• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

НЕЕSCO: Австралиуд аялал жуулчлалаа хөгжүүлэх гээд надад санал тавьдаг

Монгол хүний ур ухаан, авьяас билгийг дэлхийн чихнээ таниулж яваа залуу уран бүтээлч Х.Хоснаран /Heesco/-г энэ удаагийн ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН буландаа урьж ярилцлаа.

Тэрээр Heesco нэрээр олонд танигдсан бөгөөд 2011 оны "Secret Wars Sydney", "Series 3 live art battle"-ын ялагч, 2013 оны "Doud Moran National Portrait Prize" -ийн финалист. Мөн Сидней хотын "Somedays and Tate", Мельбурн хотын "At Large and Rtist" зэрэг нэр хүндтэй олон галлерейд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ. 

Heesco-ийн ханан дээр зурсан өвөрмөц дизайнтай, дахин давтагдашгүй бүтээлүүд нь зөвхөн Австрали улсаар зогсохгүй дэлхийн томоохон хотуудын гудамж, талбайг чимдэг байна. Түүнтэй эх орондоо ирээд байхад нь ярилцах боломж олдсон юм.

Биднийг түүнтэй ярилцахаар очиход тэрээр баримтат киноны зураг авалтад ороод тун завгүй байлаа. Энэ талаар Heesco "Манай нэг Австрали найз надад баримтат киноны дүр бүтээх санал тавьсан юм. Heesco гэдэг хүний төрсөн нутаг ийм зан заншил, ёс уламжлалтай, ийм үндэстэн гэдгийг харуулах зорилготой юм" гэснээр бидний яриа эхэлсэн юм. 

-Австралид их олон жил амьдарч байгаа гэж сонссон. Монголдоо хэр их ирдэг вэ. Зорьж ирсэн ажил хэрэг хэр бүтэмжтэй байна?

-Миний хувьд нэг юм уу, хоёр жил тутамдаа эх орондоо ирээд буцдаг. Ирэх бүртээ аль болох олон зураг зурж байхыг буцахыг эрмэлздэг. Дан ганц уран бүтээлээс гадна хүүхдүүдээ эх орон, ах дүү төрөл төрөгсөдтэй нь танилцуулж, монгол зан, заншил ёс уламжлалаа бага ч болов таниулаад буцахыг зорьдог. Энэ удаагийн Монголдоо ирээд хийхийг төлөвлөсөн нэг ажил нь  баримтат киноны ажил байлаа. Зураг авалтын ажил маань ерөнхийдөө дууссан. Маргаашаас дараагийн төлөвлөсөн ажилдаа орно доо. 

-Таны ханан дээр зурсан уран бүтээлүүдтэй танилцаж байхад хамрах хүрээ, талбай, өнгө будаг, дахин давтагдашгүй хослол гээд "хосгүй авьяастай хүн л ийм зүйл зурж чаддаг байх даа" гэсэн сэтгэгдэл төрсөн. Тэр бүтээлүүд хэрхэн бүтдэг түүх нь их сонирхолтой санагдаж байлаа. Хувь уран бүтээлчийнх нь хувьд хамгийн их чадвар, хөлс хүч шаардаж бүтсэн уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Австралид томоохон аялал жуулчлалын компаниуд надтай их ойр ажилладаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Австралийн нэг мужийн жижигхэн тосгонд очиж 22 метр өндөр, 40-50 метрийн өргөнтэй ханан дээр захиалгаар зураг зурж өгсөн. Тухайн тосгон маш жижиг хүн ам цөөнтэй, үзвэр үйлчилгээнээс их хол, алслагдсан байдаг. Тосгоных нь залуус төвлөрөл дагаад бүгд хот руу шилжчихсэн. Тийм болохоор нутагтаа жуулчдыг татах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор зураг зуруулах санал тавьсан. Тэнд буудай, үр тариа хураадаг зоорин дээр хонины ноос хяргаж, үр тариа хурааж байгаа байдлаар маш том зураг зурсан. Тэр зургаа хоёр сар төлөвлөж байж, хоёр долоо хоногийн турш зурсан. Өмнө нь тийм том хэмжээний ханан дээр зурж байгаагүй болохоор өнгө будгаа зөв тооцоолохоос эхлээд маш олон зүйл дээр өөрийгөө сорьж, суралцсан.

-Мэдээж уран бүтээлч хүнийн хувьд бүх л бүтээлдээ адилхан хөдөлмөр зарцуулж, хичээл зүтгэл гаргадаг байх. Харин түүнийг хүлээж, авч харж байгаа хүмүүсийн хувьд өөр, өөр үнэлэлт дүгнэлт өгнө. Таны дэлхийд алдартай томоохон шефферүүдийн зургийг зурж буй бичлэгийг харсан. Миний хувьд хамгийн төгс бүтээл нь юм уу гэсэн үнэлэлт өгсөн. Тэр  бүтээлийн тухайд?

-Тэр зургийн хувьд маш олон хүнд танигдсан бүтээл. Дэлхийн шилдэг 50 ресторан шалгаруулах үйл ажиллагаа энэ жил Мельбурн хотод болсон. Өмнөх жилүүдэд Лондон, Нью-Иорк зэрэг хотуудад болж байсан. Дэлхий даяар анхаарлаа хандуулдаг томоохон арга хэмжээнүүдийн нэг. Тэр үеэр дэлхийн хэмжээнд нөлөө бүхий таван шефферийн зургийг зурсан юм. Тэгсэн тухайн үедээ дэлхийн даяар мэдээ болгож гаргаад, өөрийнхөө зургийг харсан шефферүүд нь надтай зураг авахуулж, талархсанаа илэрхийлж байсан. 

-Ер нь анх яагаад ханан дээр зурах болов. Хана, цаас хоёрын хооронд орон зайнаас авахуулаад маш том ялгаа гардаг байх. Түүнийгээ дагаад илүү чадвар шаардана биз?

-Анхандаа бол зурах дуртай байснаас ханан дээр зурна гэж бодож байгаагүй. Мелборн хотод ханан дээр зурдаг алдартай залуус олон бий. Ер нь тэдэнэй танилцсанаас хойш л ханан дээр зурж эхэлсэн. Ханан дээр зурах цаасан дээр зурах хоёрын дунд ялгаа бий. Миний хувьд ханан дээр зурахаар эрх чөлөө мэдрэгддэг.

ХИЧЭЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨСӨН ХҮНД БОЛОМЖ ҮРГЭЛЖ НЭЭЛТТЭЙ БАЙДАГ  

-Таны зургууд Австрали тэр дундаа Мелборн хотод нэлээд алдартай. Өрсөлдөөн ихтэй, томоохон зах зээлд байр сууриа олж олонд танигдана гэдэг амаргүй. Анхны захиалга авч байсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Эхэндээ тийм зүйл зуруулмаар байна гэж ирдэг байсан. Одоо бол чамаар юм зуруулмаар байна гээд ирдэг болсон. Мэдээж том зах зээл өрсөлдөөн ихтэй. Над шиг ханан дээр зурдаг залуус олон бий. Тэр дундаас ялгарч гарч ирнэ гэдэг маш том шалгуур байдаг. Надад хамгийн анх Сиднейд нэг залуу кафе байгуулах гэж байна хамтрах уу гэсэн санал тавьж байсан. Логоноос эхлээд бүхий л зураг төслийг нь гаргаж байсан. Дараа нь Нью-Иоркоос хамтран ажиллах санал авч байсан юм байна.

-Ер нь гадны зах зээл дээр уран бүтээлээрээ амьдрах боломж хэр байдаг вэ?

-Урлагаар хоолоо олж иднэ гэдэг хэцүү. Гэхдээ хэцүү гээд шантарч болохгүй. Урлагаар амьдарна гэдэг хэцүү. Хэцүүд нь шантарч болохгүй. Зорилгоосоо ухрахгүй зүтгэж, эцсээ хүртэл замаасаа хазайхгүй хичээх хэрэгтэй. Хичээж зүтгэсэн нэгэнд боломж үргэлж нээлттэй байдаг. Нөгөө нэг нь зүйл нь бусадтай хамтрах хэрэгтэй. Хамтрал дундаас шинэ санаа, шинэ шийдэл, төгс бүтээл гарч чадна. Хэн нэгэнтэй хамтарч байж л өөрийгөө олж харна, илүү хичээнэ, шүүмжлэл сонсоно, өөрөө хөгжинө, бие биенээ хурцална. Монгол залуус маань ч гэсэн хамтарч, нэгдэн бие биенээ дэмжих хэрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна.

Бас нэг зүйл нь залхуу байж болохгүй. Тэр тусмаа чөлөөт уран бүтээлч хүн залхуу байх юм бол юунд ч хүрч чадахгүй. Аливаад тууштай байж амжилтад хүрэхэд хувь хүний хандлага маш чухал . Миний хувьд ганцхан л олдох амьдрал болохоор хийж, бүтээсэн зүйлтэй амьдрахыг хүсдэг. Тийм болохоор хийх ажлаа долоо, долоо хоногоор төлөвлөж гаргааад хийдэг. Хүн алдаж болно. Гэхдээ алдааг амжилт болгон өөртөө сайнаар ашиглаж, илүү олон зүйлийг суралцаж, юу нь болохгүй, юу нь болохыг мэдэж авах нэг талын боломж гэж харж болно. Алдаа гаргалаа гээд шантарч, сууж хэзээ ч болохгүй. дараагийн удаа яаж, хэрхэн, алдахгүй байх вэ гэдэг сургамжаа авахад л хангалттай.

ЭНЭ БОЛ МИНИЙ МОНГОЛ ХҮН БАЙХЫН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА 

-Таны бүтээлүүд дунд монгол сэдэвтэй зургууд нэлээдгүй байсан. Монгол зан заншлыг харуулсан зургууд гадныхны сонирхлыг нэлээд татдаг байх. Хэр хүлээж авдаг вэ?

-Сүүлийн үед монгол сэдэвтэй зураг нэлээд зурдаг болсон. Австралид байхдаа нэг томоохон тэмцээний үеэр дээлтэй мөртлөө нарны шилтэй, гар утас барьсан монгол эмэгтэйг зурж байсан. Зургийн гол сэдэв нь дэлхийн монгол иргэн. Энэ миний хувьд ч маш чухал сэдэв. Би монгол хүн Австралид маш олон жил ажиллаж, амьдарч байна. Гэхдээ монгол зан заншил, ёс уламжлалаа авч үлдэх ёстой гэж боддог. Үр хүүхдүүддээ ч эцэг, өвгөдөөс уламжилсан ёс уламжлалаа өвлүүлж үлдээх нь миний үүрэг. Энэ үзэл бодлоо заримдаа уран бүтээлдээ шингээдэг. Дээлтэй мөртлөө нарны шил зүүсэн, гар утас барьсан монгол эмэгтэй бол хуучин, шинэ эриний хослол гэж хэлж болно.

Гадныхантай уулзах үед намайг "чи миний уулзсан анхны монгол хүн" гэж хэлэх нь олонтаа байдаг. Бүхэл бүтэн Монгол Улсыг зөвхөн надаар төсөөлөн, төлөөлүүлж харна гэж бодохоор маш том үүрэг хариуцлага мэдрэгддэг. Тиймд эх орныхоо зан заншил, ёс уламжлал, өв соёлыг уран бүтээлээр таниулах нь миний монгол хүн байхын үүрэг хариуцлага гэж боддог. Түүнчлэн зөвхөн гадныханд таниулахаас гадна монгол өв соёлоо авч үлдэх, хадгалах хамгаалах, болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг нь уран бүтээлээрээ дамжуулан олон нийтэд хүргэх нь миний үүрэг. Энэ бол миний монгол хүн байхын үүрэг хариуцлага.

-Таны зурсан Чингис хааны хөргийг харж байсан. Чингис хааны хөргийг гинжтэй, нарын шилтэй, янжуур зуулгачихсан байдлаар зурсан байсан. Олон нийтийн сүлжээнд нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. Ингэж зурах болсон шалтгаан юунд байв?

-Бид орчин үеэ дагаад өөрчлөгдөж, шинэчлэгдэж хөгжих нь чухал ч эртний зан заншил, ёс уламжлалаа авч үлдэх нь бас л чухал. Энэ зураг маш их шүүмжлэл дагуулсан. Чингис хаан бол манай түүхийн хамгийн чухал хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр бүх зүйл нь Чингис болчихсон, нэг талаар тэр түүхэн хүнийг үнэгүйдүүлж байгаа юм. Чингис нэртэй хэдэн ч төрлийн архи байна. Бид нар хааныгаа ингэж үнэгүйдүүлж, улиг болгож болохгүй гэсэн санаагаар тэр зургийг зурсан. Гэхдээ тухайн уран бүтээлийг хэрхэн хүлээж авах нь хувь хүн бүрийн харах өнцгөөс шалтгаална. Миний тайлбар чухал биш. Сайн уран бүтээл бол өөрөө, өөрийгөө тайлбарлаж байдаг .

Сурв: Гоо үзэсгэлэн харагддаг, ухаан сонсогддог, сайхан сэтгэл мэдрэгддэг болохоор нотлох хэрэггүй гэдэг үгтэй адилаар Х.Хоснарангийн уран бүтээлийг хараад түүнийг хэн болохыг, юу хийж чаддагийг, эх орныхоо нэрийг хэрхэн өндөрт өргөж явааг харж болох биз ээ.

Монгол хүн байхын үүрэг хариуцлага хэн, бүхнээс илүү ухаарч түүнийг амьдрал, уран бүтээл, авьяас билгээрээ нотлон харуулж, биелүүлж яваа Х.Хоснаранд олон монгол залуугийн өмнөөс талархал илэрхийлье.

Төгсгөлд нь тэрээр "Монгол хүний омог бардам, дайчин чанар гадны зах зээлд өрсөлдөж, байх сууриа олон хамгийн баттай, бас хүчтэй тулгуур болдог" гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. 


iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-08-02 10:48:51


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. zochin (103.229.177.46) 2017-08-03 09:01:12
    yostoi mundag zaluu, amjilt!!!
  2. saruulЗочин (202.9.42.135) 2017-08-02 17:48:57
    Gaikhamshig Amjilt husye

Танд санал болгох