аялал жуулчлалд нийцэх газар гэдгийг шинжээчид тодотгодог. Энэ жил олон улсын жуулчдын тоо 31.2 хувиар өссөн бөгөөд 2017 оны эцэс гэхэд ирэх жуулчдын тоо 13 сая давах төлөвтэй байна.

7. Уругвай

Өмнөд Америкийн аялал жуулчлалын хамгийн хурдацтай хөгжиж буй газруудын тоонд Уругвай орсон нь хачирхалтай санагдаж магад. Гэвч энэ жил жуулчдын тоо 30.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Уругвай, Бразил, Аргентин зэрэг газрууд нь ландшафтын аялал жуулчлалын гайхамшигтай өндөрлөгт хүрсэн газарт тооцогддог төдийгүй, ЮНЕСКО-ийн дэлхийн өвд багтсан дурсгалт газрууд олон байдаг. Жилд дунджаар дөрвөн сая жуулчин татдаг байна.

8. Никарагуа

Панамын сувгуудаар дамжин өнгөрөх усны суваг барих төлөвлөгөөгөө Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулж байгаа нь зэрлэг амьтдын амьдрах орчинг сүйтгэх, дотооддоо хангалттай баялаг бүтээхгүй байх вий гэсэн айдсыг төрүүлж байгаа.

Гэсэн хэдий ч Никарагуа нь Төв Америкт жуулчдын тоогоороо хамгийн хурдацтай хөгжиж байгаа оронд тооцогдож байгаа бөгөөд энэ жил ирэх жуулчдын тоо 28.4 хувиар өссөн байна. Хэдийгээр ирэх жуулчдын тоо огцом өссөн ч энэ жил 2 саяас бага жуулчин ирэхээр байна.

9. Монгол

Жагсаалтад орсон хамгийн санамсаргүй, тооцоолоогүй зүйл нь Монгол Улс уг жагсаалтад багтсан явдал юм. Өргөн уудам тал нутаг, элсэн цөлөөр баялаг тус улс нь газар зүйн байршлын хувьд нэлээд тусгаарлагдсан, алслагдмал бүсэд оршдог. Гэвч Төв Азийн энэхүү уулархаг нутаг нь одоо аялагчдыг ихээр татах болжээ. UNWTO-ын мэдээгээр  энэ жил Монгол Улсыг зорих олон улсын жуулчдын тоо 28.3 хувиар өссөн байна.

Энэ бол том үсрэлт хэдий ч тоо хэмжээг нь харвал төдийлөн өндөр биш буюу 400000 жуулчин 2017 он гарсаар Монголд ирээд байгаа гэнэ. Жуулчид Монгол Улсын нүүдэлчин соёл иргэншлийг ихээр сонирхдог бөгөөд үндэсний бөх, хурдан морь, нум харваа бүхий эрийн гурван наадмыг үзэхээр ирэх нь элбэг байдаг.

10. Израиль

Хамгийн сүүлийн жагсаалтад Израиль улс оржээ.Тайлан мэдээгээр Израиль улсад ирэх жуулчдын тоо энэ оны эхний хагас гэхэд 25.1 хувиар өссөн байгаа бөгөөд жилийн эцэс гэхэд Израиль руу зорчигчдын тоо 3.7 саяд хүрэх гэнэ.

Эх сурвалж: Telegraph

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-10 11:42:47


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох