• 2017 оны 08 сарын 22  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Б.Галбадрах: Аялах тусам илүү их аялахыг хүсдэг юм байна

Монголдоо өөрийнхөө хөдөлмөрөөр амьдралаа босгож яваа олон залуус байгаа. Тэдний төлөөлөл бол Б.Галбадрах юм. Түүнийг хүмүүс модель гэдгээр нь олон нийт илүү мэдэх ч аялагч гэдгээр нь таних хүн цөөхөн болов уу. Тэгвэл энэ удаа манай сайт модель биш аялагч залуугийн шинэ ертөнцтэй нь танилцахаар ярилцлагад урьсан юм.

-Саяхан аялаад ирсэн сонин сайхнаасаа хуваалцаж болох уу. Монгол орныхоо аль, аль хэсгээр аялаад байна вэ?

-“Land Сruiser-70” клубын найзууд томоохон аялал хийх гэж байгаа гээд аялалдаа урьсан. Би ч аялалд дуртай юм болохоор зөвшөөрөөд Монголынхоо сайхан газруудаар аялаад ирлээ. Аяллаараа далимдуулаад өөртөө болон бусад хүмүүст сонирхолтой нэг юм ч гэсэн үлдээе гэдэг утгаар олон сайхан зураг дарж, бичлэг хийсэн. Ганц би гэлтгүй хүмүүс ер нь л их аялдаг болсон байна. Мэдээж эх орноороо аялах шиг сайхан зүйл гэж хаана байх вэ. Аймгаар нь тооцвол Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Архангайгаар аялсан. Нийт 15 Land cruiser 70 маркийн машинтай, хүүхдүүдээ оруулаад 60-аад хүн явсан. Бие биеэ таньдаг хүмүүс явсан л даа. Холын аялалд бол илүү дотно гэр бүлээрээ ч юм уу найз нөхдөөрөө санаа нийлдэг хүмүүс явбал аялахад илүү тохиромжтой байдаг учраас тэр. Анх гарахдаа үзэх газар, очих газар, чөлөөт цаг, хэдэн цаг замд явах вэ гээд бүх зүйлээ нарийн төлөвлөөд, бэлтгэлээ ч гэсэн маш сайн хангаад явсан болохоор хүндрэлтэй юм байгаагүй сайхан байсан.

-Дээр дурдсан аймгуудын ямар үзэсгэлэнт газруудаар аялсан бэ?

-Бидний эхний маршрут бол “Хүйсийн найман нуур”, дараагийн өдөр нь Баянхонгор аймгийн “ Галуутын хавцал” гэдэг газар очсон. Энэ нь маш өндөр хавцал дундуур урсдаг гол юм билээ. Галуут сумаасаа 30, 40 орчим км зайтай оршдог, байгалийн өвөрмөц цогцолбор газар. Дараагаар нь Завхан аймгийн "Отгонтэнгэр хайрхан" дээрээ очиж ёсолсон. Цааш үргэлжлүүлэн Говь-Алтай аймгийн “Эрээн нуур” гэдэг газар уруу явсан. Уг газар нь Говь, хангай хосолсон битүү элсэн дунд оршдог үнэхээр өвөрмөц газар байна лээ. Нуур нь өөрөө зэгстэй нуур. Нээрээ л хүмүүсийн хэлдгээр авсан зургаа харахад эрээн харагдсан. Тал хэсэг нь битүү ургамал ногоо ургачихсан болоод ч тэр үү... өвөрмөц тогтоцтой газар байсан. Ус нь маш тунгалаг, дотор нь 20 төрлийн жараахайнууд байдаг гэж дуулсан. Ингээд элснээсээ гарч яваад энэ жилийн хүмүүсийн гол маршрут болоод байгаа “Улаагчны хар нуур”-г зорьж очсон. Бас л гайхамшигтай газар, уртаараа 30 гаруй км урт сунасан, 45 метрийн гүнтэй алдартай, домгийн нуур байдаг юм билээ. Буцах замдаа “Сэнжит уул ” гээд уулын орой дээр хад байдгийг мэдсэн. Доогуур нь том машинууд ч хангалттай багтахаар. 10-20 метрийн өндөртэй хад. Дундуураа машин гараад явчихдаг, өөрөөр хэлбэл надад хоёр ертөнцийн зааг шиг л санагдсан. /инээв/ Хамгийн сүүлд “Мухартын гол”-ын эх рүү нь очсон доо. Мөн гаднын жуулчид хүртэл их аялж явахыг харсан. Ийм сайхан зүйлүүдийг хараад өөрийн эрхгүй л энэ нутгийн эзэн нь болж төрсөндөө бахархах сэтгэл улам илүү төрсөн. Бас аяллыг маань ивээн тэтгэсэн Hite Mongolia, Петровис, “Land Cruiser-70” клубынхандаа баярласнаа хэлмээр байна. Ер нь нэг аялачихаар дахиад илүү адал явдалтай аялалд явахыг хүсдэг юм байна.

-Танай аяллын онцлохоор зүйл юу байсан бэ?

-Онцлохоор зүйл гэвэл... аялж болно, гол нь хоггүй, байгальдаа ээлтэй аялахад уриалахыг маш их хүсдэг. Тэр ч утгаараа  Land cruiser 70 клуб маань хогны эсрэг очсон байгалийн цогцолбор газар болгондоо “Land cruiser 70 клуб хог бүү хаяарай” гэсэн самбар хадаж явсан. Бас машиныхаа ард байдаг том дугуйн дээрээ өөрсдөө том хогны уутыг логотойгоор захиалгаар хийлгээд, замдаа өөрсдийнхөө болон ойр хавьд нь байсан хогийг хамаад явсан. Энэ бол аялагч нарын хувьд номер нэг хийх ёстой зүйл гэж би боддог.

-Ер нь хүмүүс аялалд гарахдаа юуг илүү анхаарах хэрэгтэй санагдсан бэ?

-Аялах гэж байгаа хүмүүст гэж хэлэхэд хувийн бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэй. Сэтгэл зүйгээ ч бас бэлдэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүн аяллын туршид их ядардаг учраас нойр хоолоо зохицуулаад явбал зүгээр болов уу. Ер нь л аялж байгаа хүн стресстээд байдаггүй юм байна. Очих гэж байгаа газрынхаа мэдээлэлтэй урьдчилаад танилцчихаад явбал арай дөхөм. Хамгийн гол нь очсон газраа л сүйтгэж бохирдуулж болохгүй. Бид нар л өөрсдийнхөө юманд өөрийнх шигээ хандвал болно. Одоо бүх юм л ухаалаг болж байна гэтэл хүн өөрөө ухамсар муутай байж болохгүй. Хүмүүс бас аялалд гарахаасаа өмнө нь гаднын аяллын бичлэгүүдийг үзээрэй. Тэгвэл арай нэг сэтгэлд ойр сайхан төсөөлөл бий болдог. Миний хэлэх дуртай үг байдаг юм. “Амьдрал бол дурсамж” гээд. Дурсамжийг сайхнаар үлдээхийн нэг бол аялах гэж хэлмээр байна. Тэгэхээр тухайн хүн өөрөө аяллын туршид жаргалтай, хөгжилтэй байлгаарай. Бухимдаад л аялаад байна гэж байхгүй ш дээ. /инээв/ Аялал гэхээр заавал зун хол газар явах биш, ойрхон Богд ууланд гарахдаа хүртэл жижигхэн төлөвлөгөө зохиогоод гарсан ч болно. Бас өвлийн аялалд ч гарч болно. Их адал явдалтай л байна байх. Би аяллынхаа талаар хэд хэдэн бичлэг хийнэ. Тийм болохоор хүмүүс сонирхож харна биз ээ. Мөн фэйсбүүк дээр “Монгол орноор адал явдал хайгч аялагч” гэсэн групп нэгдээд мэдээлэл авч болно.

picture picture picture picture picture picture picture picture picture picture picture

-Та хэр нийгмийн идэвхтэй хүн бэ?

-Намайг загвар өмсөгч гэдгээр таньдаг хүмүүс байдаг л даа. Би хувьдаа өөрийгөө маш олон зүйлийг сонирхож хийдэг, нийгмийн идэвх сайтай залуусын нэг гэж боддог. Гэхдээ би амьдралыг мэдэрч яваа энгийн л нэг хүн. Яагаад гэхээр хүн залуу байгаа дээрээ маш олон зүйлийг хийж, мэдэж, туршиж үзэж байх ёстой гэж боддог. Хүн нэг л амьдарна тэгэхээр тэр хугацаандаа өөртөө таалагдах, хүссэн зүйлүүдээ л залуу насандаа туулах нь зөв. Гэхдээ мэдээж хэрэг зөв зүйлийг л шүү дээ.

-Таны хувьд эрхэмлэж, явдаг зүйл юу вэ?

- Би ер нь өөрөөрөө л байх дуртай. Ер нь нөхөрлөлийг маш үнэ цэнэтэйд тооцож, эрхэмлэдэг. Нөхөрлөл гэдэг үнэхээр сайхан зүйл хүн амьдралынхаа туршид л хэн нэгэнтэй нөхөрлөж байдаг. Нөхөрлөл нь өөрөө үнэнч шударга байдал, зарчимч зан, хүний итгэлийг даах чадварыг агуулж байдаг болохоор тэр. Би хувьдаа хүн болгонтой эвтэй байхыг хичээдэг. Мөн маш их мөрөөдөмтгий. Залуу хүн хүсэл мөрөөдөлтэй байгаад түүнийхээ төлөө тэмцэнэ гэдэг сайхан. Тэгэхээр мөрөөдөл бол эрхэм зүйл. Тийм болоод ч тэр үү мөрөөдлөө биелүүлэх гэж хичээгээд, одоо ч биелүүлсээр л явна. Түүнийгээ дагаад бодсон санасан зүйл сайхан бүтдэг байх ч гэж боддог. Мөн гэр бүлдээ цагаа зарцуулах дуртай ер нь тэгээд хамгийн чухал нь амар тайван байхыг эрхэмлэдэг.

-Таны ойрын таван жилийн төлөвлөгөө юу вэ?

-Мэдээж олон зорилго байна л даа. Таван жил гэдэг миний хувьд маш урт хугацаа. Хүний амьдралыг бүрэн өөрчилж чадах хугацаа. Одоо 30 хүрсэн учраас миний нас бүх зүйлийн суурийг бататгах нас. Тэгэхлээр амьдралыг бататгах бүх л чухал зүйлээ төлөвлөчихсөн. Дурдвал маш олон зүйл байна аа. /инээв/

-Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ. Хувь хүний хөгжил гэдэг таны бодлоор юу вэ?

-Хөгжил гэдэг тухайн хүнээс өөрөөс нь, идэвх оролцоо, нийгэмд яаж хандаж байгаагаас нь ихээхэн шалтгаалдаг байх. Хүн хүсэх л юм бол юунаас ч хөгжиж болно л доо хөгжил гэдэг хязгаарлагдахгүй учраас тэр шүү дээ. Жишээ нь, өөрийнхөө хобби, номноос, хэн нэгнээс үлгэр жишээ аваад ч юм уу, дэлхийн алдартнуудаас, бүр киноноос хүртэл хөгжиж болно. Хүн өөрөө хүсэх л хэрэгтэй. Миний хувьд би JCI байгууллагын гишүүн энэ маань миний хувь хүний хөгжилд хүчтэй нөлөө үзүүлдэг байх. Бас найз нөхөд, гэр бүл, хоббиноосоо хөгждөг гэхэд болно. Хажуугаар нь сайн дурын ажил бас хийх дуртай ялангуяа хүүхдүүдэд. Хүүхэд гэдэг хэчнээн хөөрхөн билээ дээ.

-Цахим орчин танд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Миний бодлоор social хүчтэй болсон энэ үед мэдээллийг хурдан шуурхай солилцож байгаа боловч нөгөө төлөөрөө хийрхэл газар авч байна гэж хэлмээр байна. Өөрөө хийж туршиж үзээгүй байж бусдыг маш их шүүмжилдэг үзэгдлүүд маш их. Миний хувьд мэдээж тодорхой хэмжээнд ашигладаг. Аль болох хэн нэгнийг эсвэл нийгэм рүү турхирсан биш эерэг сайхан зүйлийг л бусадтай хуваалцахыг хичээдэг. Хүмүүс тэр дундаа залуус нэг л шүүмжлэх өнгө аястай болоод байгаа. Энэ нь миний бодлоор буруу байх. Шүүмжлэлийг үгүйсгэж байгаадаа биш тухайн хүн нь бас нийгэмд тодорхой байр суурь эзэлж, хийсэн бүтээсэн юмтай байж шүүмжлэл гэдэгт арай өөрөөр хандвал зүгээр. Улаанбаатарын цахим орчинд найрсаг байдлын индекс олон улсын судалгаанд 5 баллаар дүгнэсэн байгаагаас харахад манайх 1.8 хувь буюу маш муу, бүдүүлэг байгаа хэрэг. Тэгэхлээр цахим орчинд залуус соёлтой байх хэрэгтэй.

-Залуучууддаа хандаж хэлэхийг хүсдэг зүйл байдаг уу?

-Нийгмийн идэвхтэй, бие биеэсээ суралцдаг байгаасай л гэж боддог. Бидний нүдэн дээр маш олон залуус идэвхтэй бусдаасаа түрүүлж алхаж, шинийг санаачилж олон сайхан зүйлийг хийж байна. Ийм залуус л олон байгаасай. Би бас суралцаад л явж байгаа нэгэн. Монголчууд бид чинь цөөхүүлээ шүү дээ. Гэхдээ илүү сайхан ирээдүй биднийг хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-25 11:55:51


Нийт сэтгэгдэл: (6)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.70.46.238) 2017-08-14 13:41:56
    Bolovsroltoi uhaalag saihan zaluu shv
  2. Zochin (66.181.189.41) 2017-07-26 00:33:51
    Huuhed iim deeree huurhun
  3. Зочин (27.123.212.131) 2017-07-25 23:38:15
    Ulgeriin shaahiinma
  4. зочин (122.201.22.25) 2017-07-25 16:01:04
    та нар битгий ингэж сайн яюаа нэгнээ ингэж өөлж байгаач харин чухаалаг сайхан залуу байна.
  5. unshigch (178.198.152.161) 2017-07-25 15:29:46
    ta nar baas shees, hog hovshoo yasan be. bahi baidgaaraa mongol soioloo yldeesen yy
    1. unsh (122.201.22.25) 2017-07-25 16:04:46
      yumig buren unshchihaad setgegdel uldej bgach tusgai uut hiilgeed hogoo tsugluulaad yvsan gj bgazdee

Танд санал болгох