• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Д.Баярбаатар: Нэг нь л байхгүй бол уран бүтээл дээр ахихгүй шүү дээ

Энэ удаагийнхаа “Андууд” буландаа Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагч Д.Ганболд, ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатар нарыг урьж ярилцлаа. Тэд хэдийгээр хар нялхаасаа нөхөрлөөгүй ч уран бүтээлийн хувьд хэдийнэ нэгэн “гэр бүл” болж, нэгнийхээ орон зайг өөр нэгнээр сольж чадахгүй болтлоо ээнэгшин дассан андууд болжээ. Үндэсний урлагийн олон сайхан бүтээлийн авторыг хамтдаа бүтээж яваа тэдний үерхэл хэрхэн эхэлж, өрнөж явааг хамтдаа сонирхъё.

-Үндэсний урлагийн их театрын олон сайхан бүтээлийг хамтдаа туурвиж байсныг мэднэ. Та хоёрын нөхөрлөлийн түүх хэзээнээс эхлэв?

Д.Г: -Баярбаатар бид хоёрын хувьд учир зүггүй ах дүү болоод “Хоёулаа танилцъя” гээд танилцаагүй л дээ. Уран бүтээлээс л болж танилцсан. 2003 онд анх Баярбаатартай чуулгынхаа коридорт танилцаж байлаа. Тэр үед Баярбаатар СУИС-ийн оюутан байсан. Баярбаатар “Өөртэй чинь яриа байгаа шүү” гээд салсан. Дараахан нь дахин нэг таартал “Бүжгийн зааланд ороод ирээрэй” гэж байна. Ороод очтол гавьяат жүжигчин, бүжигчин Ш.Одонтуяа, Н.Эрдэнэбаяр хоёрыг суулгаад бүжиг дэглэж байсан. Тэгээд бүжгийг нь хараад “Ерөнхий санааг найз нь ойлголоо” гээд л явсан. Хэд хоногийн дараа утсыг нь ч мэдэхгүй хэрнээ эскизээ барьж ирээд хальт зургаа өгөөд салж байлаа. Дараа нь бүжгийг нь харж суухдаа бид хоёрын бодлын үзүүр яахын аргагүй л нийлсэн юм байна гэж бодогдсон. Миний бодсон, Баярбаатарын бодсон хоёр яг л нийлж байсан юм.

Д.Б: -Хүн ухаарах, хүмүүжих, цаашдын амьдралын утга санаагаа ойлгох, хөгжих дэвших чиг хандлагад зайлшгүй шаардлагатай, хүний амьдралын хамгийн сайхан зүйлийн нэг нь урлаг. Үндэсний урлагийн их театрын "хэлхээтэй гурав" гэвэл Бирваа, Ганболд бид гурвыг хэлэх байх. Муудалцаж, гуньж, гутарч, баярлаж, хөөрч амьдралд байдаг бүхий л баяр жаргалыг хамт эдэлж байна. Урт ч гэх үү, богино ч гэх үү, чамгүй олон жилийг хамтдаа туулж, Монголынхоо үндэсний урлагийг эх орондоо болоод дэлхийн олон улс оронд хүргэсэн байна. Бид гурвын хувьд гар, ганзага нийлж хамтарч бүтээдгээрээ онцлогтой найзууд. Хамтран бүтээсэн бүтээлүүдээ нэрлэх юм бол их урт жагсаалт гарна.

-Хамтран хийж байсан анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

Д.Г: -Бид хоёрын нөхөрлөлийн үндсийг тавьсан уран бүтээл бол “Бие чинь болъё” бүжиг юм. Баярбаатарыг Төрийн соёрхолт шагналд дэвшихэд тодорхойлолтод нь “Бие чинь болъё” бүжгийн тухай ингэж бичиж байсан юм. “Тухайн үеийн концертын бүжгүүд дотроо “Бие чинь болъё” бүжиг бол маш том агуулга, сэдэвтэй, хоёрхон хүнээр монгол хүний амьдралын философийг тэр чигээр нь багтаасан, гүн ухааны маягийн бүжиг” гэж тодорхойлж байлаа. Миний хувьд энэ бүжгийг “Баярбаатарын авьяасыг хоёрхон хүнээр тултал нь харуулсан бүжиг” гэж хэлнэ. Энэ бүжиг бол орчин үеийн монгол бүжгийн чиг хандлагад маш том нөлөө үзүүлсэн бүжиг.

Д.Б: -“Бие чинь болъё” бүжиг бүтсэн түүх яах аргагүй биднийг нэгтгэсэн. Энэ бүжгийг Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын II уралдаанд зориулан хийж байсан. Бүжгийн зургийн хувцсыг гаргах гээд олон зураач бодогдож байсан ч Ганбаагаараа л хийлгэмээр санагдаад болдоггүй. Тэгээд хийсэн хувцасны эскизийг нь хараад маш их баярласан, онцгой ч санагдсан. Улаан, цагаан өнгийг хослуулж тоорцог малгайгаар тооныг, цээж хэсгээр баганыг, хормой хэсгийг ханаар, бүсийг нь хатан сүйхээр илэрхийлж зурсан байсан. “Бие чинь болъё” бүжиг маань тэр жилийн уралдааны гранприг авснаас гадна дэлхийн алдарт Большой театр, ЮНЕСКО-гийн их танхим, НҮБ-ын танхим, Төрийн хүндэтгэлийн тоглолтод тоглогдож байсан.

Бид хоёрын хамтран хийсэн анхны бүжиг “Бие чинь болъё” маань яг л “Жалам хар” шиг үеийн үед дурсагдах мөнхийн бүтээл болж байгаа юм байна гэж омогшиж явдаг. Энэ бүжигтэй холбогдуулаад өөр нэг түүх ярихад Зава Дамдин Ренбүчи үзээд СУИС-ийн захирал Э.Сонинтогосоос “Энэ бүжгийг хийсэн хүмүүс “Нууц тарнийн ёс”-ыг мэддэг үү” гэж асуусан гэж хэлж байсан.

-“Бие чинь болъё”-гоос хойш хэдэн уран бүтээлд хамтран ажилласан бэ?

Д.Г: -Түүнээс хойш “Хөөмэйн түрлэгтэй эх орон” тоглолт, Баярбаатарын “Нүүдэл” жүжиг гээд цааш үргэлжилсэн. Үндэсний урлагийн их театрт 2007 оноос хойш туурвисан бүхий л уран бүтээл бидэнтэй ямар нэгэн байдлаар салшгүй холбоотой. Энэ жилийн хувьд гэхэд АСЕМ-ийн хүлээн авалт, Төрийн хүндэтгэлийн концертод хамтран ажилласан.

Хамтран уран бүтээл хийж байхад ойлголцохгүй байна гэсэн тохиолдол бараг байхгүй. “Чи энийг буруу ойлгоод байна” гэж бие биедээ хэлж байсан удаа байхгүй. Би сэтгэлд нь таараагүй эскиз хийж байснаа санахгүй байна. Баярбаатар миний хувьд сэтгэлд нийцээгүй бүжиг хийж байгаагүй.

Д.Б: -“Хүрээ тансаг”, “Хүннү дуулал”, “Алтайн чимэг”, “Монголын их хатдын туульс” гээд олон бүжгийг нэрлэж болно. Одоо эргээд харахад миний дэглэсэн бүжгийн ихэнх нь бүсгүйчүүдэд зориулсан байдаг юм билээ. Энэ дундаас онцлох нэг нь “Хүрээ тансаг”. “Хүрээний хүүхнүүдийн тухай донжтой бүжиг хийх гэж байна. Зургийг нь хийгээдэхээрэй” гээд зүглүүлээд орхисон. Зургаа ирээд харсан ямар ч өөлөх зүйл алга. Миний хувьд олон бүтээл дотроосоо “Хүрээ тансаг”, “Бие чинь болъё” бүжигтээ маш их хайртай. Учир нь “Хүрээ тансаг”, “Бие чинь болъё” бүжгийг тухайн үедээ уран бүтээлийн хувьд шинэчлэл хийсэн гэж ахмад уран бүтээлчид магтаж байсан. Үүнд нь урамшаад цаашдаа томоохон бүжиг хийж болох юм байна гэсэн итгэл, урам авч байлаа.

-Хэзээ бие биенээ хамгийн их үгүйлдэг вэ?

Д.Г: -Уран бүтээл хийх болгондоо бие биенээ үгүйлнэ. Өөр бүжиг дэглээчтэй хамтарч ажиллахаар яг Баярбаатар шиг байна гэж байхгүй шүү дээ. Сэтгэлд хүрч өгдөггүй. Эвийн цавуу гэдэг шиг уран бүтээл болгон дээр бие биенээ хөглөдөг. Баярбаатарыг гадагшаа хэд хоног томилолтоор явахад нь санаад эхэлнэ. “Ирэх болоогүй юм байх даа” гээд л хүүхдүүд төрсөн өдөр, шинэ жилийн баярыг хоног тоолон хүлээдэг шиг л юм болно. Бие биенээ харахаар их хөөрнө. Бирваагийн хэлдгээр “онголзоно”.

Д.Б: -Бирвааг байхгүй болохоор бас л үгүйлнэ. “Ирэх болж байна уу. Ганбаа бид хоёр цайгаа уух гээд хүлээгээд л байна” гэнэ. Цайг нь нэг их санасан юм байхгүй л дээ. Уулзахын хүсэл байхгүй юу. Бие биенээ хөөргөнө, хөглөнө, баярлана. Ингэж маазарч инээсээр байгаад уран бүтээлийн шинэ санаа гаргасан байдаг юм. Уран бүтээлээ яриад эхлэхээр бүхий л асуудлаа мартана. Өвчин зовлонгоо ч мартана.

Д.Г: -Баярбаатар, Бирваа хоёр бие биенээ их явуулна. Баярбаатар “Бүжиг нь сайн юм. Даанч хөгжим нь гологдоод байна” гэнэ. Тэгэхээр нь Бирваа “Тэгвэл хөгжмөө авлаа, өөр хүнээр хийлгэ” гэнэ. Бирваа бид хоёр Баянхонгорт “Арван тавны сар” дуулалт жүжиг тавихаар явсан. Очоод бэлтгэлээ хийлээ. Бүжиг нь нэг л болдоггүй. Баярбаатарыг дуудлаа. Ирэхэд нь бөөн баяр болоод эхний өдрийн ажлаа алдчихлаа. Гэхдээ гурван өдрийн дотор гурван бүжиг гаргачихаад явчихаж байгаа юм. Тэгээд явах болохоор нь “Явах гэлээ” гэж уурлаж нэг инээж нэг үзэж байгаа юм.

Д.Б: -Хийж байгаа уран бүтээл минь болж бүтэж байсан ч заавал нэг санаа оноо сонсчих гээд нэгэндээ харуулна шүү дээ. Үзүүлж, харуулахгүй бол нэг зүйл дутаад байгаа юм шиг санагдана.

-Та хоёрын хувьд Үндэсний урлагийн их театр хэмээх айлын “ерөнхий” гэсэн тодотголтой албан тушаалыг хашдаг. Үндэсний урлагийн мэргэжлийн төв байгууллага болсон энэ их айлын ерөнхий найруулагч, ерөнхий бүжиг дэглээч байна гэдэг тийм ч амар зүйл биш байх?

Д.Б: -Уран сайхны удирдагчийн албыг хашиж байхдаа А.Цэдэн-Иш даргадаа хэллээ. “Найруулагчийнхаа асуудлыг шийдье” гэж санал тавилаа. Их уриалгахан хүлээж авч “Хэнийг томилох вэ” гэхээр нь “Ганболдыг тавья. Тайз, зургаа сайн мэднэ. “Сарны чулуу” чуулгыг босголоо. Олон том тоглолтын найруулагчаар ажиллалаа. Энэ хүн манайд яг таарна. Хар багаасаа чуулгатай ойр байсан хүн” гэж санал болгож байсан. Ганболд маань түүнээс хойш одоог хүртэл ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

Уран сайхны зөвлөлд ерөнхий бүжиг дэглээч, найруулагч багтдаг. “Ерөнхий” байна гэдэг урын сангийн бодлоготой салшгүй холбоотой. Бид ерөнхий гэж энэ суудал дээр суучихаад урын сангийн бодлого нь дэвшихгүй, уламжлал шинэчлэл нь харагдахгүй бол ард түмэн ирж сонирхохгүй. Их театрын ерөнхий байна гэдэг илүү их хариуцлагатай, бүтээлч байхыг шаарддаг.

Д.Г: -Ерөнхий гэдэг зүйлийн ард их олон зүйл агуулагдаж байдаг. Чуулгын найруулагч байх өөр. Ерөнхий найруулагч байна гэдэг урын сангийн бодлого тодорхойлолцдог, амиа бодож болдоггүй ажил байдаг юм. Юу боддог вэ гэхээр, театрынхаа уран бүтээлчдийг, театрын бодлогоо, үзэгчдээ бүхлээр нь хардаг. Бүхнийг том рамаар нь харах болдог. Нийгэмтэйгээ харьцуулж бодлогоо тодорхойлно. Энэ жил ямар уран бүтээл шаардлагатай, ирэх жилүүдэд ямар уран бүтээл тавих шаардлагатай байна, үзэгчид юу хүсч хүлээж байна. Манай уран бүтээлийг үзэж сонирхож байгаа хүмүүс ямар хүмүүс байна, дундаж нас нь хэд байна, ямар уран бүтээлийг үзэгчид илүү таашааж байна гэдгийг судлах үүрэг “ерөнхий” гэсэн хүмүүст л оногддог, байгууллагын хувь заяанд санаа зовдог хүмүүсийн ажил. Маш том үүрэг хариуцлага. Нэрийн хуудсан дээр бичигддэг нэр төдий зүйл биш юм.

Д.Б: -Хаадын бошго зарлигт “Үндэсний урлагаа мартсан улс орон үндэсгүй мод шиг мөхнө. Тэр тусмаа түүхийн хуудаснаас арчигдана” гэсэн байдаг. Тиймээс үндэснийхээ соёл урлаг, өв соёл, олон зуун дамжиж ирсэн энэ үнэт зүйлийг хайрлах, хүндлэх нь чухал гэж боддог. Үндэсний урлаг бол үндэсний бахархал. Монгол Улс оршин тогтнож байгаа нэг үндэс болсон үндэсний бахархлыг бий болгож хүмүүсээ хайрлан хүндэтгэх нь чухал гэж боддог.

-Урлагийн салбарын уран бүтээлч эрчүүдийн нөхөрлөл бусад салбарынхны нөхөрлөлөөс юугаараа онцлогтой байдаг вэ?

Д.Г: -Урлагийн салбарын эрчүүдийн нөхөрлөл их гэгээн шүү дээ. Давхар санаа бодол агуулна гэсэн зүйл байхгүй. Үзэгчид уран бүтээлийг нь сайхнаар хүлээж авбал баярлана. Нэг уран бүтээлийн санаа олохдоо ямар ч баяраас илүүтэй баяр хөөр болно. Урлаг соёлын салбар нь өөрөө ариун болохоор тэр юм уу, сэтгэлээрээ баян байдаг. Урлагийн салбарт сэтгэлээрээ баян байхгүй бол урагшилдаггүй. Урлаг соёлын салбарт хэн тэсч үлддэг вэ гэвэл сэтгэлээрээ баян хүн үлддэг юм. Ингээд бодохоор урлагийн эрчүүдийн нөхөрлөл сэтгэлийн баян дээр тогтдог.

Д.Б: -Уран бүтээлч найзуудын үерхэл их дотно. Гэр бүл, үр хүүхдээ яг яаж хайрлана. Түүн шигээ л уран бүтээлийн найзуудаа хайрлана. Санана, мөрөөднө, байхгүй үед нь эрж хайна.

-Найзуудынхаа бүтээлийг хэн нэгэнд гайхуулж ярихаас биш өөрийнх нь дэргэд өөрийг нь магтаж байсан нь маш ховор байдаг. Харин энэ удаа дэргэд нь магтах боломж олгомоор байна. Тэр бүр хэлээд байдаггүй ч дотроо нуугдаж байдаг сайхан үгээр магтахгүй юу?

Д.Б: -Баярбаатарын бүжгүүдийн 80 хувь нь эмэгтэй хүний тухай байдаг гэж хэлсэн. Манай хүн эмэгтэй хүний философийг маш сайн ойлгоно. “Огторгуй”, “Дарьгангын чимэг”, “Хүрээ тансаг”, “Хурмастын уялга” гэх зэрэг эмэгтэй хүний тухай олон бүжгүүд дээр нь хамтарч ажиллаж байсан.

Баярбаатарыг эмэгтэйчүүдэд зориулсан бүжгийн мастер гэж ойлгоод байсан чинь буруу болж таарсан. Баярбаатарын талаарх миний бодлыг өөрчилсөн зүйл нь “Нүүдэл” бүжгэн жүжиг. Энэ жүжгээр монголчуудын түүхийг тэр чигээр нь өгүүлж, Хүннү, Модун Шаньюй, Чингис хаан, Өндөр гэгээн Занабазарын философийг бүгдийг нь харуулсан. Үнэхээр л энэ бүжгээр Баярбаатар концертын юм уу зөвхөн эмэгтэйчүүдийн бүжиг дэглээч биш бүжгэн жүжгийн бүжиг дэглээч гэдгээ мэдрүүлсэн. Үүний дараагаар “Мэргэнд буусан чоно”, “Нүүдэл”, “Монголын их хатдын туульс” гэх бүжгэн жүжгүүдээр далайц нь улам тодорч эхэлсэн. Баярбаатарыг ид бяр нь амтагдсан, уяа сойлго нь таарсан насан дээрээ явж байна гэж боддог.

Д.Г: -Манай Бирваагийн хөгжим өөр шүү дээ. Бичиж байгаа гээд л харуулахгүй. “Бүтээл өгөх хугацаа боллоо. Яав ийв” гэж шаардаж байж авна. “Хөгжмөө хугацаанд нь хүлээлгэж өг” гэж их загнуулна. Захиргаа уран сайхны зөвлөлөөс олон ч удаа банга хүртсэн дээ.

Д.Г: -Баярбаатарыг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч их гоё тодорхойлсон байдаг юм. “Явдаг түц” гэж. Энэ их сонин сонсогдож байгаа биз. Эхлээд сонсоход уур хүрмээр. Б.Баатар найруулагч өрөөндөө дуудаад Бирваа, Баярбаатар бид гурав яваад орлоо. Тэгсэн чинь Баярбаатарыг “Энэ нэг шатрын морь шиг нөхөр суугаач” гэдэг юм. Тэгсэн Баярбаатар энэ хоёр хэг, ёг гээд л эхэллээ. Тэгсэн Баатар найруулагч “Энэ муу харин овоо муу гар уу, “Явдаг түц” царайлчихаад гэсэн чинь манай хүн бүр уурлаад “Та зүгээр давраад байгаарай” гэж хэлчихээд гараад явлаа. Би тэгэхээр нь “Та яагаад манай найзыг “Явдаг түц” гээд байгаа юм бэ гэсэн чинь Б.Баатар найруулагч “Би наадахыг чинь муулж, шоолоогүй шүү дээ. Танай найз чинь аймар авьяастай явдаг түц шиг хүн байхгүй юу. Түцэнд юм болгон байдаг биз, гэхдээ явдаггүй. Харин найз чинь хүнд хаана, юу хэрэгтэй байна тэр газар нь очиж, зогсож чаддаг тэгээд дотор нь бүх юм байдаг нөхөр” гэж билээ. Түц гэдэг үгийг тэгж гоё задалж хэлж өгсөн. Тэр тодорхойлолт найзад маань их зохидог юм.

Ер нь бол суугаад байдаг хүн биш. Байнгын явна. Гадаад, дотоод, хөдөө чиг л явна. Явж байхдаа түцээ дандаа дүүргэж явдаг хүн. Тэгээд түц нь дандаа дүүрэн, баян байна. Тэр дотор бүх юм бий. Чихэр, жимс, давс, ундаа чиг л бий. Энэ чинь нэг талдаа зүгээр л авьяастай хүн гэсэн үг шүү дээ. Энгийнээр хэлбэл бүжгийн урлагт бол миний найзалж байгаа найзуудаас хамгийн авьяастай бүжиг дэглээч бол Баярбаатар. Энийг би юу хийгээсэй гэж боддог вэ гэвэл одоо бүжгэн жүжиг хийгээсэй. Гэхдээ их театрт зориулж хийгээсэй гэж боддог.

Д.Б: -Найзынхаа тэр сайхан зураад өгсөн бүтээлийг улам сайхан бүтээл болгохын төлөө би хичээдэг. Уран зураг, зураасан зураг гэдэг ч юм уу олон урсгал чиглэл байгаа ч манай Ганбаа бол театрын зураач гээд онцгой өвөрмөц мэргэжлийн эзэн нь гэж би ойлгодог. Энэ олон жил гарч буй бүжгэн жүжгүүд, олон олон бүтээлийг жил жилээр зурна гэдэг тийм амар юм биш. Тайз, гэрлээс жүжигчний дүр бүрт нь зориулж хийдэг нь Ганбаагийн онцлог юм.

Ганбааа энэ олон жил бүжгэн жүжиг, концерт, дуу, хөгжмийн зургийг гаргаснаараа онцлог байна л даа. Үндэсний хувцас ямар байх ёстой, ямар түүх улбаатай байх ёстой, уламжлал, шинэчлэл нь хаанаа байх ёстой гэдгийг олон талаас нь бодож, зургаа гаргаж байгаа.

-Цаашдаа хамтран хийх уран бүтээлүүдийнхээ талаар ярихгүй юу?

Д.Г: -Он гараад хүүхдийн дуулалт жүжиг хийх гэж байна. Дуурь гэдэг бол Үндэсний урлагийн их театрын яах аргагүй нэг гол бүтээл нь байх ёстой. Үүний төлөө бодол оюунаа гашилгаж ажиллах үүрэг Бирваад ногдож байгаа. Баярбаатарын хувьд бүжгэн жүжиг хийх төлөвлөгөөтэй, миний хувьд Лигдэн хааны тухай бүтээл хийнэ гэсэн зорилготой ажиллаж байна.

-Өмнөх дугаарын “Андууд” буланд уригдсан ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай “Нөхөрлөл өнгө юм уу тодотгол биш. Мөн чанар” гэж нөхөрлөлийг тодотгосон. Харин та хоёрын хувьд нөхөрлөлийг юу гэж тодорхойлох вэ?

Д.Г: -Нөхөрлөл бол чин сэтгэл дээр бий болдог гал. Зүгээр, хар аяндаа байж байгаад бий болдог зүйл биш. Хүмүүсийн үнэн сэтгэл нийлж байж гал болдог. Ганц мод гал болдоггүйтэй адил нөхөрлөл ингэж л бий болно. Мөнгө харсан бол тэр нөхөрлөл биш. Нэг үгээр хэлбэл хэрэгтэй үедээ бие биедээ хайртайгаа илэрхийлдэг зүйл биш л дээ. Ямар ч тохиолдолд бие биедээ үнэнч байхыг хэлнэ.

Д.Б: -Нөхөрлөл бол итгэл үнэмшил юм. Бие биедээ итгэх итгэл дээр л нөхөрлөл тогтоно.

-Бие биедээ байдаг хамгийн чухал үнэт чанаруудыг тодотговол?

Д.Г: -Баярбаатараас авах зан гэвэл юманд их овсгоотой, самбаатай. Уран бүтээлийн хувьд яг тэр хүнээс олж харах зүйлээ харж чаддаг. Уран бүтээлчийнхээ хувьд их “өлөн” зантай гэх юм уу даа. “Өлөн” зан нь хүнээс мөнгө төгрөг, хувцас нэхэж байгаа зүйл биш юм. Уран бүтээлийн тал дээр ханаж цадахаа мэдэхгүй гэдгийг илэрхийлж байгаа зүйл юм. Хүнтэй их хурдан нөхөрлөнө. Тэгэхэд би бол нэрэлхүү зантай. Баярбаатар шиг шууд хэлж чаддаггүй. Энэ хүнтэй хамтарвал яах бол гэж их бодож байж дуугарна. Манай Баярбаатар товчхондоо суусан газраасаа шороо атгаж сурсан хүн гэх юм уу даа.

