• 2017 оны 09 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Налайх, Эмээлтэд үйлдвэр, технологийн парк барих ажил эхлүүллээ

Засгийн газрын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт импортыг орлох, экспортыг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт технологи нутагшуулах, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор Үйлдвэр, технологийн паркуудыг байгуулахаар тусгасан. 

Өнөөдөр ХХААХҮЯ-наас “Эмээлт” хөнгөн үйлдвэрийн парк, “Налайх” технологийн парк болон “Эрдэнэт хүнс Само” компанид Үйлдвэр, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрөл олголоо.  Ингэснээр парк барих ажлын эхлэл тавигдаж байна хэмээн мэргэжилтнүүд онцолж байсан юм. 

Үйлдвэр технологийн паркуудтай болсноор иргэдийг ажилтай орлоготой болгож, Монгол Улсын эдийн засгийг дан ганц уул уурхайгаас олох орлого дээр түшиглэх бус олон тулгуурт эх үүсвэр бүхий дотоод хүчин чадал сайтай болгон хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрлийг бууруулах мөн Туул гол болон түүний сав газрын байгаль экологийн доройтлыг бууруулах зэрэг олон талын чухал ач холбогдолтой юм. 

Эмээлт, Налайхад байгуулагдах үйлдвэрлэлийн паркуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

ТАНИЛЦ, ЭМЭЭЛТИЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПАРК

Тус паркийг байгуулах нь зөвхөн арьс ширний үйлдвэрүүдийн хотын төвөөс механик нүүдэл хийх асуудал биш бөгөөд үйлдвэр, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран экспортын чиглэлийн үйлдвэрүүдийн нэгдлийг байгуулах, 10,000 орчим иргэдийг ажлын байртай болгох , ирээдүйн Нийслэлийн дагуул хотын дэд бүтцийн төвийг бүтээн байгуулах зэрэг улс, нийслэлийн нийгэм эдийн засгийн томоохон ач холбогдол бүхий бүтээн байгуулалт болох юм.

Ерөнхий төлөвлөгөө: “Эмээлт” хөнгөн үйлдвэрийн парк нь Улаанбаатар хотод байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг Эмээлтийн 160 га талбайд байршуулах аж. Нийтдээ 19 байршилд арьс ширний, найман байршилд ноос, ноолуурын үйлдвэр байршуулахаар төлөвлөжээ.

Одоогоор тус паркийн зураг төслийн ажил дууссан бөгөөд удахгүй цэвэрлэх байгууламж, дулааны цахилгаан станц барих дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд эхлэх юм байна.  

Ашиглалтад орох хугацаа: 2020-2025 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, Улаанбаатар хотын үйлдвэрлэлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж эхлэх юм.

ТАНИЛЦ, НАЛАЙХ ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПАРК

“Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ийг Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120 га газарт байгуулахаар төлөвлөн, өнөөдрийн байдлаар Нийслэлийн төсвөөс 2.4 тэрбум төгрөгийг судалгаа, зураг төсөл, ТЭЗҮ зэрэг бүтээн байгуулалтын бэлтгэл ажлуудад зарцуулсан байна. Парк ашиглалтанд орсноор Монгол Улсын барилгын материалын үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо гарчээ.

Ерөнхий төлөвлөгөө: Дэд бүтцийн хувьд авто зам, төмөр замын нэгдсэн сүлжээнд холбогдох боломжтой. Тус паркт 50 гаруй барилгын материалын үйлдвэрлэлүүдийг байршуулан 10000 орчим ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөсөн.

Энэ талаар тус паркийн ахлах мэргэжилтэн Н.Пүрэвсүрэн "“Налайх” технологийн паркийн дэд бүтцийн ажил ирэх онд эхэлнэ. Одоогоор хавтгай шил, хонины ноосон дулаалга, хаягдал зэсний зэрэг 10 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүлээн аваад байна" гэв. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-06 16:52:33


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. уншигч (27.123.214.114) 2017-07-10 14:24:58
    Компаниуд өөрсдөө барилгаа барих биз дээ, дэд бүтцийг нь харин яах юм бол? ямар үзүүлэлтээр компаниудыг нь сонгож байгаа вэ?
  2. Зочин (66.181.185.23) 2017-07-07 00:51:26
    Дэд бүтэцийг нь шийдээд өгчихвөл хувийн хэвшил босгоод л ирнэ. Одоо хүртэл улсын тог ч байхгүй байгаа шүү.

Танд санал болгох