• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Тойм: Сонгуулийн улстөржилтөөс болж гадаад зах зээлд Монголын нэр хүнд дахин уналаа

Монголчуудын эв нэгдэл, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль дотоодод төдийгүй,, дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Монгол Улсын  Ерөнхийлөгч нь УИХ-аар баталсан хуульд хориг тавих, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, шүүх эрх мэдлийг томилох эрхтэй. Анхан шатны сонгуульд оролцсон иргэдийн ирц хангалттай  байсан боловч нэр дэвшигчдийн хэнийг нь дэмжээгүй цагаан сонголт хийсэн сонгогчид олон гарлаа. Өөрөөр хэлбэл, ямар ч сонголтгүй сонгууль болж байгааг иргэд сонголтоороо илэрхийлэв. Үүнээс гадна анхан шатны сонгуулийн дүнг зарласны дараа манай улсын гадаад зах зээл дэх нэр хүнд эргэн уналаа. Гаднын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бондууд болон хөрөнгө оруулагч компанийн хувьцааны ханш сулрав. Мөн гаднын томоохон хэвлэлүүд Монгол Улсыг эдийн засаг болон улс төрийн эгзэгтэй байдалд байгааг тодотгон бичиж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болон өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн гадаадын хөрөнгө оруулагчид дахиад л хүлээлтийн байдалд шилжих төлөвтэй болов. Ингээд өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн онцлох үйл явдлыг iToim агентлаг тоймлон хүргэе.

 Монгол Улс анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин санал хураалт явуулахаар болов

Улс орон даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. Анхан шатны сонгуульд сонгогчдын ирц хангалттай байсан ч нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал буюу 50%+1 хувийн санал авч чадсангүй. Хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн аль нь ч олонхийн санал аваагүй учраас дахин санал хураалт явуулах товыг СЕХ-оос зарлалаа. Эхний санал хураалтаас хамгийн олон санал авсан МАН, АН-ын нэр дэвшигчийн дунд хоёр дахь шатны санал хураалтыг долдугаар сарын 7-нд орон даяар явуулна. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнтэй холбоотой улс төрийн намуудын мэдээлэлд өнгөрсөн долоо хоног дарагдлаа. МАХН-ын зүгээс анхан шатны санал хураалтын үеэр сонгогчдын саналыг луйвардсан, СЕХ хуйвалдаанд оролцсон байхыг үгүйсгэхгүй зэрэг мэдэгдлийг удаа дараа хийв. Харин АН-ын зүгээс хоёр дахь шатны санал хураалтын хугацааг наашлуулж, ажлын өдөр зохион байгуулах шаардлагыг СЕХ-нд тавьж, тэдний хүсэлтийг хэлэлцэж, дахин санал хураалтыг долдугаар сарын 7-нд явуулахаар болсон юм. МАН-ын зүгээс санал оройтсон хэсэг, аймгуудад дахин тооллого явуулж, ард түмний эргэлзээг тайлах шаардлагыг СЕХ-нд хүргүүлсэн юм. Сонгогчдын санал нь оройтсон Баян-Өлгий аймагт дахин тооллого явуулахад СЕХ-ны дүнтэй зөрсөнгүй.

Зарим бонд болон томоохон компаниудын хувьцааны ханш сулрав

Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатны санал хураалтын дүн гарсны дараа олон улсын зах зээл дээр бүртгэлтэй Засгийн газрын бондууд болон Монголын хөрөнгө оруулагч компаниудых хувьцааны үнэ сулрав. Алтны салбарт хайгуул, ашиглалт хийдэг “Erdene Resource Development”-ийн хувьцаа3.85 хувиар суларч, нэг канад доллар боллоо. Гацууртын ордод хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа “Centerra Gold”-ийн хувьцааны ханш 0.14 хувиар буурч, “Xanadu Mines”-ийн хувьцаа 10.26 хувиар буурч, 0.175 австрали доллар болсон байна. Түүнчлэн, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Mining Corporation”-ийн хувьцааны ханш 3.51 хувиар суларч, 0.22 хонгконг доллар болсон. Харин баасан гаригаас эргээд бага зэргийн өсөлт ажиглагдаж эхэлсэн юм. Мөн Засгийн газар хамгийн сүүлд 7.85 хувийн хүүтэй болгосон Хуралдай бондын хүү 10 хувь руу дөхсөн ч эргээд буурах хандлагатай боллоо.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид манай улсын улс төрийн тогтвортой байдлыг илүү чухалж байгааг олон улсын зах зээлд дээр хувьцааны ханш савласнаас харж болохоор байна.

Байгалийн гамшгаас болж зургаан аймаг, 150 сум цахилгаан болов

Зургадугаар сарын 28-ны шөнө нийт нутгаар хүчтэй шороон шуурга, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамд эвдрэл гарч, цахилгаан дамжуулах 14 төмөр бетон тулгуур унаснаас болж зургаан аймаг, 150 гаруй сумд цахилгаан тасарсан юм. Салбарын яам болон мэргэжилтнүүд шуурхай ажиллаж долдугаар сарын 1-нээс аймаг, сумдад эрчим хүч хэвийн олгож эхэллээ. Эвдэрч, унасан бүх тулгуур болон дамжуудах шугамыг засварлаж дууссан байна. 

 Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны онцлох шийдвэрээс

Дахин санал хураалтад шаардагдах 7 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад шаардагдах 7.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгалаа.

Зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчиллөө

Тухайн аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн хүсэлтийг харгалзан нэр бүхий аймгуудын баяр наадмын товыг өөрчиллөө. Тухайлбал :

- Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг хамтатгаж Баянхонгор аймгийн наадмыг долоодугаар сарын 21-22-нд,

- Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд,

- Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт болох 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр орон нутагтаа аймаг, сумын наадам хийхгүй байхыг аймгуудын Засаг дарга нарт үүрэг болголоо.

Эрчим хүчний салбарт 42 сая ам.доллар зарцуулна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Эрчим хүчний төсөл 2”-ын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Б.Чойжилсүрэнд олголоо.

Дэлхийн банкнаас авах 42 сая ам.долларын зээлээр “Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн түгээх шугам, сүлжээ, дэд станцуудыг өргөтгөн шинэчилж, эрчим хүчний төлөвлөлтийн программ хангамжийг сайжруулах юм. Мөн баруун бүсэд 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар төлөвлөж байна.

128 мянган иргэнийг тогтвортой ажлын байртай болгоно

Дэлхийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд зарцуулахаар боллоо. Үр дүнд нь ажил хайгч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 15-34 насны залуучууд ажилтай болж, сургалтад хамрагдан, зээлд хамрагдах боломж бүрдэх юм.

Тухайлбал дөрвөн жилийн хугацаанд 128 800 иргэн /үүнээс 60 мянган эмэгтэй/-ийг тогтвортой ажлын байранд зуучлах бөгөөд тус бүр 10 мянган хүнийг сургалт, зээлд хамруулж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт залуучуудаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажилчдын тоог 50-иас дээш хувиар бууруулахаар тусгасан юм.

Өвлийн бэлтгэлийг есдүгээр сарын 1-ний дотор дуусгахыг үүрэг болгов

“Багануур”, “Шивээ Овоо” компанийн эрчим хүчний зориулалтаар олборлон борлуулж байгаа нүүрсний үнийг бодит өртөгт ойртуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейнханд зөвлөв. Мөн Япон Улсаас зээлсэн зээлийн өр төлбөрөөс дээрх хоёр компанийг чөлөөлөх тухай судлаж танилцуулахыг сайд, холбогдох албан тушаалтанд даалгалаа. Төв, суурин газрын өвлийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр арга хэмжээ авч, есдүгээр сарын 1-ний дотор хийж дуусгахыг холбогдох сайд нар, нийслэл, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.

9 дүгээр сарын нэгэн гэхэд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж дуусна

Зун, намрын отор нүүдэл хийх, царцааны нүүдэлтэй тэмцэх, малчдад нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон хадлан бэлтгэж аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж аймгуудад олгохоор боллоо.

Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутаг, хилийн зурвас, байгалийн тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч, холбогдох газруудтай гэрээ байгуулах, малын гоц халдварт өвчин, хортон мэрэгч, шавжтай тэмцэх, отор хийх нутагт шинээр худаг гаргах, малчдад үзүүлэх тусламж, үйлчилгээ, хадлан тэжээл, ургац хураалтын үеийн бэлэн байдлаа хангах зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

Энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 хувьд нь бэлчээрийн ургамал сайн ургасан бол 70 хувьд дунд, 10 хувьд муу байна. Одоогоор улсын хэмжээнд 517 мянган га-д тариалалт, үүнээс 25 мянга гаруй га-д тэжээлийн ургамал тариалжээ.

БНХАУ нүүрс импортлох зарим боомтоо хаалаа

БНХАУ-ын Засгийн газраас долдугаар сарын 1-ний өдрөөс орон нутгийн зөвшөөрөлтэй жижиг боомтуудаар нүүрс импортлохыг зогсоох шийдвэр гаргаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Энэхүү шийдвэр нь БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин болон Засгийн газраас нүүрсний зах зээлд хатуу хяналт тавих алхам болж байгаа юм.

Нүүрсний хэрэглээгээр тэргүүлэгч Хятад улсын Төрийн зөвлөлөөс зөвшөөрөл авсан боомтуудаар нүүрсний импортыг үргэлжлүүлэн хүлээн авах юм. Хятадын томоохон боомтуудын дийлэнх нь Төрийн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байдаг харин жижиг боомтууд ихэнхдээ мужаасаа эсвэл орон нутгаас зөвшөөрөл авч ажилладаг аж.

Хятадын Засгийн газрын шийдвэрээр Фужиан мужийн Кемен, Ниндэ, Донгву боомтууд, Хайнан мужийн Ледонг боомтоор нүүрс импортлохыг зогсоох төлөвтэй байгаа талаар Хятадын хэвлэлүүдээр мэдээлж байна. Эдгээр боомтуудаар нийтдээ 15 сая тонн нүүрс худалдан авдаг ажээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-07-02 12:15:53


Нийт сэтгэгдэл: (6)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (66.181.160.57) 2017-07-03 09:45:37
    Ерөнхий сайд болохооор ОУВС ороод сайхан болж байгаа тухай дүлий хүнд ч цээжлэгдмээр давтаад байдаг. хэдэн хараат хэвлэлүүд болхоор Сонгуулийас болоод сүйрч байгаа юм яриад байдаг. Ард түмэнд өөрийнхөөрөө сэтгэх боломж олгооч үзэл сурталын зэвсэг нүүдээ.
  2. ТУЛГА (66.181.187.126) 2017-07-02 22:03:13
    РЯТАДУУД МАНАЙ СОНГУУЛИЙГ ХЭНД ӨГӨХИЙГ ЗААХ ДЭЭРЭЭ ТУЛАА ЮУ ?? ХОЙД ХӨРШ ГЭЖ ЮМ БАЙНА ДАА.., ЮУНДАА ГАСЛААД БАЙГАА ЮМ БЭ ?? НҮҮРСЭЭР ХЯТАДУУД БООГООД БАЙНА ГЭЖ ЯАГАА Ч ҮГҮЙ БАЙХАД АЙГАД БАЙГАА ЮМУУ?? ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ..,
  3. Zochin (27.123.214.121) 2017-07-02 19:27:22
    Gadna tald muuhai hatagddag mafi Jenko populist Ganbaatar nar Mongoliin hugjild gai bolj bna. Jenko offshort bgaa hulgailsan mumguu taraagaad bna daa i heesei
  4. zochin (66.181.179.222) 2017-07-02 17:47:15
    Odoo ard tumen oilgoj, ene songuulia zeb khundee egeed ene ajliin ard zendee ikh ajil bgaa, namar, ebel surguuli tsetserleg ebliin beltgel, hkamgiin gol ni urgatsaa abch chadakhgyi bol yanaa Ene talaar hkamtran ajlaa zokhion baiguultsgaay, MAXN, AN n uls ornoo gadaad ertentsed muuluulj EZ g dahkin ungaj byi NAM, Ganbaatar Enhkbayar nartai tsootsoogoo ard tumen hkiinee
  5. Зочин (202.72.245.203) 2017-07-02 12:37:38
    Гадныханд таалагдах гэж сонгуулиа хийх болж байна уу? Битгий *****.
    1. Зочин (175.223.32.189) 2017-07-02 19:13:05
      tiim shuu, tusgaar uls biz dee, gadnihhi tolgoig ildeg humuusiin l sanaa bh

Танд санал болгох