Д.Б: -Ер нь манай Ганбаа бол нэг юмыг хийнэ гэвэл олно, бодно, сэтгэнэ. Харин жаахан зөрүүд. “Ганбаа”, энэ нь жаахан болохгүй байна. Сольчих уу” гэхээр “Үгүй ээ. Ингэх ёстой. Ийм л байх ёстой” гээд зүтгэнэ. Чигээрээ явах гээд байгаа тэр үед нь Бирваа бид хоёр бага зэрэг харзнана л даа. Жаахан мартагнуулж байгаад хэлчихээр юм хэлэхгүй. Гэхдээ дараа нь засчихсан л байдаг юм. Манай Бирваа бол түс тас загнасан, хэг ёг гэсэн, хүмүүс харахад их ааш муутай.

Д.Г: -Бид гурав гурвуулаа их өөр, өөр араншинтай. Намайг бол их зөрүүд гэнэ. Зөрүүд нь л зөрүүд л дээ. Гэхдээ цагаа тулахаар энэ хоёрт бууж өгнө л дөө. Зөрүүдээ хүлээн зөвшөөрнө.

Д.Б: -Харцаараа бие биенийгээ ойлгодог. Ганбаа зөрөхөд би зөрчих юм бол бүтээл гарахгүй шүү дээ. Нэг нь л байхгүй бол уран бүтээл тэр чигтээрээ гацна гэдгийг хэн хэн нь сайн мэддэг юм.

-Уран бүтээл хийж байхдаа муудалцах тохиолдох гарах уу?

Д.Г: -Байлгүй яахав. Гэхдээ бие биедээ туниад удаан дуугүй байхгүй. Нэг их зөрүүдлээд л хэд хоногоор дуугүй яваад байхгүй. Тийм зан бид нарт зохидоггүй юм. Өнөөдөр муудалцлаа гэхэд маргааш нь эвлэрнэ. Зарим үед “Миний буруу байжээ” гээд уучлалт гуйна. “Оройн дээд” хийж байх үед Бирваа бид хоёр өрөөгөө түгжиж байгаад хоёр гурван удаа гар зөрүүлээд л авсан. Маргааш нь залгаад “Ажилдаа ир” гэнэ. Нөгөөх маань хажууд ирж суучихаад “Ядаргаатай юм. Хүн унтуулахгүй” гэж байгаад нэг мэдэхэд инээчихсэн сууж байдаг. Тэр бол энгийн л үзэгдэл. Түүнээс биш түнтэгнээд л авгай нөхөр хоёр шиг хаалгаа түгжчихээд буруу хараад сууна гэж байхгүй.

Д.Б: -Уран бүтээлийн хувьд маргахгүй байна гэж байхгүй. Маргаан бол байна. Юунаас болж муудалдаж байна вэ гэдэг сонин. Хувийн чанартай юмнаас болж муудалцахгүй.

Уран бүтээлээс л болж муудалцах тохиолдол гарна. Цаад чанар нь уран бүтээлээ л сайн болгох гэсэн бодол шүү дээ. Нэг нь жаахан нэг өнцгөөс нөгөөх бас өөр нэг өнцгөөс л хараа биз. Тэртээ тэргүй нийлээд л нэг замаар явахаас хойш эргээд заавал нийлэх шаардлагатай болно. Салж яваад бидний ажил урагшлахгүй шүү дээ.

Миний хувьд Бирваа, Ганбаа хоёртоо сэтгэл зүрхнээсээ итгэж, үнэмшиж, хайрлаж, хүндэлж, биширч явдаг юм. Гэртээ ороод “Ганбаа дуудаж байна”, “Бирваа тэгж байна” гээд явлаа гээд гарахаар манай эхнэр юм хэлдэггүй юм. Энэ хоёр чинь миний "хоёр дахь эхнэрүүд" юм уу даа.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-09 09:21:21


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох