• 2017 оны 10 сарын 19  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

С.Гансэлэм: Эцэг болсон тулгуур хуульдаа хүү нь мэт захирагдаж, ёсчлон биелүүлж явах нь иргэн бүрийн үндсэн үүрэг мөн

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс, орон нутгийн хэмжээнд олон нийтийг хамруулсан хэлэлцүүлэг өрнөж байна. Ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.04) Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд зохион байгуулагдаж, 272 иргэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийг нээж Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм үг хэлэв. Тэрээр, дэлхийн нийтийн хөгжил дэвшлийн өндөр хурдацтай өнөө үед Үндсэн хуулиа улам боловсронгуй болгох, өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага бий болоод байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлыг улс орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан манай аймагт хүрэлцэн ирж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэхүү Үндсэн хуулиа улам боловсронгуй болгох, өөрчлөлт оруулах түүхэн бөгөөд хариуцлагатай, нэр хүндтэй ажилд Алтай нутгийн нийт ард иргэд маань идэвхтэй оролцож, хүн бүхэн үнэтэй санал бодлоо хуваалцан хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Үндсэн хууль бол эрх зүйн дээд хүчин чадал бүхий тулгуур эцэг хууль. Иймд эцэг болсон тулгуур хуульдаа хүү нь мэт захирагдаж, хүндлэн, дээдлэн сахиж, ёсчлон биелүүлж явах нь иргэн бүрийн үндсэн үүрэг мөн хэмээлээ.

Үүний дараа төсөл хэлэлцүүлэгч баг багцалсан зургаан сэдвээр тус бүр танилцуулга хийж, дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм. Тухайлбал, Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэхийг хязгаарлах сэдвийн хүрээнд одоо мөрдөгдөж буй Монгол Улсын Үндсэн хуулийн заалтад: Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. /39.1/ гэж заасан байдаг бол нэмэлт, өөрчлөлтийг тусгасан хувилбар нь 1.Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь Улсын Их Хурлын гишүүн байж болно гэж заасан.

Танилцуулга хийгдсэний дараа дэгийн дагуу хуулийн төсөлтэй холбогдуулан оролцогчдын сонирхсон асуултад харилт өгч, иргэдийн санал, бодлыг сонссон юм.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын өндөр настан Б.Чандаг хэлэхдээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг бүрэн дэмжиж байна. Энэ үйл ажиллагааг 2020 оноос биш 2018 оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр болгох зайлшгүй хэд хэдэн хүчин зүйлс харагдаж байна. Тухайлахад, Улсын Их Хурал нь хянан шалгах түр хороо байгуулах нь маш чухал асуудал, учир нь Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн газар зэрэг төрийн байгууллагууд аливаа асуудалд шалгалт хийхэд хүндрэл, бэрхшээл учирдаг. Иймд УИХ-ын дэргэд хянан шалгах түр хороо байгуулснаар асуудлыг шийдвэрлэхэд дарамт, шахалт гарахгүй төдийгүй Улсын Их Хурлын хяналтын бүрэн эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна гэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд иргэдээс саналын хуудас бөглүүлэн, бичгээр санал авлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг талаарх хэлэлцүүлэг маргааш Говь-Алтай аймгийн Төгрөг суманд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-05 13:12:36


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох