• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Хоёр Солонгос цэрэг дайны сөргөлдөөнийг зохицуулах найрамдлын уулзалт хийнэ

Сөүл цэргийн ажиллагааг зогсоож, найрамдлын уулзалт хийх саналыг Пхеньянд тавьжээ. Тодруулбал, БНСУ-ын зүгээс БНАСАУ-ын талд хандан энхтайван, найрамдлын хэлэлцээрийг энэ сарын 21-нд хийх саналыг тавьжээ. Хэрэв хоёр тал тус уулзалтыг зохион байгуулахаар тохиролцвол энэ нь 2015 оноос хойш хийж байгаа анхны дээд хэмжээний уулзалт болох юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин саяхан Берлин хотод болсон хурлын үеэр “Хоёр тал гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажуулсны 64 жилийн ой долдугаар сарын 27-нд тохиох гэж байна. Энэ ойг тохиолдуулан хилийн бүс дэх цэргийн үйл ажиллагааг зогсоох хэлэлцээ хийх саналтай байна” хэмээн илэрхийлсэн байна. Мөн тэрээр дайны үеэр салж хагацсан гэр бүлүүдийг уулзуулж, спортын үйл ажиллагаа зохиож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг саналыг БНАСАУ-ын талд тавьсан юм.

Үүний дараа БНАСАУ-ын тал хоёр улс хоорондын соёл, спортын солилцоо, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг үгүйсгэхгүй, энэ үйл ажиллагааг ямар ч үед тасалдуулж болохгүй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тодруулбал, энэ сарын 15-нд БНАСАУ-ын "Нодон Синмун" сонин, 16-нд "Минжу Чосон" сонин өгүүлэл нийтэлж, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Германд айлчлах үеэр дэвшүүлсэн Солонгосын хойгийн энх тайвны хэлэлцээ хийх саналын тухай нийтэлжээ.

Өгүүлэлд, хоёр Солонгосын харилцааг зохицуулах нь нийт үндэстний хамтын уриа бөгөөд эхний шатанд улс төр, цэрэг дайны сөргөлдөөнийг зохицуулах нь Өмнөд болон Хойд Солонгосын харилцааны үндсэн асуудал юм гэжээ.

Мөн “БНСУ-ын төрийн эрх солигдсоны дараа ч Солонгосын хойгийн нөхцөл байдал намжаагүй бөгөөд АНУ, БНСУ хамтарсан цэргийн сургууль хийж, Вашингтоны зүгээс Пхеньяныг заналхийлж, эргэн тойрны хөрш орны эсэргүүцлийг үл ойшоон “THAAD” систем байршуулсан нь үнэн бодит хэрэг юм. БНСУ нэг талаар яриа хэлэлцээ хийнэ гэж байгаа ч нөгөө талаар Америктай адил олон улсын хэмжээнд БНАСАУ-ыг ганцаардуулж байна. Эдгээр үйл ажиллагаа нь өмнөх Засгийн газартай адил байгаа тул БНАСАУ-ын санаанд хүрэхгүй байна” гэжээ.

Үүний дараа БНСУ-ын зүгээс Ерөнхийлөгч Мүн Жэ Иний саналыг ажил хэрэг болгох үүднээс энэ сарын 21-нд найрамдлын уулзалтыг зохион байгуулах санал тавьжээ. Харин одоогоор БНАСАУ-ын зүгээс албан ёсны хариу ирүүлээгүй байна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-17 14:20:51


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (223.39.189.56) 2017-07-17 14:42:37
    Ulaanbaatart irj uulzatsga

Танд санал болгох