• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийн ээж Д.Оюун-Эрдэнэ: Охин минь баатар болж аавынхаа мөрөөдлийг биелүүллээ

Хэн нэгнийг амжилтад хүрэхэд түүний ард гэр бүл нь хамгийн хүчтэй, бас хамгийн баттай тулгуур болдог. Аав, ээжийн халамж, дэмжлэггүйгээр оргил өөд мацсан, тэгээд оройд нь гарсан нэгээхэн ч хүн үгүй. Тиймд бид хоёрхон хоногийн өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан чөлөөт бөхийн тав дахь баатар С.Батцэцэгийн ээж Д.Оюун-Эрдэнийг энэ удаагийн ТҮМНИЙ НЭГ буландаа урьж оролцуулахаар холбогдлоо. 

Тэрээр охиныхоо баатар болсны баярыг тэмдэглэхээр Архангай аймгийн Хашаат сумаас Улаанбаатарт иржээ.

Баатрын найртай завгүй гээд бараг л зөвшөөрөхгүй байхдаа гэсэн итгэлгүй сэтгэлээр ярилцлагын санал тавьсан ч тэрээр төсөөлснөөс тэс өөрөөр хүлээж авсан юм. Д.Оюун-Эрдэнэ гуай “Эгч нь олон хүний өмнө юм ярихаар хэл ам бүдчээд сайн ярьж чаддаггүй хүн. Хэрвээ та нар өөрсдөө болно гэж бодож байгаа бол эгч нь татгалзах зүйл байхгүй” гэснээр ярилцлагын цагаа товлож, Crystal town хотхоныг зорилоо.

Охин С.Батцэцэг нь тэнд амьдардаг бөгөөд хөдөө гадаанаас ирсэн ах дүү төрөл төрөгсөд нь бүгд тэднийхээр ирж хэд гурав хонон хэрэг зорилгоо бүтээгээд буцдаг байна.

Биднийг очиход Д.Оюун-Эрдэнэ гуай ихэд тэвдсэн байдалтайгаар “Заа байз эгч нь түрэгхэн шиг хувцсаа солиод өмсөөдөхье. Ямар хувцас өмсөх үү. Охиноо баатар болсон гэж сонсоод баярлахдаа санд, мэнд хот руу гарсан юм. Тэгсэн дээлээ мартаад иржээ. Ээж дээл хувцасгүй ирлээ гээд л хүүхдүүдэд зэмлүүлээд байж байна шүү” гэсээр угтлаа.

Архангай аймгаас Д.Оюун-Эрдэнэ гуай 70 гарч яваа ээж, том хүүгийн хамт иржээ. Б.Батцэцэг эмээ, ах хоёрыгоо дагуулан ойр зуурын ажил бүтээхээр гарчээ.

С.БАТЦЭЦЭГ ЭЭЖИЙНХЭЭ МӨРӨӨДЛИЙГ ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ, ААВЫНХАА МӨРӨӨДЛИЙГ ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨ БИЕЛҮҮЛЖЭЭ

Гурван өрөө байрны зочны өрөөнд Б.Батцэцэгийн Ази тивийн аваргаас эхлээд Дэлхийн аварга, Олимп, Хөдөлмөрийн баатар цол хүртсэн цом, медалийг эгнүүлэн өржээ. Шинэхэн Хөдөлмөрийн баатрын мялаалга өнгө алгалсан цэцгүүдийг тавиурын өмнө эгнүүлэн тавьжээ. Хананд өлгөсөн хивс нь хүртэл түүний зурагтай байв. С.Батцэцэгт баатар гэх алдар хямдхан олдоогүйг энэ бүхэн гэрчлэн харуулна

Эгнүүлэн өрсөн цом дундаас ээжийнх нь мөрөөдлийн шагнал "Бөртө чоно" бол, аавынх нь мөрөөдөл Хөдөлмөрийн баатар ажээ. Энэ талаар түүний ээж "Охиноо дөнгөж дунд сургуульд бэлтгэл хийдэг байхад нь зурагтаар "Бөртө чоно" шагналыг авч байгаа тамирчдыг хараад миний охин энэ цомыг л авчихвал ээжийнх нь мөрөөдөл биелнэ гэж боддог байлаа. Гэтэл энэ цомыг 2015 онд миний охин авч ээжийнхээ мөрөөдлийг биелүүлсэн. Харин аав нь охиноо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол авна гэж мөрөөддөг байсан. Өнгөрсөн Цагаан сараар хүртэл надад "Миний охин Монгол Улсын Гавьяат тамирчин болчихсон. Одоо ч Хөдөлмөрийн баатар болоход дөхөм байна даа" гээд ярьж суусан. Охиноо Хөдөлмөрийн баатар болохыг аав нь харсан бол..." гээд нулимс унагааж байлаа.

С.Батцэцэгийн аав зуурдаар хорвоог орхиод хоёр сар гаруйн хугацаа л өнгөрч байгаа аж. Эднийх хоёр хүү, гурван охинтой бөгөөд С.Батцэцэг дөрөв дэх хүүхэд нь. Хамгийн том охин, хүү хоёр нь аймагтаа мал малладаг бол удаах охин нь хотод эмч, хамгийн бага хүү нь оюутан аж. 

С.Батцэцэг бага балчир наснаасаа хонь хариулж, аргал түүж, хурдны морь унаж өсчээ. Ах дүү тав дундаасаа хамгийн эршүүд, хэрсүү, гүргэр нь байсан тухай ээж нь дурсаж яриагаа үргэлжлүүлээ.

АНХ ОХИНОО БАРИЛДАНА ГЭХЭД НЬ ХОРЬЖ ЧАДААГҮЙ 

-Охиноо Хөдөлмөрийн баатар болсныг сонсоод яаж хүлээж авсан бэ. Хэнээс сонсов?

-Охиныгоо Хөдөлмөрийн баатар болсон гэдгийг утсаар дуулаад маш их баярласан. Ач охинтойгоо хоёулхнаа гэртээ байсан юм. Миний охин мундаг гээд гэртээ ганцаараа үсэрч харайгаад бөөн л юм болсон. Сонсоод л Улаанбаатар руу гарлаа.

-Танай охин бага байхын спортод дуртай хүүхэд байв уу. Охиноо барилдаад ийм том амжилтад хүрнэ гэж төсөөлж байв уу?

-Манай охин бага байхын их эршүүд хүүхэд байсан. Ахтайгаа, айлын эрэгтэй хүүхдүүдтэй барилдаж, ноцолдож өссөн.Сургуулийнхаа спортын арга хэмжээнд идэвхитэй оролцдог. Гар бөмбөг, сагсан бөмбөгт их сонирхолтой. Мөн гүйлтийн тэмцээнд ихэнхдээ түрүүлнэ. Ер нь их дайчин хүүхэд. Манай нутагт гүүний зэлний найр болдог. Тэр үеэр нутгийн хүүхдүүдийг барилдуулна, уралдуулна. Манай охин айлын хөвгүүдтэй барилдаад л өргөж шидээд байдаг байсан. Тухайн үедээ инээлдээд л өнгөрч байснаас ийм том амжилт гаргана гэж төсөөлөөгүй. Эмэгтэй хүүхдийг бөх болно, барилдана гэж санаагүй. Одоо бодоход тэр наадам барилдах дуртай хүүхдүүдэд их урам өгдөг байсан байгаа юм.

-Охиноо чөлөөт бөхөөр хичээллэж эхлэхэд нь эсэргүүцэж байв уу?

-Сургуульдаа гар бөмбөгийн дугуйланд явж байгаад гэнэт нэг өдөр ирээд “ээж би барилдмаар байна” гэсэн. Тухайн үедээ эмэгтэй хүүхэд гар бөмбөгөөрөө л хичээллэсэн нь дээр гэж бодож байсан ч С.Батцэцэг өөрөө барилдах дуртай байсан болохоор хорьж чадаагүй. Тэгээд хэсэг бэлтгэл хийж байгаад анх аймгийн төв рүү тэмцээнд орохоор явсан чинь мөнгөн медаль аваад ирсэн. Анхны тэмцээндээ явах гэж байна гээд л өглөө эрт босоод замдаа идээрэй гээд боорцог хайрч явуулсан юм.  Тэгсэн хамт явсан хүүхдүүдэд "С.Батцэцэгээс боорцог үнэртээд байна" гэж шоолуулж байсан гэдэг. Түүнээс хойш явах бүртээ медальтай ирдэг болсон.

Томоохон тэмцээнүүдэд охиноо барилдахыг ихэвчлэн зурагтаар харна. Аав нь охиноо барилдах гээд дэвжээн дээр гараад ирэхээр харж чадахгүй гараад явчихдаг байсан. Тэгээд би ганцаараа үзнэ. Охиныхоо цамц, дээлний захыг мушгиад л “ингэ, тэг” гээд л дасгалжуулагч шиг зааж өгнө шүү дээ. Тэгж, тэгж барилдаад давахаар нь аав нь гаднаас санаа амарлаа гээд ороод ирдэг.

-Бөх удам дагадаг гэдэг. Танай удамд барилддаг хүн байв уу?

-С.Батцэцэгийн аавынх нь талд мундаг сайн бөх байсан гэж ярьдаг. Сураг сонсож байснаас нас гүйцэж сайн мэдэхгүй. Мөн миний удамд барилддаг, бөхийн хорхойтой хүмүүс бий.

