• 2017 оны 09 сарын 20  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Ц.Эгиймаа: Монгол залуусын өөрийгөө тодорхойлох захидал нь болохыг хүсдэг

21 настайдаа Монголын Инновацийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж, 22 насандаа Монгол, Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн /EPA/-ийн гэрээнд үндсэн шинжээчээр ажиллаж, өдгөө 26 насандаа Дэлхийн банкны төв салбарт ажиллаж, дэлхийн шилдэг “Корнелл”-ийн их сургуульд эдийн засаг, санхүүгийн бодлогын чиглэлээр суралцаж буй монгол бүсгүй Цолмонбаатарын Эгиймааг ДЭЛХИЙН МОНГОЛ ХҮН цуврал ярилцлагынхаа энэ удаагийн зочноор урьж оролцууллаа. Тэрээр НҮБ-ын төв оффист ажиллах санал хүртэл авч байжээ.

Түүний энэ амжилт “бэлтгэл” гэх ганцхан үгтэй утга дүйх бөгөөд тууштай хөдөлмөр, тасралтгүй хичээл зүтгэл, бэлтгэлийн үр дүнд бий болжээ.

Мөн тэрээр Монголын хөрснөөс ургаад оргил нь болж чадсан залуусын томоохон төлөөлөл бөгөөд “I am from Mongolia” гэдэг үг түүнийг Дэлхийн банкинд ажиллахад нөлөөлсөн хүчин зүйлийн нэг гэнэ.

Ц.Эгиймаа “Монгол хүн итгэл даахуйц байж чаддаг, монгол хүн цаг барьдаг, монгол хүн бусад үндэстний соёлыг хүндэлдэг, монгол хүн хариу тооцоолохгүй тусалдаг гэдгийг ажлын гүйцэтгэл, харилцаа, ёс зүйгээр батлахыг эрмэлзэж хожим ирэх олон монгол залуу өөрийгөө тодорхойлох захидал нь болохыг хүсдэг. Магадгүй зарим нэг гадаад хүний хувьд би эхний бөгөөд эцсийн удаа уулзсан монгол хүн байж болно. Тиймд өөрийгөө Монголын 3 сая хүнийг төлөөлж буй “соёлын Элчин сайд” гэдгээр санаж явах учиртай” гэснээр бидний яриа эхэлсэн юм.

-Яагаад “I am from Mongolia” таныг Дэлхийн банкинд ажиллахад нөлөөлөв?

-Олон улсын томоохон байгууллага тэр тусмаа НҮБ, Дэлхийн банк зэрэг байгууллага ажлын байран дээрээ олон талт соёлыг дэмжих хандлагатай байдаг юм. Ур чадвар, туршлагаас гадна байгууллагадаа байхгүй, эсвэл цөөнх үндэстний хүмүүс нэг талаар давуу тал болдог гэх үү дээ. Хэдэн тэрбум хүний төлөөлөл болсон хятад, энэтхэг хүн байсан бол энэ боломж олдохгүй байсан байж магадгүй. Зөв газраа, зөв цагт нь "I am from Mongolia" гэж хэлэх нь давуу тал болох боломжтой. Гэхдээ энэ бол ажлын ярилцлагад тэнцэхэд нөлөөлсөн нэг л хүчин зүйл нь. Үүнээс гадна ажлын туршлага, сургууль гээд нөлөөлсөн томоохон хүчин зүйлүүд бий.

Тухайлбал, би 25 хүртэлх насандаа Монголын гурван өөр Засгийн газарт ажиллаж, тэр хугацаандаа Инновацийн тухай хуулийг батлахад хувь нэмэр оруулж, мөн Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үндсэн шинжээч хийж байсан.

Түүнээс гадна миний сурч буй Корнеллын их сургууль бол АНУ-ын “Айви Лиг” (Ivy League) –ийн шилдэг найман сургуулийн нэгэнд багтдаг, нэр хүндтэй сургууль. Тийм болохоор сурч байгаа сургууль маань мөн нөлөөлсөн гэж бодож байна.

АНУ-д томоохон байгууллагад ажилд ороход танил тал хардаг. Танил тал гэдэг нь Монголд байдаг ойлголтоос нэлээд өөр. Өмнө нь судалгааны ажил удирдаж байсан профессор, эсвэл тухайн байгуулагад ажиллаж байгаа хүний намайг чадвартай эсэхийг үнэнчээр тодорхойлсон тодорхойлолт юм. Энэ тодорхойлолт тухайн ажилд ороход чухал үүрэг гүйцэтгэдэг. Миний хятад, энэтхэг найзуудад дунд хамт ажиллаж байсан хүмүүс нь Дэлхийн банкинд ажиллаж байсан тул тодорхойлолт авах боломж өндөр. Харин миний хувьд уг газруудад өмнө нь надтай хамт ажиллаж байсан тодорхойлолт өгөх хэмжээний монгол хүн олдох амаргүй бөгөөд сургуулийн профессороос маань өөр хүн байгаагүй болохоор өөрийгөө тэнцэхгүй байх гэж бодож байсан шүү. 

Ер нь олон улсын томоохон байгууллагад ажиллахын тулд эхний шалгуур болох cv-ээс маш сайн бичих ёстой байдаг. Миний хувьд маш олон хүнээс зөвлөгөө авч байж бичсэн. Дэлхийн банкинд гэхэд зөвхөн нэг ажлын байран дээр хэдэн мянган хүн өрсөлддөг байх жишээтэй. Ажил шалгаж авч байгаа хүн тэр олон хүний cv-ийг нэр бүрчлэн уншихгүй ч байж болно. Тэгэхээр тэр олон хүний материал дундаас миний cv тухайн хүний анхааралд өртөхүйц содон байх ёстой болно.

Эхний шатанд cv-н дээр бичсэн ажлын туршлага, сурч буй сургууль, бичсэн эссэгээр тэнцэж болох ч түүний дараа ярилцлагын шат бас нэг хүнд даваа байдаг.

Миний хувьд ярилцлагын шалгалтаа утсаар өгч байсан. Надтай хоёр хүн ээлжилж ярьсан. Ерөнхийдөө ярилцлагын асуулт гурван сэдвийн хүрээнд өрнөсөн.

Нэгд, өмнө нь ажиллаж байсан туршлага, тэр дундаа Япон Монголын эдийн засгийн хэлэлцээрийн гэрээн дээр хэрхэн ажилласан, тариф тогтоохдоо ямар программ ашигласан, хэрхэн дата анализ хийж байсан гэх зэрэг асуултууд байсан.

Хоёрт, надад тодорхой кейс өгөөд ийм нөхцөл байдал дунд ямар шийдвэр гаргах вэ, хэрхэн хандах вэ гэх зэрэг бодлогын чанартай асуултууд байсан.

Гуравт, зан төлөв, сэтгэл зүйн төрлийн асуултууд асуусан. Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүстэй хамтран ажиллана. Олон талт соёлтой шашин шүтлэг өөр ийм хүмүүстэй хамтран ажиллахад сайн ажиллаж чадах уу гэх мэт. Би энэ хавар Өмнөд Судан, Сомали, Афганистан, Пакистан, Балба, Өмнөд Африкийн орнуудаас ирсэн дүрвэгсэдэд зориулсан төсөл дээр ажилласан. Корнеллийн их сургуулийн гурван оюутантай хамт дүрвэгсэдэд зориулсан төрийн бус байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлэх маш гоё хичээл байсан. Олон үндэстний өөр амьдралын түүхтэй хүмүүстэй хамт байна гэдэг үзэл бодлоо тэлэх, дэлхийн нөгөө талд юу болж байгааг харах их ховор боломж байдаг. Энэ тухайгаа ч ярилцлагын үеэр илэрхийлж байсан.

-Ажлын ярилцлагад ороход юу хамгийн чухал байдаг вэ. Өөрийнхөө туршлагаас хуваалцаач?

-Би зүгээр л сайн бэлддэг. Ярилцлагын үед сайн бэлдсэн байхад 60-70 хувьд нь ярилцагчаа дагуулаад ярих боломжтой. Нөгөө хүнийхээ цагийн зөрүү, цаг агаарыг нь хүртэл мэдээд яриан дундуураа явган "joke" хийхэд хоёр талын албаны хөшүүн уур амьсгал нөхөрсөг зөөлөн болоод ирдэг. Ярилцлагын үлдсэн тал хувьд нь урьдчилан таамаглахгүй асуултууд ирэхэд би өөрөөрөө л байдаг. АНУ-д шударга байдлыг их үнэлдэг болохоор бүр огт мэдэхгүй зүйл бол шууд мэдэхгүй гэж хариулдаг. Монголд хурдан ярьдгаасаа болж байнга шүүмжлэл сонсдог байсан бол энд "хурдан ярих нь хурдан сэтгэж байна гэсэн үг" гээд бараг өөгшүүлээд байдаг болохоор ярихдаа ч өөртөө итгэлтэй байдаг.

Ихэнх ярилцлагын төгсгөлд асуулт байна уу гэж байнга асуудаг. Уншиж байгаа хүмүүст хэлэхэд заавал асуулт асууж байгааарай. Ямар ч хүн өөрийнхөө талаар эсхүл мэддэг зүйлийнхээ талаар ярих дуртай байдаг. Танай байгуллагын дотоод соёл, танай манайлах чадвар, юу вэ, таны ажлын стрессийн төвшин өндөр байдаг байх. Яаж зохицуулдаг вэ гэх зэргээр асуух хэрэгтэй. Сайн асуулт асууж чадвал сэтгэгдэл төрүүлэх сүүлийн боломж байж болно.

ДЭЛХИЙН БАНКИНД АЖИЛЛАХДАА ӨӨРТӨӨ ХОЁР АСУУЛТ ТАВЬСАН  

-НҮБ-аас ч гэсэн ажлын санал авсан юм байна. Яагаад Дэлхийн банкийг сонгосон бэ. Дэлхийн банкинд одоо яг ямар чиглэлээр ажиллаж байгаа вэ?

-Миний суралцаж байгаа төрийн бодлогын чиглэлийн томоохон олон улсын байгууллага бол Дэлхийн банк, НҮБ. Тийм болохоор энэ хоёр газарт өргөдлөө өгч байсан. Тэгсэн хоёулангаас нь ажлын санал авчихсан.

Дэлхийн банкийг сонгохдоо өөрөөтөө хоёр асуулт тавьсан. Нэгд, миний хийж байгаа ажил хэцүү байх ёстой. Тэгж байж би хөгжинө, чаддаг зүйлээ л байнга хийгээд байгаа хүн тэр байрандаа л байдаг. Хоёрт, тухайн ажил маань сонирхолтой, надад урам зориг өгдөг байх ёстой. Тэгж байж би аз жаргалтай байж чадна. Тэр утгаараа судалгаанд суурилсан техник чадварууд сурах гэж Дэлхийн банкыг сонгосон.

Одоо Дэлхийн банкны “doing business”буюу бизнесийн орчны тайлан дээр ажиллаж байна. Энэ жил  дэлхийн 190 орны эдийн засгийг 11 шалгуур үзүүлэлтээр бизнесийн орчныг нь үнэлж байгаа. Үүнд, бизнес эхлүүлэх, барилга барих зөвшөөрөл авах, эрчим хүч хүлээн авах, оюуны өмч бүртгүүлэх, зээл авах, бичил хөрөнгө оруулагчдыг хамгаалах, татвар төлөх, хил дамнасан худалдаа болон гэрээг хэрэгжүүлэх гэсэн үзүүлэлтүүд багтдаг. Бизнесийн орчны тайлан бол Засгийн газруудын ихээхэн анхаарлаа хандуулдаг ажил. Өнгөрсөн жилийн тайлан нийтэд нээлттэй болсон зөвхөн эхний нэг долоо хоногтоо олон нийтийн хэрэгслээр 7000 удаа иш татаж, 40,000 удаа татагдан авсан үзүүлэлт байна. Мөн 137 эдийн засагт 283 реформ хийгдсэн рекорд тогтоосон. Уг шинэчлэлийн 75 орчим хувь нь дунд болон буурай орлоготой орнуудад явагдсан.

Яг одоо би дата цуглуулах эцсийн шатны ажил болон цуглуулсан датаг кодчилох, гарсан реформуудын талаар цөөн хэдэн улс дээр кейс бичих зэрэг ажлууд хийж байна. Хил дамнасан худалдаа гэсэн үзүүлэлт дээр ажиллаж байна.

ӨНӨӨДӨР ЧИНИЙ ХИЙГЭЭГҮЙ АЖЛЫГ МАРГААШ НЭГ НЭГЭН БҮР ДОРДУУЛААД ХИЙХ БОЛОМЖТОЙ 

-Таны хувьд өмнө нь Монголд төрийн албанд ажиллаж Инновацийн тухай хууль боловсруулахад хувь нэмэр оруулсан гэсэн. Энэ талаараа? 

-Бага насныхаа мөрөөдлийг зорилго гэж андуураад ахлах ангидаа ШУТИС-ийн интрьер архетиктор лицей сургуульд орсон боловч явц дундаа ойлгож, 10 дугаар ангиа төгсөөд огцом шийдэж МУИС-ийн Эдийн засгийн сургуульд орсон. Конкурс шалгалтыг даваад орсон ч хоёр жилийн турш тоо бэлдээд орчихсон хүүхдүүдийн дунд зураг зурсаар байгаад орж ирсэн болохоор хожим нь нилээд хэдэн шөнө нойргүй хонож тоогоо сэргээж байсан даа. МУИС-ийн эдийн засгийн сургуулийн олон улсын худалдааны ангийг төгссөн. Оюутан байхдаа үйлдвэрийн дадлага хийж байсан Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо төгсөхөд ажлын санал тавьсныг зөвшөөрч ажиллаж эхэлсэн. Манай дарга төрийн байгууллагын олон жилийн туршлагатай эсэхээс үл хамаараад залуу хүнд ажлын хүндийг үүрүүлж, өөрийгөө сорих боломжийг олгодог хүн байсан.

Ороод удаагүй байхдаа буюу 21 насандаа Инновацийн хууль боловсруулах ажлын хэсэгт ажиллах даалгавар авсан. Өдрийн 18 цаг сууж байж АНУ-ын Цахиурын хөндий, Японы Цүкүба, Солонгосын Даедок шинжлэх ухааны хот, Казакстан зэрэг нэлээд орлон орны туршлагууд судалж байж нэг бүлгийг нь бичиж байсан. Тухайн үедээ 21 настай хүүхэд хуулийн бүлэг бичиж байна гэж санаа зовоод хүнд хэлэлгүй шөнө байнга ажил дээрээ сууж бусад хуулиудыг уншдаг байсан. Дарга маань "өнөөдөр чиний өөрийгөө голоод хийгээгүй ажлыг маргааш нэг хүн бүр дордуулаад хийнэ, сайн ажлыг цаг алдалгүй эхлүүлэх нь л чухал" гээд л загнадаг байсан. Тэр хүнээс ажлын хурд гэдэг зүйлийн чухлыг ойлгож авсан даа.

Нэг жилийн дараа тухайн хороо маань татан буугдаж Эдийн засгийн хөгжлийн яам болон бүтэц нь шинэчлэгдсэн. Мэргэжлээрээ ажиллах сонирхлоо дагаж яамныхаа гадаад худалдааны газар өргөдөл өгч ороод тэр үеэс Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээн дээр ажиллаж эхэлсэн.

-Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн гэрээний үндсэн шинжээч хийж байсан гэсэн. Энэ тухайд?

-Энэ нь Монгол Услын түүхэн дэх анхны чөлөөт худалдааны хэлэлцээр байсан бөгөөд гурван жил дамнаж хэлэлцээ нь явагдсан. Анхны хэлэлцээрт протокол хөтлөх хэмжээний байсан бол хэдэн сарын дараа тарифын бүлгийн үндсэн шинжээч, нийт 16 бүлгийн нарийн бичгийн даргаар ажилласан. Тухайн үед япон хүмүүсээс маш олон зүйл сурсан. имэйл-ийн соёлоос авахуулаад бусад орны соёлыг яаж хүндэлдэг, хэлэлцээрийн үед ярилцагчаа хэрхэн сайтар сонсдог, аль ч нөхцөлд биеэ барих чадвар зэргийг нь 3 жилийн турш харж, хүндэлж, суралцаж байсан. Би өөрөө бодож байж шийдвэр удаан гаргадаг хүн болохоор япон хүмүүсийн судлаад эргээд хэлье гэдэг нухацтай зан нь хүртэл таалагддаг байсан.

2014 онд Монголын Засгийн газрын бүтэц дахин өөрчлөгдөхөд Гадаад хэргийн яам руу Эдийн засгийн хэлэлцээрээ дагаад шилжиж ажилласан. 3 жилийн хугацаанд Монголын талын хэлэлцээний баг нэлээдгүй их солигдож тууштай ажилласан цөөхөн хүн л байсан. Тарифын бүлгийн хэлэлцээрт 60-аад хүний нэр бичээстэй байснаас 20 гаруй хүн идэвхитэй оролцож, 4-5 хүн л эхнээс нь дуустал 100 гаруй хуудастай тариф дээр ажилласан байх. Хүнд үед ганцааранг минь орхиогүй Гаалийн ерөнхий газрын ах эгч нартаа ч одоо ч талархдаг шүү.

Мэргэжилтнийхээ хэмжээнд эхлүүлсэн ажлынхаа дуусгасныхаа дараа Фулбрайтын тэтгэлэгт өргөдөл өгч тэнцсэн. Фулбрайтын тэтгэлгийн ачаар гадаадын дөрвөн сургуульд өргөдөл өгч тэнцээд Корнеллийг сонгоод сурч байна. Хоёр жилийн хөтөлбөрийнхөө эхний жилээ дусгаад зуны амралтаараа Дэлхийн банкны Вашингтон дахь төв оффист нь дадлагаар ажиллаж байна.

ОЛОН ХҮН АГУУ МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙСНААР ЭЦЭСТ НЬ БИД ХОЖНО 

-26 настай гэсэн. Энэ залуу насандаа олон ажил амжуулжээ. Эндээс эхлээд таны хувь хүнийх нь талаар ярилцъя. Залуу хүнд үлгэр дууриал авдаг хүн гэж байдаг даа. Таны үлгэр дууриал авдаг хүн хэн бэ?

-Өнгөрсөн жил Японы харилцаа холбооны шилдэг компани болох Софтбанк группийн СEO Масаяаши Соны үгийг бодоод явж байсан бол энэ жил Марк Зукербергийн Харвардын сургуулийн төгсөлт дээр зорилгын тухай хэлсэн үгнүүд маш гоё санагдсан байх жиштээтэй. Марк Зукерберг "хүн бүхэнд өөрсдийн зорилгынхоо араас авах эрх чөлөөг олгоцгооё, энэ нь зөвхөн зөв гэсэн үүднээс гадна аль болох олон хүмүүс агуу мөрөөдөлтэй байснаар эцэст нь бид нар бүгдээрээ хожно" гэсэн утгатай үгийг хэлж байсан.

Цагийн аясаар өөрчлөгдөхгүй, насан туршийн үлгэр дууриал болдог хүмүүс бол манай аав, ээж хоёр маань байдаг. Аав маань маш их ном уншдаг хүн байсан. Хоол идэж байхдаа, хэвтэж байхдаа ч, машинд явахдаа ч ном уншдаг байсан. Уншиж чадахгүй бага байхад оройд Ханс Кристиан Андерсоны үлгэрүүдийг ярьж, уншиж өгдөг байсан. Тэр зүйл нь намайг номнод дуртай болгосон. Бага байхад гэрийн нэг хананд тэр чигтээ аавын номнууд байдаг байсан.

Манай ээж миний амьдралын турш хамгийн их нөлөө үзүүлсэн хүн. Бараг миний өмсөх оймсны өнгийг зааж загнах нь холгүй мөртлөө, амьдралын чухал шийдвэрүүийг дандаа надад үлдээдэг. Миний сонголт хийх эрх чөлөөг надад өгдөг байсан. Том шийдвэр гаргалгааг надад өгдөг байсан. Манай ээж аливаа зүйлийг жижиг, том гэлтгүй маш чин сэтгэл гаргаж хийдэг хүнд бэлэг өгөхдөө ч чин сэтгэлээсээ ханддаг. Тэр зүйл нь надад маш нөлөөлсөн.

-Алдаа, бүтэлгүйтэл гэдэг өөр нэг шинэ зүйлийн эхлэл болж, бас нэг боломжийг олгож байдаг. Амжилтыг алдаа төрүүлдэг гэх үг ч бий. Мэдээж таны хувьд ч гэсэн энэ хүртэл явж ирэхэд алдсан, сургамж авсан зүйлүүд олон байдаг байх. Алдаад бүтэлгүйтэж, сургамж авсан үеэсээ хуваалцахгүй юу?

-Намайг анх Корнеллын их сургуульд сурахаар ирж байхад профессор багш маань “Энэ сургуульд нэг бол маш ухаантай, эсвэл маш хөдөлмөрч, нөгөө бол энэ хоёр шинж хоёулаа хосолсон хүн л ирдэг” гэж хэлж байсан. Тухайн үедээ санал нийлж байсан. Гэтэл ямар ч ухаантай хүн байсан тэр хүн хөдөлмөрлөхгүй бол юунд ч хүрч чадахгүй гэдгийг бага багаар мэдэрч явна.

Үүнтэй адил амжилтын ард ч маш олон алдаа бүтэлгүйтэл, татгалзсан хариу, доголон нулимс байдаг. Унаж, алдсан тэр цэг хүчтэй босох тулгуур болдог гэж боддог. Зорилго өөдөө тэмүүлж яваа хүн бүр хэцүү, шантрах, алдах, унах үе байдаг. Харин тэр үеүдэд хэн тууштай байж чадсан тэр хүн ялж чаддаг . Ганц, хоёрхон удаагийн оролдлогоор бүтсэн амжилт бол амжилт биш. 

АМЖИЛТ БОЛ ЗӨВХӨН ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ 

-Цагаа хэрхэн төлөвлөдөг вэ. Ажлын онцлох арга барил нь юу вэ?

-Цаг төлөвлөлтийн баримталдаг нэг техник бол "Tomato" аппликейшн байдаг. Тэр болохоор 25 минут бүх анхаарлаа төвлөрүүлээд 5 минут амардаг. Энэ зарчмаар анхаарлаа бүрэн төвлөрүүлж ажиллахад бүтээмж өндөр байдаг. Маш энгийн тактик байдаг. Энэ нь ажлын цагийн үр бүтээлтэй өнгөрүүлэхээс гадна, дэмий хоосон зүйл цагаа алдахгүй байхад тус болдог. Миний хувьд маш олон орны мэргэжилтнүүдтэй харилцдаг болохоор мэйлээ шалгахдаа хүртэл цагийн менежмэнттэй ажиллах хэрэгтэй болдог. 

Мөн цаг хэмнэх төрөл бүрийн аппликейшн хэрэглэдэг. Миний хэрэглэгдэг "ASANA" гээд төлөвлөлтийн аппликейшн байдаг. Санаагаа буулгахад "Popplet" гээд аппликейшн хэрэглэдэг. Мөн гар утасны facebook messengertee CNN, The Wall Street Journal-ыг суулгасан болохоор өглөө болгон миний сонирхлын хүрээнд дэх мэдээг явуулдаг. CNN бүр амар, сонгонгуут хураангуй дүгнэлтийг нь явуулдаг. 

-Нэг үе залуу хүний өрсөлдөх чадвар гадаад хэл байсан. Харин шинэ эрин зуун эхэлж буй энэ үед гадаад хэлээр ярьдаггүй, мэддэггүй хүн ховор болж байна. Тэгвэл орчин үед залуус ямар ур чадвараараа өрсөлдөж байна. Техник технологи өндөр хөгжсөн оронд ажиллаж буй таны бусадтай өрсөлдөх давуу тал юу вэ?

-Залуу хүний өрсөлдөх чадвар бол цагийн менежмент. Харвардын их сургууль төгссөн ч бай дэлхийн шилдэг хөрөнгө оруулалтын банкинд ажилладаг ч бай тэр хүний ард маш том цагийн менежмент байна гэж би хардаг. Хэдэн шөнө норгүй олон цагаар суухдаа гол биш, богино цагт их зүйлийг амжуулах чадвар юм. Цагийн юмыг цагт нь хийдэг, хэзээ ч хойшлуулдаггүй хүн бусдаас ялгарч чадна гэж боддог. АНУ-д. “Work hard - play hard” гэж ажил хувийн амьдралаа аль болох идэвхтэй байлгаж сурах хэрэгтэй байх.

-Өөрийгөө хөгжүүлэхдээ ямар зарчмыг баримталдаг вэ. Ер нь хүн бүрийн тактик, арга барил өөр, өөр байдаг л даа?

-Өөртэйгээ адил насны, өөртэйгээ адил сэтгэдэг хүнтэй биш харин надаас өөр үзэл бодолтой, соёлын ялгаатай, надаас илүү туршлага арвинтай ч юм уу тийм хүмүүстэй яриа өрнүүлж, мэдлэг, мэдээллээ тэлж өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг.

Зорилго нэгтэй ч өөр, өөр үзэл бодолтой хүмүүстэй уулзалт хийж, яриа өрнүүлэх нь өөрийгөө хөгжүүлэх сайн арга гэж боддог.

-Таны ойрын 5 жилийн зорилго юу вэ. Алсын хараа гэх юм уу?

-Урт хугацааны амьдралаа Монголдоо байгаагаар төсөөлдөг. Цаашдаа боломж олдвол хөгжиж буй орнуудын талбар дээр ажиллахыг хүсдэг. НҮБ-ын албан ёсны өргөдөлд Өмнөд Судан, Өмнөд Африкийн орнуудад ажиллах хүсэлтэйгээ бичиж байсан. Заримдаа Швейцарь, Австри дахь НҮБ-ын салбарт эдийн засаг худалдааны төрөлжсөн салбаруудад нь ажиллах юмсан гэж бодогддог л юм. Зөвхөн АНУ гэхгүй дэлхий даяар аялах, ажиллах, амьдрах зөндөө л газар байна.

Цаашдаа тэгнэ, ингэнэ гэж нарийн төлөвлөхөөс илүү өмнөх зүйлээ төгс сайн хийгээд явж байвал ямар ч том боломж надад өгөгдөнө гэж боддог. Уян хатан байгаад гаднаас хүлээлт өндөр бишээр амьдрах минь миний өнөөдрийн зарчим болоод байна даа

-Таны бодлоор өнөөгийн 25 настай залуус хэр идэвхтэй амьдарч байна. Залуусдаа хандаад юу гэж хэлэх вэ?

-Эерэг бодолтой байгаа. Монгол залуус маш мундаг болж байна. Нэг цагт гадаадад гарсан монголчуууд хар ажил л хийдэг байсан. Гэтэл одоо монгол залуус дэлхийн шилдэг их сургуулиудад сурч, үндэстэн дамнасан томоохон компаниудад ажиллаж байна.

Гэхдээ монгол залуусыг нийт массаар нь аваад үзэхээр аливаа зүйлд хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг, бухимдалтай болсон байна. Миний хувьд гэхэд ямар ч цэргийн дэглэмгүй, дайн дажингүй, амар амгалан, ардчилсан тогтолцоотой Монгол Улсад төрсөндөө, аав ээж маань ямар ч айдас зовлонгүй амьдарч байгаад талархдаг. Манай нэг пакистан найз гэхэд л гэрийнх нь ойролцоо бөмбөг дэлбэрсэн, аав ээждээ санаа зовж байна гээд уйлж байна. Гэтэл бидэнд тийм зовлон алга. Мэдээж улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа нь үнэн ч амар тайван амьдралаа илүү талархаж, хэн нэгэн эрх баригчид, нам, засаг төрийг буруутгах бус өөрт ногдсон үүргээ маш сайн биелүүлэх нь чухал гэж бодож байна.

Эрхээ эдэлж хэн нэгнийг хардаж сэрдэж байгаа бол үүргээ биелүүлэх хэрэгтэй. 

-Таны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байх ёстой гэж бодож байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын хийх ёстой хамгийн гол зүйл бол Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах биш. Харин монгол хүн бүрийг аз жаргалтай амьдруулахад оршино гэж бодож байна. 

-Ярилцсанд баярлалаа. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-06-29 10:30:59


Танд санал болгох