• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​XIV Далай лам: Далай ламын хойд дүрийг хайх бэлтгэл ажил ирэх 1-2 жилд эхэлнэ

Дээрхийн гэгээнтэн, XIV Далай лам өчигдөр Нью-Дели хотноо зохиогдсон Ражендра Матурын дурсгалын лекцэнд оролцох үеэрээ ирэх 1-2 жилийн дотор түүний залгамжлагч буюу Далай ламын хойд дүрийг хайх бэлтгэл ажил хийгдэх тухай хэлсэн байна. Тэрээр "1969 оноос хойш би Далай лам гэх институт цаашид заавал үргэлжлэх ёстой. Гэхдээ заавал Төвдөөс Далай ламыг сонгох албагүй гэж албан ёсны мэдэгдэлдээ дурдсаар байгаа. Одоо Далай ламын ирээдүйн талаар нухацтай ярилцах цаг ирлээ” гэсэн байна. Мөн тэрээр дараагийн Далай ламыг хайх, түүнийг бэлтгэх ажил ойрын 1-2 жилд эхлэх болно гэдгийг хэлжээ.

Угтаа Далай ламын хойд дүрийг хайх олон жилийн хугацаа шаарддаг заншилтай. Уламжлагдаж ирсэн заншлаар бол Далай ламыг таалал төгссөнөөс хойш 49 дэх хоногоос хоёр жилийн дотор Төвдөөс түүний хойд дүрийг тодруулдаг. Ингэхдээ Далай ламын гэрээслэл, Төвдийн төрийн сударт заасан сургааль, хойд дүрийн эзний чадвар зэргийг харгалзан үздэг байна.

Харин XIV Далай ламын саналаар одоогийн Далай ламыг нас барсны дараа хойд дүрийг нь тодруулдаг байсан уламжлалыг халж, Далай ламыг амьд байхад залгамжлагчийг нь тодруулах бололтой. Далай ламын өмнө нь хэлж байснаар бол Далай ламын хойд дүрийг тодруулах тогтолцоог Ромын шашны пап ламыг тодруулдаг тогтолцоотой ижил байдлаар хийж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, Энэтхэг болон Монголын бурхан шашинтнуудын төлөөллийг цуглуулж Төвд дэх бага насны хүүхдүүд дундаас шарын шашны тэргүүний залгамжлагчийг тодруулдаг уламжлалт зан заншлыг халж, ирэх 1-2 жилийн дотор Далай ламын хойд дүрийг тодруулан залж магадгүй аж. XIV Далай лам өмнө нь “Миний хойд дүр эрх чөлөөт оронд төрөөсэй” хэмээн олон удаа хэлж байсан нь түүнийг таалал төгссөний дараа БНХАУ-ын Засгийн газраас түүний залгамжлагчийг тодруулах ажлыг дангаар зохион байгуулж магадгүй гэдгээс болгоомжилсны илэрхийлэл байсан юм.

Ийнхүү Далай ламын хойд дүрийг тодруулах уламжлалыг халах саналаа дахин илэрхийлсэн XIV Далай лам шарын шашны тэргүүн заавал эрэгтэй хүүхэд байх албагүй гэдгийг өмнө нь өгсөн ярилцлагадаа дурдаж байсан билээ.

Тэрээр “Хэрэв эмэгтэй хүн хүн төрөлхтөнд их тус хүргэж чадах юм бол бурхны шашны тэргүүн байж болно. Эрдэмтэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг нэг ижил кино үзүүлж, туршилт явуулахад бүсгүй нь илүү мэдрэмтгий болохоо харуулж, сэтгэл хөдлөл нь илүү хүчтэй илэрч байв. Үүнээс үзэхэд эмэгтэйчүүдэд илүү боломж байдаг тул энэрэх сэтгэлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд идэвхтэй үүрэг гүйцэтгэж чадна” хэмээн “The Daily Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан юм.

Дээрхийн гэгээн XIV Далай лам өнгөрсөн онд, “СNN” телевизийн нэвтрүүлэгч Кристиан Аманпурын ярилцлагын цагт оролцох үеэрээ БНХАУ-ын Засгийн газрын талаархи байр суурь, Си Зиньпинд илгээх үгээ хэлсэн байдаг. Тэрээр “Би улс төрийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн. Далай лам бол улс төрийн удирдагч байна гэх дөрвөн зууны тэртээх хуучин уламжлал байсан ч би хувь хүний хувьд ч тэр, Далай лам гэх институтын хувьд ч тэтгэвэрт гарч, улс төрийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөн” хэмээн хэлсэн байна.

Хөтлөгч Аманпур “Та БНХАУ-ыг маш их өөрчлөгдөж байна гэлээ. Гэхдээ Хятад улс зөвхөн эдийн засгийн нөхцөл байдлын хувьд л өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, материаллаг талаараа. Харин одоо болтол ард иргэд нь улс төрийн маш хатуу хяналтад байгаа шүү дээ. Хэвлэлүүд нь одоо ч таны талаар муугаар ярьдаг. Таныг салан тусгаарлах үзэлтэн гэж нэрлэдэг. Ер нь яагаад тэд таныг ингэж нэрлэх болсон юм бэ. Та үнэхээр Төвдийг салан тусгаарлахыг хүсдэг юм уу” гэхэд тэрээр “БНХАУ-ын Засгийн газар Далай лам гэх хувь хүнтэй байнга зөрчилдсөөр ирсэн. Тэглээ ч төвдүүд БНХАУ-аас тусгаар тогтнол хүсээгүй. Бүр тэртээ 1974 оноос хойш тусгаар тогтнох талаар бодоогүй. Учир нь, түүх мэддэг хүн бүр 1974 онд Төвд тусгаар тогтносныг мэддэг. Хятадын түүхчдээс бусад нь шүү дээ. Хятадын эрх баригчид, түүхчид л үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм” гэжээ.

Хятад улс Далай лам гэх хувь хүнтэй нь зөрчилдөх биш, илүү том харвал тэдэнд маш их боломж бийг тэрээр сануулсан юм. Тэрээр “Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх хэрэгтэй. Бид зөвхөн ирээдүйг л харж амьдрах ёстой. Хятадын ашиг сонирхлын нэг хэсэг нь материаллаг зүйлсэд төвлөрч байна. Хятад улс төвдүүдийг материаллаг талаас нь үгүй хийхийг хүсдэг ч хэл, сүнслэг чанар, шашны уламжлалыг устгаж чадахгүй. Дэлхийн өөр хаанаас ч буддын шашны “цэвэр, жинхэнэ” уламжлалыг олохгүй. Төвдөд л энэ бүрэн бүтнээрээ хадгалагдаж ирсэн. Тиймээс БНХАУ Буддын шашны соёл, уламжлалыг хамгаалах тал дээр анхаараасай гэж хүсч байна” гэжээ.

Хөтлөгч түүнээс Хятадын эрх баригчид болон Далай лам хооронд маш том тэмцэл одоо ч байгаа талаар асуугаад “20 жилийн өмнө Панчин ламыг зургаан настай байхад нь хулгайлсан. Гэтэл саяхан түүнийг эрүүл өсч торниж байгаа, сахил хүртэх хүсэлгүй байгааг мэдэгдсэн. Тэгэхээр Төвдийн дараагийн оюун санааны удирдагч нь хэн байх вэ” хэмээн асуухад “Ирээдүйд Төвдийн Буддизм Далай ламгүйгээр ч оршин тогтнох болно” хэмээн тэрээр хэлж байсан юм.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-10 10:36:33


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. багш (59.153.114.137) 2017-08-12 15:59:58
    Энэ гай биднээс холуур яваасай, бид өөрсдийн богдоо тодруулаад шүтээд явах нь зүйтэй.
    1. Зочин (172.56.13.69) 2017-08-13 03:38:04
      Дээрхийн гэгээнтнийг гай гэдэг чаралбаа зөндөө л байдаг юм байна

Танд санал болгох