-С.Батцэцэгийн төрөлхийн авьяас, шөрмөс, бяр чадал энэ амжилтад нөлөөлсөн эхний хүчин зүйл байх. Ээжийн хувьд охиныхоо амжилтад юу нөлөөлсөн гэж боддог вэ?

-Мэдээж барилдах ур, бяр чадал, шөрөс сайтай байгаа нь энэ том амжилтуудын суурь үндсэн зүйл. Аваргыг давж байж аварга болдог нь спортын дүрэм.

Миний охиныг энэ амжилтад хүрэхэд зорилгодоо үнэнч, тууштай, тэвчээртэй, гүргэр зан нь нөлөөлсөн болов уу гэж боддог. Заавал эцсийг нь үзэж байж салдаг хортой, шартай хүүхэд . Ээжтэйгэээ хамт аргалд яваад ирэхдээ жаахан биедээ ахдахаар аргал үүрсэн ч хөлсөө гоожуулан зүтгэсээр байгаад гэртээ хүрээд ирдэг байсан. Нуруу өвдөж байна гэж ганц дуугардаггүй, бага байхын их гүргэр хүүхэд байсан. Тухайн үедээ миний охин эрэмгий, эрэгтэй хүүхдээс дутахгүй шүү гэж дотроо боддог байлаа. 

Багадаа хурдны морь унана. Нэг удаа үсэргээн дээр манай нэг дүүгийн хүүхэд морьтойгоо өмнө нь гараад түрүүлээд давхисан чинь С.Батцэцэг “Хөөе чи, миний ард гар. Надаас түрүүлбэл хохь чинь шүү” гээд орилж байсан гэдэг. Хэнд ч дийлдэхгүй гэсэн хор, шартай.

Ер нь миний охинд хөгжилтэй түүх олон бий. Гурав билүү дөрвөн настайдаа юм байна. Хөдөөнийхөн өвөл болоод идэшээ хийж байсан үе. Эрчүүд нь мал төхөөрөөд, эмэгтэйчүүд нь гэдэс дотор арилгаад дор бүртээ завгүй байцгаалаа. Тэгсэн манай охин хүрч ирснээ “Ээж би морио төхөөрөөд идчихлээ” гээд хүрээд ирсэн. Юу яриад байгаа хүүхэд вэ гээд харсан чинь толины өмнө байсан шилэн морио алхаар цохиод юу ч үгүй үүрүүлээд тавьчихсан байж билээ. Тэгээд "Төхөөрчихсөн л байгаа биз дээ ээж ээ" гэж хэлж надад зэмлүүлж байсан.

Бас нэг удаа дунд сургуульд бэлтгэл хийж байсан үе л дээ. Бэлтгэлдээ яваад ирлээ гэхээр нь хоол хийгээд өгсөн чинь том аягаар идчихээд дахиад идье гэж байна. Тэгэхээр нь миний охин чинь эмэгтэй хүүхэд байж яасан их иддэг юм бэ гэсэн чинь өөдөөс “Ээж та намайг ойлгохгүй юм. Би бэлтгэл хийгээд маш их ядардаг” гээд дургүйцэж билээ. Тэрнээс хойш охиндоо аль болох амттай шимттэй, их хоол хийж өгдөг болсон.

-Та хоёр хүүхдүүддээ юуг захиж, хэрхэн хүмүүжүүлдэг байв?

-Би аав, ээжээсээ арвуулаа. Дороо зургаан эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй. Манайхан маш хөдөлмөрч хүмүүс байсан. Биднийг нэг чихэр олдсон ч арвуулаа хувааж идэж байгаарай гэж захиж өсгөсөн. Би ч мөн адил хүүхдүүдтэй хоорондоо эвтэй, бусдад хүндлэлтэй хандаж байгаарай л гэж захидаг. Ядарсныг ядарсан, задарсныг задарсан гэж битгий бодож байгаарай. Мөн худлаа ярьж, хүн хуурахгүй шударга амьдрах хэрэгтэй гэж хэлдэг дээ.

-Эх хүн л болсон хойно охиныгоо цаашдаа илүү том амжилт гаргаасай гэж хүсч байгаа байх. 2020 оны олимпод том найдвар, хүлээлт тавьж байна уу?

-Баатар боллоо гээд үр хүүхдийнхээ төлөөх санаа зовинол арилахгүй шүү дээ. Эмэгтэй хүүхэд болохоор амжилт гаргахаас илүүтэй бэртэж гэмтэх вий гэж их санаа зовно . Миний охин чинь төмрөөр хийсэн хүн биш шүү дээ гэж бодох үе бий. Аварга болох амархан. Харин аваргаа, аваргаар нь хадгалж үлдэх хамгийн хэцүү гэдэг. Миний охинд хүлээлгэсэн Монголын ард түмний итгэл, найдвар маш том үүрэг хариуцлага бий. Тэр итгэлийг үргэлж хадгалж, аваргаа аваргаар нь байлгана гэдэг хамгийн хэцүү. Хөдөлмөрийн баатар гэдэг энэ том алдар нэр улс эх орныхоо нэрийг улам илүү өндөрт өргөж явах үүрэг даалгавар, хариуцлагын илэрхийлэл гэж бодож байна.

С.Батцэцэг төрүүлж өсгөсөн аав, ээжийнхээ ачийг хариулахаар өнгөрсөн намар сумынхаа төв дээр байшин бариулж өгсөн бөгөөд ээж Д.Оюун-Эрдэнэ нь тэндээ ач, зээ нараа харан суудаг ажээ. Тэрээр "Охинтойгоо хэд хоночихоод сургууль, цэцэрлэг орохоор нутаг буцна даа. Нутгийн ах дүүст ярих сонин хачин ихтэй л харих юм байна. Охин баатар боллоо, анх удаа сурвалжлагчид ярилцлага өгч үзлээ гээд л...

Анх та нарыг холбогдоход сайн ярьж чадахгүй болохоор дэмий ч юм уу гэж бодож байсан ч миний охинтой ялгаа юу байх вэ" гэж бодоод зөвшөөрсөн. Хүүхдүүд минь хариуцсан ажилдаа л эзэн нь байж яваарай " хэмээн захиснаар бидний яриа өндөрлөсөн юм.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Монголын ард түмнийг олон удаа баярлуулж, урам зориг өгч, нэгтгэсэн. Цаашдаа ч мөн олон жилийн турш түүний уран барилдаан, хурд хүч эрэмгий байж, ялагдашгүй байх болтугай. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-04 10:50:32


Нийт сэтгэгдэл: (12)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Монгол (182.160.36.16) 2017-08-23 11:35:43
    Монглын охид хөвгүүд мундаг шүү.
  2. Б.Жамбал (202.70.46.215) 2017-08-06 13:47:11
    Мундаг охин байна.Алдарын титмээсээ буулгүй их амжилт гаргаж ард түмнээ байнга баярлуулж явааоай.Эх орон нутга ус чинь чамаар байнга бахархах болно шүү.
  3. bagabulgan (202.9.42.81) 2017-08-05 10:47:50
    Нутгийн дүү Батцэцэгээр бахархаж байна.Бие болоод сэтгэлийн их хат гаргаж,олимпийн аварга болохыг хүсье.Оюун-Эрдэнэ хүүхэд байхдаа хөнгөн атлетик гүйлтэндээ сайн байсан шүү.
  4. dol (66.181.186.164) 2017-08-05 08:50:26
    Mongolin bvh ard tvmen chamaar baharhan syygaa dvvde mash tom bayr hvrgie olon amjilt omno chin hvlej bga gedegt ergelzehgvi bna hamgin gol ni biee sain bodoroi dv mini saihan ohin shv
  5. Gantuya Sodnomdash (202.21.106.158) 2017-08-05 00:12:52
    Mоngolyn ard tumnii baharhal bolloo.Bayr hurgieee.
  6. М Саран чимэг (122.201.21.203) 2017-08-04 22:58:43
    Нутгийн дүүдээ баяр хүргэе төрүүлэж өсгөсөн аав ээж ид нь маш том баяр хүргэе спортын их амжилт хүсье
  7. оюу чулуу (103.229.123.199) 2017-08-04 20:46:01
    бахархаж бнаа амжилт
  8. Dorjsuren Gerelchimeg (202.70.46.214) 2017-08-04 16:17:11
    Yahi in argagui baharhaggui baihiin argagui saihan ohin shuu .odoo olimpiin awarga bh l uldelee dee amjilt uragshaa
  9. Agijamts (139.59.118.137) 2017-08-04 15:01:08
    Mundag shuu hel am buruu jooshoo 20 onii olimpoos amtiig shuureh boltugai
  10. Зочин (202.70.46.224) 2017-08-04 14:27:54
    Mundag shu
  11. Цэрэн (139.5.218.70) 2017-08-04 13:23:03
    Баяр хүргэе.Мундаг охин шүү
    1. Чулуундарь (27.123.212.138) 2017-08-06 12:41:12
      Оюунэрдэнэдээ баяр хүргэе охиноо мундаг баатар болгон хүмүүжүүлсэнд . Дүүгээрээ бахархаж байна .Бид удамаараа бахархаж бна баяр хүргэе

Танд санал болгох