• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Тойм: Ургац алдана, хатуу өвөл болно, мал ихээр хорогдоно...

Намрын сэрүүн өдрүүд айсуй. Өнгөрч буй долоо хоногт Монгол орны ихэнх нутгаар бороо хур ихтэй, зарим орон нутгийн чиглэлийн зам үерт автаж, эвдэрчээ. Тариалангийн бүс нутгаар усархаг бороо их орж байгаа нь ургацын болцод сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг өнгөрсөн долоо хоног Улсын онцгой комиссийн хуралдаанаар анхаарууллаа. Энэ зуны амралт зугаалга шувтрах тийшээ хандаж, нийгэм улс төрийн үйл явдал ихтэй долоо хоног боллоо. Сургууль, цэцэрлэгийн бүртгэлтэй зэрэгцэн өвлийн бэлтгэл ажил ид хангагдах ёстой. Ингээд өнгөрсөн долоо хоногт болж өрнөсөн дотоод үйл явдлын тоймыг хүргэе.

Онцлох үүрэг: Хатуу өвөл болно гэж тооцож, бэлтгэлээ сайтар хангахыг үүрэг болголоо

Өнгөрсөн долоо хоног Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулан Улсын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлаар хуралдлаа. Энэ жилийн  5,6, 7 дугаар сард хур бороо багатай байснаас болж ихэнх нутгаар гантай зун болжээ. Нийт 150 сум гантай, 50 сумын нутаг гандуу байгаа аж. Тиймээс ирэх өвөл өвжилт хүндрэх аюул тулгараад байгааг Онцгой комиссын хуралдаанаар ярив. Мөн Цаг уур орчны шинжилгээний газрын дэд дарга мэдээлэл хийх үеэрээ энэ жил хамгийн хатуу өвөл болохоор тооцож, хадлан тэжээлээ хангалттай бэлтгэж, нөөцөлж өвлийн бэлтгэлээ хангах шаардлагатай  байгааг анхаарууллаа.

Наймдугаар сарын байдлаар цаг агаар эхний арав хоног, дунд арав хоногийн сүүл, сүүлийн арав хоногийн дунд үеэр бороотой байх урьдчилсан төлөв гарчээ. Олон жилийн дундажтай харьцуулахад илүү дулаан байх ч цочир хүйтрэх төлөв гарсан аж. Иймээс тариаланчид цаг агаарын төлөв байдалд анхааралтай хандаж ажиллах шаардлагатайг санууллаа. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн  хэлэхдээ цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалж хураан авахаар төлөвлөсөн ургацынхаа 20 гаруй хувийг алдах эрсдэл учирсан байгааг хэлсэн.

Зуншлага сайтай, отор нүүдэл хийх боломжтой аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин дэгдээд байгаа юм. Тиймээс ОХУ-аас яаралтай вакцин нийлүүлж байгаа бөгөөд малын өвс тэжээл тус улсаас импортоор авахаар яриа хэлэлцээ хийж байгаа аж. Цаашлаад дотоодын хэрэгцээнд шаардлагатай улаанбуудай хураан авч чадахгүй бол ОХУ-аас импортлох асуудал яригдана.

Шадар сайд У.Хүрэлсүх онцгой комиссын бүрэлдэхүүнд багтдаг бүх албаныхныг хариуцсан ажилдаа зангарагтай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.

Онцлох үйл явдал: ОУВС-гаас хөтөлбөрийн эхний шатны үнэлгээг хийлээ

Олон улсын валютын сангийн Ажлын хэсэг Монголд хоёр долоо хоногийн хугацаатай ажиллаад буцлаа. Ажлын хэсэг тавдугаар сард баталсан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний үр дүнд үнэлгээ хийсэн юм. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрыг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нэн тэргүүний бодлогын арга хэмжээг хугацаанд ажилттай хэрэгжүүлж, эхний шатанд хүрэх үр дүндээ хүрсэн учраас эхний шатны үнэлгээг “амжилттай хэрэгжүүлсэн” гэж Ажлын хэсэг дүгнэжээ. Төгрөгийн ханш тогтворжиж, хөрөнгө оруулалт сэргэх, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил сайжирч, төсвийн алдагдал буурах хандлагатай байгааг Ажлын хэсэг сайшаажээ. Гэхдээ Засгийн газар хөтөлбөрийн хүрээнд тохирсон бодлогыг тууштай мөрдөж, шинэтгэлийг үргэлжлүүлэх чухал байгааг сануулжээ. Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн ажлыг хэсэг эхний шатны үнэлгээг “амжилттай” гэж зөвхөн ажлын хэсгийн төвшинд тохиролцжээ. Учир нь, Ажлын хэсэг эхний шатны үнэлгээний тайланг боловсруулж, ОУВС-гийн удирдлагууд баталсны дараагаар Захирлуудын зөвлөлдөө танилцуулах аж. ОУВС-ийн Захирлуудын зөвлөл ирэх есдүгээр сарын сүүлээр хуралдаж, эхний шатны үнэлгээг албан ёсоор эцэслэх юм байна. Үүний дараагаар хоёр дахь шатны эх үүсвэр болох 37.82 сая ам.долларын санхүүжилт хийгдэнэ.

Эхний үнэлгээний үеэр нэг маргаантай асуудал гаргасан нь хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох Засгийн газрын шийдвэр юм. Хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийг зорилтот бүлэг шилжүүлж, хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн 60 хувьд олгохоор Засгийн газар амлалт өгсөн. Харин Засгийн газар амлалтаасаа буцаж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох болсонд ОУВС болон бусад санхүүжүүлэгч байгууллагууд эрс шүүмжлэлтэй хандсан байна. Засгийн газар болон ажлын хэсэг уг асуудлаар тохиролцоонд хүрсэн ч Захирлуудын зөвлөлийн хурлаар дахин сөхөгдөх магадлал өндөр байна.

Монголын бахархал: Спортын салбарын шинэ Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлигийг долдугаар сарын 31-ний өдөр гаргасан билээ.

Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт их цагаан тугт танхимд боллоо. Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгөв.

  • С.Батцэцэг бол Бөхийн чөлөөт барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, эр зориг, тэвчээр хатуужил, яс чанарыг дэлхийд гайхуулсан шилдэг тамирчин. Унаган авьяас, мэдрэмжийг хөдөлмөр зүтгэлээр чимэхээр ийм их амжилтад хүрч болдгийг тэр харуулсан. Тэрээр зуны олимпийн наадмын хүрэл медальт, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин билээ.

Онцлох шүүх хурал: С.Зоригийн хэрэгт буруутай яллагдагч нарын ялыг буурууллаа

 Тодорхой хугацаагаар хойшилсон зарим шүүх хурал өнгөрсөн долоо хоногт боллоо.

1.Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг насыг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал болж, эцсийн шатны шүүхийн шийдвэрийг гаргалаа. Шүүх хурал Улсын дээд шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүний Ерөнхий шүүгч Ц.Зориг даргаллаа. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутай яллагдагч нарын ялын хэмжээг бууруулж, тодруулбал  Ц.Амгаланбаатарт 20, Б.Содномдаржаад 20, Т.Чимгээд 20 жилийн хорих ял оноолоо. Ингэхдээ ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Дээд шүүхээс долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн зүйл заалтын дагуу хэргийг хянан шийдвэрлэжээ. Түүнчлэн давж заалдах эрхийг хүчингүй болгосон байна. Өмнө нь анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байсан юм.

Яллагдагч нарын гэл бүл болон өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг дэмжээгүй.

2. Г.Шийлэгдамбад 5.1 жилийн хорих ял оноолоо

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр өдөр болж өчигдөр орой шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар багтжээ.

Шүүх бүрэлдэхүүн Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг хянан шийдвэрлэжээ.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг авч хэлэлцээд Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад 5.1 жил, харин түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн хорих ял оноожээ. Түүнчлэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн торгууль, Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Ерөнхийлөгчийн томилгоо

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт захирамж гаргаж нэг зөвлөх, хоёр бие төлөөлөгчийг томиллоо. Тэрээр захирамж гаргаж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан нь:

  • Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн
  • Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.
  • Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн
  • ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтад “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилж байгаа.
  • Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байх хугацаандаа Монголын үндэсний соёл урлаг, драмын урлагийг хөгжүүлэх чиглэлд анхаарч “Монгол ардын суут”, “Мял богдын намтар” зэрэг дорвитой бүтээлүүдийг туурвин театрын тайзнаа тоглуулсан.
  • Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.
  • Орос, англи хэлтэй.

Мөн захирам гаргаж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжид “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучиндөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зйүлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай.
  2. Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсугай” гэжээ.

Амаржаргалын Гансүх нь:

  • ТӨХ-ны Хууль эрх зүйн албаны ажилтан
  • Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал
  • ТӨХ-ны газрын дарга
  • Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч
  • Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд
  • Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд
  • УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

Долгорсүрэнгийн Дагвадорж нь:

  • Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар
  • Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор
  • Сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн
  • Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болсоор ирэв.
iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-06 14:22:36


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох