• 2017 оны 07 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

ОХУ-ын нөлөө бүхий хүмүүсийн аллага бохир тоглоомтой холбоотой юу

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 8-аас хойш өнгөрсөн таван сар гаруйн хугацаанд Оросын нөлөө бүхий, улстөрчийн өндөр рейтингтэй найман хүн нас барсан байна. Хамгийн сүүлд Оросын нэгэн улстөрч Украины зочид буудлын гадаа амь насаа алдсан байдалтай олдсон юм.

Нас барсан хүмүүсийн  тав нь ОХУ-ын дипломатчид байсан байна. Зарим нь ердөө л зуурдаар нас барсан мэт харагдахаар байжээ. Гэхдээ зарим улстөрчийн үхэл гаднын нөлөөтэй, шалтгаан нь асуулт хэвээр үлдэж мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Биеийн байдлаас шалтгаалсан гэх найман үхлээс нэг нь золгүй байдлаар амиа алдсан гэж үзэж байгаа юм.

Зарим үхэл нь АНУ-ын өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсонтой холбоотой гэж үзэж буй хэсэг шинжээч, мөрдөгчид байгаа аж. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын улстөрчдийн үхэл улс төрийн бохир тоглоомтой холбоотой гэж таамаглаж буй.

Украин руу зугтан гарсан Оросын улстөрчийн үхэл

Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын иргэн 45 настай Денис Вороненковыг Киевийн зочид буудлын гадаа буудан хөнөөсөн. Вороненков болон түүний эхнэр хоёул ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг дуугарч, шүүмжлэлтэй хандсаны дараа өнгөрсөн оны аравдугаар сард Оросоос Украин руу зугтан гарсан юм.

Түүнчлэн, Вороненков ОХУ-ын нөлөөллийн эсрэг Украиныг тэмцэхийг уриалж, Путины утсан хүүхэлдэй болж байсан гэгдэх Украины экс Ерөнхиийлөгч Виктор Януковичийн эсрэг тэмцэл өрнүүлэхэд Украинд тусалсан нэгэн. Украины Ерөнхий прокурор Юрий Луценко хэлэхдээ “ОХУ-ын бүрэлдэхүүнд Крымлыг оруулахад Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийн гүйцэтгэсэн үүргийн талаар Вороненков мэдүүлэг өгөхөөр бэлтгэж байх үедээ алагдлаа. Янукович нь өнгөрөгч онд Украинаас ОХУ руу зугтсан билээ. Түүний талаар мэдүүлэг өгөх гэж байсан гэрчийг устгасан явдал нь Оросын зүгээс хийсэн төрийн террорист ажиллагаа” гэж хэлж байсан удаатай. Харин ОХУ-ын эрх баригчид үүнийг үгүйсгэсэн юм.

НҮБ-д суух Оросын Бүрэн Эрхт төлөөлөгчийн үхэл

НҮБ дахь ОХУ-ын Бүрэн Эрхт төлөөлөгч 64 настай Виталий Чуркин өнгөрсөн хоёрдугаар сард Нью-Йорк хотод гэнэт нас барсан тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн. Түүний үхлийн шалтгааныг зүрхний шигдээс хэмээн тодорхойлсон.

ОХУ-аас Энэтхэг улсад суух элч төлөөлөгчийн үхэл

ОХУ-аас Энэтхэг улсад суух элч төлөөлөгч 67 настай Александр Кадакин нэгдүгээр сарын 26-д мөн л зүрхний шигдээсээр нас барсан гэсэн оноштойгоор таалал төгссөн. Гэсэн хэдий ч түүнийг эрүүл мэндийн ноцтой асуудалгүй байсан гэж Шинэ Делид суух элч төлөөлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байдаг.

Кадакин 2009 оноос Энэтхэгт ажиллаж байсан бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди түүнийг тодорхойлохдоо “Энэтхэг улсын гайхалтай сайн найз” хэмээгээд хоёр орны хамтын ажиллагаанд чухал, бат бөх харилцааг тогтоож ажилладаг байсан хүн гэсэн юм.

Грек улсад суух Оросын Элчин сайдын үхэл

ОХУ-аас Грек улсад суух Элчин сайдын яамны ахлах дипломатч 54 настай Андрей Маланин нэгдүгээр сарын эхээр нас барсан. Цагдаа нарын хэлж буйгаар Маланин хэдэн өдөр ажил дээрээ харагдаагүйд хамтран ажиллагсад нь санаа зовж улмаар нэгдүгээр сарын 9-ний өдөр гэрийнхээ унтлагын өрөөний шалан дээр нас барсан байдалтай олдсон талаар CNN-д мэдээлж байсан. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд учир нь Грекийн цагдаа нар зуурдаар нас барсан гэж байгаа ч өөр нэгэн цагдаагийн албан хаагч гаднын нөлөөтэй гэж буй юм. Гэхдээ одоогоор ямар ч сэжигтэн олдоогүй байгаа бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатанд явсан хэвээр байгаа.

Тагнуулын төв газрын албан хаагчаар ажиллаж байсан нэгний үхэл

ОХУ-ын Тагнуулын албатай ойр хамааралтай байсан 61 настай Олег Еровинкин өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 26-д Москвагийн гудамжинд машин дотроо нас барсан байдалтай олдсон. ОХУ-ын Засгийн газрын агентлагууд үхлийн шалтгааныг албан ёсоор тодорхой болгож чадаагүй байгаа.

Олег Еровинкин ОХУ-ын Хууль сахиулах, тагнуулын байгууллагад ажиллаж байсан нэгэн. Мөн тэрээр ОХУ-ын төрийн өмчит газрын тосны магнат “Роснефть” компанийн захирал Игор Сечиний ахлах зөвлөхөөр ажиллаж байжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар Олег Еровинкинийг Орос болон Трампын компанит ажлын хооронд дахь хамааралтай мэдээллийн эх сурвалж гэж таамаглаж байгаа ч үүнтэй холбоотой гэх ямар ч нотлох баримт одоогоор байхгүй юм.

Бас нэгэн дипломатчийн үхэл

Турк дахь ОХУ-ын Элчин сайд 62 настай Андрей Карлов мөн л өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 20-д Анкарад алагджээ. Уран зургийн үзэсгэлэн дээр түүнийг үг хэлж байхад нь буудан хөнөөсөн. Хэрэгтэн Туркийн цагдаагийн офицер байсан бөгөөд аллага үйлдэхдээ “Сирийг бүү март” хэмээн хашгирч байжээ.

Оросын дипломатчийн Москва дахь үхэл

Москва хотын“Московский Комсомолецсонинд бичсэнээр Оросын дипломатч 56 настай Петр Польшиков Москва дахь гэртээ буудуулан нас барсан байдалтай олджээ. Сонинд мэдээлснээр Польшиков унтлагын өрөөндөө алагдсан байсныг түүний эхнэр олсон аж. Цагдаагийнхны хэлж буйгаар түүний толгойг дэрээр бүтээн толгойн тус газар нь буудсан байсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрийн үхэл

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр болох арван нэгдүгээр сарын 8-ны өдрийн өглөө сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэлж, үүнтэй зэрэгцэн Нью-Йорк хот дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас 911 дуудлага аван хөдөлжээ. Цагдаа нарыг ирэхэд 63 настай Сергей Криков хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Яаралтай түргэн тусламжийнхан түүнийг амьсгал хураасан болохыг мэдэгдсэн юм.

Түүнийг мөн зүрхний шигдээсээр нас барсан гэж тодорхойлсон. Гэсэн хэдий ч Нью-Йорк хотын цагдаагийн албаны хамгийн анхны мэдээлэлд “толгойдоо үл мэдэгдэх гэмтэлтэй” гэж бичигдсэн байдаг байна.

Эх сурвалж: CNN

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-17 12:12:55


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (103.26.194.1) 2017-07-17 23:35:34
    Вовка чинь кгбчин пязду шүү дээ
  2. Зочин (103.57.92.212) 2017-07-17 13:08:26
    Дэлхий дээр хамгийн худал мэдээлийн хэрэгсэл шүү дээ наад cnn чинь. Трамп тэгж хэлсэн

Танд санал болгох